Шинээр төрөхийн баясгалан
                                                                                              -сар шинийн дуун-
Цагаан сарын шинийн нэгэн бол миний анхны нийтийн баяр. Хүн болж төрснийх, мэдээ орсон цагаасаа амссан, хувийн баяр хөөр, жаргалтай мөчүүд байсан. Харин цагаан сарын шинийн нэгэнд анх “Баяр жаргалан бүх нийтийн үйл хэрэг” байхыг харсан.
     Шагнуулсан чихрээ идээд ганцаараа баясахаас илүү баярласан хүмүүсийн хүрээлэлд орох нь  аз жаргал болохыг тэгэхэд анх харсан.
Баярлаж ганцаар суугчаас илүү
Баяссан олны дундах сайхан
Онхи ганцаар инээж суухаас
Олны баярт хөвөх нь жаргалан
Үүлтэй тэнгэр цэлмэх адил
Үймсэн олноос дундаас цацарч
Инээсэн нэгний өмнөөс  айсуй
Энэ лавтай Будда мөн өө

      Цагаан сарын шинийн нэгний зан үйл бол зөв баримжаа зөв чиглэлийн бясалгал юм. Амьдралын замыг бол зөв буруу дадлууд тодорхойлдог гэж Будда сургаад “Зөв замналыг дадал болгохыг” захисан.
    Миний анхны дадлууд эмээгээ дагаад мөрөө гаргаж явахаас эхтэй. Эхэндээ “Хорвоогийн уудамд надад ээлтэй зүг чиг зам мөр” байдаг юм байна бодсон. Яван явсаар “өөрийн гэсэн зөв зүгтэй байх ёстой” болон хөгжсөн. Улмаар  зөв зүгээ олж, түүгээрээ замнах ёстой гэдгийг ухаарсан бөлгөө.
    Зүг гаргах чиг хүн, хүнийх ондоогоос гадна, тухайн хүнийх жил бүр өөр байдагт эхлээд гайхаж явав. Үнэн хэрэгтээ, амьд бүхэн өөрийн гэсэн зүгтэй, алдаж болох буруу замтай.  Тиймээ, зөв замнал зүг бүхэнд, тэнгэрт ч, тамд ч бий.
     Жил бүр мөрөө гаргах нь сэтгэл ариусах зан үйл. Уншлага тарни нь өөртөө хийж буй сэтгэл засал. Амандаа ямар хэлээр тарни унших нь  сонин бус, харин төрөх сэтгэгдэл буюу “зөв замаар зөв замнах” хүсэл чухал. Харин мөрөө гаргах цагийн бясалгал нь “Хүмүүний ертөнцөд гаргаж яваа мөр маань  буяны чигтээ байгаа эсэх”-ийг эргэцүүлэх.             Баруун эсвэл урагшаа алхаад зүүнээс юмуу, өрнөөс ирснээр амьдрал засагдахгүй ч “Зөв зам мөр”-өөр явах бодлыг төрүүлдэг нь хамгийн том засал.
Өөр шашин, ондоо зан үйлтэй хүмүүст “Монголчуудын мөр гаргах ёсон” инээдтэй санагдах нь бий. Тэд “ Нэг өдөр зөв зүгт алхаад л хамаг хэрэг бүтнэ гэж байх уу” хэмээн шоолдог. Гэвч хүний биеийг олж төрөөд хорвоогийн уудамд зөв зам, зөв зүгээ л олох хамгийн чухал.
             Бидний мөрөө гаргаж байгааг шоолдог хүмүүст ч гэсэн өнгөц харахад “инээд хүргэм” ёс зан үйл зөндөө.  Будда “Чиний эдлэх үйлийн үрийг би усаар угааж арилгахгүй” хэмээн захисан гэлээ гээд бид “Усан баталгаа”,  усаар ариусах ёсыг шоолдоггүй.  Учир нь биеэ угааж хирээс салах дадал нь хүнийг “сэтгэлээ угааж” гэгээрэх сэдэл рүү хөтлөх боломжтой. Биеэ зөв авч явахаас сэтгэлээ зөв авч явах эрмэлзэл эхтэй.  Зөв зүгтээ мөрөө гаргахаас эхлээд зөв замналаар гэгээрлийн чигийг олж ч болно. Угааль үйлдэхээс эхлээд сэдэн сэдсээр сэтгэлээ угаан гэгээрч болно.
    Зүг чиг хүнд л байхаас, орчлон өөрөө зүггүй. Баруун тийшээ явсаар байгаад зүүн талд очиж болно. Бид наран шингэх зүгт байгаа Америкт очихийн тулд их төлөв наран ургах зүг ниссээр очдог. Америк тивийн  талаасаа бол, наран ургах зүгийн Азиас гараад наран шингэх Хавай талаас нь очдог. Хойд туйлын цэг дээр зогсох хүн хаашаа алхсан өмнө зүг рүү хөдлөх болно. Орчлон зүггүй, харин хүн өөрөө л зам мөр, зөв буруу зүгтэй.
    Шинийн нэгний өглөө бид зүг бүхэнд мөрөө гаргадаг. Зүг бүхэн хүнд ээлтэй. Зам мөр  зөв бол хаашаа ч явсан Бурханы хутагт дөхнө. Хамгийн гол нь сэтгэлийн чинь зүг зөв байж, зөв мөрөө үлдээсэн байх ёстой.
      Будда Шагжаамунь ингэж өгүүлсэн:
“Өдөр цаг бүхэн өлзий буян
Од гариг бүхэн онцгой сайн
Муу сэтгэлээ ялсан бүхэн зовлон үгүй
Мунхагийн нойроос сэрсэн бүхэн чадал төгөлдө
р”
    Монгол хүмүүн цагаан сарын шинийн нэгний өглөө “Муу сэтгэлээ ялах , Мунхагийн нойроос сэрэх” замаа бясалган мөрөө гарганам билээ. Олон амьтны зам мөр гэрэлтэй болтугай.
     Шинийн нэгэн бол хайрын өдөр. Шинийн нэгэнд бүх хүн намайг баярлуулах гэж хичээж байгааг бас анх харсан. Энэ өдөр бүх хүн намайг хайрлаж байхыг анх мэдэрсэн. Би хэнд ч юу ч өгөөгүй атал хүмүүс надад байдгаа шавхан бэлэг өгч байхыг анх мэдэрсэн. Цагаан сараар л анх  “эргэн тойрнхоо бүх хүнд хайрлуулж болдог юм байна” гэдгийг харсан. Цагаан сар бол хайр талархлын баяр.
    Цагаан сарын шинийн нэгэн бол гоо үзэсгэлэнгийн баяр. Шинийн нэгэнд бүх хүн гоё харагддаг. Үнэтэй болоод хямд, шинэ болоод хуучин хувцсаа өмссөн бүх хүн энэ өдөр үзэсгэлэнт бөлгөө.  Өмссөн зүүснээсээ үл хамаараад  бүх хүн гоё харагдахыг тэгэхэд л анх үзсэн. Хүмүүс цөмөөрөө гоё юм байна. Гоё хувцас өмссөндөө биш, “Би гоё харагдана” гэж бодож байгаа учраас л үзэсгэлэнт ажгуу.
    Бусад өдөр гоёсон хүн содон л болохоос гоё үл харагдах нь сонин. Баярлаж байгаа хүн л хамгийн үзэсгэлэнтэй, баярлаж  байгаа хүний өмссөн зүүсэн л хамгийн гоё гэдэг нь тэр ажээ. Хорвоо дэлхий гоё ч биш, муухай ч биш. Гагцхүү хүн л түүнийг сайхан болоод муухай харагдуулах ажаам.
Шинэгүй атлаа шинэ харагдах тэрний
Урлаагүй атлаа уран төрх юутай гоёхон
Шимээгүй атал шим нь амтагдах хорвоогийн
Амт нь аманд бус сэтгэлд сэнгэнэх нь юусан
Өнгө гэрэл арилахад үнэн үзэмж тодорч
Үнэхээр бодит сарнихад буй бие чинь илэрмүй
Өгөөгүй нандин бэлэг тосоогүй алганд унаж
Өрсөхөө больсны шанд дээжийг эхэлж амталму.

    Цагаан сар бол өглөг, өгөөмөр сэтгэлийн баяр. Огт танихгүй, хамаагүй хүмүүс надад бэлэг өгөхийг,  тэгэхдээ надаас юу ч хүсэхгүй, нэхэхгүйгээр өгч байхыг харсан. Хүнд бэлэг өгөхөөсөө өмнө бэлэг авч байсан минь тэр.  Гэр бүлийнхэн, төрөл садангууд маань намайг бусдаас илүү баярлуулахыг хүсч, бусдаасаа илүү бэлгээр мялаах гэж хичээхийг харсан. Хүмүүс намайг баярлуулахыг хүсч байхыг, зарим нь бүр бусдаасаа илүүтэй хичээж байхыг тэгэхэд анх мэдэрсэн.
    Шинийн нэгэн бол найрсаг ертөнцийн баяр. Огт танихгүй хүн ч гэсэн энэ өдөр найрсаг харагддаг. Ууртай, ууртай өвөө нарын дандаа зангиалаастай явдаг хөмсөг энэ өдөр тайлагдсан байхыг харах сайхан. Угаасаа ууртай, угаасаа муухай зантай хүн гэж байдаггүй болохыг анх цагаан сараар л мэдэрсэн.
Үл таних хүнээс халуун хайр мэдрэхын цагт
Үл таних орон зайнаас ээнэгшил ханхлахын цагт
Үл очсон газар орноос танил дүрүүд харагдахын цагт
Үл мэдэх үзэгдлийн шалтгаан сэтгэлд танигдахын цагт
Үзсэн, мэдсэн гэх бүхэн л  өөрөө төөрөгдөл болно
Үнэн, барим  гэдэг үзэл л үзтэл хоосныг харна

    Миний мэдэх бяцхан хорвоогийн бүх хүн нэг өдөр, нэгэн зэрэг цөмөөрөө найрсаг, сайхан байхыг  цагаан сарын шинийн нэгэнд анх харсан.  Шинийн нэгэнд монгол хүн муу үг хэлдэггүй, харааж загнадаггүй. Тэгэхэд л анх “Бүх хүн нэг өдөр сайхан ааштай байж болдог юм байна. Тэгэхээр хоёр өдөр сайхан ааштай байж болох нь, улмаар гурван өдөр, дөрвөн өдөр, таван өдөр... өдөр бүр сайхан ааштай болох юм байна” гэж анх бодсон.
      Тийм өдрүүд ирнэ. Тэр цаг мөчөөс, хорвоогийн бүх өглөө бүхэн шинийн нэгнийг угтах болно. Тэр өглөө хүн төрөлхтөн зөв зүгтээ мөрөө гаргана. Тэр зам мөр  бол үнэний зам мөр байна.
Миний цагаан сар, миний шинийн нэгэн... ийм учиртай билээ л.
                                                                                                                                                                                                                         2022 оны нэгдүгээр сарын 26