ДАРГА АА, БООВНООСОО Л ДОО !

-фельетон-

Төр засгийн удирдагч нар хэвлэлийн хурал хийж байна.

-Сэтгүүлчиддээ энэ өдрийн амгаланг айлтгая. Манай нам төрийн зүгээс “Ковид-19” цар тахалтай амжилттай тэмцэж байна. Хамгийн сүүлд, ханиад хүрээгүй иргэдийнхээ сэтгэлийг засах зорилгоор ханиадны эм үнэгүй олгох хууль санаачилснаа баяртайгаар уламжилья.

-Ханиад хүрээгүй хүн наад эмээр чинь юугаа хийх юм бэ? Өмнө нь нас бараагүй иргэдээ урамшуулж авс бэлэглэсэн маргаан тасраагүй байгаа шүү

-Тийм явдал болсон нь харамсалтай. Гэхдээ зөндөөн хүнд, ялангуяа бидний сүрпрайзнаас шоок авсан хүмүүст тэр дороо л хэрэг болсныг олж хараагүй л хүний үг байна. 

   Харин энэ удаад бол санаа зоволтгүй. Бид асуудлыг цогцоор нь авч үзсэн. Ханиадны вирусыг савлаад хамтад нь өгнө. Түүнээс уусан хүн дорхноо халуурч эхэлнэ. Воо, халуураад эхлэнгүүт та эмээ уух юм. Энэ бол манай нам, төрийн “Цогц хараа” юм аа. 

-Хараа гэснээс, жижиг шилтэй “Хараа”-ны үнийг яагаад нэмчих вээ. Дотор гэж хэрэг алга гишүүн ээ.

-Алив туслахаа, тэмдэглээд ав. Сонгогчдийн харааг үнэгүй тэглэх хууль санаачлах юм байна (Шивэгнэв)

-Дарга аа, энэ хүн чинь архи яриад байгаа юм биш шүү?

-Мэдэж байна, мэдэж байна. Гэснээс, миний боов хаачив аа?

-Айн? Та чинь... угаасаа боовгүй шдээ.

-Сулиараад байгаарай, сая би хазаад орхисон... олдохгүй байна.

-Хэнийхийг... хазаад байвал хэн ч л нууна ш дээ.

-Гоц, гоц! Чамайг халлаа. Дарга удирдлагынхаа боовыг ч олигтой хариуцаад байж чадахгүй, чиний хэрэг огт алга.

-...............

-За мэдээллээ үргэлжлүүлье. Сая миний боов... гэнээ, уучлаарай. Хазаад орхисон хууль... бүүр бишээ. Соорите... Ниат ниат, извините.

    Ийм юм. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор мянга мянган иргэнээ эрүүлжүүлэх бас өршөөх замаар төрийн хайр хишгийг хүртээснийг та нар мэднэ. Гэтэл мөв мөрөөрөө явсан атлаа өршөөгдөөгүй, эрүүлжигдээгүй сая сая хүн төрийн хайр хишгээс сугарсан муухай явдал гарлаа. Ингээд Ардын хувьсгалын 101 жилийн ойгоор бүх иргэнээ эрүүлжүүлэхэд оруулах, өршөөл үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа. 

-Эрүүлжигдээгүй, өршөөгдөөгүй бол оронд нь юу өгөх юм бэ?

-Юм өгөхгүй. Үлдсэн иргэнээ зүгээр өршөөхөөр шийдээд байгаа. Зарлигийн төсөл ч бэлэн.

-Хэрэг хийгээгүй хүнийг яаж өршөөх вэ?

-“Өршөөл байхад хэрэг олдоно” гэж манай нам төрийг үндэслэгч Сүххүрэл жанжин сургасныг таньд сануулмаар байна

-Сүхбаатар жанжин биш үү, дарга аа?

-Тэгээд яачихаав, би Хүрэлбаатар жанжин л гээ биз дээ. Сэтгүүлч та нар, хүний үг мушгихаа болимоор байна.

-Тэгээд өршөөх хүндээ хэрэг яаж олох юм бол?

-Тэрийг бид бас цогцоор нь бодсон. Жишээлэхэд, Ардын намын 100 жилийн ойн шагнал урамшилд сөрөг хүчнийхэн бараг хамрагдсангүй гэсэн гомдол байдаг. Сөрөг хүчний чамгүй олон хүнийг эрүүлжүүлэхэд оруулсан ч гэсэн тэд маань сэтгэл дундуур үлдэж байна. 

   Ингээд бид, ардчилсан намын гишүүдийг төрийн өршөөлд багтаах алхмуудыг хийж эхлээд байгаа. Энэ программын хүрээнд жагсаал цуглаан байнга хийдэг Монголхүү нарын иргэдийг баривчлаад байгаа. Харамсалтай нь үүнийг зарим иргэд буруу ойлгосон тал бий. Бидний эцсийн зорилго бол тэднийгээ суллаж, өршөөж баярлуулахын тулд л юм шүү дээ.

-Хулгай хийгээгүй иргэндээ нөхөн олговор олгож байгаа гэсэн. Хулгай хийсэн иргэд хохироод байгаа юм биш үү?

-Асуудлыг улс төржүүлж байгаа нь харамсалтай. Хулгайлсан юмаа өөрөө авч байхаар хуулийн зохицуулалт хийсэн тул ялгаварласан болохгүй л дээ.

-Авилга аваагүйн нөхөн олговор тэгш байгаа ч гэсэн шударга бус явдал тэнд байна. Иргэдийн өгдөг авилга янз бүр байгаа учраас бага авилга авсан нь эцэстээ хохирч байгааг яах вэ?

-Бас л туйлшруулж ойлгосон байна. Хуулиа сайн умш. Тэнд, гурван авилга тутмаас зөвхөн нэгийг нь өөртөө үлдээхээр хуульчилсан. Алийг сонгохоо авилгачин өөрөө шийднэ. Бид авилгад өршөөлгүй хандаж, хэрхэн тэмцэж байгаа нь тэндээс дурайтал харагдана. Өөр асуулт байна уу?

-Дарга аа, боовноосоо л доо.

-Та хазуулчихсан боовоор яахнэв дээ. Тэртэй тэргүй боовгүй иргэндээ боов олгох хууль бас гаргасан байгаа. Та хорооны даргадаа боовгүй гэдгээ харуулаад, өөртөө таарсан боов авч болно. 

03.11.2021