Тэгш оролцоо
Синдикат ярилцлага – Эксклюсив 10 дахь дугаараар нийгмийн тэгш оролцоог онцолж байна. Хөдөө орон нутаг, хүйс, хөгжлийн бэрхшээлээс үүдэлтэй боловсролын ялгаатай байдлыг багасгаж, хүртээмжтэй болгохоор АНУ-ын ЭСЯ-ны хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийн мэдээллийг хүргэж байна. Нэвтрүүлгийн зочин АНУ-ын ЭСЯ-ны олон нийттэй харилцах албаны ажилтан Г.Идэр-Ууган байлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу.
В.Ганзориг: Олон нийтийн харилцаа гэдэг ажлын утга учрыг эхлээд ярилцъя. ПР гэхээр цөөн биш хүн шууд сөрөг утгаар хүлээж авдаг, нөгөө талаасаа харьцангүй шинэ ойлголт болоод байна. Таныг ажлаа хийхэд тулгардаг бэрхшээл болон давуу тал юу вэ?
Г.Идэр-Ууган: Би АНУ-ын ЭСЯ-ны олон нийтттэй харилцах албандаа Америкт төгсөгчдийг хариуцан ажилладаг. Өөрөөр хэлбэл, Америкт боловсрол эзэмшээд Монголдоо буцаж ирсэн залуустай хамтран ажиллах замаар мэдлэг, мэдээллийг нь бусад залууст түгээх ажлыг хийдэг. Үүнд олон нийтэд зориулсан мэдээлэл хүргэх төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах, төгсөгчдөөр өөрсдөөр нь мэдээлэл хүргүүлэх ажлууд багтдаг. Олон нийт их эмзэг байдаг учир яг ямар мессежийг зөв хүнд нь яаж түгээх вэ гэдэг дээр нэлээд анхаарч ажилладаг. Ижил мэдээллийг зарим нь таатай хүлээж авч байхад зарим нь хүлээж авдаггүй. Нөгөө талаараа олон нийт маш хүчтэй. Миний ажлын онцлог Монгол Улсад хэрэгжүүлж буй боловсрол, соёлын хөтөлбөрүүдийг эх орныхоо өнцөг, булан бүрт сурч, ажиллаж, амьдарч байгаа хүүхэд залууст тэгш, хүртээмжтэй хүргэх тал дээр илүү анхаарч ажилладагт байдаг.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!
- Бодож, төлөвлөдөг ажлаа хүссэнээрээ хийж чадаж байгаа юу?
- Чадаж байгаа. Гэхдээ боловсролын ялгаатай байдал бидний өмнө тулгарч буй хамгийн том сорилт болсон. Улаанбаатар хот ба хөдөө, орон нутгийн хүүхэд, залуусын боловсрол гэхээс илүү мэдээлэл хүлээн авч байгаа нөхцөл байдал нь асар ялгаатай болсон. Ийм учраас АНУ-ын ЭСЯ жил болгон төгсөгчдөө, мөн АНУ-аас Монголд ирж ажиллаж буй багш нараа дагуулан хөдөө, орон нутаг руу явж Америкийн боловсролын тухай, тэнд хэрхэн боловсрол эзэмших боломжийн талаарх мэдээллийг өгдөг. Энэ ажлын хүрээнд би Монгол Улсын 21 аймгаа бүтэн тойрч, олон хүүхэд залуус, оюутан сурагчдад мэдээлэл өгөхийг зорин ажиллаж байна.
- Нууц биш бол та анх хэрхэн АНУ-ын ЭСЯ-тай холбогдон ажилд орж байсан бэ? Та өмнө нь боловсролын чиглэлээр ажиллаж байсан уу?
- Би Хөвсгөл аймагт төрж арван жилээ төгсөөд, ШУТИС-д нисэхийн инженер мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгсөөд Изинис Эйрвэйз компанид инженерээр ажилд орсон. Дөрвөн жил ажиллаж байтал компани маань 2014 оны 5 дугаар сард үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан. Нисэхийн салбарын онцлогоос шалтгаалж бидэнд юу болох гэж байгаагаа мэдэгдэхгүй байж байгаад нэг өглөө ажилдаа ирэхэд хэлсэн. Энэ үед нисэхийн мэргэжлийн карьер маань тодорхойгүй байдалд орж шоконд орж байсан.
Өмнө нь би гуравдугаар курсын оюутан байхдаа АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгтэй богино хугацааны англи хэлний сургалтанд хамгийн доод оноогоор нь тэнцээд хамрагдаж байсан юм. Англи хэлээ сайжруулахгүй бол онгоцныхоо талаар сайн мэдлэг, мэдээлэл авч чадахгүй гэдгээ ойлгоод энэ тэтгэлэгт хөтөлбөрт 2009 онд хандаж тэнцээд, англи хэлээ сайжруулахаар хөтөлбөрийн хүрээнд буюу Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр хоёр сар АНУ руу явсан юм. Би өөрөө хөдөө, орон нутагт төрж өссөн хүүхэд болохоор тэр үед хүн өөрөө мэрийлт зүтгэлтэй байх юм бол АНУ руу явуулдаг янз бүрийн тэтгэлэгт хөтөлбөр байдаг бас олддог юм байна гэж ойлгож авсан юм. Гадаад явдаг энэ мэт сургалтанд Улаанбаатар хотын мундаг хүүхдүүд л явдаг байх гэсэн бодлыг минь АНУ-ын Засгийн газрын энэ тэтгэлэгт хөтөлбөр өөрчилсөн.
Энэ хөтөлбөрт өрсөлдөөд, тэнцээд, олон хүүхдийн өмнөөс хамрагдаад явсан болохоор Монголдоо буцаж ирээд энэ мэдээллийг яаж олон хүнд түгээж болох вэ гэж бодож эхэлсэн. Улмаар үеийн залуустаа мэдээлэл өгөх зорилгоор олон нийтэд хандсан сайн дурын ажил нилээд хийсэн. Изинист инженер байхдаа ээлжийн амралтаа аваад АНУ-ын ЭСЯ-наас хөдөө, орон нутагт хийдэг мэдээллийн аяллын багт сайн дураараа ороод явж эхэлсэн.
Изинис үйл ажиллагаагаа зогсоосон тэр жил АНУ-ын ЭСЯ-наас Америкийн соёл, мэдээллийн төвд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст анхан шатны англи хэл заах сайн дурын багш хайж байгаа мэдээллийг авсан юм. Саажилт, тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй 20 гаруй залууст ажилгүй байх хугацаандаа англи хэл заагаад явж байв. Төд удалгүй АНУ-ын ЭСЯ-нд миний одоо хийж байгаа ажил буюу Америкт төгсөгчдийг хариуцсан ажилтан гэдэг ажлын байр зарлагдсан. Энэ ажлын байранд өргөдөл гаргаж тэнцээд, 2014 оноос хойш ажиллаж байна.
- Изинисээс эргэж санал тавиад буцаад ирээч гэвэл та одоо ямар шийдвэр гаргах байсан бол?
- Одоо хийж байгаа ажлаа үргэлжлүүлнэ. Би бага байхын нисгэгч болох мөрөөдөлтэй байсан. Гэвч Монголд нисгэгч бэлтгэдэг анги байхгүй, АНУ явж сурахаар нэлээд үнэтэй. Тийм учраас ойрхноор нь нисэхийн инженерээр суралцсан. Төгсөөд Изинист богинохон хугацаанд ажилласан боловч өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн тулд маш их хичээсэн. Нисэхийн салбарт удаан ажиллах тусам тухайн хүний үнэ цэнэ өсдөг онцлогтой. Энэ салбараас маш сайн ойлгосон зүйл бол аюулгүй байдлын дүрэм журам. Энэ онцгой дүрэм журам аливаа зүйлийг заавал ёс журмаар нь хийх ёстой гэдэг хэвшлийг надад суулгаж өгсөн.
ЭСЯ-нд ажилд ороод аливаа мэдээллийг олон нийтэд хүргэх, нийгэмтэй харьцах ажил нь таалагдсан. Миний одоо хийж буй ажлын хамгийн том хэсэг нь 21 аймгийн ахлах сургуулиудын хүүхдүүдтэй очиж уулзах, АНУ-д суралцах боломжийг мэдрүүлэх, өөрийн түүхээ хуваалцах, нэмээд АНУ-д боловсрол эзэмшээд ирсэн мундаг залуустай хамтран баг болж ажиллах юм. Энэ маш сонирхолтой ажил. Өөрийгөө дахиж шинээр нээж байгаа учраас би одоо хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байдаг.
- Боловсрол, боловсролын ялгаа, тэгш бус байдал гээд чухал сэдвийг та хөндлөө. Энэ ялгааг арилгахын тулд хэн хэн юу хийх ёстой юм бол?
- Энэ маш том асуулт. Боловсролын салбарт өсөж дэвжих, сайжрах том орон зай байгаа гэж хардаг. Энэ салбарын үйлчилгээг авч байгаа хүмүүс ар гэрийн нөхцөл байдлаас болоод ялгаатай хүртээмж авдаг санагддаг. Хөдөө, орон нутгийн оюутан, залуустай уулзаад явж байхад тэдний 70-аас 80% нь эмэгтэй байдаг. Малдаа явдаг эсвэл завгүй байдаг болоод ч тэр юм уу хөвгүүд, залуучуудын идэвхи, оролцоо сул байдаг. Магадгүй сонирхолгүй байгаа юм шиг, эсвэл цагаа зарцуулдаг өөр зүйлтэй байгаа юм байна гэж анзаарагддаг. Өөрийгөө хөгжүүлье, суръя, мэдье гэсэн тэмүүлэлтэй байгаа хүмүүсийн 80% нь эмэгтэйчүүд байдаг. Энэ утгаараа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн боловсрол эзэмшиж буй харьцаа Монголд нэлээд ялгаатай харагддаг.
Байгууллагууд болон хувь хүмүүст зориулсан, магистрт сурахаас авахуулаад мэргэжил дээшлүүлэх богино хугацааны янз бүрийн олон тэтгэлэгт хөтөлбөрийг ЭСЯ-наас жил болгон зохион байгуулдаг. Эдгээр хөтөлбөрт хандаж буй хүмүүсийг харахаар дахиад л ихэнх нь Улаанбаатар хотын эмэгтэйчүүд байдаг. Уг нь хөдөө, орон нутгаас өргөдөл гаргаж буй залуус хүчтэй өрсөлдөгч байж чаддаг хэдий ч тоо нь хэтэрхий цөөн байдаг. Судлаад үзэхээр энэ нь мэдээллийн хомс байдалтай холбогддог юм билээ. Цахимаар мэдээлэл хүргэх нэг хэрэг. Гэхдээ орон нутагт нь очоод, нүүр нүүрээ харж байгаад АНУ-д сурч болдог, ийм ийм хөтөлбөрүүд байдаг, удахгүй зарлагдана, чи нэг хандаад, оролдоод үзээч, эсвэл дүүдээ хэлээрэй гэх зэргээр мэдээлэл өгөх нь илүү үр дүнтэй байдаг нь анзаарагддаг юм. Хөдөө, орон нутагт ажиллаад ирсэний дараа тэндээс ирэх өргөдлийн тоо өсч, тэтгэлэг аваад явдаг хүмүүсийн тоо мөн дагаад нэмэгддэг.
- Боловсролын ялгаанаас “хожиж” байгаа нь эмэгтэйчүүд мэт боловч шийдвэр гаргах төвшинд манай бүсгүйчүүдийн эзлэх хувь яагаад ийм бага хэвээр байна вэ?
- Монгол Улс ба АНУ-ын дипломат харилцаа 1987 оноос эхэлсэн. Энэ цагаас хойш АНУ-д боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүд өөрсдийн нийгмийн оролцоогоо илэрхийлдэг гэж би боддог. Ялангуяа дунд шатанд ажлыг гардан гүйцэтгэж байгаа эмэгтэйчүүд хүчтэй байгаа гэж хардаг. Жишээ нь, Америкт төгсөгчдийн холбооны удирдах зөвлөл болон хийж байгаа ажлуудыг нь манлайлдаг хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Яг “амьдралтай” төслийн санаанууд эмэгтэйчүүдээс ихэвчлэн гардаг.
Улс төр болон бусад дээд төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог яривал Монгол гэлтгүй дэлхий даяар адилхан нөхцөл байдалтай, ижилхэн асуудалтай байдаг. Энэ байдлыг өөрчлөхийн тулд аль аль талдаа ажиллах ёстой. АНУ-д ч гэсэн нөхцөл байдал адилхан байдаг. Монголд эмэгтэй хүмүүсийн сонгох, сонгогдох эрх, олон нийтэд өөрийгөө таниулах боломж нь зарим орныг бодвол илүүтэй байгаа тул одоогийн энэ нөхцөл байдлыг өөрчлөгдөж байгаа процесс гэж хардаг.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажлыг БНСУ-ын ЭСЯ, Боловсрол, шинжлэх ухааны яамны ажлыг АНУ-ын ЭСЯ бараг илүү хийж байгаа гэж тоглоом шоглоомоор бид хоорондоо ярьдаг юм. Та бүхэн хэдэн төрлийн тэтгэлэгт хөтөлбөрөөр нийт хэдэн хүнийг АНУ руу явуулж сургаад байна вэ?
- Монгол Улс ба АНУ-ын хооронд дипломат харилцаа бий болсон цагаас эхлэлтэй. Хоёр орны Засгийн газрууд, боловсролын салбарыг хариуцсан байгууллагууд хоорондоо нягт хамтран ажилладаг. 1987 онд хамгийн анхны монгол хүн АНУ-ын Төрийн Департментын тэтгэлгээр IVLP (International Visitor Leadership Program) хөтөлбөрт явж байсан түүхтэй. Үүний дараахан манай хамгийн том хөтөлбөр болох АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгтэй Fulbright-ын хөтөлбөр нээгдсэн. Энэ хөтөлбөрөөр хамгийн анх буюу 1994 онд явсан монгол хүн Харвардын их сургуульд антропологиор магистрын зэрэг хамгаалсан байдаг. Энэ хөтөлбөр жил бүр дөрвөөс зургаан монгол хүнд АНУ-д магистрын зэрэг хамгаалах боломжийг олгодог юм. Харин 2011 оноос Монгол Улсын Засгийн газар энэ хөтөлбөрийн бас нэг санхүүжүүлэгч нь болж, жилд 10 орчим хүнийг АНУ руу магистрт илгээж байгаа. Энэ тэтгэлэгт сургалтын төлбөр, замын, байрны, хоолны, даатгал, виз, сургалтын материал гээд бүх зардал багтдаг.
2016 оноос LEAD хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Жил бүр 30 залууг, 2017 онд 40 залууг АНУ руу бараг нэг сарын хугацаатай явуулж, ардчилллын суурь зарчмуудтай танилцуулдаг. Эдгээр залуус буцаж ирээд багт хуваагдаж өөрсдийн төслөө Монголдоо хэрэгжүүлдэг юм. Бид 21 аймгийн хүүхэд, залуустай уулзаад, мэдээллээ түгээгээд явж байхад тэд нэг зүйлийг олонтаа асуудаг нь ахлах ангийн сурагчдад зориулсан хөтөлбөр байсан юм. Бидэнд оюутнуудад зориулсан, нэг семестер АНУ-д сурчихаад ирдэг Global Undergraduate Exchange Program, магистрын зэрэг олгох Fulbright, ажил хийдэг хүмүүст зориулсан мэргэжил дээшлүүлэх Hubert H. Humphrey Fellowship Program, мөн багш нарт зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг боловч ахлах ангийн сурагчдад зориулсан хөтөлбөр манайд байгаагүй.
Ингээд 2017 он буюу АНУ, Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд тухай үед элчин сайд байсан хатагтай Женнифер Галт, тухай үеийн олон нийттэй харилцах албаны дарга хатагтай Маккензи Милановски нарын баг анх удаа арван жилийн хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр бий болгох санаачилга гаргасан юм. Улмаар туршилтын журмаар хөдөө, орон нутгаас найм, Улаанбаатар хотоос 12, нийт 20 хүүхдийг сонгон шалгаруулаад АНУ руу бүтэн сарын хугацаатай эрчимжүүлсэн сургалтанд явуулсан. Гайхалтай зүйл нь явсан сурагчид маань маш өндөр үр дүн гаргаад, хөтөлбөрийнхөө дараа АНУ-ын Конгрессийн гишүүдтэй уулзахдаа хөтөлбөрийн ач холбогдол, сурсан мэдсэн зүйлсээ тайлбарлан ярьж, энэ хөтөлбөрөө байнгын санхүүжилттэй болгож чадсан. Энэ бол Future Leaders Exchange Program (FLEX) юм. Одоо энэ хөтөлбөрөөр жил бүр 20 сурагч АНУ руу явж суралцаж байгаа. Энэ бүхэн Монголын боловсролын салбар, бидний ирээдүйд оруулж буй том хөрөнгө оруулалтын нэг гэж би боддог. Сүүлийн 33 жилийн хугацаанд АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр Элчин сайдын яам нийт 3000 орчим монгол хүнд 20 сая ам.доллар зарцуулж, оюуны бодитой хөрөнгө оруулалт хийгээд байна.
- Бакалавр болон докторын төвшинд АНУ-д сурах тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг уу?
- Бакалаврт байгаа. Харин PhD төвшинд одоогоор байхгүй.
- Энэ олон тэтгэлэг өгч байх хугацаанд сайн болон муу кэйсүүд гарч байсан байх. Үүнийг хуваалцаж болох уу? Тэтгэлэг олгох үндсэн шалгуур нь яг юу байдаг вэ?
- Хөтөлбөр бүрээсээ хамаарч шалгуур нь өөр байдаг. Тэтгэлэгт хөтөлбөр зарлахад ямар шалгууртай гэдгийг нь хараад өөрийгөө тохирох эсэхийг мэдчихэж болно. Сайн жишээ гэвэл миний дээр дурдсан ахлах ангийн сурагчдад зориулсан FLEX гээд хөтөлбөр байна. Тэр мундаг хүүхдүүд АНУ-д өөрсдийгөө ойлгуулаад байнгын санхүүжилттэй болгон, бүхэл бүтэн хөтөлбөрийг Монгол Улсдаа авч ирж чадсан. Зарим нэг тохиолдолд очсон хүмүүс маань хөтөлбөрийнхөө дүрэм, журмыг дагахгүй зүйл гардаг. Үүний нөлөө, сөрөг үр дүн нь уг хөтөлбөрийн дараа жилийн сонгон шалгаруулалтын үеэр шууд мэдэгдэж, Монголоос явах хүмүүсийн тоог хязгаарладаг. Гадаадад зорчиж байгаа хүн бүр Монгол Улсаа төлөөлж, хил даваад л улсынхаа элчин сайд нь болж явдаг учраас Төрийн Департментын тэтгэлэгт хөтөлбөрөөр явж байгаа хүмүүс хэр зэрэг хариуцлагатай байхаас шалтгаалж дараа дараагийн залууст боломж нээгдэх эсвэл хумигдах нөхцөл үүсдэг. Үүнийг бид явж байгаа хүн бүрт сайтар ойлгуулахыг хичээдэг.
- Хамгийн хүнд жишээ нь юу байдаг бол?
- Намайг ажил авснаас хойш бүр тийм хүнд, айхтар зүйл тохиолдоогүй. Гэнэтийн эрүүл мэндийн шалтгаанаас болж ганц хоёр хүн буцаж ирснийг эс тооцвол айхтар жишээ гараагүй.
- АНУ-ын ЭСЯ виз өгөхдөө тухайн хүний сошиал медиа аккаунтуудыг нь харж үнэлдэг болсон гэдэг яриа гарсан байсан. Энэ үнэн үү?
- Олон нийттэй харилцах албанд ажилладаг би энэ асуултанд шууд хариулт өгөх боломжгүй. Визтэй холбоотой бүх асуудлыг манай консулын хэлтэс хариуцдаг.
- Таны хэлсэн энэ олон тэтгэлэгт хөтөлбөрүүд хэзээ зарлагддаг вэ? Хөтөлбөрт ханддаг манай залуусын түгээмэл гаргадаг алдаа нь юу байдаг вэ?
- Нийт хөтөлбөрийг хувь хүмүүс ба байгууллагуудад зориулсан гэж хоёр ангилж болно. Их, дээд сургуулиуд англи хэлний туслах багшийн хэрэгцээгээ хангахын тулд манайд хүсэлт гаргаад Америкаас туслах багш урьж авч ирдэг. Энэ хөтөлбөрийн дагуу жилд зургаан америк багш Монголд ирж ажилладаг. Мөн төрийн болон ТББ-ууд тухайн салбарынхаа мэргэжилтэнг урьж авчрах боломжтой. Жишээ нь, хүний эрхийн талаар ажилладаг ТББ энэ чиглэлийн мундаг мэргэжилтнийг Монголдоо авч ирэх, эсвэл эндээс 10 хүн АНУ руу явуулахад зардлын зөрүү багагүй гарна. Иймээс мэргэжилтэн урьж авч ирдэг хөтөлбөр манайд байдаг.
Ахлах ангийн сурагчдад зориулсан FLEX хөтөлбөр одоо есөн сард элсэлтээ авч эхлэх гэж байна. Эмэгтэй оюутнуудад зориулсан манлайллын SUSI гээд хөтөлбөр 10 сард зарлагдана. Global Undergraduate Exchange Program буюу сурч байгаа чиглэлээрээ АНУ-д нэг семестр суралцаж ирэх боломжтой тэтгэлэгт хөтөлбөр оны эцсээр материалаа авч дуусдаг. Үүний дараа нэг болон хоёрдугаар сард багш нарт зориулсан хөтөлбөр болон Fulbright-ийн тэтгэлгүүд материалаа авч эхэлдэг. IVLP хөтөлбөр нийтэд зарлагдахгүй ч байнга явагдаж байдаг. Энэ хөтөлбөр хувь хүн болон албан байгууллагад аль алинд нь зориулагдсан байдаг бөгөөд байгууллага бол АНУ-ын яг энэ салбарын энэ асуудлыг үзэж судлан танилцах хэрэгтэй байна гэвэл On demand хөтөлбөр гэж байдаг.
- Тэгвэл үндэсний ижилсэл, Америк мөрөөдлийн талаар манай баг сонирхдог тул энэ чиглэлийн судалгааны ажил хийх хүсэлтээ гаргаж болох юм байна. Тийм үү?
- Болно. Үүнийг хэрэгцээнд суурилсан IVLP хөтөлбөр гэдэг. Мөн салбар бүртээ амжилт гарган, өөрийгөө харуулж байгаа залуусыг өөр орны залуустай харилцан холбох зорилготой.
- АНУ-ын ЭСЯ-ыг анзаараад байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хязгаар орон нутгийн хүүхэд, залуус, ЛГБТИ зэрэг нийгмийн бүлгийг хүчтэй дэмжиж ажилладаг. Америкийн татвар төлөгчдийн мөнгийг яагаад эдгээр бүлэгт онцгойлж зарцуулдаг юм бэ?
- Маш өргөн хүрээтэй асуулт байна. Энд ЭСЯ гэхээс илүүтэйгээр, АНУ-д суралцан боловсрол эзэмшсэн ихэнх хүмүүс нийгмийн тэгш оролцоо гэдэг ойлголттой болоод ирдэг юм. Тэнд сурч байгаа ангид нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс цуг суралцан, нийгмийн харилцаанд орж, ямар ч асуудалгүй гадуур дотуур явж болоод байдаг. Харааны бэрхшээлтэй хүн тэнд өөртэй нь өрсөлдөн шалгалтанд орж дээр, доор нь оноогоороо гараад явдаг. Сонсголын бэрхшээлтэй хүмүүст тэнд өөрийгөө илэрхийлэх, мэдээлэл олж авах, бүх төвшинд өрсөлдөх боломж нь байдаг. Манайхаас явсан залуус тэр орчинг нь мэдрээд яг л тийм сэтгэхүйтэй болоод ирдэг юм. Ирчихээд манай Монгол яагаад тийм байж болохгүй юм бол гэж асуудалд хандаж, шийдэл гарган төсөл хэрэгжүүлдэг.
МАSА буюу Америкт төгсөгчдийн холбоо 2007 онд анх байгуулагдаж байв. Тухай үеийн удирдах зөвлөлийн гишүүдийн 2013 оныг хүртэл хийсэн ажлуудын ихэнх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан тэгш оролцооны төлөө, тэгш бус байдлыг арилгахын төлөө төслүүд байсан. Үүний нэг жишээ нь тэргэнцэртэй иргэдийн “Бид чадна” ТББ юм. Мөн “Try Asia” гээд Азийн орнуудын төгсөгчдийг авч ирэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг нийгэмд түгээх том кампанит ажлыг хийсэн. Түүнчлэн Улаанбаатар хотын барилга байшин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэр ээлтэй болох, орц гарц, бие засах өрөөнд ялгаатай хөгжилтэй хүмүүс орж болдог эсэхийг тэмдэглэдэг мини аппликэйшн хийж байсан.
2013 оноос хойш сайн дурын ажлууд дээр илүү төвлөрч эхэлсэн. Учир нь дээрх бүх ажлуудыг манай гишүүд бүтэн цагийн өөр ажилтай ч гэсэн нийгмийнхээ сайн сайхны төлөө сайн дурын үндсэн дээр цаг, сэтгэлээ гарган хийдэг. Энэ утгаараа бид сайн дурын ажил гэдэг ойлголтыг нийгэмд зөвөөр таниулахыг хүссэн. Эс бөгөөс гарч хог цэвэрлэсэн компани нийгмийн хариуцлагын ажлаа сайн дурын ажил гээд буруу ойлгочих гээд байдаг. Мөн хувь хүн өөртөө зориулдаг цаг, зав, мөнгийг сайн дурын ажлаас ялгаж салгахаа мартдаг. Үүнийг ойлгуулахын тулд MASA-гийн удирдах зөвлөлийн гишүүд өөрсдөөрөө үлгэрлэн үзүүлж, сайн дурын ажлын эерэг ач тусыг нийгэмд таниулахыг хичээж яваа.
- МАSА буюу Америкт төгсөгчдийн холбоо гадуур нэлээд нэр хүндтэй юм билээ. Бусад улсуудын төгсөгчдийн холбоо жаахан жаахан атаархдаг байж магадгүй. Та бүхний ингэж их идэвхтэй, тогтвортой ажиллаж байгаагийн нууц юу вэ?
- Системийг сайн бүрдүүлсэн байж магадгүй. Миний ажлын байр Америкт төгсөгчдөө хариуцдаг. Яг надтай адил албан тушаалтай хүмүүс АНУ-ын дэлхий даяарх бүх ЭСЯ-уудад байдаг. Өөрөөр хэлбэл, Америкт төгсөгчид болон тэтгэлэгт хөтөлбөрүүдээ хариуцсан Alumni coordinator гэсэн функц байдаг. Төрийн Департментын Боловсрол, соёлын товчоонд төгсөгчийн оффис гэж бий. Энэ оффис дэлхий даяар байгаа бүх ЭСЯ-дуудын төгсөгч хариуцсан ажилчидтай шууд харилцан ажилладаг. Энэ оффисоос жил бүр төгсөгчиддөө зориулж “Alumni engagement innovation fund”гээд 25 мянган ам.доллар хүртэлх санхүүжилт авах боломжтой төслийн уралдааныг зарладаг.
АНУ-д сураад ирлээ, одоо сурсан мэдсэнээ яаж эх орондоо хэрэгжүүлэх вэ гэхэд таныг үндсэндээ гурван зүйлээр хангадаг. Нэгт, төгсөгчдийн глобал сүлжээ, хамт олноор хангана. Хоёрт, шаардлагатай гэвэл санхүүжилтээр хангадаг. 25 мянган ам.доллар гэдэг бол бага мөнгө биш. Монгол гэлтгүй бүс нутагтаа зориулсан төсөл хийвэл бүр 40 хүртэлх мянган ам.долларын санхүүжилт өгдөг. Гуравт, ЭСЯ-наас таныг Америкийн соёлын төв зэрэг арга хэмжээ зохион байгуулах байр саваар хангадаг. Энэ бүх систем нь харьцангүй сайн тогтсоноос гадна АНУ-д сураад ирсэн залуусыг энэ нийгэмд өөрсдөө ямар чухал оролцоотой гэдгийг нь илүүтэй ойлгуулсан байдаг гэж бодож байна.
АНУ-д сурч боловсроод эх орондоо сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх чадвар, сэтгэл манай тэтгэлэгт хөтөлбөрүүдийн үндсэн шалгууруудын нэг юм. Бид тийм л хүмүүсийг хайдаг. Буцаж ирээд хэн байх вэ гэдэг нь хамгийн том асуулт байдаг. Зөвхөн өөртөө гэхээс илүүтэй нийгэмдээ хэр зэрэг оролцоотой хүн байх вэ гэдгийг нь хардаг.
- Таны дурдсан бүх тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн шалгуур нь хандаж буй хүмүүсийн мэдлэг, чадвараас илүүтэй нийгэмд үзүүлэх эерэг нөлөө, сайн дурын ажил, хувь нэмрийг үнэлэх юм байна. Тийм үү?
- Таны нийгэм дэх оролцоо ямар байна гэдэг нь илүү чухал. Нийгмээ сайжруулахад яаж оролцож буй, түүнийгээ хэрхэн илэрхийлж байгаа нь чухал гэсэн үг. Мэдээж би оролцож байгаа юм гээд буруу аргаар оролцоод байж болохгүй. Тэтгэлэгт хөтөлбөрт хандан өргөдөл гаргаж байгаа манай залуусын түгээмэл гаргадаг алдаа бол шаардаагүй баахан материал бүрдүүлдэг. Мөн би өмнө нь гадаадад сурч байсан юм чинь TOEFL-ийн оноо хэрэггүй гээд дутуу материалаа өгчихдөг. Би 2014 онд ЭСЯ-нд ажилд орсноос хойш коронавирус гарах хүртэл сар болгон олон нийтэд зориулж АНУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт яаж өргөдөл гарган, хэрхэн тэнцсэн тухай Америкт төгсөгчидтэй ярилцлага хийдэг байсан. Нийт 100 гаруй төгсөгчидтэй ярилцаж байхад тэд хүмүүст дараах зөвлөгөөг өгдөг юм билээ. Нэгт, тэтгэлэгт хөтөлбөртөө эртнээс бэлдэж эхэл. Хоёрт, нэг удаа, гурван удаа тэнцэхгүй байж болно. Дахиад ханд. Fulbright-ийн хөтөлбөрт долоон удаа долоон жил дарааллан өргөдөл гаргаж байж тэнцсэн тохиолдол байдаг. Эдгээр хөтөлбөрүүд жил болгон зарлагддаг учир өөрийгөө үүнд бэлдэх систем уг нь маш ойлгомжтой байдаг. Өөрийгөө өөрчилье, АНУ-д очиж боловсрол эзэмшье гэж үнэхээр хүсч байвал нэг, хоёр удаагийн сонгон шалгаруулалтын үр дүнгээс болж битгий зогсоорой гэж хэлмээр байна.
- Өмнө хандаад тэнцээгүй тул энэ жил сонгон шалгаруулалтанд оруулах гэдэг зүйл танай бүх тэтгэлэгт хөтөлбөр дээр байхгүй гэсэн үг үү?
- Байхгүй. Харин өмнө нь тэнцээд яваад ирсэн хүмүүс ижил төстэй хөтөлбөрт дахин хандах, урт хугацааны хөтөлбөрт явсан бол тодорхой хугацааг заавал хүлээх шаардлагууд байдаг.
- MASA гээд багагүй дурдлаа. Энэ холбооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
- MASA гэдэг нь Mongolian Association of State Alumni гэдэг үгсийн товчлол юм. 2007 онд Fulbright, Hubert H. Humphrey Fellowship, IVLP хөтөлбөрийн төгсөгчид АНУ-ын төрийн департментын тэтгэлэгт хөтөлбөрөөр яваад ирсэн хүмүүсийн холбоо байгуулъя гээд MASA-г үүсгэсэн түүхтэй. Улмаар 2013 оноос АНУ-д сурсан хүн болгон энэ холбоонд элсэн, үйл ажиллагаанд нь оролцож болдог болсон. Энэ холбооны гол зорилго нь АНУ-д сурч мэдсэн зүйлээ эх орондоо, нийгэмдээ эерэгээр түгээн хуваалцах юм. Энэ холбооны гишүүд, удирдах зөвлөлийнхөн нэг ч төгрөгийн цалин авахгүйгээр, сайн дурын үндсэн дээр 2007 оноос хойш нийт 300 мянган ам.долларын 18 төслийг санаачлан, мөнгөө босгоод, амжилттай хэрэгжүүлээд явж байна.
“Alumni engagement innovation fund”-д жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 1000 гаруй төсөл санхүүжилт хүсч ирдэгээс 60 орчим төслийг нь л сонгон шалгаруулж санхүүжилт өгдөг. 2011 оноос хойш MASA-гийн гишүүд жил болгон энэ сангаас төслийн санхүүжилт авч байгаа. Монгол улсын төсөл Азийн орнуудынхтайгаа маш их өрсөлддөг. Энэ жил манай гишүүд 20 гаруй төслийг илгээж байх жишээтэй. Энэ бол гуравхан сая хүнтэй улс гэхэд Ази тивдээ өндөр идэвхтэй байгааг илэрхийлнэ. Гэтэл 50 гаруй сая хүн амтай орнуудаас хоёр, гуравхан төсөл ирэх жишээ бий. Энэ нь нэг талаараа бидэнд хийх ажил, төсөл их байна гэсэн үг. Нөгөө талаас Америкт төгсөгчид маань өөрсдөө маш сайн идэвхтэй байна гэсэн үг. Үүнийг Америкийн Төрийн Департмент олж хараад MASA-гийн үйл ажиллагаа, цар хүрээг Зүүн Өмнөд Азидаа төдийгүй дэлхийн бусад улсуудад тэргүүлэх сайн туршлагатай хэмээгээд явж байна.
Үүний үр дүнд Зүүн Өмнөд Ази, Индо Пасификийн бүсийн төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн чуулганыг Монгол Улсад анх удаа зохион байгуулахаар нэлээд өндөр санхүүжилттэй төслийг бид өнгөрсөн жил батлуулсан. Уг нь энэ чуулгана өнгөрсөн зургаан сард хийх ёстой байсан боловч цаг үеийн байдлаас болоод хойшлуулаад байгаа. Энэ санхүүжилтийг авсан нь, мөн итгэл хүлээлгэн энэ хурлын эрхийг өгсөн нь манай Америкт төгсөгчдийн холбооны үе үеийн удирдах зөвлөлийн гишүүдтэй салшгүй холбоотой. LEAD хөтөлбөрийн төгсөгчид маань 2018 онд өөрийн холбоогоо байгуулан хүч нэмэн, өөрсдийн оролцоогоо улам идэвхтэй болгож байгаа. MASA, LEAD, мөн 2017 оноос эхэлсэн FLEX хөтөлбөрийн залуус нийгэмдээ бодитой эерэг нөлөө үзүүлдэг төслүүдийг хийдэг учир энэ сайн туршлагыг бусад орнууд биднээс суралцах, бид хуваалцахын тулд энэ чуулганы эрхийг Монголд өгсөн гэж ойлгож байна. Ирэх жил энэ чуулганаа хийх байх аа.
- Энэ чуулганд хэдэн орны хэдэн хүн ирэхээр байгаа вэ?
- 24 улсын Америкт төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ерөнхийлөгчид болох 60 орчим хүн ирнэ. Энэ бүх хүмүүс тухайн нийгэмдээ танигдсан, өөрийн улс орондоо нэр хүндтэй, хүрээлэн байгаа орчноо сайжруулахын төлөө байнга гар бие оролцдог учраас харилцаа холбоо талаасаа маш үр дүнтэй чуулган болно.
Энэ жилийн бас нэг гоё мэдээ гэвэл MASA анх удаа EducationUSA буюу Америкийн боловсролын зөвлөх үйлчилгээний албан ёсны төлөөлөгч болж, үйл ажиллагааг нь гардан хэрэгжүүлэгч байгууллага болсон. Угаасаа тэнд нь сураад ирсэн хүмүүс л хамгийн сайн зөвлөгөөг өгч чадна. MASA одоогоор 1200 гаруй гишүүнтэй.Энэ олон гишүүдээрээ дамжуулан далайцтай олон үйл ажиллагааг хийж байгаа. Тэр утгаараа Зүүн Өмнөд Азийн бүсдээ боловсролын зөвлөгөө өгдөг төвийн үйл ажиллагаагаараа нэлээд өндөрт үнэлэгдээд, манай боловсролын мэдээлэл үйлчилгээний зөвлөгч нар маань бусад улсуудтай тэргүүн туршлагаа хуваалцах лекцүүдэд уригдаад явж байгаа.
- Цаашид орон нутгийн, эрэгтэй, бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эдгээр мундаг хөтөлбөрүүдэд хэрхэн татаж оролцуулж, боловсролын тэгш бус байдлыг багасгахаар төлөвлөж байгаа вэ? Эрэгтэйчүүдэд зориулсан тусгай хөтөлбөр эхлүүлэх боломж байдаг уу?
- Аливаа хөтөлбөрийг эхлүүлэхийн тулд судалгаа хэрэгтэй болдог. Үүний тулд манай эрчүүд нийгэмдээ илүү сайн оролцоотой баймаар байна. Боловсролын ялгаа үүсч байна, энэ ялгааг багасгах шаардлагатай гэдэг дуу хоолойгоо улам сайн илэрхийлэх хэрэгтэй. Ахлах ангийн сурагчдын FLEX хөтөлбөрийг Монголд авч ирсэн туршилтын эхний 20 хүүхэд шиг нөлөөг үзүүлэх бүрэн боломжтой. Манай одоо хэрэгжиж байгаа тэтгэлэгт хөтөлбөрүүд явдгаараа явна. Харин нэмэлт хэрэгцээ шаардлага байна гэвэл тэр бүлэг маань өөрсдөө дуу хоолойгоо идэвхтэй хүргэх хэрэгтэй. Хөдөө орон нутаг, залууст чиглэсэн хөтөлбөрүүд бүгд энэ зүг рүү чиглэж байгаа.
- Тэтгэлэгт хөтөлбөрийн тухай энэ их мэдээллийг ямар сувгаар хамгийн хялбар авах боломжтой вэ?
- Хамгийн эхлээд АНУ-ын ЭСЯ-ны фэйсбүүк хуудсыг (https://www.facebook.com/USEmbMongolia/) дагаарай. Бусад хөтөлбөрийн сошиал медиа хуудсуудыг дагаад See First гэдэг тохиргоог нь хийж болно. Бид сошиал медиа ашиглан бүх мэдээллээ цаг алдахгүй хүргэхийг боддог. Мөн ЭСЯ-ны цахим хуудас (https://mn.usembassy.gov/mn/) дээр бүх хөтөлбөрийн тухай мэдээлэл монгол, англи хэл дээр байгаа. Түүнчлэн Америкт төгсөгчдийн холбооны цахим хуудас (https://www.masa.org.mn/) болон фэйсбүүк хуудас бий. LEAD төгсөгчдийн холбооны фэйсбүүк хуудас ч мөн байдаг. Энэ бүх мэдээллийг цаг гарган уншаад үзээрэй. Хэрвээ юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол АНУ-ын ЭСЯ-ны цахим хуудас руу ороод Соёлын солилцооны хөтөлбөрийн жагсаалтыг хараарай. Эндээс та өөрийн ажил, амьдралын төвшиндөө тааруулан хөтөлбөрөө сонгон, өөрийгөө бэлдэх боломжтой.
- АНУ явж сурах, богино, урт хугацаагаар мэргэжлээ дээшлүүлэх талаар маш үнэтэй зөвлөгөө, мэдээлэл өгсөн танд баярлалаа!
- Намайг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан танд бас баярлалаа!
Зочин
zochin