Г.МАНЛАЙЖАВ: ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ Л ДЭЛХИЙН ДУЛААРЛЫГ ЗОГСООНО ГЭЖ ЭРДЭМТЭД ХЭЛЖ БАЙНА.
Эдийн засгийн хөгжил, ялангуяа эрчим хүчний тусгаар тогтнолын эсрэг чиглэлтэй ийм тэмцэлдээ “эх орончийн нэр”, “байгаль хамгаалагчийн баг” ашиглах, улмаар “хөрш орнуудын явуулга” мэт ойлголт төрүүлдэг явдалтай тэмцэх ёстой.
Г.МАНЛАЙЖАВ: ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ Л ДЭЛХИЙН ДУЛААРЛЫГ ЗОГСООНО
ГЭЖ ЭРДЭМТЭД ХЭЛЖ БАЙНА.
(Цөмийн Энергийн Комисс(ЦЭК)-ын нарийн бичгийн дарга Г.Манлайжавтай ярилцлаа).
Цөмийн эрчим хүчийг ашиглах, харин цөмийн зэвсгийг хориглох асуудал зэрэгцээд яригдаж байна. Үүнээс яриагаа эхлэх үү?
Яг тийм. Өнгөрөгч аравдугаар сарын 22-нд УИХ-аар Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталсныг та хэлж байх шиг байна. Цөмийн энерги бол гайхамшигтай эрчим хүч. Түүнийг юунд ашиглаж байна гэдгээс хамааран зүйрлэшгүй ашиг тус, төсөөлшгүй аюулын аль нэгэн яригдана. Зүйрлэн хэлбэл хүн оюун ухаанаа амьтны тусын тулд зориулбал ямар гайхамшгийг бүтээдэг, харин муу санаагаа хөгжүүлэх арга болбол хэрхэн эмгэнэлтэй төгсдөг шиг зүйл гэдгийг манайхан нэгэнт мэднэ. Хүн төрөлхтөн цөмийн аюулаас сэрэмжилж амьдрах хэрэгтэй гэдэг ч бодитой, цөмийн эрчим хүчгүйгээр хөгжиж чадахгүй гэдэг ч бас бодитой байгаа. Ялангуяа, цөмийн түлш хийдэг ураны арвин нөөцтэй Монгол улсад ийм хоёр талын хариуцлага ижил түвшинд яригдах учиртай.
Хуулийн төслийг хэлэлцээд нийт гишүүд дэмжсэн. Манай орон цөмийн энергийг зөвхөн энхийн зорилгоор ашиглах чиглэлд бусад хөгжиж буй орнуудтайгаа харьцуулахад хамгийн тууштай байдаг улс. Анх 1992 онд, Монгол улс бол цөмийн зэвсэггүй статустай гэж НҮБ-ын индэр дээрээс, тухайн үед Ерөнхийлөгч байсан П.Очирбат гуай зарласан. Түүнээс хойш энэ статусаа баталгаажуулах гэж Ж.Энхсайхан гуайгаас эхлээд олон дипломатч, эрдэмтэд уйгагүй ажиллаж байна. Монгол Улсын цөмийн зэвсэгггүй статусын тухай НҮБ-ын тогтоолыг гаргуулж, хоёр жил тутам батлуулж байна. Бас Аюулгүйн зөвлөлийн 5 улс зөвхөн манай асуудлаар хамтарсан мэдэгдэл, тунхаглал гаргасан.
Манай улс “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ”-нд нэгдэн орсныг санаж байна. Одоо “Цөмийн зэвсгийг хориглох” гэрээнд нийлэн орлоо.Зэрвэс харахад ижилхэн утгатай ч юм шиг “Хориглох” ба “Үл дэлгэрүүлэх”-ийн хооронд ямар ялгаа байна вэ?
Энэ ийм учиртай юм. Аль 1969 онд БНМАУ “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ”-нд нэгдэн орсон. Гэрээнд нэгдсэний гол агуулга цөмийн зэвсэгтэй улсуудын тоог цааш нэмэгдүүлэхгүй байхын төлөө тэмцлийн хамтрагч нь манай улс болсон гэсэн үг. Гэтэл, цөмийн зэвсэгтэй орнууд нэмэгдэхгүй байлаа ч гэсэн, түүнийг эзэмшсэн гүрнүүд энэхүү хөнөөлт зэвсгээ хөгжүүлээд, нэмэгдүүлээд явбал яах вэ гэсэн асуулт гарна. Цөмийн зэвсгийг чинь туршиж байж л сайжруулна, сайжруулснаа нотлоно шүү дээ. Иймээс, “Цөмийн туршилтыг хориглох тухай гэрээ”-нд бас манай улс нэгдсэн. Цөмийн зэвсгийг боловсронгуй болгохын эсрэг, агаар мандал, далай тэнгис, газрын гүнд туршихыг бүр мөсөн зогсоох чиглэлд улс орнуудтай хамтран дуу хоолой, үйл ажиллагаагаа нэгтгэсээр ирлээ.
Харин саяхан соёрхон баталсан “Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ” бол цөмийн зэвсэгтэй орнуудыгэнэ төрлийн зэвсгээ хураахад нөлөөлөх, устгуулах, ашиглахгүй, эзэмшихгүй байлгах л зорилготой олон улсын хамтын тэмцэл юм.
Хүн төрөлхтөн цөмийн зэвсгийн эсрэг гурван үе шат, гурван хүрээнд тэмцэж байгаа юм байна. Тэр бүхэнд манай улс идэвхтэй оролцож дэмжиж иржээ гэдэг нь эндээс харагдана.
Дашрамд, тэмдэглэхэд энэ гэрээ цөмийн энергийг энхийн зорилгоор, эрчим хүч, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, судалгаа шинжилгээнд ашиглахыг бүрэн дэмждэг.
-Цөмийн зэвсэгтэй хоёр том гүрний дунд оршдог “жижигхэн” Монгол орон цөмийн зэвсгийн эсрэг байх нь хэр бодитой юм бол? Харин ч эсрэгээрээ, шуудхан хэлэхэд хүчирхэг хөршүүдийнхээ эгдүү дургүйг хүргэх алхам юм биш үү?
-Нэгдүгээрт, эх орноо жижигхэн гэж бодохгүй байна. Улс орны хөгжлийн эрэмбэ, эдийн засаг-улс төрийн зангараг нь нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тооноос хамаарахаа больсон XXI зуунд бид амьдарч байгаа.
Хоёрдугаарт, “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх” үзэл санаа, хөдөлгөөнийг анхлан цөмийн зэвсэгтэй болсон их гүрнүүд, тэдний дотор манай их хөршүүд анхлан санаачилсан. Түүнчлэн, цөмийн зэвсгийг хязгаарлах харилцан устгах үйл хэрэг ч тэдэнгүйгээр явдаггүй. Иймээс Монгол улс хоёр хөрш ба гуравдагч хөршүүдийнхээ энхийн төлөө тэмцлийн найдвартай хамтрагч болж яваа гэж бодож байна.
Нэмж хэлэхэд цөмийн эрчим хүчний гол түлш болсон урааныг БНМАУ-ын үеэс эхлэн манайд олборлосон. Одоо эрэл хайгуул, түүнээс үүдсэн янз бүрийн санаа бодлын эргүүлэг дотор бид амьдарч байна.
Цөмийн түлшний түүхий эд бүхий орны хувьд хүн төрөлхтний өмнө хүлээх үүрэг хариуцлага бас байна. Хар ярианы үгээр бол, бид энэ баялгаараа цөмийн зэвсэгтэй этгээдийн хамтрагч болохгүй шүү, цөмийн зэвсэгтэй хэн нэгний тоглоом болохгүй шүү гэдгээ хүн төрөлхтний чихэнд хоногшуулаад байгаа хэрэг гэж бүдүүвчилсэн ч болно.
Хүний түүхийг гал олсноос хойшхи, өмнөх гэж ангилж болдог. Яг түүн шиг шинжлэх ухаан технологи, үйлдвэржилт, эрчим хүчний түүхийг цөмийн энерги ашиглаж сурснаас хойшхи ба урдахь гэж хувааж бас болно. Тийм учраас манай орны ч, дэлхий дахины ч хөгжлийг цөмийн эрчим хүчгүйгээр төсөөлөх аргагүй. Үүнтэйгээ зэрэгцээд цөмийн аюулаас хамгаалах тэмцэл санаачилгагүйгээр ч урагшлах боломжгүй.
Иймээс Монгол улсын зүгээс хийж байгаа цөмийн аюулын эсрэг санаачилга тэмцэл ч тэр, цөмийн эрчим хүчийг энхийг зорилгоор ашиглах бодлого ч тэр, нэг юмны хоёр тал гэж ойлгож болно.
-Манай оронд цөмийн эрчим хүчийг ашиглах төлөвлөгөө бий юу? Урааны нөөц баялагтай орны хувьд хамгийн түрүүнд гарах асуулт гэж бодож байна.
Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Цөмийн эрчим хүчний салбарыг үндэсний ашиг сонирхолд нийцүүлж, энхийн зорилгоор ашиглах зарчимд нийцүүлэж хөгжүүлнэ гэж заасан. Мөн байгаль орчны бохирдлыг бууруулахын тулд нар, салхины сэргээгдэх эрчим хүч ашиглах явдлыг нэмэгдүүлж, цөмийн эрчим хүчийг ашиглана гэж тусгасан байдаг.
2009 онд баталсан Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тодорхой зааж өгсөн. Харамсалтай нь цаг үеийн гадаад, дотоод нөхцөл байдал, төсөв мөнгө, хөрөнгө оруулалтаас болж хэрэгжээгүй олон төлөвлөгөөний нэг болсон.
Дэлхийн дулаарлыг сааруулахад цөмийн эрчим хүч бас чухал үүрэг гүйцэтгэнэ гэж олон улсад үзэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан Глазгоу-д болсон Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенцын талуудын бага хуралд оролцож манай байр суурийг маш тодорхой илэрхийлсэн. Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа манай орон бүрэн хэрэгжүүлэхээ дахин нотоллоо.
Дэлхийн эрчим хүчний чиг хандлага цэвэр эрчим хүчний эх үүсвэр лүү шилжиж байгаа. Зөвхөн сэргээгдэх эрчим хүчээр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний энэ их хэрэгцээг хангах боломжгүй. Сэргээгдэх эрчим хүчний сул талуудыг цөмийн эрчим хүч л маш хурдан нөхөж балансалдаг. Усан цахилгаан станц ч гэсэн эрчим хүчний балансыг хангахад чухал үүрэгтэй. Бас цөмийн эрчим хүчийг ногоон эрчим хүч гэж үздэг.
Дэлхий дээр найдвартай эрчим хүчний эх үүсгүүрээр сүүлийн жилүүдэд цөмийн эрчим хүчийг л нэрлэж байна. Бид алс хэтдээ цөмийн бага чадлын станцтай болвол нүүрсний хэрэглээг бууруулахад чухал алхам болно. Сэргээгдэх эрчим хүчтэй хослуулан ашиглах боломжтой. Манайх шиг алслагдсан, нэгдсэн цахилгаан эрчим хүчний сүлжээ сул, хүн амын нягтрал багатай хот сууринд бага чадлын модуляр станцыг ашиглах боломж бүрэн бий. Мөн усны хэрэглээ хязгаарлагдмал нутаг оронд байгаа томоохон бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн байгууламжуудыг найдвартай эрчим хүчээр хангах боломж бага болон дунд чадлын цөмийн станцад одоо үед бий болж байна.
Шуудхан хэлэхэд шинэ бизнес, хөгжлийн шинэ хандлага нь хуучин бизнес, өнгөрсөн цаг үеийн инерцийг халж байдаг. Уурын тэрэг гарснаас сүйх тэрэгчдийн бизнес хаагдаж, тэдний асуудлыг Английн парламент хүртэл хэлэлцэж байсан юм билээ. Морь тэрэгчингүүд уурын тэргэнд нэг хүн дайруулж гэмтсэнээр түрүү барин түүний өмнө нь дарцаг барьсан хүн гүйж явах журам ч батлуулж байсан гэдэг. Явган хүний хурдтай уурын тэрэгнээс морин сүйх хурдан учир тэрхэн зуур боловч тэд зах зээлээ хамгаалсан л байгаа. Одоо ч тэр, цахим шуудан И-мэйл бий болсноор дан захидал зөөдөг шуудан байх хэрэггүй болсон. Цар тахлаас үүдээд тасаг, танхимтай дэлгүүрээс илүү онлайн худалдаанд шинэ боломж гарах жишээний.
Шинэ хуучны дунд байдаг иймэрхүү сонирхлын зөрчил арилаагүй, харин масштаб нь томорсон. Цөмийн эрчим хүчийг ашигласнаар нүүрсний олборлолт, утаат түлшний салбар шахагдана. Цахилгаан авто машин хөгжсөнөөр нефьт олборлолтын салбарын орлого буурна. Ийм үед нэг хэсэг нь цоо шинэ гарц, ашиг орлогын ондоо үүсвэрүүдийг соргогоор ажиглан олдог. Нөгөө зарим нь шинэ бүхнийг эсэргүүцэн хугацаа хожихыг эрмэлздэг, яг л дээр өгүүлсэн морин тэрэгчид шиг.
Цөмийн эрчим хүчний салбар ч энэ бүхнийг даван туулж байна. Английн эрдэмтэн Жеймс Ловлок 2006 онд нэг мэдэгдэл хийж шинжлэх ухааны салбарынхныг шуугиулсан. Дулааралтай тэмцэх ямар ч арга амжилтад хүрэхгүй. Гагцхүү хугацаа л хожно, харин цөмийн эрчим хүч л дэлхийн дулаарлыг зогсоож чадна гэж хэлж байлаа. Дэлхий ертөнц маань ядуурал, хүчирхийллээр дүүрэх үү, аль эсвэл амгалан тайван болж, хөгжих үү гэдэг нь XXI зууны эхний хагас дахь зоригтой шийдвэрээс шалтгаална гэж үзэж байв. Газрын тосны компаниуд цөмийн эрчим хүчийг өөрсдийн гол өрсөлдөгч гэж үздэг учраас тэд цөмийн эрчим хүчний талаар маш их худал мэдээлэл цацдаг гэж бас тайлбарлаж байсан.
-Атомын цахилгаан станцын түүхийг “Чернобылээс өмнө ба хойно”, “Фукушимагаас өмнө болон хойно” гэхчлэн хувааж харвал найдвартай байдал нь ямар байна вэ?
Энэ хоёр осол цөмийн эрчим хүч ашиглалтын түүхийг өөрчилсөн. Чернобылийн осол нь “Ерөөсөө, АЦС аюултай гэдгийг харуулсан” гэхээсээ илүү “Хэрвээ хариуцлага алдвал АЦС ийм аюултай” болохыг бас нотолсон гэдэг дээр олонхи мэргэжилтнүүд санал нийлдэг. “Төлөвлөгөөгөө хугацаанаас нь өмнө биелүүлэх”, “Социалист уралдаанд түрүүлж хийх” гэхчлэнгээр чанараа дарангуйлсан тогтоцтой нийгмийн балаг энд гарсан. Өнөөгийнхэнд бол “графикаа зөрчих”, “төлөвлөлтийн сахилгыг алдах” гэж уншигдахаар дээрх ойлголтууд тэр үедээ хамгийн чухал зүйл байсан. Өөрөөр хэлбэл, тэнд газар хөдлөөгүй, цунами болоогүй, харин хүний хүчин зүйл, буруу технологиос голлон шалтгаалсан осол. Чернобылийн осол энэ салбарын хариуцлага сахилгын том сургамж, хичээлийн том заагийг хүн төрөлхтөнд үлдээсэн.
Харин Фукушимагийн осол байгалийн гамшгаас голлон хамаарсан осол. Иймээс, байгалийн гамшиг, олсын үеийн аюулгүй ажиллагааны нэгэн хил зааг эндээс эхэлнэ. Мэдээж, энэ гамшгийг хэрхэн тооцоолсон бэ, ослын дараахь менежмэнт ямар байсан бэ гэдгээс эхлээд хүний хүчин зүйл ч яригдсан. Үүнээс болоод цөмийн эрчим хүчний хөгжил нэг хэсэгтээ саарсан нь үнэн. Гэхдээ аливаа зүйлс хоёр талтай. Фукушима нь хүн төрөлхтний хувьд том сорилт болсон бөгөөд өөр газар гарч болох, үүнээс ч илүү ноцтой осол аваараас сэргийлэх боломж өгсөн.
Юуны өмнө Фукушима бол ХХ зууны жар, далаад оны технологитой станцад гарсан осол шүү дээ. Өнөөгөөс багаар бодоход хагас зууны өмнөх технологи. Тооцоолсон хаалтаас өндөр хэмжээний цунамигийн давалгаа орж ирээд, станцын хөргөлтийн генераторыг ажиллагаагүй болгосон, төв эрчим хүчний сүлжээнээс реактор салсан гээд урьчилж тооцоолж болох байсан ослын нөхцлүүдийг хангаагүйгээс цөмийн станцад осол гарсан юм.
Тэрнээс биш газар хөдлөлт, чичирхийлэлт болоход цөмийн түлш автоматаар аюулгүй горимд шилжсэн байдаг. Энэ ослын дараа цөмийн бүх реакторд шалгалт хйисэн, аюулгүй ажиллагааны шалгуур, стандартыг өндөрсгөсөн. Үүнээс ч болоод атомын цахилгаан станц барих өртөг, үйл ажиллагааны зардал тэр хэмжээгээр нэмэгдээд байна.
Цөмийн энерги нь аюулгүй байдлын ерөнхий үзүүлэлтүүдийн хувьд бусад эрчим хүчний эх үүсвэрүүдээс хамгийн сайн нь гэж Майкрософтын Билл Гэйтс үздэг юм билээ. Тэрээр бас цөмийн шинэ төрлийн реактор гаргах талд нэлээд хөрөнгө оруулалт хийгээд ажиллаж байна.
Сүүлийн үед “Бага чадлын реактор”-ууд гэж яригдах боллоо. Дэлхий нийтийн хандлага ямар байна гэдэг нь хэр зэрэг “моодонд” орж байна вэ л гэсэн санаа?
Бага, дунд чадлын цөмийн реакторуудыг шинээр хөгжүүлэн ашиглахтай холбоотойгоор дэлхийн улс орнууд идэвхтэй ажиллаж байна. Даралтат усан хөргөлттэй реакторын 25, далайн тээврийн зориулалттай даралтад усан хөргөлттэй реакторын 6, өндөр температурын хийн хөргөлттэй 14, шингэн метал хөргөлттэй хурдан нейтроны реакторын 11, хайлмал давс хөргүүртэй реакторын 10, микрореакторын 6, нийт 72 төслийг хэрэгжүүлж байна. Энэ намар хийсэн судалгаанаас авсан тоо шүү дээ.
Үүнээс реакторын загвар гаргах, турших, зөвшөөрөл авах шатанд нэлээн олон төсөл байгаа бол ОХУ-д KLT-40s, БНХАУ –д HTR-PM, Япон улсад HTTR-30 гэсэн 3 реактор нь ашиглалтад бүрэн орж үйл ажиллагаагаа явуулж байна.
ОХУ-ын хөвөгч реактор зөвшөөрлөө авсан гэж сонсон.
ОХУ-д бага дунд оврын станцуудийг нэвтрүүлэхээр өргөн цар хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Росатомын охин компани И.И.Африкантовын машин инжнерчлэлийн компани KLT-40S, RITM-200, RITM-200M гэсэн гурван реакторын төсөл дээр ажиллаж байна.
KLT-40S нь 2019 оны 12 сард Певек эрчим хүчний сүлжээнд холбогдсон, 2020 оны 5 сараас бүрэн чадлаар ажиллаж эхэлсэн. РИТМ-200 нь анх мөс зүсэгч онгоцон дээр суурилуулах зориулалттай байсан. Дөрвөн нэгж хэсгийг аль хэдийнээ хоёр хөлөг онгоцонд угсарч суурилуулсан байна.
2020 оны 10-р сард ийм РИМТ-200 суурилуулсан “Арктика” мөс зүсэгч хөлөг онгоцны туршилтын ажиллагаагаа дуусгаж хойд тэнгисийн маршрутад ажиллаж эхэлсэн. Эхний газар дээрх реакторыг Якутад 2022 онд барьж эхлэх бөгөөд 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Умард хөрш Оросын хөвөгч станцыг сонирхсны дараа Өмнөд хөрш Хятадын шинэ төрлийн реакторын тухай асуух нь бараг л зүй тогтол юм даа.
БНХАУ-ын HTR-10 туршилтын загвар нь 10МВт чадалтай, Цинхуа их сургууль дээр 1995 онд бүтээгдэж, 2003 онд бүрэн хүчин чадлаар ажилласан. Анхны үйлдвэрлэлийн загвар HTR-PM нь 200МВт чадалтайгаар Хятадын Шандонгд баригдаж 2021 оны 9 дүгээр сард критик утгаар ажиллаж эхэлсэн байна. Ашиглалтад ороод буй 4 дүгээр үеийн реактор юм. Цаашид 6 ширхэг HTR-PM-ийг ашиглан 600МВт чадалтай HTR-PM600 станц бүтээх төлөвлөгөөтэй байна.
БНХАУ-ын ШУА, Шанхайн Хэрэглээний Физикийн Институт хамтран хайлмал давсан реакторыг хөгжүүлж байна. smTMSR-400 бол гурав дахь үеийн модулар Торийн хайлмал давсан реактор. Энэ загвар нь боловсруулалтын урьдчилсан шатанд явж байгаа, лицензийн үйл ажиллагаа хараахан хийгдээгүй байна.
Хоёр хөршийн мэдээллийн араас гуравдагч хөршөө сонирхох нь зүй. АНУ-ын “NuScale реактор” гэж юу байна вэ?
NuScale Power Module нь жижиг, хөнгөн усан хөргөлттэй даралтат усан реактор. Хэрэглэгчийн эрчим хүчний хэрэгцээг хангах үүднээс олон тооны NPM суурилуулан өргөтгөх боломжтой. 60 MВт чадлыг 12 модул болгож нийлүүлэн 720 МВ чадалтай болгон нэмэгдүүлэх боломжтой. NPM бүр нь олон модулийн тохиргоонд бусад модулиас үл хамааран ажилладаг бие даасан модуль юм билээ.
2012 онд АНУ-ын Эрчим хүчний яам бага дунд оврын реакторт лицензийн техникийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт нэлээд хэдэн сая доллар хуваарилж эхэлснээр БДО-ын реакторын төслийг АНУ-д хөгжүүлэх ажил эрчимжсэн. 45МВт-аас 225Мвт чадал бүхий төслүүдийг Westinghouse, Babcock & Wilcox, Holtec, NuScale Power зэрэг компаниуд хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн онд Эрчим хүчний яам нь дэвшилтэт реакторын дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг эхлүүлсэн. Долоон жилийн дотор ашиглалтад орох боломжтой хоёр дэвшилтэт реакторыг барих зардалд бас дэмжлэг үзүүлсэн шийдвэр гаргасан. 160 сая долларыг санал болгосон байдаг. 2020 оны 12-р сард Эрчим хүчний яам 10-14 жилийн хугацаанд байршуулах боломжтой хямд реакторын технологийг боловсруулж буй АНУ-д төвтэй таван багт зориулж хөтөлбөрийн хүрээнд эхний 30 сая долларын санхүүжилт хийхээ зарласан. Түүнээс хойш АНУ-д одоогийн байдлаар идэвхтэй явж байгаа БДО-ийн 18 төсөл хэрэгжиж байгаа мэдээ гарсан.
2016 оны 12-р сард NuScale Power реакторын загварын зөвшөөрлийн өргөдлийг хүргүүлсэн. Зураг төслийн зөвшөөрөл олгох шалгалтыг 2021 онд багтаан батлахаар төлөвлөсөн гэж мэдээлсэн байсан. 2027 онд анхны станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Шашин нь дэлгэрэхээс өмнө номлооч нь орж ирдэг гэгчээр шинэ технологи, хөгжлийн шинэ эринд түүний хууль эрх зүйн орчин эхлээд бүрддэг. Энэ чиглэлээр манай Цөмийн энергийн комисс хэр ажилласан бэ?
Мэдээж, манай байгууллагын гол зорилгын нэг нь энэ чиглэл. Бид судалж, боловсруулж хууль тогтоох, тогтоол гаргах эрх бүхий газар нь батлана шүү дээ. Парламент, засгийн газар, комисс гээд. Өнгөрсөн хэдэн жилд цөмийн болон цацрагтай холбоотой үйл ажиллагааны хориод дүрэм, журам, ном, стандартыг ЦЭК-ын Ажлын албанаас боловсруулан батлуулсан. Ямар ч байсан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг болсон.
Одоо хэд хэдэн чухал конвенцуудад нэгдэж орох шаардлагатай байгаа. Манай зарим иргэн эх оронд маань ашигтай гэрээ, конвенцод нэгдэх гэхээр ямар ч үндэслэлгүй, хутган гуйвуулсан мэдээ мэдээлэл гаргаж олон нийтийг төөрөгдүүдэг. Тэр хэрээрээ шийдвэр гаргагчдад бэрхшээл учруулдаг буруу практик манайд бий болсон нь харамсалтай.
Эдийн засгийн хөгжил, ялангуяа эрчим хүчний тусгаар тогтнолын эсрэг чиглэлтэй ийм тэмцэлдээ “эх орончийн нэр”, “байгаль хамгаалагчийн баг” ашиглах, улмаар “хөрш орнуудын явуулга” мэт ойлголт төрүүлдэг явдалтай тэмцэх ёстой. Бид хөгжлийн төлөө, шинжлэх ухааны танин мэдэхүйн төлөө олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх танилцуулах үүрэгтэй, энэ үүргээ ч биелүүлэн ажиллах болно.
Ярилцсан Б.Цэнддоо