Дэлхийн дээвэр
Хоёр их хөрш Монголын аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа уг нь. Аюул нөмрөхөд бид хоёр хөршөөсөө тусламж гуйж таарна. Хоёр их хөрш маань өчүүхэн хөрш рүүгээ биенээсээ жийрхээд довтлохгүй. Үгүй ядаж дэлхий дахины нүдний өмнө бөөсөнд хутаг хэрэглэхээс нэрэлхэнэ.
Эргэх 12 сарын 8-д нь гэнэт гэнэт улаан шороо манарч, үе үе цасан шуурга хуйларсан бөмбөрцгийн хөлдүү дээвэрт эрдэс олборлоход хөрөнгө хүч асар их ордог бөгөөд ашиг гарах бүү хэл алдагдалд унана. Дэд бүтэцгүй нүд алдам цөлд хэн ч хөрөнгө оруулж мөнгөө үрэхгүй. Бид газар дорх баялгаараа баярхаад суудаг. Уур амьсгалын таатайгаас таагүйг эрэмбэлсэн жагсаалтад Монгол аз жаргалгүй оронд тооцогдсон. Олон улсын судалгааны дүн тийм. Худал гэж НҮБ-д хандлаа ч байгалийн сүр хүч ааш авир-нуух аргагүй.
Таагүй орчноос гадна “тусгаар тогтнолоо алдана” гэх бидний хардалт галзуу. Хэтлэшгүй аглаг орон зай, ангамал говь цөл, усны хомсдол, нутгийнхны нугаршгүй сэрдлэг-энэ бүхнээс хөрөнгө оруулагч шантардаг. “Тусгаар тогтнолоо алдана” гэх айдас өнгөрөгч зуунд Кремлээс дэврээсэн “империализмын аюул”, “Хятадын аюул” гэх суртлаас үлдсэн сэтгэцийн эмгэг юм.
Бүлээн тэнгисийн хөвөө-мөнх ногоон нутаг бус, аймшигт хахир хүйтэн-дээврийг булаан эзлэх гэж нэрээ хөөдөх гүрэн гарахгүй гэдэг монгол олон ч зөрвөл улстөрийн яланд унадаг тул Америк, Хятадын аюулаас айсан дүр эсгэж, 70 жил шороо хөдөлгөсөөр 1990 онтой золгуут яасан гээч. Нөгөө айдас хаачсан, нам засгаа буулгахаар боссон гэж байгаа. Нуулгүй хэлэхэд зоригтойдоо бус Зөвлөлт импер нурсныг далимдуулж бүгд эх оронч баатар болж онгирсон юм. Омогшил нь сүржин ч урт гар сунаж орж ирээд няслах гэвэл “эхэлж жагссаныгаа” барьж өгөх урвагчид гарах байсан шүү. С.Зоригийгоо яалаа. Урт гар ашгүй орж ирсэнгүй. Нэг мэдэхнээ бид зах зээлд орчихсон.
Учраа олохгүй баахан мунгинав. Толгойдоо мэдлэггүй, өвөртөө долларгүй өрсөлдлөө-зах зээлд. Үлийгээрээ өрсөлдөхөв. Бэлгүй, өртэй. Байгаа нь газрын гүнд орших баялаг гэх сураг төдий чулуу шороо. Хүрзнээс өөр багажгүй. Хүрз-импорт. Ганц горьдлого-гадны хөрөнгө оруулалт. Манай зэс, кокс, төмрийн хүдэр, алт, уран-дээр нь аварга хэрэглэгч Хятадтай хилэлдгийг гадны бизнес эрхлэгчид шохоорхов. Том том компани, корпорациуд хаалга тогшлоо.
Америкийн “Пийбоди”-нүүрсний аварга компани. Араас нь “Вале”-төмрийн хүдэр олборлолтоор нэгд жагсдаг бразил компани. Канадаас ураны “Денисен майнз”, “Хан ресурс”. Харамсалтай нь бүгд гараад явчихсан. Бодлого тогтворгүй, хууль хувьсамтгай, гадна дотны санхүүжилтэд оодорсон ТББ олонтой улсад хөрөнгө оруулагчид тогтдоггүй аж. Үүн дээр Г.Занданшатарын хуулиар засгийн газар зөвшөөрч олгосон лицензийг Байгаль орчны яам, орон нутаг цуцалдаг эрхтэй болсон нь бүр нэрмэв. Авилга өгөхгүй бол хөөх эрх нээгдсэн гээд ойлгочих. “Хан ресурс”-ийг орос тулгалтаар хөөж гаргатал канадууд заргалдаад Арбитрын шүүх Монголыг 100 сая доллароор торгов. Эцэст нь “ВНР ВiIIitоh”, “Англо Американ” ирж манай нөхцөлийг судалмар аядсанаа толгой сэгсрээд буцав. Тэсэж үлдээд хараалгаж, хөөгдөж буй нь ердөө “Рио Тинто”, “Арево” хоёр. Цаана нь манай солиотууд яаж ч доромжилж байсан зайлдаггүй Хятадын жижгүүд.
Онгон дагшин уул усаа сэвтүүлэхгүй хэмээн цээжээ дэлдэж, гадны хөрөнгө оруулагчдыг хөөдгөөрөө зартай поп улстөрчдөө “эх орончид” гэж сонгууль бүрээр сонгоод амтшуулав. Нөгөөдүүл хөрөнгө оруулагчдаас авилга нэхэхдээ царай нь ч улайхгүй зэсэрлээ. Авилга өгч орж ирсэн бага гарын хөрөнгө оруулагч бизнесээ эхэлмэгц орон нутгийн дарга нар дээдсээ дуурайж хахууль авахаар “эзлэгдлээ, устлаа” гэж харанхуй малчдаа тэмцэлд босгодог жүжиг дэлгэрэв. Төмөр хас сахиуст үлэмж биетнүүд нэмэгдвэл жижиг гарын бизнес будаа.
Уурхай эрхэлж үзээгүй, хуулиар амьдарч сураагүй малчны удам алтанд шунаж нутгаа энд тэндгүй сэндийлж сүйтгэв. Нүд алдам орон зайг сорчлон нутагладаг малчид нөхөн сэргээлт гэдгийг тоохгүй. Тэдний тарьсан гамшгийг босоо Гамбаа дөрөөлж, гуравдагч орны хөрөнгө оруулагчдийг хөөдөг рейтингээрээ золтой л Ерөнхийлөгч болчихсонгүй. Ганцхан хуруу дутав. Эдүгээ “эзлэгдлээ шулагдлаа, ууслаа устлаа” гэх давчидсан эх орончид хот хөдөөгүй яасан их олширч, яасан их үнэд хүрээ вэ. Тусгаар тогтнол үнэгүйдлээ, аюулгүй байдлаа алдлаа гэж хийморьтойхон попорвол юманд хүрч байна. Сум аймгийн поп дарга нар гишүүн болж, гишүүн болсон нь Байнгын хорооны дарга, сайд болдог.
Дорвитой арилжаа өрнүүлж, мега төслүүдээ хоршвол тусгаар тогтнолоо алдана гэж түгшсэн эрх баригчдыг хараад “тусгаар тогтнолоо үнэхээр алдаж буй юм байж” гээд өөрийн эрхгүй айх болов. Манай аюулгүй байдал, тусгаар тогтнолыг устгахаар гаднаас тэгж их заналхийгээд байгаа юм уу. Үгүй байлтай. Их цөлийн дундахь ардчиллын бяцхан оазис гэгдсэн Монголд тусалъя дэмжье гэж хандсан гурав дахь түншүүд зайлах ч дүүрчээ. Харин “тусгаар тогтнолоо алдах нь” гэж өвчигнөдөг хийрхэл маань-хоёр их хөршид хаягласан өдөлт мэт харагдвал яана. Үнэнчээ дөвийлгөн магтуулах гэж хэт зусардаж байж балрах алийг тэр гэх вэ.
Хоёр их хөрш Монголын аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа уг нь. Аюул нөмрөхөд бид хоёр хөршөөсөө тусламж гуйж таарна. Хоёр их хөрш маань өчүүхэн хөрш рүүгээ биенээсээ жийрхээд довтлохгүй. Үгүй ядаж дэлхий дахины нүдний өмнө бөөсөнд хутаг хэрэглэхээс нэрэлхэнэ. “Чингисийн Монгол” гэх хоосон алдар нь гэхэд л тусгаар тогтнолын дархлаа болдог. Дээдэс минь халуун амь, бүлээн цусаараа хамгаалсан тусгаар тогтнол гээд бид сүржигнэхдээ аймаар. Тусгаар тогтнолоо сэвтээхгүй гэх омог савангийн хөөс үү, чулуу юу. Эргэлзээтэй. Эсвэл мөнгө сэнтий юү?
Том төслүүдээ бие даагаад хөдөлгөх тийм их хүч хөрөнгө бидэнд алга. Ганц боломж-гадны хөрөнгө, технологид дулдуйдан хамтрах. Гэтэл тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал гэж хийрхсэн эх орончид нөгөө ганц боломжийг маань хаачихав. Эх орончдын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал гэх баатарлаг тэмцэл ачир дээрээ амин хувьдаа ашиг олох шунал шүү дээ. Гадны хөрөнгө оруулалтай компани лицензээ үзүүлсээр атал хөөж гаргаснаар тэдний үрэгдсэн зардлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлдөг. Хөөж нэрээ хугалаад дээр нь төлбөрт унаж хохирсноор хөрөнгө оруулагчид бараа тасрав. Хөөх байсан аваас лиценз олгодог нь яаж буй юм бол. Лиценз олгосон хөрөнгө оруулагчаа засгийн газар хамгаалах байтугай шулагч гэж сурталдана. Тэр жалганд, энэ довонд хятад хөрөнгө оруулалттай компанид лиценз өгөх гэлээ. Ингээд байвал Хятадын нэг муж болж Монгол устана гэж малчид улстөржинө.
Би яагаад Хятадын үсрэнгүй хөгжлөөс ахиухан хүртье гэж үглэдэг хүн бэ гэвэл бидэнд хил залгаа ойрхон өөр ашигтай хөрш заяасангүй. Тиймээс хаяа дэрлэсэн ганц аварга захад баялгаа чадлаараа шахаж, зоос олох гэсэн намайг ойлгооч. Урд хөрш манай зэс нүүрс хүдэр махыг шингээж буй ганц орон. Бидэнд маш ашигтай хөрш. Уусахгүй эвтэйхэн соёлтой харилцах жим эрүүл ухаантай улсад бол олдож л таарна. Ю.Цэдэнбалын үзлээр үргээчихгүй бол.
Найз маань баяжчихгүй бол би хувхайрсандаа яахав гэх атаач зан бидний брэнд. Хөршөө дажгүй ашиг олох бизнес хөдөлгөвөл түүнийг унагах шалгарсан зэвсэг бол “тусгаар тогтнол, аюулгүй байдалд хор учрууллаа” гээд хамар хашаан дээгүүрээ өнгийгөөд орилоход нөгөө муу хөршийнх нь бизнес дашин шог болно. Малаа жилд хэдэн саяар Орос руу тууварлахаа больсны ачаар 20 сая мал өсөж 70 саяд хүрэв. Махаа дулааны аргаар боловсруулж ахиу экспортолбол, арьс ширээ бүгдийг боловсруулах үйлдвэргүй учир илүүг илжрүүлж хаяснаас хятад ченжид зарвал-бас л тусгаар тогтнол устах гэнэ. Эрүүл улс итгэмгүй энэ суртал 30 жил юунд ч дийлдэлгүй хэрэгжив. Тусгаар тогтнол, аюулгүй байдал том жижиг баялаг бүтээхэд эрлэг болж гэлтэй. “Тусгаар тогтнолоо алдана” гэх айдсаар хөгжүүлэхгүй барих-хий үзэгдэл шүглэж, сэтгэхүйг гэмтээжээ.
Даргамсаг ихэрхүү улстөржилт хоосолж дууслаа. Барууныг дайсан гэх улстөржилт ардчиллын зуунд-ходоодны мухарт өмхийрсөөр. Баруунд муу хүн, дайсан байгаа. Гадныхантай түншилсэн мулгуу зальдуулж хохирно уу гэхээс сэргэлэн монгол түнштэйгээ адил хожоод чинээлэг амьдрах үүд нээлттэй. Нээлттэй үүдийг олж шургаад баяжсан компани, группын жишээ манайд бий. Тэнэг бол гадныханд бүү ойрт. Ухаантай бол хорш. Бизнес эрхлэх чадваргүй, мулгуу атлаа түншлэгчээ шулагч гэж үргээдэг нөхөд Монголын нэрийг хөөдөж буй. Баялаг бүтээх уран гаргүй, хоосон толгой бүхий даргамсгуудын хэт өндөрт цойлсон улстөрийн боловсрол эдийн засгаа тоодоггүй. Жингүйдсэн улстөржилт газардвал баян орны чинээлэг иргэд болох-баялаг заяажээ бидэнд.
Харийнхныг сохроор шүтсэндээ түншлэх гэж чармайгаад буй юм биш. Тэд мөнгөтэй, бид мөнгөгүй учраас шаагдаад байна. Түншээсээ амин хувьдаа авилга горьдоод өгөхгүй бол эдийн засгийн алуурч хэмээн хөөдөг хоцрогдсон ханилгаагүй зожиг зан бизнес эрхлэх дүйтэй бусад монгол нөхдөд чинь гай тариад буйг дүнхүү минь анзаар. Түншдээ хулхидуулахгүй адилхан ашиг хүртэгч-оюунлаг залууст, баялаг бүтээж амьдралаа өөд татахад нь-мулгуу минь бүү саад хий. ХХI зууны зах зээлийн менежментэд гологдохгүй боловсорсон монгол залуус олширч байна. Энэ бол дэвшил. Гүйх нохойд баах нохой саад.
Өндөр технологи эзэмшсэн харийн чинээлэг агаад овжин ноёдтой түншлэх хөгжлийн нэг ундрага болж. Олзонд шунасан ховдог түншид холгуулахгүй хорших ухаан монголчуудад чухал болов. Тийм ухаан тархиндаа суулгавал хөгжинө гэж мэд. Рио Тинтог шулагч гэж хийрхэлгүй ухаанаар уралдаж, зальдах гэвэл дор дор нь чихдэж, газраас хамтдаа ашиг ууталж хоёул хож. Шулмагц гялс илрүүлдэг мэдрэмж, хөдөлбөргүй нотолдог мэдлэгээ хөгжүүл. Коммунист хүмүүжлээр өв тэгш төлөвшсөн-Кремлийн сортууд орос олигархиудын хатгаасаар мега төслүүд гацааж, өм цөм хохироохоо боль. Гадны аваргуудтай хамтарч том олз олдог менежмент эзэмш. Их Хятад хүртэл хөрөнгө оруулагч дуудаж, тэдэнд хууль эрх зүйн таатай орчин нээж эрсдэлээс хамгаалдаг. Цөөн буурай бэл бэнчингүй өрөвдөм атлаа хөөрүү, гэнэн цайлган, хорхойд хоргүй малчдыг өмөөрөх гүрэн буй нь том боломж.
Энэтхэгийн парламентын Доод танхимын дарга хатагтай Сумитра Махажаны айлчлалынхаа үеэр мэдэгдэхдээ “Энэтхэг бол дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа том эдийн засагтай улсуудын нэг. Манай эдийн засгийн өсөлтийг Монголын төр засаг, бизнес эрхлэгчид харилцан ашигтайгаар аль болох сайн ашиглаасай” гэсэн. (“Өдрийн сонин” 2016. 04. 20). Буурай бидэнд тэрбум доллар зээлүүлснээр нефть үйлдвэр баригдаж буй. Зээлээр баялаг бүтээж чаддагаа донор орнуудад харуулаач. Эгийн УЦС, V-ДЦС, Гашуун сухайтын төмөр замыг гацаагаад, нефть үйлдвэрт чимээ гаргаагүй нь олон зуун км хоолойгоор лаг нефть урсахгүйг мэдчихсэн юм биш үү. Нэр байна хор байна орос олигархиудын хөх инээдийг хүргэхгүй юмсан. Олон зуун км хоолой нефтийн лагд бөглөрвөл “Монголчууд оросгүйгээр бие дааж юм хийж буйг хар” гэх суртал явж өгнө.
1,4 тэрбум хүнтэй Хятадын аварга хэрэглээ мангас шиг агаад үсрэнгүй хөгжихдөө гаднаас асар их эрдэс түүхий эд импортолсон. Мөнгөжсөн Хятад улстай дэлхийн улсууд түүхий эдийн худалдаа өрнүүлж хожсон. БНХАУ-тай хамгийн урт хилэлдэг хөрш Монгол улс л энэ ховор боломжийг ашиглалгүй ганцаараа хоосон хоцров гэж хятадууд гайхдаг аж. Тэд бидэнд “өөр өөрийн сонгосон замаа харилцан хүндэтгэж, адилхан хожъё” гэдэг. Бид аварга хөршийнхөө үсрэнгүй хөгжлөөс ахиу халбагадвал ганц тэдний нөлөөнд орж, тусгаар тогтнолоо алдана гэх онолоор баадуурч ирэв. Энэ мангуурал гаднаас шордсон хатгаас болохоос монгол тархинд төрсөн онол биш юм шүү.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров зам зуур Монголд дөрөө мулталж, манай сэтгүүлчийн “Монгол Орос улсын өмнө геополитикийн ямар сорилтууд тулгарч байна вэ” гэсэн асуултад хариулахдаа “Найрсаг харилцаатай Монгол улсын дотоод хэрэгт гадны нөлөөг тусгахгүйн тулд хоёр том хөрш болох ОХУ, БНХАУ бүгдийг хийх болно” гэж амлав. Гадны нөлөөг Монголд тусгахгүйн тулд бүгдийг хийнэ гэж С.Лавров бүр БНХАУ-ын өмнөөс мэдэгдсэн! Мөн хүчирхгээ.
2021-06-28
mongolia
УНШИГЧ
Sarnai
Зочин
Оноч
Оноч мэргэнд
Оноч
Зочин
Tugs
Ж.Бат
Зочин
Зочин
ОНОЧ
ОНОЧ
лавров
Ajaa taij