"Өнгөрсөн найман сарын хугацаанд бидэнд хулангаас өөр "найз" байсангүй. Гэхдээ л манай залуучууд өдөртөө 0.05 км-ээр урагшлуулсаар 226.9 км төмөр замыг барьж, ашиглалтад оруулж чадлаа. Ийм богино хугацаанд энэ хэмжээний төмөр замыг ашиглалтад оруулсан нь өөрөө түүхэн бүтээн байгуулалт" гэдгийг "Монголиан Транс Ложистик" компанийн гүйцэтгэх захирал Д.Сүхбаатар онцлов. Түүний хэлдэг ортой бас үнэн. Ердөө хоёр сарын өмнө ашиглалтад оруулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр замыг барьсан хугацаа нь нэгэн арван, алдагдсан боломж нь 80 их наяд. Эл хоёр гарцын зөрүү нь найм орчим км ч ач холбогдол агуулгаараа адилхан төмөр замыг монголчууд, "Монголиан Транс Ложистик" тэргүүтэй дотоодын компаниуд наймхан сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулсан нь мэдээж түүхэн бүтээн байгуулалт. Тэдэнд баяр хүргэж, алга таших шалтгаан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч "Гашуунсухайттай адилхан урттай Хангийн 226.9 км төмөр зам найман сар буюу бүтээн байгуулалт өрнөсөн зун, намрын хоёрхон улиралд дуусаж болдгийг хамтдаа харлаа. Хэрэв экспортын төмөр замуудын бүтээн байгуулалт өнөөдрийн хурдаар явсан бол Монгол Улс гадаад өрийн дарамтгүй, эдийн засгийн багтаамж 100 орчим их наяд төгрөгт хүрчихсэн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.доллар давж, иргэдийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гарчихсан байлаа. Үүнийг л алдагдсан боломжийн өртөг гэдэг. Ийм харамсалтай алдааг бид дахин хэзээ ч давтах ёсгүй" гэдгийг Хятадын хилээс 13 км-ийн зайтай барьж, байгуулсан Ханги өртөөнөөс мэдэгдсэн. Д.Сүхбаатар захирлын хэлдэг шиг хулангаас өөр эзэнгүй өмнийн говьд 226 км төмөр замыг хагас жилийн дотор нээх амлалтыг Ерөнхий сайд өгсөн нь өнгөрсөн гуравдугаар сар. Боомтын сэргэлтийн хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлсэн ажил ийнхүү дотоодын нөөц боломжид тулгуурлан биеллээ олсон нь гадаад тавцанд, тэр дундаа хөрөнгө оруулагчдад эерэг мессеж, сайны дохио.

Шигтгээ: Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 120 аж ахуйн нэгж, 600 гаруй инженер, 3000 гаруй ажилчид оролцож, байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болж байна.  Энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байна.

Ханги-Мандал бол Гашуунсухайт, Замын-Үүд боомтын тэг голд нь байрладаг боомт. Төрийн түвшинд олон жилийн өмнөөс төлөвлөж, урагшлуулах гээд бараагүй стратегийн шинэ гарц нь. Ачаа тээвэр, ашигт малтмалын экспортын үзүүлэлт, эдийн засагт жин дарах нөлөөллийн хүрээнд Баяннуур биш Бугатын гангийн үйлдвэртэй шууд холбогдох гарцтай болох нь Монгол Улсад хэрэгтэй мөн нэмэртэй байлаа, угтаа бол. Гэвч Тавантолгой-Гашуунсухайт гэсэн гарцтай болох гэж дотоодын улс төрөө дийлэхгүй гацааж, нурааж, зогсоож ирсэн нь бидэнд буй хамгийн том сургамж. Гагцхүү энэ Засгийн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ТУГ нь болсон "Шинэ сэргэлтийн бодлого"-ын тулгуур зорилтын нэг "Боомтын сэргэлт" нь Хангийн төмөр замаар албажиж, баталгаажив. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг эхлүүлснээр импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал хамгийн багадаа 20 сая тн-ноор, нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэхээр тооцжээ.

Өдгөө экспортын тээврийг явуулахаар компанийн зүгээс нийт найман гол замын шинэ зүтгүүр, 3000 ачааны вагон захиалснаас эхний ээлжийн задгай болон чингэлэг ачих зориулалттай 300 вагон орж иржээ. Монгол, БНХАУ-ын Засгийн газар хооронд 2017 болон 2019 онд тус тохирсон техникийн шийдлийн хүрээнд шинэ гарц байх цэгээс хилийн өртөө хүртэл 13-14 км орчим өргөн, нарийн царигтай хос төмөр замыг ашиглалтад оруулснаараа онцлог.

Шигтгээ: Төмөр замын шинэ гарцаар Оюу Толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэнэ. Говийн бүс нутагт байгаа 10 гаруй ашигт малтмалын ордын үнэлэмжийг өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжтой.

Монгол Улс саяхныг хүртэл урд хөрштэйгөө импорт, экспортын ачаа бараа тээвэрлэдэг ганцхан гарцтай байв. Тэр нь Замын-Үүд. Харин Хангийн төмөр зам ашиглалтад орсноор Замын-Үүдийн ачаалал, түгжрэл буурна. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ Хангийн төмөр замаар зөөх боломжтой гэсэн үг. Өнгөрсөн 70 орчим жилийн хугацаанд Орос-Монгол-Хятадыг холбосон ганцхан төмөр замтай буюу Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд гэсэн гарцтай байсан нь өдгөө транзит тээвэр болж өргөжих нь. Үндсэндээ хилийн цэгээ эцэслэж, Монгол, Хятадын төмөр замууд холбогдсоноор Бээжин, Тяньжинаас ирэх ачаа барааг Улаанбаатар, ОХУ-аар дамжуулж, Европ руу гаргах суурийг тавих юм. 

Одоо бидэнд хамгийн чухал гэж хэлж болох ганцхан ажил үлдсэн, тэр нь хоёр улсын төмөр замын холболтын цэгийг эцэслэн тохирох. Санаж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимптой зэрэгцэн БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэрээ Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай уулзаж, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсон. Энэ хүрээнд Засгийн газрын тогтоолоор Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барих тогтоолыг гаргаж байв. Нэг үгээр, 14 жилийн турш гацсан царигийн асуудлыг БНХАУ-ын Ерөнхий сайдтай тохиролцсоны дараа Хангийн 226.9 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм. Эсрэгээрээ Монгол Улс Замын-Үүдийн энтэй шинэ гарцыг албан ёсоор ашиглалтад оруулахтай зэрэгцэн Ерөнхийлөгчийн түвшинд БНХАУ-д албан ёсны айлчлалаа эхлүүлсэн нь Ерөнхий сайдынхаа есөн сарын өмнө тохиролцсон ажлыг албажуулах, эцэслэх хүлээлтийг үүсгээд байна. Монгол, Хятадын хилийн зурваст өргөн, нарийн цариг бүхий хоёр тохируулгатай эл төмөр замын холболтыг хэдий чинээ богино хугацаанд тохирно, төдий чинээ өгөөж нь наашилна гэсэн үг. Тэр болтол Тавантолгойн нүүрс, төмрийн хүдэр бусад түүхий эдийг Хангийн төмөр замаар тээвэрлэж, тэндээсээ автомашинаар хил гаргах сонголт нь бий.

Шигтгээ: Монгол Улсаас гарч байгаа төмрийн хүдрийн дийлэнх нь Бугатын төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэгддэг. Хангийн төмөр зам баригдсанаар Бугатын үйлдвэрт очих маршрутыг 240 гаруй км-ээр ойртуулж байгаа. Нүүрс болон төмрийн хүдрээ богино зай туулж дэлхийн зах зээлд хүргэснээр өртөг зардал буурна, хугацаа хожно, Монголын экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Ийнхүү улс орны хөгжлийн төмөр судас болсон төмөр замын чиглэлд Ханги хэмээх шинэ жим бий болсон нь өнгөрсөн өдрүүдийн анхаарал хандуулах гол сэдэв байлаа. Улсын төсөвт нэг ч төгрөгийн өр үүсгэхгүйгээр, Засгийн газрын нэг ч центийн баталгаагүйгээр, тн нүүрсний ч тохироогүйгээр хувийн хэвшил өөрсдийн хөрөнгөөр, богино хугацаанд барьж, бүтээсэн нь Хангийн төмөр замын түүхэнд үлдэх үнэлэмж, бас харьцуулалт нь. Магадгүй бусдадаа өгөх үлгэрлэл нь. Шийдлээ олж, гарц боломжийг нь нээж өгч гэмээн хувийн хэвшил нь өөрсдөө эдийн засагт ямар ч ачаалал, дарамтгүйгээр бүх эрсдэлээ үүрээд бүтээн байгуулж чаддагийг бид бүгдээрээ харлаа, үзлээ, сонслоо. Хангийн төмөр замын ач холбогдол, агуулга нь энд л оршиж байна.

UZEG.INFO