1950 онд герман хэлээр, дараа жил нь англи хэлээр орчуулагдан гарсан нэгэн роман барууны хүүхдийн утга зохиолын ертөнцөд шуугиан дэгдээж, хамгийн олон борлогдсон номоор шалгаран, Германы Залуучуудын Утга Зохиолын шагналыг хүртэж байжээ. Герман эх нь “Говийг туулсан нууц ажиллагаа” нэртэй хоёр боть уг номын англи хувилбар нь нэлээд товч болсноос гадна нэрийг нь мөн “Том бар Кристиан хоёрын Монголоор аялсан түүх” болгон өөрчилсөн байна. Нэгэнт бэстсэллэр болсны хувьд цаашид дэлхийн найман хэлээр орчуулагдан гарчээ.


Саяхны нэг өдөр энэ номыг сурвалжлан байж, англи хувилбарыг нь олж уншаад, сонин ном уншсандаа ихэд олзуурхан, та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Үнэн бодот үйл явдал, хувь хүний амьдрал дээр тулгуурласан адал явдалт роман гэж тодорхойлж болно.Бээжингээс Үрүмчи хүртэл хятад, европ хоёр хүү нууц бичиг хүргэхээр явахдаа Монголын говиор буюу одоогийнхоор бол хилийн дагуу явсаар, Баруун Сөнидийн ван, Ёлрос лам, Доголон гуай, Баатар хүү, Сарангэрэл, Найдан гэх мэт улстай учрахаас гадна Маажин сан уул, Эзнээ голд ирээд олны дунд зартай дээрэмчин гэж алдаршсан угтаа бол газар нутгаа хамгаалан тэмцэгч Дамбийняа хэмээгч ноёнтой таарч, нөхөрлөсөн сонирхолтой түүх юм. 

Хоёр хүүгийн адал явдал, нууц бичиг авч яваа нь зохиомол түүх болохоос замд учирч тааралдаж байгаа хүмүүс, тэдний хууч яриа, газар нутаг, уул ус, аймаг хот бүгд үнэн бодот ажээ. Тухайлбал зохиогч Хар хотын ойролцоо, Найдан гуайнд удаан хугацаагаар сууж, 1932 оны Цагаан сарыг тэднийд тэмдэглэсэн аж. Номын талаар өгүүлэхээс өмнө зохиолчийн тухай хэдэн үг дурдсу.

Фритз Мүлэнвэг гэж хэн бэ?

Алдарт зураач, зохиолч, аялагч тэрбээр 1898 онд Германы Констанц хотноо нэрт химичийн гэр бүлд мэндэлжээ. Биелэфэлд хотноо химийн мэргэжил эзэмшиж, эцгээ нас барсан хойно гэр бүлийнхээ бизнес болох эмийн санг хариуцан ажиллажээ. 1926 онд Констанцаас явж, Берлинд ирээд, дөнгөж байгуулагдаад байсан агаарын тээврийн компани болох Лүфтхансад нягтлан бодогчоор орсноор Монголтой холбогдох зам нь нээгджээ. Учир нь 1927 онд Берлин – Бээжин чиглэлийн агаарын зам нээх ажлаар Хятадад ирээд байхдаа нэрт аялагч Свэн Хэдиний судалгааны багт нягтлан бодогчоор орсон аж. Газарзүй, цаг уур голчлон судлах зорилготой уг багийнхан 300 тэмээ хөлөглөн, Бээжингээс гарснаасаа хойш 15 сар аялсаар Үрүмчи хүрсэн гэдэг. 

Миний бие төсөрхөн Симуковын Судар бичгийн хүрээлэнгийн ажлаар говь нутгаар аялсан тэмдэглэлийг нийтэлсэн билээ. Тэр нийтлэлд Симуков Эзнээ голын хөвөөнд Свэн Хэдинтэй уулзсанаа дурдсан байдаг. Яг тэр үед Хэдиний багийн ня-бо нь Фритз Мүлэнвэг байжээ. Дараа нь Фритз дахин хоёр ч удаа Монголын говиор аялсан, ингэхдээ цаг уурч, байгаль шинжээчийн ажлаар явж, Монгол нутаг, говийн ард түмэнд үнэн сэтгэлээс хайртай болсон байна. Тэрбээр зохиол бүтээлдээ “Монголын говь нутаг, ард түмэн миний амьдралыг, намайг өөрийг минь огт өөр хүн болгон хүмүүжүүлсэн билээ” гэж дурдсан байдаг. 

1932 оноос авьяасаа даган, Виена хотын Урлагийн Академид уран зургийн чиглэлээр сурч эхэлсэн байна. Гэвч удалгүй Виенад хайрт хань Элизабет Коприватайгаа учирснаар сургуулиа хаян, амьдрал хөөжээ. Энэ нь гэхдээ уран зургаас холдсон гэсэн үг биш, Фритз хожим усан будгийн олон үзэсгэлэн амжилттай гаргасан билээ. Хажуугаар нь гэр бүлийн амьдрал нь ч өрнөн, Алленсбах хотод нүүж ирээд, Элизабет тэр хоёр долоон хүүхэд төрүүлэн хүмүүжүүлсэн аж. 

1948 оноос Монголын тухай романаа бичиж, 1950 онд хэвлүүлсэн байна. Энэ роман нь утга зохиолын маш олон шагнал хүртсэн, энэхүү нийтлэлээр тэрхүү романыг та бүхэнд танилцуулах юм. 

Фритз Мүлэнвэг 1961 оны 9 сарын 13-ны өдөр, гурав дахь удаагаа цус харваснаар бие баржээ. Хайрт гэргий Элизабет Коприва нь хоёрхон хоногийн дараа буюу 9 сарын 15-ны өдөр бөөрний дутагдлаар нас барсан нь нөхрийнхөө араас яараа юу даа гэлтэй. 

Том бар Кристиан хоёрын Монголоор аялсан түүх

Хятад Европ хоёр хүү цаасан шувуугаа нисгэх эзгүй тал газар хайн Бээжин хотоос гарч буйгаар уг роман эхэлнэ. Замдаа цэргүүдтэй таарч, галт тэрэгнээс нь цаасан шувуугаа уян, зугаацаж явтал, дайны яаралтай дуудлага ирэн, галт тэрэг зогсоолдоо зогсохгүй давхиснаар хоёр хүү гэрээсээ холдон одно. Удалгүй тэдний суусан галт тэрэг буюу Жан цо-лин генералын цэрэг рүү генерал Вү Пэйфүгийн цэрэг довтолж, хоёр хүү Вү Пэйфүгийн талд дайны олзны хүн болон очно. Вү Пэйфү Бээжинд буцах хэрэггүй, том дайн болно, Жан цо лин унах нь тодорхой, харин та хоёр арай аюул багатай газар луу миний нууц бичгийг хүргэж өг хэмээн Үрүмчи рүү илгээнэ. 

Ингээд хоёр хүү Хаалган, Баян овоо, Урт голын сүм, Харанхуй горхи, Авдар уул, Нарийн гол, Морин гол, Ихээ гол, Маажин сан гэсэн замаар явсаар Үрүмчид хүрэхдээ олон монголчуудтай уулзаж, олон сонин адал явдалтай учирна. 

Amorchen beino буюу роман дахь монгол үгс

Романы туршид монгол үгийг латин галигаар олонтоо хэрэглэжээ. Ялангуяа монгол хүний ааш занг илэрхийлэх хамгийн чухал үг нь “hammagua” хэмээгээд түүнийгээ “Don’t worry, it doesn’t matter” хэмээн орчуулжээ. Романд монголчууд хамгийн аюултай тохиолдолд ч, хамгийн хүнд хэцүү үйлд ч “hammagua” л хэмээнэ.

Сөнидийн нутагт таарсан Баатар хүүгийнх хятадуудаас зугтаан, гэрээ хэдхэн мөчид ачаалаад явсанд Кристиан ихэд гайхан “танай юрт хаачсан бэ?” хэмээн асуусанд Баатар хүү “Гадныхан та нар манай сууцыг yurt yurt л гэнэ. Уг нь бол girr шүү дээ, та хоёр монгол хэл сурах ёстой” хэмээх нь нэг талаас, усыг нь уувал ёсыг нь дага, монгол хэл сайн сур гэсэн санаа, нөгөө талаас АНУ-д анх монголчууд ирснээсээ хойш Юрт гэсэн үгийн хэрэглээг багасган, “гэр” гэж хэлүүлж сургасан саяхны явдлыг тавь жаран жилийн өмнө Баатар хүү, Фритз Мүлэнвэг хоёр оролдож л байсныг өгүүлэх мэт.

Шийдэж чадахааргүй асуудал гарахад монголчууд “Tinger mitne” хэмээдэг нь “Heaven only knows” гэсэн үг хэмээн тайлбарлажээ. “Yabonah” гэсэн үг аянд гарахыг, шинэ хүн шинэ адал явдалтай таарахыг бэлгэдсэн сайхан үг гэх мэтээр нэн олон монгол үгийг зохиол дотроо тухай бүрийд нь тайлбарласнаас гадна тусгай хавсралт болгон бүх монгол үгээ жагсаажээ. 

Mongol joss

Романы туршид ийм үг олон таарна. Монгол ёсыг ийн галиглаж. Том бар, Кристиан хоёр монголчуудтай таарч, монгол айлаар орох бүрийдээ нэг шинэ монгол ёс сурсаар явна. Монгол хүүхдүүд ч энэ номыг уншвал мартсан монгол ёсоо эргээд сурч болохоор. Тухайлбал, Кристиан нэг удаа нэг ламынд орохдоо ташуураа гадаа орхилгүй аваад орсонд “mongol joss” мэдсэнгүй хэмээн лам уурладаг. Hadakk (номд яг ингэж бичсэн) барих ёс, босгонд бүдрэхээр яах ёстой гэх мэтийг хоёр хүү сурсаар явна, уншигч ч бас монгол ёс заншилтай танилцана. Бодвол Фритз Мүлэнвэг өөрөө хэрхэн монгол ёстой танилцсанаа хоёр хүүгийн адал явдал болгон бичсэн бололтой. 

Монгол ёс хэр чухал болохыг роман дахь нэгэн яриа давхар батална. Нэг цахар залуу Эзнээ голын торгууд бүсгүйтэй гэрлэх болоход ээж нь дургүйцэн “Торгуудууд ёс мэдэхгүй хачин улс. Хэдэн зуун жилийн өмнө Орост байсан гэх. Тэндээсээ ирээд бас хэдэн зуун жил болж байгаа юм даг уу даа. Тэнд байхдаа хамаг ёс заншил, өв уламжлалаа мартсан улс бололтой” хэмээдэг. 

Монгол хүн гэж хэн бэ?

Өнөөгийн хамгийн их маргалддаг сэдвийн нэг болох “монгол хүн гэж хэнийг хэлэх вэ” гэсэн асуултын хариуг Фритз Мүлэнвэг бас олонтоо хөнджээ. Өвөг эцэг нь ач хүүдээ эцсийн захиасаа хэлээд, хамгийн сүүлд нь “...Адуу малла, чоно таарвал ал, хүсэл зориг чинь хүрвээс морио унаад ертөнцийн мухар хүртэл давхиж од. Аахар шаахар зүйлээр амьдралаа бүү өнгөрөө” хэмээх нь нүүдэлчин монголчуудын зан төрхийг илтгэх мэт.

Нэг хөгшнийд ирээд байхад нь Кристианаас гэрийн эзэн “Хүү минь чи Монгол нутагт ирээд хэр удаж байна даа?” хэмээн асууна. “Тал нутагт хөл тавиад дөрөвхөн хонож байна аа” гэхэд хөгшин үнэнээсээ ихэд харамсан “Ээ чааваас аа” гэхэд тэндээс самган нь нэмэн “Монгол хүн болж төрөөгүй чинь үнэхээр тоогүй хэрэг ээ” гэх нь монгол хүн болж төрсөн заяандаа чин сэтгэлээсээ бахархаж байсны илрэл мөн.

Гэвч бас хүн хичээвэл “монгол болж болно” гэсэн санаа романд гардаг. Хятад, цагаан арьст хоёр хүү Авдар уулын хавьд ирэхдээ монгол хэлээр хэдийн сүрхий ярьдаг болчихсон, морь тэмээ ч унаад сурчихсан байдаг. Тэнд Дамбийняагийн нэг сайн эр таараад “Адуу малтай ноцолдох, монгол хэлээр ярихыг чинь харахад та хоёр ч монгол хүн болох дөхөж байна даа” хэмээн урамшуулна. Нэг үгээр хэлбэл монгол хүн байна гэдэг агуу их хувь заяа, гэхдээ хүн өөрөө хичээвэл монгол хүн болж болно гэсэн санаа романы туршид гардаг юм. Фритз Мүлэнвэгийн үнэгэн лооовууз, монгол дээлтэй зургийг харахад өөрийгөө бас монголд тооцож байсан нь илт.

Домог яриа, хууч

Зохиолч нутгийн ардаас тэмдэглэж авсан олон сонирхолтой домог, хууч яриагаа романдаа оруулжээ. Тэдгээр нь түүхч, угсаатны зүйч нарт чухал холбогдолтой байж болохоор. Жишээлбэл, Хара хотод эрдэнэс нуусан тухай, Хар хото хэрхэн үгүйрсэн тухай олон домог байдгийн нэг сонирхолтой хувилбарыг энэ номд дэлгэрэнгүй өгүүлжээ. Үүнд Хавт Хасарын удам, Хошуудын Равдан ноён Манжийн хаантай хэрхэн тэмцсэн тухай, Хасараас уламжлан ирсэн бүх алт эрдэнэсийг булсан, Манжийн хаан голын урсгалыг өөрчлөн, Хара хотод бүгсэн монголчуудыг харангадуулсан тухай өгүүлнэ. 

Зартай сайн Дамбийняа хэмээх нь мэдээж Дамбийжаа болох нь тодорхой. Олон хүн түүнийг харгис зэрлэг хэмээх боловч үнэндээ нутаг усаа хамгаалан тэмцсэн сайн эр хэмээнэ. Хоёр хүү Дамбийняатай биеэр уулзаж, цайны замыг тонуулч дээрэмчдээс хамгаалан, жинчдийг амар амгалан зорчуулдаг, түүнийхээ төлөө ачаатай тэмээ бүрээс нэг зоос авдаг байсан тухай нь сонсоно. Фритз Дамбийжаагийн эзэрхэж байсан нутагт бие барснаас нь тавхан жилийн дараа очсон тул шинэ соргог үүх түүх сонсож авсан нь тодорхой. 

Буга шиг эвэртэй, үхэр шиг хөлтэй, сохор номин шиг арьстай, илжиг шиг сүүлтэй учраас “Дөрвөн бэрх” хэмээн нэрийдсаэн хачин жигтэй амьтны тухай гэх мэт сонин сайхан хууч энэ номд олон. Гэнэн балчир хүү “Молнгол бичиг гэж Хятадынхтай адил уу?” хэмээн асуухад “Хаанаас даа. Монголчууд бол дээрээс доошоо, зүүнээс барууншаа бичдэг, доош бичсээр цаас дуусмагц ахин дээрээс эхэлнэ. Тийм учраас бичээд дууссан хойно нь харахад үзэмж төгөлдөр цэцэг, ургамал бзхий цэцэрлэг мэт” хэмээн хариулдаг тухай дурдаад надаар яриулснаас илүү өөрсдөө унших нь сонирхолтой болохыг сануулаад энэнхүү нийтлэлээ өндөрлөе.

Дашрамд дурдахад Германы Аллэнсбах хотноо Фритз Мүлэнвэгийн музей гэж байдаг, тэр музейд Монгол хэмээх тусгай нэг тасаг байдаг юм байна. Германд байгаа нөхөд хэрэг болгон үзээд, сонин сайхнаа хуваалцвал зохистой.