Тавдугаар бүлэг

Маргааш өглөө нь би босоод ойр зуур хэрэглээний эд зүйлсээ хуучин хүрэн чемодандаа чихэж аваад, автобусанд сууж галт тэрэгний вокзал дээр ирлээ. Тэр өдөр Баасан гариг байсан юм. Тэгэхэд намар 8-р сард тэнд тун их хөл хөдөлгөөнтэй байдаг байсан. Гадаадад сургуульд суралцдаг оюутан сурагчид буцах энэ үеэр тэнд төмөр замын вокзал дээр нэг жижигхэн сумын наадмын дайны хиртэй юм болдог байлаа. Өдөр бүр л ийм явдал болдог байв.

Бужигнасан тэр олон хүмүүсийн дундуур, би бараг хоосон том хүрэн чемоданаа бариад зүтгэсээр зүтгэсээр арай гэж өөрийн суух билеттэй тасалгаат купенд орж суулаа. Тиймээ тэгэхэд тэр нэг жижигхэн тасалгаат купенд би гав ганцаараа сууж байсан юм. Би 2 гараараа толгойгоо тэврээд өвдөгөө тохойлдон сууж байлаа. Доошоо тонгойгоод юм бодоод би удаан суусан.

Бурхан бээр надад дэндүү их хатуу хандах ажээ. Би ингэж бодов. Хувь тавилангаан би үзэн ядна. Эцэг эхгүй өнчин ядуу энэ амьдралыг би бас үзэн ядна. Хэрвээ ээж минь амьд сэрүүн байсан бол. Хэрвээ би аавтай хүн байсансан бол. Би орь ганцаараа энд ингэж гуниглаж гаслан суух юусан билээ? хэмээн Бурханд би гомдоллон суусан билээ.

Тэгэхэд миний зүрх надад ингэж хэлсэн юм. «Хүү минь. Дэлгэр ээ, чи сонс!» гээд «Чи яаж амьдарсаныгаан биш, яаж амьдрах арга ухаанаа олж бод. Бурханд бүү гомдолло. Бурхан чамайг ойлгож харж байгаа. Бурхан чамайг хүлээж байгаа. Харин Бурханд чи өөрийгөө таниулж харуулж чадахгүй л байгаа шүү дээ. Энэ л үнэн байдал учир шалтгаан нь юм шүү дээ» гэж надад хэлэв. Тэгээд би бодов. Тиймээ. Бүх юмс сайн сайхан байх алба үгүй билээ. Аливаа хүнд хэнд ч юу ч тохиолдож болно. Харин тэр бүхний өмнө, хүнд хатуу бүхний өмнө толгой гудайлган, нулимс дуслуулан сууж хэзээ ч болохгүй. Надад тохиосон юмыг хэн ч өөртөө үүрэхгүй. Харин энэ бүгдийн өмнө, зовлон бэрхшээлийн өмнө хатуу чанга тэсвэр тэвчээртэй байж чадаж байж гэмээнэ би түүнийг өөртөө сөхрүүлж чадна. Би ингэж бодов.

Ингэж бодоод би бослоо. Орхигдож өнгөрсөн бараан баргар өнгөөр хучигдсан, тэр өдрүүдээс салж хагацах тэр нэг их хүслээ тулж би бослоо. Тэгээд би вагоны корридорт гарч цонхон тушаа очиж зогсов.

Зорчигчид оюутан сурагчид тэнд зогсоно. Тэд нар вагоны корридорын цонхоор цээж толгойгоо гаргаад, эцэг эх ах дүү, найз нөхөд ойр дотныхоо хүмүүстэй харилцан ярилцана. Хулан тэр бүсгүй энд байгаа байх! Тэр миний суух вагоны дугаарыг мэднэ шүү дээ! гэнэт би ингэж бодов. Тэгээд би цонх руу яаран авиран гараад хажууд зогсох бүсгүйгээс надад жижигхэн зай тавьж өгөхийг хүслээ. Тэр гараа савчин

«Цаашаа цаашаагаа бай» гээд намайг түлхэж цонхноос буулгав. Тэгээд тэр эмэгтэй цонхоор цаашаа харан хашгачин ярилцана. Тэр намайг үл тоомсорлоно. Миний дургүй хүрэв. Би түүнийг цонхноос угз татан буулгав. Тэгээд би өөрөө тэр цонхоор цээж толгойгоо гаргаад, гадагш харж Хуланг хайн харж зогслоо. Төдий их удсангүй, өндөр том биетэй хүдэр бор нэг эр вагоны хаалгаар шурд хийн дайран орж ирлээ.

Тэр эр намайг бас тэр цонхноос угз татан буулгав. Үл таних тэр эр хаанаас гарч ирээд, надаас юу хүсээд байгааг би үл ойлгоно. Айдас гайхшралд автсан би хойшоогоо 2-3 алхам ухрав. Вагоны давчуухан корридорын хананд тулаад би зогсов. Тэр эр намайг вагоны коридорын хананд шахаад, заамдан барьж аван намайг дээр өргөөд хашгичин зандчин загнаж гарлаа. Миний хоёр хөл хий хоосон агаарт савчина. Би газарт үл хүрэх бөгөөд би агаарт зогсоно.

«Чи яасан дээрэлхүү муу хар новшив. Эмэгтэй хүүхдийг чи яана гэнээ» гээд тэр эр тохойгоороо миний гэдэс цээж рүү хэд хэд хүчтэй ёвров. Миний нүд чинэрэн чих шуугив. Хоолой бачууран хөлс цутгаж дотор муухайрна. Тэгээд ашгүй тэр вагоны үйлчлэгч хоёр эгч хүрч ирэв. Тэр намайг газарт буцааж буулгав. «Дахиад чи хүүхэд дээрэлхэвэл чинь юу болохыг үзээрэй!!!» гэж намайг заналхийлээд «Би газар дээр, газар доор хаанаас чамайг олоод бодийг чинь хөтөлчихөж чадах хүн шүү!» хэмээн хашгирав. Тэгээд тэр хүн эргэж харалгүй ихэмсэгээр тэр чигээрээ алхаад гарч одлоо. Ийнхүү вагоны үйлчлэгч эгч нарын ачаар би түүнээс аврагдлаа. Харин энэ мөчид эрхэмсэг тэр эмэгтэй нүүрэндээ баярын мишээл тодруулан, бахархсан басамжилсан харцаар тэр эр бид хоёрыг ээлжлэн харж зогсов. Тэгээд тэр эмэгтэй онгорхой цонхны сул үлдсэн тэр нэг жижигхэн зайг тэр чигээр бүхэлд нь эзлэв. Тэр цаашаа гадагш харж инээж хөхрөн баясгалантай тэгээд бахархалтайгаар удаан үргэлжлүүлэн ярилцах ажээ. Тэр хүн тавь орчим насны том биетэй лунжгар бүдүүн эр байсан. Том том таван хошуутай погон зүүсэн цэргийн хувцастай хүн байсан юм. Би болсон явдалд ихээр харамсаж бас ичингүйрхэн зогсов. Би хувцас биеэ цэвэрлэж янзлан зогсов. Тэгээд би тасалгаат купендээ буцаж ороод хаалгаа хаагаад харамсаж халаглан суусан билээ.

Би өөрийгөө үзэн ядна. Би өнчин ядуу сул дорой байдлыг үзэн ядна. Энэ бүгдийг орчлон ертөнцийг би үзэн ядна. Ёс бус байдал, тэгш бус байдал, ядуу дорой байдал, хорвоо ертөнцийн шударга бус эл байдал түүнд би харамсаж халшран суув. Түүнийг би бас үзэн ядна. Орчлон ертөнцөд өнчин ядуу миний зовлон гэдэг дуусахгүй их ажээ. Би ийн бодов. Тэгээд энэ бүхэнд хэн буруутай билээ? гэж би өөрөө өөрөөсөөн асуулаа. Бурхан гэж уу? Аль бөгөөс ертөнц дэлхийд төрүүлсэн тэр муу заяат миний хувь тавилан уу? Үгүй бөгөөс нялх балчир тэр цагт минь намайг орхиж Бурханы оронд явсан ээж аав хоёр минь үү? Үгүй дээ. Намайг заамдан чирч алан алдсан тэр офицер. Бас намайг үл тоомсорлож үзсэн эрхэмсэг ярвагар энэ оюутан бүсгүй бус уу? Би ийн бодов. Миний зүрх надад хэллээ.

«Үгүй дээ. Дэлгэр ээ чи эхэлсэн. Чи өөрөө буруутай шүү дээ» гэлээ. Тэгээд цааш нь «Дэлгэр ээ, чи буруутанг бусдаас хайдаг... Чи яг тэр чигээрээ... Яг л тэр хэвээрээ ажээ...» гэж хэлээд миний зүрх гаслав. Тэгээд тэр надад үргэлжлүүлэн хэллээ. «Дэлгэр ээ бүү гунирх. Болоод өнгөрсөн юмнаас өөрийгөө чөлөөлж чадах ёстой. Бүгдийг март. Бүх юмс учир шалтгаан хийгээд үр дагавар гэх хоёр их шүтэн барилдлагын хүч нөлөөн доор оршдог. Тийм учраас учир шалтгаан үгүй аваас үр дагавар гэдэг үгүй билээ. Тийм учраас чи юм бодож бай. Юмыг бодож хийж бай. Яагаад гэвэл: Бодол бол оюун ухаан, хайр энэрэл. Бодол бол үнэн үг, учир шалтгаан. Бодол бол тэсвэр тэвчээр хүч чадал мөн билээ. Үгүй гэж үү?» гэж зүрх надаас асуув. Тэгээд цааш тэр хэллээ. «Хүмүүс болоод үйл явц, тэнгэр ертөнц газар дэлхий, од гаригс, уул өвс ногоо, ус гол хийгээд мод цэцэгс эд бүгдээрээ энэ л аядуу уянгалаг зөөлхөн бодол гэдэг хөг аялгууны нэгээхэн хэсэг байдаг билээ. Тийм учраас зовлонт хүмүүний учир мэдэх үгүйн улмаас үйлдсэн, тэр шунал хүслийн цангаа хийгээд, үйлдсэн үйлийнхээ үр дагаврыг тэр өөрөө эдэлж өнгөрөөх учиртай байдаг билээ. Тийм учраас чи аливаа юмыг бодож бай. Бодож эхэл. Бодож хийж бай. Бодож дуусга» гэж тэр надад хэлэв.

Тэгээд би бодлоо. Тиймээ би өөртөө байгаа буруу муу сул талаа хүлээн зөвшөөрч чадах ёстой ажээ. Зөвхөн “БИ” гэдэг аминч үзэл бодлоосоо би салах ёстой ажээ. Би шунал хүсэл атаархал, хорсол өс хонзон хэмээх сэтгэл бодлын хор муу бүхнийг номхотгон дарж, түүнийг таягдан хаяж чадах ёстой ажээ. Гомдож уймарсан, өсөрхөж хонзогносон энэ сэтгэлийн бараан бодлууд надад хэрэггүй. Уужим сийрэг оюун ухаан, цэвэр тунгалаг ухаан бодол, хатуу чанга тэсвэр тэвчээр надад хэрэгтэй ажээ. Би ингэж бодов. Тэгээд «Дэлгэр ээ, чи бос!» гэж өөрөө өөртөө би тушаалаа.

Би бослоо.

«Хэнийг ч бүү буруутга. Эргэж бүү хар. Битгий гунигла. Урагшаа хар! Зөвхөн урагшаагаа харж яв! Алдаж болно. Харин алдсан алдаагаа шат шатанд нь зас. Дахин бүү давт» Би өөрөө өөртөөн ингэж хэллээ.

Тэгэхдээ би өөрийгөө буруутгаж бас үл чадна. Би биш. Намайг вагоны давчуухан тэр коридороор чирч алан алдсан тэр офицер биш. Намайг үл тоомсорлон үзсэн эрхэмсэг ярвагар тэр бүсгүй ч бас биш. Баасан гариг буруутав. Тиймээ тэр өдөр хар Баасан гариг байсан юм.

Галт тэрэг хөдөллөө. Дуут дохиогоо чанга дуугарган, давтан давтан дуугаргасаар галт тэрэг хөдлөв. Купенд хүмүүс орж ирэв. Хоёр эмэгтэй нэг залуу бид дөрөв Москва хот хүртэл 5 хоног хамт зорчих болно. Миний шинэ танил эрхэмсэг дээрэнгүй тэр эмэгтэй, хаалганы хажуугийн булангийн суудалд чимээ үгүй суух бөгөөд тэр бүсгүй бид хоёрын хооронд харилцан үл хүндэтгэлийн гэмээр тийм нэг агаар орчин, орон зай аль хэдийнээ үүссэн билээ. Тэр нэг үл ойлголцолын гэмээр орон зай нам гүм байдал вагоны тэр тасалгаат купег тэр чигт нь эзлэв. Ер бусын хүнд бөгөөд таагүй, чимээ үгүй байдал хэсэг зуур бид бүгдийг угтав. Тэнд суух өөр бусад хүмүүс бүсгүй бид хоёрыг ээлжлэн харах бөгөөд дор бүрнээ чимээгүй сууцгаана. Тэр бүсгүй над руу харав. Бидний харц мөргөлдөв. Тэр эмэгтэй над руу шазруун харцаар үе үе шилбүүрдэн харах бөгөөд тэр доогтой дуугаар чанга чанга инээнэ. Тэгээд тэр бас дэндүү их ярих ажээ. Хэдийгээр богинохон авч шаналгаатай зовлонтой богинохон, энэ мөчид би түүнийг мэдэрлээ. Тэр баяр баясгалантай агаад бас үзэсгэлэнтэй сайхан юм. Гэхдээ түүнд мэдрэмж гэж байгаа болов уу? Бараг л үгүй ажээ. Түүнд ихэмсэг боловч хүйтэн, хараад баймааргүй боловчиг сайхан зүс царай бол басчиг байна аа. Харин тэр сайхан царай зүс ямар нэгэн утга учрыг илэрхийлж чаддаггүй байх аа. «ХАРАМСАЛТАЙ» байна. Гялтганасан болгон эрдэнэс биш билээ. Би дотор сэтгэлдээ ингэж бодов. Тэгээд би тэр бүсгүйд хандаж ямар нэгэн ухаантай үг хэлэхсэн хэмээн хичээв. Тэр үгс надад үл олдоно. Тэгээд бас тэр бүсгүйн энэ нэг ийм л утга учир үгүй сайхан царай хүнд хэрэгтэй эсэхийг би үл ойлгоно. Бид ойлголцолд хүрэх тэр зам харгуй дэндүү их урт ажээ. Тэгээд бас тэр зам тахир махир бохир, шавар шавхай бартаа ихтэй ажээ. Би тайван байхыг хичээв. Гэсэн хэдий чиг гомдол гэхээсээ илүүтэй хорсол уур хилэн өс хонзон надад бодогдоно. Тэр бодол намайг зовооно. Би гадагшаа цонхоор харав. Галт тэрэг хурдлан давхина. Уул толгод ус гол мод жирэлзэн өнгөрнө. Ногоон тал, өнгө өнгийн цэцэгс... хосоор ургах вансэмбэрүү цэцэг... хосолж төрсөн хун шувууны тухай домог... Цагаан, улаан, хөх цэнхэр өнгө... бас яагаан шаргал өнгө хослол. Цэцэгс тэрээр нарны гэрлийн туяаг өөртөө татна. Газар дэлхий орчлон ертөнц өөрөө, тэр цэцэгсийн сүнслэг гоо сайханд өнгө хувиран амилна. Тиймээ. Цэцэгс бол Бурханы бэлэг билээ. Би ингэж бодов. Тэгээд хэдийгээр би тэр ихэмсэг бүсгүйг үзэн ядах боловчиг, би тэр цэцэгсийн өнгөлөг сайхан аяст автан, өөрийн эрхгүй аз жаргалаар гэрэлтэн инээмсэглэж чадсан билээ. Би хэсэг тэрхэн зуурт бага зэрэг сэргэв. Тэгээд би саяхан болж өнгөрсөн санамсаргүй гэхээсээ илүүтэй харамсалтай гэх энэ нэг үйлийн бодлоос салж хагацахыг хичээлээ. Миний зүрх надад ингэж хэлэв. Миний зүрх «Дэлгэр ээ, чи намайг сонс» гэлээ. Тэгээд тэр хэллээ «Би чамд үнэнийг хэлж чадах боловчиг, яг одоо чи түүнийг үнэнийг хүлээж авч чадахгүй гэдгийг би мэдэрч байна. Гэхдээ л би чамд нэг зүйлийг сануулъя» гээд надад ингэж хэллээ. «Бүх юмс хоосон байдаг билээ. Хоосон юмыг хэтэрхий их хүсэх аваас, хоосон хий агаар самардана» хэмээн Бурхан Будда хэлсэн билээ. Тийм учраас чи аливаа хүнд, ялангуяа адармаатай харьцахад хэцүү байдаг, тэр хүмүүст хандахдаан, өөрөө өөртөө чи яаж ханддаг билээ? Яг тэгэж хандаж бай. Тийм өнгө аясаар чи тэд нартай харьцаж бай. Тэгж гэмээнэ чи тэр хүмүүсийн сэтгэл болоод зүрхэнд сайн үйлийн үрийг суулгах болно» гэв. Тийм дээ. Бүх юмс миний хүссэнээр сайн сайхан байх албагүй шүү дээ. Би ингэж бодов. Харин хоосон гэж юу билээ? Би мэдэхгүй байлаа. Магадгүй тэр маш өчүүхэн зүйл байх. Нүдэнд үл үзэгдэх. Гарт үл баригдах ямар нэгэн зүйл байдаг байх. Түүнд хэмжээ үгүй. Тэр хэлбэр үгүй. Түүнд юу ч байхгүй. Тийм учраас тэр хоосон байдаг байхаа даа. Тийм учраас тэр үл харагдана. Түүнийг хэн ч үл сонсоно. Тэр үл тоогдоно. Тэр яг л над шиг байх. Тиймээ! Би бас хоосон билээ. Надад юу чиг байхгүй Тийм учраас би хоосон. Би гар хоосон. Би хармаа хоосон. Би сэтгэл хоосон ажээ.

Тийм учраас би цэвэрхэн. Тийм учраас би юу хүснэ. Тэр надад ирнэ. Хайр хүс. Тэр надад ирнэ. Сэтгэл хүс. Оюун ухаан хүс. Тэр надад ирнэ. Хүч чадал, тэсвэр тэвчээр хүс. Тэр надад ирнэ. Хэрвээ би атаархал өс хонзон, хорт муу сэтгэл хүсвэл бас тэр надад ирнэ. Хэрвээ би шунал тачаал, 5 муу хорыг хүсэх аваас тэд надад ирнэ. Тийм учраас аливаа хүн бие болоод сэтгэл бодлын хуурмаг хоосон таашаалд үл автах ёстой бус уу? «Бүх юмс хоосон байдаг билээ» Бурхан багш ингэж хэлжээ. Тийм учраас аливаа хүн сонор соргог, хянуур нямбай бодож амьдарч чадах ёстой ажээ. Энэ бол зөв оршихуй хэлбэр мөн болой. Би ингэж бодов.

Хэсэг хугацаа өнгөрч би тайвширч тайван болов. Тэгээд би бослоо. Эл энэ байдал удаан үргэлжлэх ёсгүй. Би ингэж бодов. «Уучлаарай. Та нарт би саад болоогүй биз?» гэж би тэднээс эелдэгээр асуув. Тэгээд вагоны дээд талын тавцангийн орыг өөртөө тохируулан заслаа. Би дээшээгээ гарч хэвтэв. Галт тэрэг хурдлан давхина. Галт тэрэгний цонхоор би харна. Тэнгэр дуниартаж цэнхэртэн харагдана. Нарны цацраг жирийн атлаа жирийн бус хэмээх өнгө аясаар үзэсгэлэн гоо, төгс сайхан туяаран харагдана. Өглөөний шүүдэр мэт цэвэр тунгалаг нарны цацраг. Тэр цацраг уулсын хөндийд тунаран үлдэж, өнгө өнгөөр солонгорон харагдана. Тэгээд тэр цацраг бас сүрлэг их тэр уулсын сүнслэг гоо сайханд тунаж туяаран уусна. Уулс гэдэг аваас эх дэлхийн төгсгөл. Тиймээ уулс бол хурмаст тэнгэрийн эхлэл билээ.

Би ингэж бодов.

Тиймээ. Цэцэгс тэд уулсаас эхэлдэг. Цэцэгс тэд бүгдээрээ гайхалтай сайхан ажээ. Тэр цэцэгс нарыг дагаад тойрон эргэлдэнэ. Тэд нарны гэрлийг өөртөө дуудан эргэлддэг билээ. Тэр цэцэгс гайхалтай сайхан өнгө үнэрийг бүтээдэг түгээдэг. Тэгээд бас тэд нар мишээдэг ажээ. Тийм учраас гоо үзэмж, өнгө үнэр тансаг сайхан байдал тэд цэцэгсээс үзэгддэг, үнэртдэг.

Цэцэгсийн гоо үзэсгэлэн өнгө гэрэл үнэр. Энэ бол Бурханы бүтээл мөн билээ. Би ингэж бас бодов. Гэсэн хэдий чиг тэр цэцэгс хормын төдийхөн оршдог бус уу? Тиймээ цэцэгс мөнх бус. Тэр цэцэгс өглөөний нарны туяанд ууршин замхарч алга болдог өвсний шүүдэр тогтох төдий адил нэгэн билээ. Тийм учраас цэцэгс тэд мөнх бус. Цэцэгсийн гоо сайхан өнгө үзэмж мөнх бус. Ер нь юу ч мөнх бус. Баяр жаргал, зовлон тачаал тэд мөнх бус. Хүч чадал, гоо үзэмж, гутрал гунихрал бас л мөнх бус.

Тэд бүгдээрээ замхарч үгүй болдог. Тэд цаг зуурын юмс билээ. Тийм учраас төгс их таашаал сэтгэл ханамж, үнэ үнэлэмж үнэн төгс оршил гэж үгүй билээ. Би ингэж бодов. Миний зүрх намайг дэмжив. «Тийм ээ, Дэлгэр ээ! Амь амьдрал, юмс үзэгдэл ер нь юу ч мөнх бус билээ. Тийм учраас амьдрал гэдэг бол цэцэг. Чи цэцэг. Тэр цэцэг. Би цэцэг. Орчлон ертөнц тэр өөрөө бас цэцэг. Бид нар бүгдээрээ адилхан цэцэгс билээ. Эрт орой хэзээг би мэдэхгүй байна. Хагдарч унах цэцэгс билээ. Тийм учраас цэцгэнд яаж ханддаг билээ? Амьдралд тэгж хандах ёстой бус уу?» хэмээн миний зүрх намайг дэмжив.

Тиймээ. Би цэцэг. Тэр цэцэг. Бид нар бүгдээрээ цэцэг. Хэдүйд хагдарч унахыгаан мэдэхгүй цэцэгс билээ. Амьдрал бол цэцэг ажээ. Би ингэж бодов. Тийм учраас. Бид нар бүгдээрээ ав адилхан. Бидний хувь тавилан ив ижилхэн. Миний чиний, түүний бид бүгдийн гарт байгаа. Яаж явах надаас шалтгаална. Тийм учраас би хаана хэнийд хэзээ төрсөн. Энэ бол чухал биш. Би өөрөө өөрийгөө өөрөөсөө олох. Энэ л чухал. Өөрөөр хэлбэл миний хэн байсан энэ чухал биш. Би хэн байх вэ? гэдэг. Энэ бол тун их чухал гэсэн үг. Тийм учраас би өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Аливааг өөрчлөх хэрэгтэй. Амьдралаа би өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, би өөрөө өөрийгөө өөрчлөх ёстой ажээ. Яагаад гэвэл өөрчлөлт бол амьдрал. Амьдрал бол өөрчлөлт. Би цэцэг. Тэр цэцэг. Бид нар бүгдээрээ цэцэг. Би ингэж бодов.

Цэцэгсийн өнгө үнэр нэвт шингэсэн, өрнө дорны нарны туяа уулсын оройгоос доошлон буугаад, миний элэг зүрх дотор сэтгэл энэ биеийг тойрон эргэлдэв. Тэгээд тэр цацрагт шингэх ер бусын гэх үл анзаарагдам оюун ухаан, энэрэл хайрын гэрэл гэгээ, өнгө үнэрийн гайхамшиг тэр их хүч тамирыг зүрхэндээ би мэдрэв.

Тиймээ. «Амьдрал бол өөрчлөлт. Өөрчлөлт бол амьдрал билээ» Би дотор сэтгэл зүрхэндээ шивнэн ингэж хэлэв.

«Тиймээ. Дэлгэр ээ. Тэгэхдээ чи нэг туйлаас нөгөөд бүү савла. Савлаж байгаа цагт юу ч өөрчлөгддөггүй билээ» гэж миний зүрх надад сануулан хэлэв.

Тиймээ! Нэг туйлаас, нөгөөд бүү савла. Савлаж байгаа цагт юу ч өөрчлөгдөдгүй билээ.

Би ингэж бодов.

Галт тэрэг түжигнэн давхисаар. ...


БАДАМХАНД МУЗЕЙ