Дайсныг чинь идсэн чоно нөхөр болохгүй
Томчуудын зодоон ойрд ширүүсэв.
Томчуудын зодоон ойрд ширүүсэв. Хэн нь ч дийлсэн маньд юу ч тусахгүй. Ядуурсан иргэд төр засгаа шүүмжилдэг байсан бол одоо идэж уухаа булаацалдсан эрх баригчид талцан уралцаж эхэллээ. Аль тал ялах нь ард түмэнд түй ч үгүйг дахин сануулъя. Учир нь бүгд адилхан хулгайчид. Дайсныг чинь идсэн чоно нөхөр болдоггүйг масс тооцоосой билээ. Монголчууд олон үеэрээ мөрөөдсөн бие даасан улс болох аз гозойсон ч бид өөрсдөө мунгиначихав. Хэний буруугаас гайтав аа? Бурууг монголчууд хар биенээсээ хайдаггүй бусдаас хайдаг. Манай эх орончид гуравдагч хөрш, хужаад буруугаа тохож сэргэлэнтэв. Оюу толгойн хөрөнгө оруулагч нарт шулуулснаас болж монголчууд ядуурсан гэнэ. Тэднийг хөөж гаргавал хөгжих юм байх. Оюу толгойн хөрөнгө оруулагчид хөөгдвөл хэдэн долларын зарга үүсэх бол? 1500-2000 метрийн гүн дэх олон арван км хонгилоос эхлээд ил уурхай болон ер л бүх бүтээн байгуулалтдаа зарсан хөрөнгөө тэр чигт нь эзгүй говьд хаях уу, яах бол. Гэрээ хэлцлээ цуцалж хөөсөн бидэнд торгууль тавих бол уу. Тэр их бүтээн байгуулалтын торгуулийг бид даах уу. Гадны хөрөнгө оруулагчид үүрд баяртай гэвэл дэлхийд ганцаардаад буй Оростойгоо хоёулхнаа хуучин замаараа сажлах уу. ОТ-н гэрээг засаж сайжруулах хүсэлгүй, гагцхүү хөөх далд коммунист зорилгоор онголзоод буй УИХ-ын гишүүн Ч.Улаан эдийн засагч марксист онолоороо биднийг тэжээх байгаа. Хятадтай хамтарснаас болж тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал бүдгэрч буй гэнэ. Тэднийг зайлуулбал Монгол ялах юм байх. Үсрэнгүй хөгжил, аварга зах зээлээрээ хүн төрөлхтөний шохоорхлыг татсан хамар доорх хаяа нийлсэн Хятадгүй хөгжих итгэл төгс Ерөнхийлөгч тэртээ дээр омогших нь бахархам. Хоёр хөршөөсөө цааш гурав дахь түншүүдийн хөгжлөөс хүртэх 1911 оны ноёдын, 1990 оны ардчилагчдын даруухан хүсэлд цэг тавих геополитик далдуур сэм хүчээ авчээ.
Муу муухай бүхнээ Манжийн дарлалд чихэж, сайн сайхан бүхнээ Оросын тусламж хэмээн мөргөж ирсэн туйлшралд салхи оруулъя хэмээсэн би эцсийн эцэст цөхөрлөө. Энэ талаар надтай санал зөрдөг уншигч бүхэндээ бууж өгье. Үзэн ядах, шүтэн бишрэх үзэл тань хувиршгүй чулуужжээ. 28 жил Манжгүй, Оросгүй бие дааснаа эргэн тунгаавал яасан юм бэ. Ингэж бие даахыг 1911 оноос сайн ноён хан Намнансүрэн, чин ван Ханддорж, хатанбаатар Магсаржав, манлайбаатар Дамдинсүрэн гээд ар өврийн эх орончид мөрөөдөн тэмцэж, амиа зольсон эмгэнэлт түүх бий. Эдүгээ бие даагаад хожив уу, алдав уу? Өндөр барилгууд сүндэрлэж, зам харгуй сунайж, өнгө өнгийн машин хахалдаж байна. Ийм байгаагүйг хөгшид мэднэ. Гэвч энэ бүгд монголчуудын хөдөлмөрөөр бүтээгүй. Нүүрс зэсийн баяжмал төмрийн хүдэр зэрэг лусын хишгээр бүтсэнийг бодож багцаатай ханхалзана шүү. Өрний бөөс болсноо сана. Япончууд оюунаараа баяжсан бол бид түүхий эдээрээ өөдлөв. Тиймээс даруухан байя гэж захих гээд байна. 28 жилийн өөдрөг тал гэвэл нүүрс, зэсийн баяжмал гэх чулуу шороо. Австралийн үер, үнэ өсөх мөчлөг. Бидэнд гавлаараа гараараа олсон мөнгө алга. Ичгэвтэр. Социализмын 70 жилд магтаалаар дагнаад шалиагүй. Энэ сургамж мартагдаагүй байна. Болохгүй бүтэхгүй бэрхшээлээ нуулгүй дэлгэвэл засах идэвх өрнөдөг жамтай. Нэг намын дарангуйлал төгсөж эрх чөлөөтэй болсноор бид ч ичих нүүр, эмээх айдасгүй харааж зүхлээ. Ардчилалд суралцаж буй нь тэр. Муу нь ч юу байхав. Хоосон магтаалаас хор нь бага биз. Хүн бүр онолдож, хүн бүр цэцэрхэж нэр төрөө мандуулав. Мандсан нэр төрөө одоо брэнд бүтээж батлах л үлдлээ.
76-н гишүүнийг ямаатай зүйрэлсэн. Оноогүй энэ зүйрлэл бүр хэллэг болсон гээч. Гишүүн ямаа хоёр юугаараа төстэй вэ? Ямаа хүнд зөвхөн өгнө. Хүнээс юм авдаггүй. Тийм гишүүн хаана байна? Ямаа луйвар хийдэггүйгээс гадна үр төл, сүү, ноолуур, эцэст нь амь, арьс, махаа эзэндээ өртөггүй хайрлаад хорвоог орхино. Ямаа шиг гишүүн мөрөөдөөд ч Монголд заяахгүй. Булхай хүнд байдгаас малд байдаггүй. Ямааг луйварчин хулгайч гишүүдтэй зүйрлэж хүйтэн хушуутай ч гэсэн буянт малаа бүү доромжил. Малын заяа гомдоно. 76 чинь ямаа биш хэмжээгүй эрхт хаад. Булхайг тэд хийдэг, бид мэддэг. Мэдээд яах юм бэ? Монголчууд сонгох эрхтэй ч гэмт хэрэг үйлдсэн гишүүнээ эргүүлэн татах эрхгүй. УИХ-ын гишүүн яаж ч луйвардсан, яаж ч хулгайлсан хариуцлага хүлээхгүй олон янзын дархлаагаар өвч хуяглагджээ. Халдашгүй байдлын дархан цааз ч гэх шиг. Гэрт хулгай хийсэн гишүүн гадаа гарч чихдүүлбэл хуульгүй ч гэх шиг. Мэдсээр харсаар байж 76-н хэмжээгүй эрхтэнийг толгой дээрээ давруулснаа ард түмэн минь мэдэж байна уу? Тэднийг хуульд захирагдахгүй дархалснаар иргэдийн хяналт устсан. Хариуцлага хүлээх хуульгүй бол хэн ч юу ч үйлдэнэ шүү дээ. Тэр тусмаа монгол хүн бол бүр ичихгүй улайм цайм хусна. Монгол улс бие даасан 28 жилд өөрийнхөө журамгүй араншингийн балчигт шигдэв. Хууль тогтоох Төр, гүйцэтгэх Засаглалаа хянадаг уялдааг тасалснаар олигархиуд дураараа идэж уудаг дархлаа үүссэн. Тэгээд ял сонсохгүй. Сайхан уу? “Гоё” гэх залуус төрийн сэнтий өөд мацаж байна. Төр Засаг хүчгүй болоод хоёр намын УИХ дахь бүлэг хэдхэн хүний эрх ашигт нийцүүлэн улсын төсвөөр тоглож буй. Ийм хүмүүсийг ямаатай зүйрлэн хөөрч хөшөөд буйг би ойлгоогүй билээ. Хулгай хийсэн хүн “би хулгай хийсэн” гэж үнэнээ сайн дураараа илчилдэггүй. Тэднийг улайлгадаг. Улайхгүйн тулд олигархиуд цагдаа прокурор шүүхийг олон саяын цалинтай томилгоогоор хахуулдаж утсан хүүхэлдэй болгоод намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ хэмээн томорчхамраа сөхнө.
Үнэн үг яриад үр дүн гарахгүй нь батлагдлаа. Үнэн үг тэдэнд үйлчилсэнгүй. Үйлчлэх ирээдүй ч бүрхэг. Тэдэнтэй яаж үзэлцэх вэ? УИХ-ын гишүүнийг тойргийн сонгогчдын хяналтад өгч эргүүлэн татдаг болсноор даварсан хулгайчдыг хазаарлана. Ийм боломж уг нь бэлэн байна. Энэ сайхан боломжийг монголчууд хэрэглэе гэж хүчлэхгүй, тэмцэхгүй байгаа нь дургүй ч юм шиг. Жагсаж өлсөж нялуурах үр дүн өгөөгүйг иргэд ойлговол ойлгох хугацаа аль тэртээ ХХ зуунд өнгөрсөн. Одоо нийгмийн ширүүн тэмцлийн давалгаагаар цэвэрлэх л үлдлээ. Иргэд одоо үүний төлөө нэгд. Гадна дотны элдэв янзын гарц онолдож бүү самгард. Олон санаат оргож босож чаддаггүй. Шаардлага олширвол Төр Засгаас хулгайчдыг зайлуулах гол зорилго замхарна. Бие биеэ барьж идэх гэж талцан алалцаж буй бүлэглэлүүдийг улстөрийн тавцнаас бүгдийг хуу хус. Бүлэглэлүүд цөм ав адилхан хулгайчууд гэдэгт бүү эргэлз. Эх орны баялгийг булаацалдаж буй талцсан хулгайчдын аль нэгийг өмөөрвөл Та өмөөрсөн хулгайч бүлгийнхээ хамсаатан болж таарна. Төр Засгийн толгойд нэг ч хулгайч үлдээхгүй хэмээсэн шаардлага тавиад түүнийгээ заавал биелүүлье гэж буй аваас Та шударга тэмцэгч. Хулгайч бүлэглэлийг хулгайч бүлэглэл ялснаар хожил гарахгүй. Хулгайг шударга ёс ялснаар олон нийт хожиж нийгэм цэвэршинэ.
Эргүүлэн татах эрхтэй сонгогчдын толгой дээр гишүүд дураараа дургихгүй.Хазаарлагдана. Энэ бол шударга ёс, шударга хүмүүжил. Ингэвэл сайхан биз дээ? Ардчилал мөн биз дээ? Ийм сайхан боломж ард түмний гарт байхад 76 хулгайчийг 76 ямаа хэмээн өхөөрдөж тэнэгтээд, дарлуулж суудаг хохь. Бидний муугаас 76-н мудак хяналтаас гарч цадигаа алдсан. Дээдэст хууль үйлчлэхгүй болсон тахал доошоо төрийн албан хаагчдад халдварлан тархаад, эх орон бие даасан биш ялзралд живлээ. Шившиг. Ядмаг доройдоо ингүүлж буйгаа мэдэж ав. Дуудсан ёсоор ерөнхий сайд асан Сайханбилэгийг хүрээд ирэхэд эр бяраа гайхуулан баривчилж сүрийг бадруулан хорив. Инээдтэй. Интерполоор эрэн сурвалжлагдаж асан Н.Энхбаярын дүү хүүхэн, төмөр зам, Сайншандын цогцолборын хэргээр оргосон “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ гээд хэдэн нөхөд буцаж ирсэн үү? Гэм багатай нь ирж шалгуулаад, гэм ихтэй нь тэр чигтээ чоно шиг дайжив уу. Ойрдоо парламентэд суудалтай суудалгүй намын лидерүүд гэгчид Төрийн толгойд гарч хулгай хийхээр “Эх орон баларлаа” хэмээн цээжээ дэлдэж буйг хараач. Мөн зэвүүн ээ. Хулгай луйврын нь хавтаст хэргүүд хуулийн байгууллагад журамлагдсан олигархиуд АТГ-ын дарга, шүүгч нарыг бөөнөөр сольж, өөрийн хүнээ томилж, хавтаст хэргүүдээ устгуулахаар эх оронч царай эсгэж буй нь мөн зэвүүн ээ. Ёо ёо толгой өвдчихлөө.
2018-04-09
Юу ч гэх вэ дээ, ах минь
оссо
АРД
АРД
АРД
Уран зохиол судлаач
Наад захын тэнэг
Бүжээд бичсэн хүнд
Бүжээд
Анзаар
Бүжээ
Зочин
Урнаа
zochin
Гана
зочин
Зочин
Да
Zuraach
Дамбаа
MENGET
Зочизочинн
Зочин
Улаан
оном
Зочин
ГИЙЧИН
ganbat
Зочин
зочин
Зочин
unshigch