УИХ дахь Ардчилсан намын бүлэг уржигдар хуралдахдаа Засгийн газрын үйл ажиллагааг хангалтгүй байна гэсэн байр суурин дээр санал нэгдэцгээжээ. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэхдээ харин дээрх байр суурийн талаар ярихыг хүсээгүй.

Яагаад?


Яагаад гэвэл хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд өгч буй дүгнэлт эцэслэн гараагүй байгаа. Гэхдээ олонхи гишүүдийн байр суурь, ажлын хэсгийн дүг­нэлт ч “хангалтгүй” гэсэн үнэлгээнээс хаашаа ч бултах гарцгүй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зүйл, заалт бүрийн ард оноо тавих уу, эсвэл ерөнхийд нь үнэлж, улс төрийн дүгнэлт гаргах уу гэдэг дээр бүлгийн гишүүд ярилцжээ. Гэвч нэмэгдэхүүний байрыг солилоо ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг дүгнэлт нэг л утгатай гарах нь тодорхой болжээ. Тэр нь хангалтгүй гэсэн дүн.

Энэ бол нөгөө утгаараа Ардчилсан нам цаашид Зас­гийн газарт байх уу, үгүй юү гэдэгт асуултын тэмдэг тавьж буй хэрэг гэдгийг ч гишүүд ярилцжээ. Хэзээ нэгэн цагт энэ махир тэмдэгтэй таарна гэдгийг Ардчилсан намынхан мэдэж байсан ч яг цагаа тулахаар хамгийн хүнд, эмзэг сэдэв болох нь тодорхой. Хам­тарсан Засгийн газрын үйл ажиллагаагаа “хангалтгүй” гэж үз­сэн хэрнээ хаяад явж чадахгүй бол “онигоо”. Ээлжит сонгууль хүртэл жил хүрэхтэй үгүйтэй хугацаа үлдэж байхад хамтарсан чигээрээ яваад ажлаа сайжруулна гэж ам өчиг өгөөд зогсч байвал бас л “онигоо”.

Тиймээс одоо Ардчилсан нам онигоонд орохгүйгээр Засгийн газраас гарах арга зам, аян шалтаг эрэх хэрэгтэй болж байх шиг. Өөрөөр хэлбэл, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, тэгсэн хэрнээ намын нэр хүндэд хохирол учруулахгүй тийм шалт­гаан байх ёстой. Анхнаасаа л хамтарсан Засгийн газарт орохдоо энэ эрсдлийг тооцоолох учиртай байсан Ардчилсан нам одоо богино хугацаанд шийд­вэр гаргах ёстой. Намын удирдлагууд эцсийн нүүдлээ юу гэж харах нь ч тун сонин байна.  
Хэрвээ нөхцөл байдлыг боди­тойгоор үнэлж үзээд хам­тарсан Засгийн газрын ажилд “хангалтгүй” гэдэг дүгнэлт өгөх юм бол энэ нь гадна жагсаад байгаа хөдөлгөөнийхөнд аятай­хан аян шалтаг болно. Улс төрийн нөхцөл байдал гадна талаасаа ээдрээтэй болж байгаа энэ үед төр, засаг дотроосоо хөдөлж эхэлбэл юу болох бол? Гурван жилийн өмнө л урьдчилж тооцоолох ёстой байсан өнөөдрийн энэ нөхцөл байдал Ардчилсан намынхныг давхар давхар саад мөргүүлж байна. 

Ардчилсан нам олонх бол­сон МАН-тай хамтарч Засгийн газар байгуулсны үр дагаварт энэ хэдэн жил улс төр тогтвортой байж, нийгэм, эдийн засагт үлэмж нөлөөлөхүйц хэд хэдэн төсөл урагшилсан нь үнэн. Ардчилсан нам сөрөг хүчнээрээ явсан бол иргэдийн амьдралд өнөөдрийнхөөс илүүтэй юм юу наалдах байсан бол? Хэрэв энэ өнцгөөс харвал Ардчилсан нам өөр дээрээ л эрсдэл хүлээсэн болохоос биш нийгэмдээ бол бараг л “гавьяа” байгуулсан хэрэг. Харин маргааш яах вэ? Иргэд ирэх жилийн сонгуулиар энэ алхмынх нь төлөө Ард­чилсан намд санал өгөх үү?!

Хангалттай хараал идэж байгаа Оюутолгой, Тавантолгой, үнэгүй хувьцаа энэ тэрийг МАН-тай мянга хуваагаад ч Ард­чилсан нам үүгээр үнэлгээ авна гэдэг юу л бол? Тэр тусмаа энэ бүхнийг шийдвэрлэсэн хам­­тарсан Засгийн газраа “хан­галт­гүй” гэж дүгнэчихээд шүү...

За яах вэ, “хангалттай” гэ­сэн үнэлгээнд хүртэл ажиллах хугацаа, боломж байгаа гэж үзвэл дахиад нэг жил МАН-тайгаа хамт дөрөө харшуулна биз. Гурван жил чадаагүйгээ ганц жилдээ амжуулна гэж өөрсдөө итгэвэл шүү дээ. Шинэтгэгч, хүчтэй сөрөг хүчин гэдэг имиж­тэй явж ирсэн Ардчилсан намаас тийм л байр суурийг нь нэхэж байгаа сонгогчдын ч буруу юм уу, бүү мэд. Харин эргэлзээгүй үнэн зүйл нэг л бий. Тэр нь юу гэхээр ирэх жил өнөөх л сонгогчдоороо өөрсдийгөө үнэ­лүүлнэ. Ардчилсан нам энэ дөрвөн жилд юу хийсэн бэ гэсэн асуултад “Хамтарсан Засгийн газарт орж чадсан” гэдгээс өөр хариулт олдохгүй тийшээгээ эргэж мэднэ.

Тиймээс Ардчилсан намын бүлэг уг асуудлаар дүгнэлт гаргахаа дахиад долоо хоногор хойшлуулжээ. Энэ хугацаанд на­мын бүлгээс хамтарсан Зас­­гийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт дээр ажилласан аж­лын хэсгийн гишүүд дахин асуудлыг нягтлах, ингэхдээ Засгийн газраас гаргаж өгсөн зарим тайлбаруудын үнэн зөв байдлыг ч мөн эргэж харахаар болсон байна. Үүний дараа ирэх долоо хоногт намын бүлэг дүгнэлтээ УИХ-д танилцуулна. Танилцуулахдаа мөрийн хөтөл­бөрийн хэрэгжилт дээр хийсэн өөрсдийн улс төрийн дүгнэлтийг цаашид хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам байх уу, үгүй юу гэдэг сонголттой хамт оруулж ирж магадгүй л юм.