Эрлэгийн элч
Эрлэгийн элч ингээд маниусын дунд явж байна гэхэд миний бие нэг л итгэж өгсөнгүй.
Намайг хүн уулзъя гэж хэлүүлжээ. Болзсон газар нь очвол жирийн нэгэн эр угтлаа. Хэн хаанаас явааг тодруулбал тэр бээр өөрийгөө Эрлэг номун хааны элч-менежер гэж танилцуулав. “Тоглоомтой моньш вэ?” гэж би сэм унтууцаад,
-Би хэдий хошин шог зохиол бичдэг ч наян насанд чамтай марзаганах тэнхээ алга. Дүү минь хэрэг зорилгоо өвөөдөө шууд хэлчих гэвэл тэр янзгүйрхээд,
-Эрлэг номун хааны элчийг очиж очиж эмгэн болж эрийн хийморь гутаадаг Аглуун Бооёотой адилтгаж бүү доош хий. Оноогүй зүйрлэлдээ уйчлалт гуй. Ажил хэрэгч эрлэгийнхэнд марзганах зан харш. Таныг авах гэж ирлээ. Та Цэндийн Доржготов мөн биз дээ? гэж албархав.
Эрлэгийн элч ингээд маниусын дунд явж байна гэхэд миний бие нэг л итгэж өгсөнгүй. Тэр ч байтугай намайг авах гээд нүүр тулан шаардаж байдаг. Ная дөхөж үхэх нас тулсан ч нөгөө ертөнцөд гэнэт ингэж хөөгдсөндөө юу гэж өчихөө мэдэхгүй балмагдсан өвгөн-намайг хэнхэг болтой элч өрөвдсөнгүй. Хүмүүн төрөлхтөнийг Эрлэгт хамдаг харгис алба залгуулдаг элч өрөвдөх сэтгэлээ гээсэн нь мэдээж.
-За бушуул, явъя. Танай хотоос осол хордлогоор Эрлэгт явах гэнэтийн дуудлага Солонгост ажиллах захиалгаас давж, Эрлэг номун хааныхан илүү цагаар ажиллаад ч барахгүй байна гээд нойрмог элч яаравчлахад би,
-Та надтай хүн андуураагүй биз? гэж лавлаж үзэв.
Эрлэгийн менежер гар утсан дахь хүмүүсийн нэрс шүүрдээд,
-Цэндийн Доржготовыг авч явах томилолт энд байна гэнэ.
Бултах гарцгүй болох нь энэ үү гэсэн ёозгүй совин татуут би,
-Таны авч явах хүн Цэндийн Доржготов биш Цэндийн Нямдорж байлгүй гэж зөвлөсөн маягаар нохойтвол нойрмог ядруу элчийн тэвчээр барагдаж,
-Эрлэг номун хааны өмнө чи муу байтугай НҮБ-ын аюулгүйн зөвлөл ч шонгүй. За явъя гэж шавдуулав.
-За би явъяа. Явах нас минь ч болсон. Гомдолгүй. Харин тонилохын өмнө үр дүнгийн нь заавал үзмээр Монголын минь хэдэн төсөл бий. Тэр төслүүд биелэхийг нүдээрээ харчихаад явахыг минь та зөвшөөрөөч. Уг төслүүдийн өгөөж тонилох хүн-надад хүртээлгүй ч үлдэх хойч үе минь ашиг хүртэж сэргэх тул санаа амраад явах гэсэн юм.
-Эрлэг номун хаан хүний эрхийг дээдэлдэг тул эцсийн хүсэлт-төслүүдээ тодруул. Хүсэлт чинь зөвхөн өөрийнхөө хар амины төлөө бус үлдэж буй олныхоо тусын тулд бол тийм буянлаг чанарт манай шүүх ач холбогдол өгдөг.
-Миний хүсэлт Монголын ард түмний төлөө юм.
-Сайн байна. Одоо хүсэлтээ хэл.
-Юуны өмнө хог хаягдлаа боловсруулахыг үзээд үхмээр байна.
-Зүйтэй. Хог хаягдлаа булж шатааж газар тэнгэрээ бузарлалгүй эрчим хүч болгон ашигладаг туршлага танай Улаанбаатраас бусад дэлхийн бүх хотод аль эрт дэлгэрсэн. Харин та хогоо ангилж хаядаг уу?
-Үхэхээсээ өмнө хогоо ангилан хаяж суръя.
-Та өөрөөсөө л эхлэх нь дээ. Өөр томхон ямар төсөл хэрэгжихийг хүлээж байна? гэнэ.
Энэ агшинд би ноцтой гацсан төсөл хэлж амьд явах хугацаагаа ахиулъя гэх ухаан сийлээд,
-Орос өндөр үнэтэй цахилгаанаа байнга шахахаар манай муусайн сайд нарыг дарамтлаад эрчим хүчний эх үүсвэртэй болох төсөл бүрийг гацаав. Өвөө нь цахилгаанаа хангадаг өөрийн эх үүсвэртэй болохыг үзээд үхмээр байна гэв.
-Хараач хөөе. Асар урт наслах болзлоо зөнөг өвгөн олчихлоо хэмээн элч эгдүүцсэнээ, -Дараагийн хүсэлт? гэж соёлтой зөөлөрлөө.
-Овор ихтэй нүүрс, хүдэр, баяжмалаа төмөр замаар зөөж тээврийн зардлаа бууруулж, цэвэр ашгаа нэмэхийг үзээд Эрлэгт очмоор байна.
-Уухай. Олны төлөө хүсэлт гэдэг чухам энэ чинь мөн дөө гэж Эрлэгийн элч намайг магтав.
Би ширүүн дарга харахаараа долгинодог, зөөлөн дарга харахаараа зоригждог хүмүүжил эзэмшсэн болохоор,
-Эх орныхоо нефтийн ордуудыг олборлож, боловсруулах үйлдвэр байгуулж, шатахууныхаа хэрэгцээг хангаж, хараат байдлаас гармаар байна гэв.
-Хараат байдлаасаа гараач дээ. Хэн та нарыг хорьсон юм бэ?
-Орос магнатаас авилга авчихсан олигархиуд нефть нэрэх үйлдвэрийг янз бүрийн арга саамаар зогсоодог гэж Эрлэгийн элчид олив.
-Та нар “орос орос” гэх шалтаг тоочиж суухаар авилгад шүлэнгэтэж, иргэдээ хоосолдог шуналын тулам эрх баригчдаа солиоч.
-Яг үнэн. Татвар төлөгчдийн мөнгө, газрын баялгийг завшсан олигариуд илэрч хэвлэлээр шуугидаг. Тэдний хулгай луйвар нотлогдож, нийтэд ил дол болж, шүүхэд шилждэг боловч том “гар”-уудын дохио зангаагаар замхардаг. Хулгайчид шоронд орох байтугай шүүхээр хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй учраас буруутан биш хэмээн УИХ-ын гишүүн-сайд, ерөнхий сайд, бүр Ерөнхийлөгчөөр сонгогдоно. Сонгож байгаа сонгогдож байгаа бүгд ёс суртахуунаар ялзарчээ. Хяналтаас гарсан ялзрал залуусын нялх тархийг гэмтээж эхлэв. Энэ бол ёс суртахууны сүйрэл. Төр ялзрах, тархи ялзарч буй гамшиг. Төр Засаг монгол жудгийн дээж байхыг бид хүсдэг. Манай шүүх хулгайчдыг танай Эрлэг номун хаан шиг хараат бусаар шийтгэж, ядуусыг хохиролгүй болгохыг үзэж, баярлаад үхье гэлээ.
Миний хүссэн төслүүд геополитикоор гацсаныг мэдэх Эрлэгийн менежер,
-Яасан даварцан хүсэлтэй гар вэ чи гэж хошигноод, -Үхэхийн өмнө эцсийн удаа хүсэж буй юм байна гэж хүндэтгээд чамайг тэвчээртэй сонслоо хэмээн нүд нь нөгөө ертөнцийн гэлтэй сайхан ухаажив. Би ч зүрх орж шулуудлаа:
-Даварсан авилга луйвар хулгайд бузартсан эх орноо ариусахыг үзэхгүй бол миний гол тасрахгүй нь. Том хулгайчдыг хойд насанд нь танай Эрлэг шударгаар шүүх нь мэдээж. Эрлэгт тэд хэрхэн шүүгдэхийг энэ насныхан мэдэх боломжгүй учраас тэдгээр хулгайчдыг амьдад энэ ертөнцийн шүүх хэрхэн яллахыг харуулбал бусдад дохио болох сон. Задарсан олигархиудын ял сонсохыг үзээд үхье гэсэн саваагүй зан надаас салахгүй байна. Та надад хүслээ биелэхийг үзэх боломж хайрлаач. Шударга ёс, шударга бусыг дийлдэг журам Монголд тогтохыг хараад Эрлэгт очиж сайн муугаа шүүлгэе гэв.
Эрлэгийн менежер хэсэг бодсоноо,
-За яахав, та хүсэлтээ биелүүлээд үх. Таны хүсэлт Монголд биелтэл дор хаяж 70 жил энүүхэнд. Та ч мөнхөрчээ! гэж дооглонгуй мушийгаад нэг мэдэхнээ нөгөө элч зурагтын дэлгэц солигдох мэт алга болсон байлаа.
Гэнэгүй сууж байгаад ийнхүү 70 жилээр шагнуулав. Сайхан санагдсангүй. Монгол минь залхаг заваан, луйвар хулгайгаас хагацахад дор хаяж 70 жил болох гэнэ. Яасан харамсалтай вэ. Би зөндөөн уйллаа. Насанд дарагдсан буурайн нулимс сул асгардаг юмсан хойно. Төсвөөс төрсөн тэрбумтнуудаас салах хугацааг наашлуулах гэж уйлж буй минь тэр. Луйвар хулгайд идэгдсэн ийм завхарсан оронд нэмж 70 жилийг яаж элээх вэ гэж уйлж буй минь тэр. Төр засгийг жанжилсан хулгайч луйварчдыг өнөө маргаашгүй цэвэрлэвэл би шууд тайвширч зовлонгүй нүд аних янзтай. Цаашид миний хэдэн жил амьд явах Монгол цэвэрших хурдаас хамаарах нь. Монголчууд минь хогоо ангилж суръя. Би мөнх бусыг үзмээр байна. Хагас зуун жил улигласан хаягдал боловсруулах үйлдвэрээ бариач. Эцсийн эцэст үзэж амармаар байна. Эрхэм шүүгчид ээ, дээр өгүүлсэн хэдэнолигархийн хулгайг даруй шийдээд аль. Би яарч байна. Урвагчдыг хашраавал зам шуудрах сан. Өөрөө өөрийгөө тагнаад Засгийн эрх хууль бусаар авсан болхи булхай нийтэд ил дол болсныг УИХ нуух гэж онигойтно. Зохиолч хүн уншигч олондоо Төрөө дээдлэхийг уриалж бичдэг. Ёс суртахуунаар ингэтлээ ялзарсан Төр Засагт ой гутаад дээжээ өргөх сүжиг унтрав. Миний мэргэжил төрийн ялзралд бусдаас эмзэг байж болох. “Эдийн засаг өсөж, амьдрал дээрдвэл дээдсийн ёс суртахуун яамай” гэсэн уужуу ардуудын минь горьдлого биелээсэй гэж залбиръя. Харин зохиолчийн хувьд Төрөө ариусгах номнолоо орхихгүй бичсээр байх болно. Ад үзэх нь үзэг. Ард түмэн ялангуяа залуу үе ийм Төр Засгийг яаж хүндэтгэн дээдэлж, ямар үлгэр дууриал авах вэ. Луйвар хулгайг устгавал хөгжил түргэснэ. Хөгжил-улсын ариусал. Ариун дагшин оронд хулгай луйвар амьдрах чадвараа алддаг. Нүдний өмнө дархан хуйлгайчдаас сүйтгэлээ төлүүлээд миний шагналын 70 жилийг хүчингүй болгоод өгөөч. Бүгдээрээ хүч хавсарч хөгжлийн хурдаа нэмээд намайг 70 жил дахин зоволгүй жамаараа тонилоход туслаач. Хөгжил түргэсэж, эх орон цус сорогчгүй цэвэршээд хойч үеийн зовлон нимгэрвэл насанд дарагдсан би бээр дуртайяа Эрлэгт шүүлгэмээр байна. Энэ насандаа үйлдсэн нүгэл буянаа тунгааж дэнслээд тонилох эр зориг минь бадарчихлаа. Намайг азтай хувь тавилан тосоод авна гэдэгт итгэлтэй байна. Сайн үйлс Монголд сэргэж үнэ орсон цагт шаналлаасаа хагацахыг Эрлэгийн элч зөвшөөрсөн. Шаналлаасаа хагацаж амар амгаланд шингэхийг яарнам. Монголоо ариусахыг тэсэж ядан хүлээнэм.
2018-04-12
Zochin
Зочин
Zochin
баагий
Оркуудын хаан Женко.
Зочин
Зочин
Өвгөний пен
Зочин
Магсар
21312
Зочин
Зочин
Saihan bichjee! Bayarlalaa
oogii