Хэтэрхий төгс Сараа
Монголын поп урлагийн хатан хаан өдгөө 43 нас хүрчээ. Тэр бусад шиг насаа нууж маягладаггүй. Тайзнаа гарч ирээд л 43 нас хүрснээ халуун дотноор зарлаж байна. Тэрбээр бямба гаригт Улаанбаатар паласын концертын их танхимд “Хайрын бурхан” нэртэй төрсөн өдрийн тоглолтоо хийсэн юм.
Монголын поп урлагийн хатан хаан өдгөө 43 нас хүрчээ. Тэр бусад шиг насаа нууж маягладаггүй. Тайзнаа гарч ирээд л 43 нас хүрснээ халуун дотноор зарлаж байна. Тэрбээр бямба гаригт Улаанбаатар паласын концертын их танхимд “Хайрын бурхан” нэртэй төрсөн өдрийн тоглолтоо хийсэн юм. Мэдээж ойрын үед уулзаагүй Сарааг харах гэж, хаврын түрүүчээр нялхарч гэгэлзсэн сэтгэлээ хуваалцах гэж бид сайн дураараа л түүний зүг алхав. Бүх ажил, бүх асуудлаа тайлж хаячихаад догдлон гүйв.
Салахгүй юм шиг дасаад
Салаа замаар одоход чинь
Холхон явья гэсэн юм
Холдож болдоггүй сэтгэл юм... Сараа дуулсаар гарч ирэв. Зүгээр л үгийнх нь түрүүчээр аялгуу хөгжим нь сэтгэлд тань ургаад ирж байна уу. Тэгэлгүй дээ, тийм байхын аргагүй дотно дуу шүү дээ. Одод түгсэн эрхэмсэг тайзны мандлаас поп хатагтай ийнхүү гэрэлтэн бууж ирэв. Танхил залуу насны танил дуунууд цээжин доторхыг юутай хээтэй нь булгилуулан эгшиглэлээ.
Анир нугыг амилаасан бороо
Асралт хорвоог цаашлуулан шиврэнэ
Алсалсан цагийг айлсуулсан бороо
Танхил насыг наашлуулан шивэрнэ
Хүслийн тэнгэрт хөллөх солонго хөтлөн
Холын бүлээн бороо шавшаад
Ижил ижлээ түшсэн хос тогоруу
Ивлэх хуранд биесээ дуудахад.... Эргэн ирэхгүй учралын...Эгэл зургийг санагдуулна...
Юу ч болоогүй байхад зүгээр л нулимс бүрхэж ирээд. Юу болов гэмээр мэлтэлзэж ирээд жигтэй сонин үдшийг түүнтэй хамт эдлэв.
Амьдралд минь нэгэн цагт байсан хэн нэгэн, алдуурч холын тэртээ рүү одсон гэрэлт нас, зовсон бас жаргасан зөндөө он жилүүд амилж ирээд болохгүй нь. Түүний дуунууд бидний амьдрал юм шиг. Бидний өнгөрсөн дурсамж бүгдээрээ түүний дуу болон үлдсэн юм шиг урвалдан сүлэлдсэн, уруу татсан орой байлаа. Тэгээд энэ бүхнээ хэн нэгэнтэй уудлан яримаар. Тэгснээ юу ч яримааргүй болон нам гүмсмээр.
Түүний дуунууд ховстой. Тэр ховс зүгээр л мартчихсан явсан он жилүүдийг дуудан авчирч байх шиг. Зүгээр л бодохоос эмээдэг алдааг минь нулимс болгон сануулж байх шиг.
Миний бодлоор тэр хамгийн хайртай дуунуудаа энэ үдэш дуулах шиг болсон. “Уучил”, “Сэтгэлийн хөг”, “Хайрын бурхан”, “Хонгор найз”, “Супермен”, “Тэр намайг дурсдаг болов уу” гээд захаас нь нэрлэхэд тийм биш гэж үү.
Алдаж онох амьдралын минь замд
Алгуурхан чи минь наддаа ирсэн
Амтат хүслийн ариун чандыг
Андгайлж чи минь надад хэлээгүй
Шөнө дунд намайг цочоон сэрээсэн
Эцэс төгсгөлгүй утасны минь дуу
Ганцаардлын гашуун нулимсыг минь
Ганцхан үгээрээ чи минь сэврээсэн
Бүрхэг бүрэнхий үдэш би
Бүр мөсөн чамайг мартахыг хичээсэн
Хоромхон зуурын жаргалыг эдлэвч
Хайрлан гомдоох чиний сэтгэл
Зөвхөн дурласан, ханилах тавилангүй
Зөвхөн миний л хонгор минь.....”
“Хонгор найз” хэмээх энэ дуу бол ерээд оны эхээр биднийг байлдан дагуулж байсан дуунуудын нэг. Үг нь, аялгуу нь, дуучин нь бүгдээрээ л шинэхэн байсан цаг.
Сараа гайхалтай эрх чөлөөлөг дуулдгаараа ямагт ялгаатай байсан. Одоо ч тийм хэвээрээ. Тэр элдэв уламжлалт юмсыг барьж авч дуулдаггүй. Энэ үдэш Сараа хэтэрхий үзэсгэлэнтэй, хэтэрхий өв тэгш, хэтэрхий гайхалтай хатагтай байж чадлаа. Түүний зүрх сэтгэл зовлон жаргалд дэвтэн жинхэнэ “болж” гүйцжээ. Одоо тэр яаж л бол яаж дуулж байна. Бүтэн гурван цагийн турш тэр бидэнд гургалдайн хоолойгоо “гайхуулаад” ч ядарсангүй.
“Хайрын бурхан” тоглолтын бас нэгэн сюрприз рок попын супер эрчүүд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн явдал байв. Анхны нөхөр Н.Ганхуягтай хамт дуулж байсан алдарт “Хавар” дуугаа Төрийн соёрхолт Д.Болдтой дуулсан нь үзэгчдийг дуу алдуулан шаагиулав. “Зүрхэн хоёр алга”-аа хөгжмийн урлагийн нэгэн тод супер од Чинбаттай дуулж галзууруулав. “Хурдын” Цогоотой “Чи минь”- дуугаа амилуулж уяраав. Мэдээж эдгээр эрчүүдийн магнайд түүний алтан партнёр МУГЖ Дашдондог байж таараа.
Сайхан байлаа. Хуучин гудамжаараа алхах. Гоё байлаа. Гомдоож, гомдож, алдаж онож явсан залуу нас руугаа гүйж очоод эргэлээ. Гомдолтой байлаа. Буцаж ирэхгүй хурдлан одсон он жилүүдийг мэдрэх...