Кириллийг орхих-орос ахаас холдуулах улстөр
1990 оны үндэсний сэрлээр монгол бичгээ хэрэглэх давалгаа хуйларч, ардчилсан эхлэл бүрийг ёс мэт нэг бүрчлэн няцааж байсан нөхдөд эмзэглэх бас нэг хөндүүр нэмэгдлээ.
1990 оны үндэсний сэрлээр монгол бичгээ хэрэглэх давалгаа хуйларч, ардчилсан эхлэл бүрийг ёс мэт нэг бүрчлэн няцааж байсан нөхдөд эмзэглэх бас нэг хөндүүр нэмэгдлээ. Төрөлх бичгээ улаан галзуу эсэргүүцэгчдийг, дөнгөн данган соёолж асан ардчилал аргадаж, монгол бичгээ орхилгүйгээр хос бичигтэн болъё гэж зөөлрөөд ч тусыг эс олов. Монгол бичгээ хэрэглэхийг сөрөгчид сайд, дарга, үзэл сурталч-эрдэмтэд байсан агаад тэднийг дагагч олон гарлаа. Дагах нь ч зөв. Зөрвөл нясалдаг хүч тийхнээрээ цаг. Хачирхалтай нь тэдний дунд зарим зохиолч орчихсон монгол бичгээ ад үзэн муулж буй нь содон харагдаж билээ.
Монголчууд хос бичигтэн бус кирилл, латин, худам гурван цагаан толгой хэрэглэдэг болжээ. Гурван янзын үсгээр уншиж, бичдэг чадвар бахархалтай ч гурвууланг алдаатай хэрэглэснээс төрөлх хэл вирустэв. Нийтийн сүлжээгээр бид латин үсгээр харилцдаг болоод удлаа. Үүнийг хэн ч зогсоож чадахгүй хэмжээнд даамжирчээ. Гар утас, интернетээр харилцъя гэвэл латин үсгээр хөгшин хөвөө өрөв нялхгүй уншиж сурахаас аргагүйд хүрэв. Хаяг зар-реклам гээд гудамж дүүрэн латин үсэг. Яваандаа кирилл, худам цагаан толгойн нэг нь үлдэх бус, харин кирилл, латин хоёр өрсөлдөж нэг нь ялах ирээдүй нүүрэллээ. Казахстанаас эхлээд ЗХУ-ын бүрэлдэхүүнд явсан республикүүд латин үсэгт шилжиж буй. Зүүн өмнөд Ази нилэнхүйдээ англи хэлтэн болж байна. Үндэстэн бүр төрөлх хэлээ нандигнан дээдлэхийн хажуугаар дэлхий даяараа нэг хэлээр ярьдаг болох, муу ч юу байв гэж. Амар л биз. Хүн төрөлхтөн нэг хэлээр харилцаж, биесээ хялбар ойлгох гэсэн тэмүүллийн хүчирхэг урсгалыг 3 сая монгол сөрж зөрүүдлээд тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэдэг болно. Ийм нөхцөлд кирилл, латин, худам гэх гурван туулай хөөснөөс латин, худам хоёроо хөөвөл ачаа хөнгөрөх сөн. Болгар Орос кирилл, латин хос бичигтэй, Монгол дэлхийд ганцаараа кирилл, латин, худам гурван бичигт муугаа мэдэхгүй будилж явна.
Латин үсгээр монголчууд ямар ч дүрэмгүй дур дураараа бичээд дор дороо гүжирдэн уншдаг болжээ. Янз бүрээр мушигсан этгээд аялгуу дуудлагатай жаргоноор хүн бүр марзагнан бичээд (ялангуяа сахилгагүй багачууд) түүнийгээ тааж уншдаг журамгүй байдал үргэлжилбэл аялгуу сайхан монгол хэл минь алиа алдана. Сошиал сүлжээнд бол эвдрэл ноцтой хэмжээнд аль хэдийнэ хүрчихсэн. Хүүхэд залуус нийтлэг хэрэглэдэг болсон латин үсгийг захиргаадан тас хоривол өнөөн цагт бүдүүлэг нугалаа болно. Тэгэхээр эрдэмтэд кирилл үсгийнхээ дүрэмд латин үсгийн дүрмийг тохоон тааруулж, монгол хэлээ аврахын тулд дав даруй латин цагаан толгойн дүрэмтэй болгооч. Уг нь 40-өөд оноос өмнө Бямбын Ринчен зохиогоод хэдэн жил хэрэглэсэн латин цагаан толгойн дүрэм шатаачихаагүй бол байх ёстой. Цагаантан буриадуудын удам Б.Ринчен зохиосон латин цагаан толгойг хэрэглэвэл найрамдал-дружбад хортой гэж Ю.Цэдэнбалын үлдэгдлүүд шазруутах юм бол уу. Гар утас, интернетээр монгол үгийн дуудлага өдөр шөнөгүй эвдэрч буйгаас онцгой сэргийлж яаравчлах хэрэгтэй байна.
Латин үсэг ба хөрөнгөтөн англи хэлнээс зугтъя гэхэд лав л хөрш Казахстан хань болохгүй дэг ээ. Одоо тэгээд яана аа кирилл үсэг шүтэгч монголчууд аа. Казахстан Армени Азербайджан мөн дундад азийхан, өөрөөр хэлбэл ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд латин бичигт шилжиж буй мэдээ пости коммунистууд, тэр дундаа “Кирилл үсэг аврах” бүлгийг цочирдуулав болтой. Ирээдүйгүй зорилгын төлөө мугуйдлан тэмцдэгээсээ ичихгүй юм аа? Цаг нь болохоор өөрчлөгдөхгүй юм гэж үгүй болдгийг коммунистууд зөвшөөрдөг атлаа “Лениний онол мөнх” гэж лоозогнодог. Энэ лоозон бидний зүрхэнд хадаатай мөнхөрчээ.
Төрийн ордон өөдөө салаавч гарган гуугчиж зогссон нэг улстөрч-банкир “Монголчуудад үндэсний гэх үсэг ерөөс байгаагүй. Монгол бичиг гээд байгаа босоо бичиг чинь араб үсэг” гэж хаазаллаа. Түүнтэй ярилцагч сэтгүүлч бүсгүй “Монгол бичгийг хэвтүүлчихвэл араб бичиг болдог гэсэн биз дээ” гэж улстөрчийн амыг долоочих шахаж харагдсан. Кирилл үсгийг орхивол нэг найрагчийн хит болсон дууны нугалаа айзмыг хуучин монгол бичиг илэрхийлж чадахгүй. Тиймээс дууны шүлгийн амт шимтийг ард түмэн мэдэрч чадахаа болино гэж гомдоллов. Түүний шавь шүлэгч залуу “Хуучин үсэг хэрэглэвэл яс үндэстэний хагарал жалга довоороо даамжирна гэсэн биз дээ багш аа” гэж саймширахад багш нь “Тэгэлгүй яахав. Кириллийг орхиж, орос ахаас холдуулах хорон санаат улс төр араар нь яваад байгаа юм” гэж өвгөн найрагч эх орончоор анхааруулсан нь өдөр тутмын сонинд хэвлэгдэж байв.
Кирилл үсэг хаях орос ахаас холдуулах хорт санаа гэдгээ аргагүйн эрхэнд өдгөө орхиод, юутай ч удаашруулахаар латин үсэгт шилжихэд 2030-2040 он хүртэл үргэлжлэх маш түвэгтэй ажил ундарна гэж Академийн ерөнхийлөгч баахан шалтаг тоочив. Дургүйд хүчгүй. 2030 гэвэл 12, 2040 гэвэл 22 жил. Зөвлөлт бүрэлдэхүүнд явсан Бүгд Найрамдах Улсууд кириллийг орхиогүй бол манай ШУА-ын ерөнхийлөгч юу гэж даналзах байснаа муухан нуув. Ганц кирилл ч бус, гол нь үеэ өнгөрөөгөөд хэрэггүй болсон бүхнээс хагацаж тэвчихгүй үхэн хатан зууралдсанаар хурд саарч, эрч хүч суларч буйг эрдэмтэд маниас илүү мэднэ. Эгийн УЦС төслийг 30 жил, V ДЦС-ын газрыг сонгоход 15 жил, уурхайн мухар төмөр зам тавих эсэхийг 10 жил маргаад, одоо хэр эхлүүлээгүй бөгөөд цааш хэдэн жил хэрэлдэх нь тодорхойгүй. Тиймээс кириллээс латинд шилжихэд 10-20 жил орно гэдэг тооцоотой үг. Манай хөгжлийн хурд энэ. 28 жил ийм “хурдаар” алхсан Монгол социалист лагерийн буйрыг сахиад, алцайгаад хоцров. Казахуудаа баяртай сайн яваарай.
2018-05-05
Зочин
Зочин
Зочин
202.21.117.34-ын зочинд
зочин
мн
Puje
durwuljin bichigruu shiljiy!
mmm
Зочин
Зочин
Зочин
Уншигч
зочин
Халх
zochin
Гана
Сүхбаатар
onom
хүр
Зочин
Зочин
Зочин
ikhe
Зочин
Зочин
амжилт