Жаргах нарны хурц шаргал туяанд алтаар дүрэлзсэн Хөгнө хануулын час улаан оргилууд дөл мэт эрвийж сэрвийсээр тэнгэрт хөхрөн бүдгэрлээ. Нар шингэмэгц Гашууны голын дагуухь ногоон дэнжүүд гэнэт яав ийв гэлтэй сэрүү татуулав. Үдшийн бүрийд ганц бор гэрийг олон хонь битүү бүрхсэн нь бүдэг бадаг. Багшран хотолсон хонин сүрэг дундаас өөвгөр гэрийн зөвхөн тооно яндан цухуйжээ. Ааг шимтэй хурц исгэлэн, говийн гэлтэй нарийн ногоо гэдсээ түнхийтэл чихсэн хонин сүрэг яая даа байз гэсэн байртай хэвтэртээ тарвалзана. Хэнз ишиг хурга гэр тойрч тонгочин тоглох нь өхөөрдөм агаад зарим дүрсгүй нь бүр гэр дээр гарчээ. 

Хойморт анивалзан мандах зулын гэрэлд үл ялим мишээсэн юм уу даа гэмээр бурхны дүр бүрэнхий гэрт гагцаар туяаран гийнэ. Эмгэн өвгөн хоёр нүүр нүүрээ сайн харахгүй агаад чих хатуутайгаас чанга чанга ярина. Гэр дээр гарсан нялх ишиг хурга хоёр буурайн толгой дээр унь шажигнуулан хотолзуулж, дүлий сонорыг нь бүр үймүүлэх авч тэр хоёр унтууцнаа л гэж үгүй. Арай торниухан багачуул гэр өөд цоройж, урд хоёр хөлөөр туурга маажих бөгөөд бас модон хаалга үе үе тачигнуулан мацаж, хоёр хөгшнийг цочооно.

Харанхуйд аягатай тараг шор шор оочиж суусан өвгөн Банди,

-Ойрдоо шөнө нойр хүрэхээ болилоо гэхэд эмгэн Жагдал аман дахь ааруул өрмөө хүлхэнгээ,

-Хэний янаагүй шөнө нойр сэрвэлзээд байдаг боллоо. Та бид хоёр хэдэн сар мах амсалгүй дан цагаан идээгээр зуслаа шүү дээ. Сэрүүдэж байгаа юм байлгүй гэв.

-Хай хөөрхий гээд өвгөн тараг идсэн аягаа таамгаар долоожгарлаа.

Тэгтэл тооноор нэг жаахан ишиг хүзүү сунган толгойгоо доош нэлээд лав унжуулаад гэрийн доторх бүрэнхийг зүггүй нүдээр ажиглаж, чихээ овтой нь аргагүй ийш тийш дэрмэгнүүлэн чимээ чагнав. Хоёр буурай түүнийг харж зэрэг шахам “Ээ гөөгий ээ гөөгий” гэж өхөөрдөв.

Банди хутга билүүднэ. Зөөлөн билүүгээр хутгаа нэлээд үрээд хутганд наалдсан билүүний баасыг арилгав. Чингээд ирий нь хурууныхаа өндгөөр болгоомжтой тэмтэрч шалгаад толгой сэжилснээ дахин билүүдлээ. Жагдал маани гүвтнэн том цөгцөнд зул хийнэ. Банди хутгаа билүүдэж билүүдэж, ирий нь дахин тэмтрээд санаа алдсанаа өндийж хүрдээ хэдэнтээ эргүүлээд тулганы захын адсаганы сэжүүр дөнгөж сөхөөд ирлэсэн хутгаа нуув.

Ашгүй бахираа Цадмид ч ороод ирлээ.

Гэрийнхээ гадаа хаяанд хөм дэвсэж, дээр нь өглөөнөөс хойш билүүдсэн хутгаа хойш харуулж тавиад Банди Цадмидыг дагуулан хот руу очтол хонь Цадмидаас үргэж тургичин хуйлраад жигтэй юм болов. Энэ ч яахав, гайхах үзэгдэл биш. Тэдний хонь хоёр хөгшнөөс ондоо хүний бараа харахгүй, үргэж цойлдог зантайг энэ голынхон андахгүй. Гэвч энэ удаа хонь нь Цадмидаас арай л дэндүү айж байх шиг. Бүх хонины нь нүд түгшүүртэй бүлтэгнэн гялалзаж, толгой цогнойлгон Цадмид руу харж хуухчаад эгээ л чононд хөөгдөж цойлсон мал мэт. Хоёр хөгшин сэжиглэнгүй бие биеийг харснаа золтой л “хонь хийхээ болих уу” гэж үг алдсангүй.

Үргэж хуйларсан догшин сүргийг Цадмид ад үзэж,

-Оодорч гүйцсэн муусайн чонын хоолнууд. Гэдсийг чинь хүүлээд өгнө өө гайгүй гэснээ өвгөнд хандаж, -За алийг барих вэ? Бушуул! Би ажилтай. Яарч байна гэвэл өвгөн тулгамдаж,

-Эмгэн мэднэ гэж бухлаа.

-Үгүй ер өө, би мэдэхдээ яадаг юм бэ? Эр хүн байна, та өөрөө алах хонио зааж өг! гэж Жагдал эмгэн нүглээс бултсанаа “Алиний нь оноо таардаг юм бол доо” гээд Нарт Өндөртөө залбирав.

Аргагүй шаагдсан өвгөн хонин дундуураа цаазлах хонио сонгохоор туучив. Энэ олон хөөрхөн амьтны алийг би зааж өгч алтан амий нь бүрэлгэх вэ? Банди нэг мэдэхнээ ийм хэцүү даалгаварт тохогдсоноо сая ухаарч эмгэндээ дургүй нь хүрэв. Энэ мөчид хэдэн хонины нь амь малын амь бус хүний амь мэт айдас төрүүлсэн ухаарал хамаг биеий нь эзэмдлээ. Үнэндээ хүн малын амь ялгаа ч юу билээ. Алуулж буй хонь, алуулж буй хүн шиг л зовно. Чухамдаа амь тасрах аймшигт агшин хүн малд ижил байх учиртай.

Муулах хонио сонгож чадахгүй мунгинаад удаад яваа өвгөнөө эмгэн ойлгож, бас өрөвдөөд, хажуудаа бухимдангуй зогссон бахираа Цадмидаас эмээхдээ,

-Энэ хэдэн хонь чинь өвгөн бид хоёрт бол хонь биш, хүн шиг л бодогддог юм. Хөөрхийсийн алийг ч гэж болдоггүй, хэцүү байдгийм гэлээ.

-Аль нь ч яадгийм бэ. Гарт таарсны нь хага татах хэрэгтэй гэж Цадмид уурласан боловч цаанаа эмгэнийг цаашлуулсан инээдээ арай гэж нуув.

Өвгөн хонин дундуураа туучиж туучиж эцэст нэг хонь заав. Цадмид нөгөө хонийг барих гэсэн нь баригддаггүй ээ. Зэрлэг амьтад шиг догшин тарган хонинууд үргэж хуйлраад жигтэйхэн. Бахираа Цадмид урт нударга савчуулан хоёр богинохон хөлөө сөхөртөл нөгөө хонийг элдэв. Элдэж элдэж арай гэж нэг юм барьж аваад гэрийн зүг амьсгаадан чиртэл эмгэн гүйж ирээд уруулы нь сөхөж шүдий нь үзсэнээ,

-Шүд нь сийх яагаа ч үгүй цэл залуугаараа хонь байна. Наадхийгаа тавь! Өөр ахимаг хонь олъё гэв.

Тарган, том, ярдаг хонь чирсэндээ амьсгаа нь оволзсон Цадмид уурлах гэснээ больж, “Энэ хоёр зөнөг намайг ер нь яаж зовоох нь вэ. Харъя байз хөө. Тэвчээр гаргаж, яахыг нь үзээд энэ голынхонд ярья” гэсэн шооч зан нь хөдөлжээ.

Банди амьтны амины нүглээс зайлсхийхээр Жагдалдаа,

-Тэр хөгшин хонио тэгвэл чи зааж өг гэж лаахайдав.

Хоёр эзнээсээ өөр хүнээс ухаангүй үргэдэг зэрлэг сүрэг бахираа Цадмидад түрүү нь нэгийгээ гэнэдэж шүүрүүлснээс болов уу яав, Цадмидыг чоно хэмээнулам үелзлээ. Эмгэн муулах хонио нэлээд хайв. Удаан зогссондоо хөл нь өвдсөн Цадмидын тэвчээр барагдаад бахирах янзтай. Явж явж эмгэн арга буюу нэг хонь заав. Нөгөө хоний нь Цадмид чоно мэт мярааж байгаад арга ухаанаар арай хялбархан шүүрээд автал өвгөн тэндээс,

-Наадахь чинь болохгүй ээ. Аавын минь сэтэртэй хонины удмаас үлдээд байгаа ганц хонь гэв. Гайхахын ихээр гайхсан Цадмид,

-Банди гуай, танай аав өөд болоод хэдэн жил болж байна? гэвэл,

-Дөчин жил болж байна гэнэ.

Цадмидын тавьсан хонь сулраад ижил олон сүрэг рүүгээ тонгочин давхихыг өвгөн хараад,

-Хөөрхий минь, амь гарсандаа баярлаад тонгочиж явах шив гээд нэг амьтны амь аварсандаа урамтай царайлав.

Гэвч Бандийн царай тэр дорхноо барайж, “Нэгний нь амийг аварснаар нөгөөгий нь амь хохирох боллоо. Амь гарсан хонь Бандид баярлахад дараа нь алуулсан хонь Бандийг хараана. Тэгэхээр саяын хонийг аварсан буян дараа нь муулуулах хонины нүглээр солигдох юм байна” гэсэн бодолд унав. Залхаж гүйцсэн Цадмид,

-Одоо би чадахгүй. Явах минь! Арын ажил хэцүүдлээ. Хонио та өөрөө гаргана биз гэхэд Банди өвгөн,

-Хүү минь, миний голы нь тасалсан хонь майлаад үхэж өгөхөө больсон байна лээ гэж учирлав.

Үхэр чангаар мөөрлөө. Эмгэн,

-Өө ашгүй үнээ ирлээ гээд сайхан далим гарлаа гэсэн байртай өвгөндөө, -Би

явж үнээгээ саалаа. Та идэх хонио Цадмидад зааж өгөөд бариулчих гээд бултлаа.

Гарах газаргүй болсон Бандийн нүд томорч цэхийснээ,

-Тэгэх үү дээ гэж арга буюу дурамчхан зөвшөөрсөн авч дотроо эмгэндээ дургүй нь ихээр хүрчээ.

Чандага шиг онгон цагаан сүрэг ярс ярс бутрах нь эмнэг адуу шиг чийртай. Дотор нь бахираа Цадмид хөлсөө цувуулан нэг хонь элдэнэ. Өвгөн хонио Цадмидад хурааж хумиж өгөх гэсэн авч хөл нь гүйцэхгүй. Сүүлдээ Цадмидын тэвчээр барагдаад бархирч гарлаа.

Эмгэн үнээнийхээ хөхийг шувтчих зуур уурандаа бахирч эхэлсэн Цадмидаас их л айж суув. Үргэсэн сүргийн хөлөөр хотны тоос манарч бахираа Цадмидын чарлаанд саахалтын ноход борголоо. Эцсийн эцэст Цадмид нэг хонь барьж аваад хүзүүн дээр нь мордоод гэрийн хаяанд орхисон хөм хутаг хоёр луу уурандаа шороо манаруулан хар хүчээр ширүүхэн чирлээ. Бахираагийн хамаг биений нь хар хөлс цутгажээ.

Тэгтэл эмгэн үнээн дороосоо босон харайж,

-Очиж очиж миний муу сүүт хундангаас өөр юм олдсонгүй юү? Наадахь чинь дандаа ихэрлэдэг хонь. Энэ жил хоёр ихэр хургаа тэжээж чадахгүй надаар тэжээлгэж байж арай чүү онд орсон амьтан. Зовж зүдэрч арай гэж сэхсэн амьтны махыг би л лав идэж чадахгүй. Цадмид чи наад хонио тавиад өөр хонь барь! гэж угийн зөөлөн зантай дандаа инээмсэглэж явдаг эмгэн юу болчихов гэмээр хашигчив. Цадмид өвгөн өөд харж,

-Яахав? гэвэл ядарч залхсан өвгөн,

-Тавихаас даа! гэж цөхрөнгүй хэллээ.

Амь гарсан сүүт хундан хотноосоо шуурхай бэлчсэн сүргийнхээ араас сүүлээ далбагануулан давхиж явахдаа бүдэрч хушуугаараа газар хатган тоос татуулан шургачихад хоёр хөгшин өхөөрдөн хөөрхийлөв. Цадмидын уурдэлбэ үсэрлээ:

-Та муу хоёр ганц хониор тэвчиж шөл ууж чадахгүй байсан юм бол яах гэж намайг гуйсан юм бэ? Ёо ёо, ядарч үхлээ байна. Хөгширч үхэх гэж байж, идэж чадахгүй, энэ олон хохироогоор юугаа хийх гээв? гэх мэт бахирч бархирч, эцэст нь айж бүлтгэнэсэн хоёр буурайг үзэн ядсан харцаар цоргиж, -Тэгээд одоо яах юм бэ? Бэлчээд явчихсан хонио хурааж ирж, гаргах хонио бариулах юм уу, үгүй юм уу? гэв. Хоёр хөгшин ам амандаа,

-Больё доо, хүү минь, больё!

-Зуны энэ халуунд идээ цагаа бялхаж байхад ерөөсөө махаар яах юм.

-Таргаа уугаад л хоноцгооё гэцгээв.

Гайхаш нь барагдсан Цадмид аман дотроо,

-Хоёр хулхи хүн завгүй байхад надаар тоглоом хийлээ. Хэдэн хятиары нь чоно хядаасай билээ гээд гэрийн зүг морио шав шув гуядсаар давхин одлоо.

…Өвгөн халуун наранд шарагдан хониныхоо дэргэд сууна. Хонь нь түүнээс үргэнэ гэж байхгүй. Аль л амттай ногоо шилж сорчлон хазалсаар нов ногоон довон дээр суусан өвгөнийг нөмөрлөө. Өвгөн хонин дундаасаа харагдахгүй болчихов. Өвгөний дэргэд ирсэн хонины түрүүч шар нүдээрээ өвгөнийг “Энэ маань, манай өвгөн үү, бахираа Цадмид уу?” гэж баахан ажигласнаа эзнээ таньж, ширүүн тачир үстэй хошуугаараа дээл хувцсыг нь хэдэнтээ шүржгэнэтэл үнэрлээд өнгөрөхөд дараагийн хонь ирж мөн тэгээд цаашилна. Идээшилж буй хониныхоо турууны бүдэгхэн анирыг өвгөн чагнан чагнан маани мэгзэм уншина.

Бандийг орой гэртээ харихад гэрээр нь дүүрэн сайхан хоолны үнэр ханхалж угтав. Жагдал эмгэн борцтой сайхан хоол хийгээд малилзаж сууна. Яасан бэ? гэвэл бахираа Цадмид “Шөл хийж уу” гэж хэдэн сайхан годгор борц авчирч өгчээ. Өвгөн эмгэн хоёр хөлс алдаж, борцтой, тасалсан нарийн цагаан гурилтай хоол зооглох зуураа “Энэ өвлийн идшээ ахиухан хийж, зөндөөн борц хийж авъя” хэмээн бие биендээ сануулж суулаа. 

Цагаа болохоор тэвчих юм бол уу даа, яадаг юм бол?!



“УТГЫН ЧИМЭГ-2020”

Энэ жилийн сунгаа Төрийн соёрхолт, СГЗ Ц.Доржготовын мэндэлсний 80 насны ойтой таширлаж буй тул түүний нэрэмжит болгосон юм. Наадамд ирүүлсэн бүтээлүүдээс С.Баттулга, П.Батхуяг, Т.Баянсан, Т.Бум-Эрдэнэ, Ц.Ганболд, Д.Жамъян, С.Пүрэвсүрэн, Д,Урианхай, Б.Цогнэмэх, Б.Чулуунцэцэг нарын өгүүллэг тунаж, С.Пүрэвсүрэнгийн “Хөнөгийн цагаан салхи” тэргүүлэв. Дашрамд дурдахад Цэндийн Доржготовын уран бүтээлийн тухай бага хурал-хэлэлцүүлэг төлөвлөсөн ч судлаач эрдэмтдийн цаг зав гаргаж бэлдсэн илтгэлүүд цар дахлын улмаас олны сонорт хүрч чадаагүй билээ. Тэднээс нэгийг толилуулъя:

МЗЭ-ийн хүүрнэл зохиолын төв


Доктор /Ph.D/ Гомбожавын БЯМБАЖАВ

ЗОХИОЛЧ Ц.ДОРЖГОТОВЫН ӨГҮҮЛЛЭГҮҮДИЙН
ШҮҮМЖЛЭЛТ ТАЛ

Аль ч цаг үед аливаа юмс үзэгдлийн мөн чанарыг зөв ухааран таньж нийгмийн болоод амьдралын гүнд бугшиж буй эмгэнэлт, инээдэмт зүйлсийг илчлэн уран бүтээл болгох чадвартай хурц ухаан, хошин шоглол, уран шүүмжлэл бүхий урлагийн гоо зүй шаардагддаг. Шог хошин урлаг ямагт хүмүүний оюун сэтгэлгээний талбарт өрнөх тулалдааны тэргүүн эгнээнд зогсож байдаг билээ. Марк Твен инээдмийн шуурганд юу ч тэсдэггүй хэмээн шог хошин урлагийн ач холбогдлыг өндөрт өргөсөн нь бий. Шог хошин зохиол нь утга зохиолын бүхий л төрөл жанрыг хамран хөгжихдөө театр, уран зураг, улс төрийн нийтлэл, радио, телевизийн салбаруудтай нягт холбоотой явж ирсэн.Утга зохиолын шог хошин хэлбэрүүд Ж.Б.Мольер, Дж.Свифт, Ф.Рабле, Мигэль дэ Сервантес Сааведра, Дж.Боккачо, П.Бомарше, Ф.Вольтер, О.Домье, Б.Шоу, Марк Твен, Ярослав Хашек, Марти Ларни, М.Е.Салытыков-Щедрин, Н.В.Гоголь, Мих Зошенко, Н.А.Крылов, Галина Николаева, Агваанхайдав, Д.Равжаа, хуульч Сандаг, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Ч.Ойдов, Л.Бадарч, С.Лочин, Д.Маам, Л.Ванган, Шаг.Цэнд-Аюуш, Ц.Доржготов, Ж.Барамсай... тэргүүтэй гадаад, дотоодын олон алдартай зохиолчдын зохиол бүтээлүүдэд тусгалаа олсон нь бий. Шог хошин зохиол нь өнгөрснөөс үлдэн хоцорч шинэтэй тэрсэлдэн зууралдаж буй бүхнийг, бурангуй мунхаг бүхнийг элэглэн шүүмжилж дэвшилтэт үзэл санааг бататган тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл хүмүүсийг инээд, ёгтлол, элэглэлээр дамжуулан оюун санааны хувьсгалд өдөөн дуудаж байдаг билээ. Чухам үүнд л утга зохиолын шог хошин төрлийн хүч чадал, ач холбогдол оршдог болов уу!

Зохиолч Ц.Доржготов амьдран буй цаг үеийнхээ уур амьсгал, байгаль, нийгэм, сэтгэхүйн аливаа үзэгдлийг танин мэдэхүйн зөв хандлагын үүднээс ухааран таньж, түүнийгээ уран бүтээлдээ ул суурьтай илэрхийлэн, нийгмийн болоод хүн зоны аж төрөх ёсонд шүүмжлэлтэй хандаж, зан суртахууны үнэ цэнэтэй үзэл санаа, нийгмийн дэвшилтэт шинэ үнэлэмжийг бий болгохын төлөө өөрийн амьдрал, уран бүтээлийг бүхэлд нь зориулсан аж. Тэрээр “Хүний оюун ухаан шавхагдашгүй гэдэг мэргэн үгэнд хэн боловч бахархаж явах нь зүй, гэвч бурхны энэ сайхан ивээл надад оногдсонгүй болохыг би мэдлээ. Намайг хомсхон оюун ухаантай юм байна хөөрхий гэж сэтгэл юугаа зовоогоод бас хэрэггүй ээ. Учир нь надад хүмүүсээс давамгай тал нэгийг заяажээ. Энэ давамгай тал маань оюун ухааны минь дутуу дулимагийг нөхөж элбэг чадна... Хүний оюун билиг барагдашгүйтэй адил миний сул тал шавхагдашгүй гээч. Миний сул тал шавхагдашгүй болохоор надад шог зохиол бичиж, шог зураг зурахад өрөөл бусдын өө согог руу хушуу дүрэх хэрэг гардаггүй юм. Тиймээс миний шогийг уншаад уншигч та өөрийгөө шүүмжилж орхио юу гэж бүү хардаж сэрдээрэй. Би гэдэг хүн бусдын дутагдлыг хэлэх нь байтугай өөрийнхөө дутагдлыг энэ яваа насандаа шүүмжлээд барахгүй хүн болой[1] хэмээн өөрийн хошигнолт сул талаар дамжуулан өрөөл бусдын зан суртахуун, харилцаа хандлага, үзэл санаа, зүрх сэтгэлийн гүнд орогнох гашуун үнэнийг, тэнд нуугдсан эмгэнэлийг, тэнд бугшсан инээдийг ил гаргахаар зориг шулуудах ажээ...

Оросын аугаа зохиолч Н.В.Гоголь “хүний муруй хамрыг биш, буруу дотрыг элэглэх ёстой, эрүүл ухаантай хүн бусдын бие махбодын зовлон зүдгүүрийг элэглэж шоглодоггүй[2] хэмээсэнчлэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Доржготовын ‘Тэнгэр дуугарахын өмнө’ /1990/, ‘Хамбан дээлт буюу дэлхий даахгүй баян’/2001/, ‘Түүвэр зохиол’ /2003/ зэрэг номонд орсон өгүүллэгүүд нь ‘хүний буруу дотор’-т эмзэглэж, эмгэнэж, ёжолж, ёгтолж, хошигнож, инээхийн зэрэгцээ зохиолчийн оршин буй тогтолцооныхоо гажигийг олж илрүүлэх дотоод сэрэмж, хүний зан суртахууны гэм согогийг танин мэдэх чадвар, дутагдлыг нь уудлан илчилж шоглон шүүмжлэх эрдэм, түүнээс инээж ангижрах арга ухааных нь ид хавыг харуулах ажээ. Энэ л инээх эмгэнэх шалтгаан болсон хүний худалч, хуурамч, зулгуйч ‘дотор хүн’ хэрхэн бий болдог тухай, тэр нь хэрхэн өсөж торнидог тухай, түүнээс хэрхэн ангижирч болох тухай зохиолч ийн өгүүлж байна. Гурван настай байхад нь ‘Чи хөөрхөн үү?’ гэж асуухад ‘хөөлхөөн’ гэж хариулдаг байсан гэнэн цайлган хүүг таван нас хүрэхэд нь цээжин дотор нь нэг жаал орж суучихаад ‘муухай’ гэж хэл гэж ятгана. Өөрийн бодлын эсрэг ‘муухай’ гэж хэлэхийг нь сонссон хүмүүс хөгжин ‘Овоо доо! Дотор нь хүний санаа суучихаж!’ хэмээн өхөөрдөн баясана.“Хожмоо би айлын хүүхэдтэй хурга тугалд явахдаа бүгдийг уриалан түрүүлж гүйж гараад бутны ёроолд хэвтээд өгнө. Тэгээд айлын хүүхдүүд уулын хэц, усны эхнээс хурга тугалаа буцаагаад ирмэгц тосон очоод тэднээс түрүүлэн нэг дуу газарт, нэг дуу тэнгэрт хадаасаар гаднаа хөөж ирдэг хүүхэд болов. Нэг үгээр хэлбэл цээжин доторх хүүхдийнхээ үгнээс гарахаа больжээ. Алхам бүрийг минь тэр заана. Би түүнтэй нэгсээд аав ээжийгээ хүртэл зулгуй үгээр гуадах болов. Тэрээр надтай хамт бага, дунд, дээд сургууль төгслөө. Одоо бид хоёр хүүхэд биш болжээ. Би гэрлэлээ. Авгайдаа хүн аль хэр хайртай байдаг вэ, би түүндээ илүү юу гэхээс дутуугүй хайртай. Гэвч дотор хүндээ хэлсэн үгээ авгайдаа хэлэхгүй нохой зан надад бий.

Авгайг хуурах бүртээ би хашир анчны хавх зүүсэн дош шиг гэмгүй царайлж, хаврын ухны туйлдсан нүдээр өрөвдөм ширтэнэ[3] /‘Дотор хүн’, 1974/ хэмээн ‘ бид хэдийдээ, яаж, яагаад ийм болчихов оо’ хэмээн ‘хүн байх’ тухай асуудлыг дэвшүүлэн тавьж байна. Хариулт нь тун энгийн, хүмүүн бидэнд дутагдаж буй тэр зүйл бол ‘итгэл, итгэлцэл’. Хүн төрөлхтний суут сэтгэгчдийн нэг хэсэг нь ‘хүн бол төрөлхийн буянт сайн амьтан’ гэж, нөгөө хэсэг нь ‘хүн бол төрөлх мөн чанараараа муу амьтан’ хэмээн мэтгэлцэж ирсэн боловч үнэнч шударга зан, сайхан сэтгэл, итгэлцэл, эрдэм боловсрол, бие биенээ хайрлах хайр, өөрийгөө хүмүүжүүлэх, хүслээ хянах, нэр төрөө эрхэмлэх, нөхрийнхөө төлөө сэтгэл гаргах, холч бодолтой, өгөөмөр, эрэлхэг зоригтой, хувийн чансаагаа мэддэг байх зэрэг нь хүний шилдэг чанар төдийгүй сайн үйл бүтээхийн үндэс гэдгийг ямар нэг хэмжээгээр хүлээн зөвшөөрч, энэ бүхнийг хүнд төлөвшүүлэхэд нийгэм, улс төрийн болон хувь хүний хүчин чармайлт чухал гэдгийг анхааруулсаар ирсэн. Зохиолч энэ тухай л ярьж байна. Дээрх өгүүллэгт өгүүлэгч жаал хүү нэг удаа айлын гэрийн бүслүүр дөрөөлөн дэлгэцтэй ааруулаас шүүртэл дэлгэц гулсан унаад хамаг ааруулыг нь шороотой хольчихсон тухай гарна. Айлын эзэгтэй ‘Юу болов оо!’ гэсээр гарч ирэхэд дотор хүн нь ‘дэлгэцтэй ааруулыг чинь элээ шүүрээд унагачихлаа’ гэж хэл гэхэд нь түүнээс зөрж ‘би нэг ааруул авах гээд...’ хэмээн алганы амт үздэг. Ингээд л эрсдэл бүхнээс өөрийг нь хамгаалдаг дотор хүндээ итгэхээс өөр аргагүй болж ‘дотор санаа’ сууж эхэлж байна. Францын их сэтгэгч Ж.Ж.Руссогийн “Хүн байгалиас буянтай сайн төрж, худал хэлэх, хууран мэхлэх, урвах шунахыг мэддэггүй. Харин орчин, нийгэм, иргэншил сайныг муу болгодог[4] гэсэн үгийн утгатай дээрх өгүүллэгийн үзэл санаа нэгэн шижмээр холбогдоно. ‘Сүүл’ /1985/ өгүүлэгт[5] хүн төрөлхтөн анх үүсэхдээ бүгд сүүлтэй байсан тухай гарна, хүн юу л бодно сүүл нь ‘агсаж’, ‘саасагнаж’, ‘хавчиж’ нууцхан хүсэл мөрөөдлийг нь болон бодол санааг нь илрүүлж айлгаж, ичээж үйлдлээ хянахаас өөр аргагүй байдалд хүргэнэ. Хүн хэлээрээ ярьдаг төдийгүй сүүлээрээ ярьдаг амьтан байжээ. Энэ бүхэнд залхсан Хүн нэг л өдөр сүүлээ угаар нь тас цохино. Бусдыг дээрэлхэж байхдаа хүний хэл л ‘дээрэлхээгүй’ гэж худлаа ярихаас биш, сүүл бол худлаа ‘хэлж’ чаддаггүй үнэнч эрхтэн байв. Сүүлгүй болсон хүн эхэндээ өөрийнх нь худал хуурмагт итгэсэн нөхдийнхөө дулаан харцыг хараад эмзэглэдэг байсан боловч төд удалгүй цээжиндээ нуусан санаагаа хүн мэдэхгүй болсонд бахархаж, өөртөө хууртаж байгаа нөхдийнхөө итгэсэн нүдийг доогтой сонжин, нэгэн жаргалыг эдэлдэг болжээ. Оготор хүний далд санааг таах увдис хүмүүст заяагаагүй тул тэд эхэндээ түүнээс болгоомжилж байснаа, удалгүй бүгд сүүлээ тайрч хаядаг. Энэ цагаас хүн төрөлхтөн худал хуурмагийн хүлээсэнд автаж муу муухай бүхэн ундарч эхэлжээ. Зохиолч энэхүү өгүүллэгээрээ ‘далд санаагаа харилцан мэдэхээ болиод хүн төрөлхтөн жаргасангүй, хүнд бусдын нууц санааг таах чадвар төрөлхөөс заяагаагүй, харин өөрийнхөө дотор санааг нээх боломжийг заяасан, бодол санаагаа нээж бие биендээ итгэж сурвал хүний амьдрал хичнээн их гэрэл гэгээтэй болохсон бол’ гэсэн санааг дэвшүүлж байна. Зохиолч ийнхүү хүмүүс хоорондын харилцаанд харилцан итгэлцэл чухал гэдгийг зохиол бүтээлээрээ дамжуулан хүн төрөлтөнд анхааруулсаар байна.

Шог хошин зохиол нь заавал инээмсэглэл, инээдэм бэлэглэх албагүй харин ч түүнд цэцэн цэлмэг ‘бай’-гаа зөв оносон шүүмжлэлт шинж чанар чухал[6]. Оросын нэрт шог зохиолч Мануил Семеновын “Шог зохиолч хүн юм бүхний тухай бичиж болно. Шог зохиолд их бага гэх сэдэв байхгүй. Хэрэв сэдэв нь чиний хувийн туршлагаас буюу эсвэл уншигчийн туршлагаас олдсон ахул түүнийг шог найруулал, хочлол, хошин өгүүллэг болгох ёстой[7] гэсэнчлэн Ц.Доржготовын шог хошин өгүүллэгүүднь нийгмийн амьдралд болоод хүмүүний зан суртахуунд гарч буй гажуудлыг шоглол, хошигнол, ёгтлол, егөөдөл, элэглэл, зураглал, эмгэнэл тэргүүтнээр өнгөлсөн шүүмжлэлт шинжтэй. Доктор /Sc.D/, профессор Д.Галбаатар “Шог зохиолын онцлог алиа марзан дүр, дүрслэлдээ бус шүүмжлэл шоглолын үндэс нь ерийн нэг хар шүүмжлэл бус сэтгэл хөдлөлөөр илрэх шүүмжлэл, хүний сэтгэлийн нандин чанар болох эрүүл саруул инээд, ичгүүрээр дамжин илэрч байгаа уран шүүмжлэл байдаг[8] гэсэн нь бий. Ц.Доржготовын ‘Мөнхийн ус’/1975/, ‘Чи минь харьдаа’/1980/, ‘Нохой гэрт хүн урдаггүй’/1980/, ‘Итгэлийн гал жаргасангүй’/1981/, ‘Цэнхэр морьтой залуу’/1982/ зэрэг олон өгүүллэгүүд нь дотор хүнийхээ алдаа дутагдлыг анирдсан ухаарал, өөрийн буруу үйлдэлд гэмшсэн ичгүүр басхүү уншигчдыг хөнгөхөн чимхээд авсан эрүүл саруул инээд бүхий. Түүний өгүүллэгт нулимстай инээд ч бий. ‘Мөнхийн ус’/1975/ өгүүллэгт хүний амиа бодсон өчүүхэн араншингаар дамжуулж өөрийгөө давтахаас ангижирч чадахгүй байгаа уран бүтээлч хүний шаналан ганихрал,‘Чи минь харьдаа’/1980/ өгүүллэгт үүрэгт ажлаа хийлгүй бууз идэн гэртээ тарвалзах тоо бүртгэгчийн өмнөөс шөнө дөл болтол хамаг ажлыг нь хийх дарга, бүх хариуцлагыг ийш тийш нь нялзааж оногдсон ажлаасаа сугаран үлдэх үнэгэн зальтай ажилтантай социализм, коммунизмыг байгуулах бадрангуй хүслийн мухардал,‘Нохой гэрт хүн урдаггүй’/1980/ өгүүллэгт эхнэртэй нь амрагийн явдал үүсгэн айлын гэрийг эзгүйчлэх эр, зөнгөөрөөр эзнээ өмгөөлж түүнтэй дайтах нохой хоёрын тулаан, хүчтэний өмнө хүчгүйддэг амьдралын үнэн, хоймрын жаазнаас ширтэх гэрийн эзний харцанд ширвээтэх ухаарал, ‘Цэнхэр морьтой залуу’/1982/ өгүүллэгт нууцхан хайрлаж явсан бүсгүй нь чавганц хочтой нунж дорой боловч ажил бүхний өмнө явдаг, уралдаан бүхэнд түрүүлдэг, итгэл даахуйц нэгэнд хайр сэтгэлээ өгснийг мэдээд гунигаа залгин ичгүүр гэмшилд автан шогших эр, ‘Итгэлийн гал жаргасангүй’/1981/ өгүүллэгт “тэр жингэрийн өвлийн жаварт цахиур шиг тэс хөлдсөн хоёр нүдний харцанд буу шийрлэсэн залууг эрхлэн ширтэж байсан өнөө л итгэлтэй харцны гал нь амьдаараа, огт бөхөлгүй, мөнхөрсөн байсан даа[9] хэмээн оршин буй бүхний үндэс язгуурыг эргэцүүлж, нүдэнд ил харагдах юмсын цаана орших үл үзэгдэх юмсын мөн чанарыг анирдах зохиолчийн зөн совин, шүүрс алдалт тод сонсогдоно. Түүний зохиол бүтээлүүд зүгээр нэг марзагнал хийрхэл, хүнийг инээлгэх гэсэн оролдлого биш гүн гүнзгий утга агуулга бүхий зөн совин, ёр бэлгээр дамжуулан алаг хорвоогийн зовлон гунигийг, амьдралын сүүдэртэй талыг, хүний мунхаг сэтгэлийг, нүгэл хилэнцийг задлан шинжилсэн нулимстай инээд. Түүний инээд бол Н.В.Гоголийн хэлсэнчлэн үл үзэгдэх нулимснаас гарсан үзэгдэх инээд!

Зохиолч Ц.Доржготов нь хүмүүсийн үйл ажиллагаа, зан байдал, төрх төлөвт сэтгэл зүйн гярхай ажиглалт хийж, ёс суртахууны асуудлыг нийгмийн хөгжлийн түвшинтэй нарийн шижмээр холбон дүрслэхийн зэрэгцээ үгээр наадах урлагийг сайтар эзэмшсэн нэгэн аж. Бүдүүн тойм ч юм шиг эгэл энгийн үг өгүүлбэр дотор уг бичвэрийн амин сүнс болсон хоржоонтой, тэгсэн хэрнээ хүний сэтгэл оюуныг мэрж, сэрхийлгэсэн уран дүрслэл оршино. Өгүүллэгүүдийнх нь эхлэл төгсгөлийн мэдрэмж зурсан холбоос нь эрхгүй анхаарал татна. Тухайлбал, ‘Цэнхэр морьтой залуу’/1882/ өгүүллэгийн эхэнд “Ногоон ухаа өөд харганы толгой илэн улаан шувуу нисэх бөгөөд ард нь харгана дундаас улаан тоос буцлан босно. Улаан шувуу харганы толгойноос дээш ер хөндийрөхгүй, усны мандалд хөвөх завь мэт гүвэлзэн оволзон хурдлана. Тэгтэл харганы нэгэн сиймхийгээр улаан шувууны хөлөглөсөн цагаан цэнхэр морь гялсхийгээд далд орлоо. Үүнээс уламжлан улаан шувууг сайтар ажиглавал тэр бээр шувуу биш, машин тэрэгний дугуйнд гүнзгий ухагдсан ховилтой замаар хурдлагч хүн авай[10] гэсэн цэнхэр морь хөлөглөн улаан шувуу шиг нисэж явсан залуу өгүүллэгийн төгсгөлд “Түүнд давхих хүсэл төрсөнгүй, гэрийн зүг талын харгана дундуур гунигтайхан шогшихдоо цаашид их алсын ухаантай явахаар өөртөө сануулж байсан ажээ[11] хэмээн сайрхал, хийрхэлдээ няц даруулан, ичгүүр гэмшилд автан талын харгана дундуур гунигтайхан шогших зураглал болон хувирч байна. ‘Нохой гэрт хүн урдаггүй’/1980/ өгүүллэгийн эхэнд “Хар нохойг турьхан эзнийхээ гараас алдуурч ирээд толгой дээр морьдчих вий гэж айсан Түгжав гэрт орохоор яарч, ичсэндээ хажуугийн хүн харахад нударга хаялан хаахалзаж, ачир дээрээ явган явж үзээгүй хоёр богинохон хөлнийхөө хар хурдаар гүйж байв[12] хэмээн айлын эхнэр эзгүйчлэхээр, өгүүллэгийн төгсгөлд “Нохойны гэрт орж ирсэндээ гэмшсэн хулчгар нүдний цаад өнгөнд түрүүчийн хонзон гялалзаж байгааг Түгжав харав... Түгжав нохойд багалзуураа тас хазуулаагүйдээ баярласан боловч дотор нь нэг л хачин болж орхилоо. Тэр босож суув. Айлын эзгүй гэр нэг л тааламжгүй, хоймрын жаазнаас ширтэх Донойн харц өөд Түгжав харах гээд чадсангүй[13] хэмээн нохойд баригдахгүй гэж хоёр богинохон хөлнийхөө хар хурдаар гүйх айдас, шөнө дөлөөр айлын гэрт нохойд багалзуураа тас хазуулах шахсан айдас, хоймрын жаазнаас ширтэх гэрийн эзний харцнаас дальдрах айдас энд ирж нэгдэж байна. Зохиолч энэхүү өгүүллэгээрээ араатан чоныг ч тасар татдаг адгуус амьтан хүртэл гэрт хулгайгаар орж ирсэндээ гэмшин сүүлээ тас хавчин зугтаж байхад оюун ухаант хүн нэгийг бодоосой гэсэн тэмдэг дохиог илгээх ажээ. ‘Үүлсийн цаагуур хурдлагч саран’/2001/ өгүүллэг “Оройн бүрийгээр Цэдэн улаан хээр мориныхоо дөрвөн хөлийг тэлтэл хатируулсаар хэдэн бор гэрийн хаяагаар өнгөрөхөд ноход хуцаж, авгай хүүхдүүд гэрээс гарч, үүдэндээ зогсоод, түүнийг шохоорхон дурандана... Тэгтэл түүний өмнө шээзгий үүрсэн аргалчин үзэгдэв. Цэдэн аргалчинг анчин Лхүндэвийн охин Чанцал болохыг таньж, өврөөсөө том цагаан пансан алчуур гаргаж, салхинд дэрвүүлэн байж, нүүрээ арчаад дэргэдүүр нь гайхуулан гарчээ...”[14] хэмээн эхэлж байна. Тэгснээ “Сар гарчээ. Цэдэн жолоо цулбуураа сул тавиад богшсон хээрийнхээ сажлах зүгт салгалж явтал гэнэт нохой хуцлаа... Түүний санаанд анчин Лхүндэвийн охин Чанцалын дэргэдүүр өнөө орой жийгүүлэн гарснаа санав. Шээзгий үүрсэн өндөр охин өөрийг нь атаархах мэт харсаар хоцрохдоо, нүүрээ хагас далдланхан байсан. Эцэж туйлдсан хээр морь зогсохын мөрөөс болж, нэг хоёр алхсаар Лхүндэвийн уян дээр ирж зогслоо. Цэдэн мориноосоо буух гэж бараг ойчив[15] хэмээн хувь заяаны тохуурхал гэлтэй төгсөж байна. Баян Гомбын хүргэн болно гэсэн бардамнал нь панз Баасанд булаагдаж, хүүхэнд гологдож хаягдсандаа ичсэн ичгүүр, хор шар нь нь зодоон цохионд хүргэж, эцэст нь өмнө нь өөрт нь муугүй байсан, өөрөө ч муугүй байсан бүсгүйнхээ гэрийг зоривч холын хүн бэр буулгаад аваад явчихсан, арга барагдаж архинд согтуурсан эрийн омог шар нь унтарч, харанхуй шөнө хандсан зүгтээ толгой гудайлан сажилсаар эх эцгийн өвчнийг өвлөж, үзэмжгүй төрсөндөө гутран явдаг ганц охинтой анчин Лхүндэвийн уяан дээр бууж байна. Цааш нь үйл явдал хэрхэн өрнөхийг уншигчдын эрх чөлөөнд үлдээж байна... Түүний өгүүллэгүүдээс “Авгайг хуурах бүртээ би хашир анчны хавх зүүсэн дош шиг гэмгүй царайлж, хаврын ухны туйлдсан нүдээр өрөвдөм ширтэнэ[16] /‘Дотор хүн’, 1974/ гэсэн хоржоонтой уран ёгтлол, “Улаан шувуу харганы толгойноос дээш ер хөндийрөхгүй, усны мандалд хөвөх завь мэт гүвэлзэн оволзон хурдлана. Тэгтэл харганы нэгэн сиймхийгээр улаан шувууны хөлөглөсөн цагаан цэнхэр морь гялсхийгээд далд орлоо[17] /‘Цэнхэр морьтой залуу’, 1882/ хэмээн үлгэрийн ч гэмээр, ид шидийн ч гэмээр мэдрэмж төрүүлэх уран гоё дүрслэл, “Салхинд хөөгдөн нүүж буй шөнийн хар үүлс сарны наагуур хурдлан өнгөрөхүйд сар баруун зүг үүлний цаагуур хөвөлзөн, гурвалжин цоорхойноос саран үл гарна. Байрнаасаа үл хөдлөх авч, шөнийн хар үүлсийн цаагуур хурдлагч сарыг Чанцал ширтэн хэвтэнэ[18] /‘Үүлсийн цаагуур хурдлагч саран’, 2001/ хэмээн байгалийн үзэгдлийг хүний сэтгэлийн гуниг гансрал, сэрэл мэдрэхүйтэй сүлжилдүүлсэн нарийн зураглал бүхий дүрслэл зэрэг нь зохиолчийн бичиглэлийн ур чадварыг бусдаас өөр, онцгой гойд гэдгийг харуулна. Түүний зохиол, бүтээлийн бас нэгэн онцлог нь ёгтлолт санаа, ёр бэлгийг нохой, муур, тарвага, шувуу, хуц, ухна, ялаа, өт хорхой... гэх зэрэг амьтдын эмгэнэлт, хошигнолт дүрүүдтэй холбож, үйл хөдлөлтэй нь сүлжилдүүлэн зохиолыг амьд, сонирхолтой, хоржоонтой, ухааралтай, инээдэм наргиантай болгодогт орших ажээ.

Ц.Доржготов зохиолчийн өгүүллэгүүд нэгэн бичгийн хүний хэлсэнчлэн утга санааны илийг бус далдыг шүтэн сэтгэлийн өнгөц хөнгөн инээдээс нийгэм улс төрийн хэмжээнд даацтай гүнзгийрүүлэн сэтгэсэн өргөн цар хүрээтэй[19]. Тэрбээр ‘Баба’ /1983/ өгүүллэгтээ мунхагийн хүлээсэнд баригдаж, бодож сэтгэх эрх чөлөөгөө дарангуйллын гав гинжинд дөнгөлүүлсэн нийгмийн тогтолцоог хэсэг зэрлэг хүмүүсээр төлөөлүүлэн гаргажээ. “Зэрлэг хүмүүсийн сүрэг гөрөөлж явлаа. Нэр нь ч юм уу, хоч нь ч юм уу, Баба гэгч сүргийг захирна. Баба сүргийнхээ бүх эрчүүдийг зодож дийлдгээс ахлагч болсон хэрэг. Түүн дээр Баба чулуун мунатай[20]. Улс төрийн тайзан дээр захиран тушаах хүсэл эрмэлзэлтэй дарангуйлагч хэмжээгүй эрхт хаант засаг, эсвэл насан турш ноёрхогч ферер, дуче, каудилью болон тийм нэгэн өөрийгөө бүхнээс дээгүүр тавьсан, ямар ч хязгаарлалтыг үл зөвшөөрсөн бэлгэ тэмдэгийн хүчээр гарч ирдэг. Дээрх өгүүллэгийн дарангуйлагч бэлгэ тэмдэг нь ‘Баба’, энэ бол тийртлээ идсэн ч сэтгэл нь үл ханах, олон түмний айдаст тургуурласан улс төрийн засаглалын хэмжээгүй эрх мэдэл. Бабагийн хязгааргүй эрх мэдлийг тогтоон барих дарангуйллын зэвсэг нь ‘чулуун муна’, энэ бол иргэдийн хүзүүнд буулга болон буух хууль цаазаар далайлгасан, тэднийг зажлалгүй залгих төрийн механизм. Харамсалтай нь энэ муныг нийтийн сайн сайхны төлөө, идэх хоол эдлэх эрхтэй байхын төлөө нэг уран хүн олон сар зүдэрч байж бүтээсэн. Гайхамшигтай муна зохион бүтээсэндээ баярлаж хөөрсөн уран хүн нөхөд нь анхааруулсаар атал баяр хөөрөө бусадтайгаа хуваалцахаар шийддэг. Гэтэл Баба ирж муныг үзүүт булааж авдаг. Уран хүн мунаа өгөхгүй гэж үзэлцсэн боловч Баба нөгөө мунаар түүнийг цохиж алдаг. Өөрөөр хэлбэл өөрийнх нь хийсэн мунаар өөрийг нь тонилгосон хэрэг. Өгүүллэгийн ёгтлолт санаа, гол зангилаа үүнд оршиж байна. Хэмжээгүй эрх мэдлийг олж авсан хүн түүнээсээ хэзээ ч сайн дураар татгалздаггүй, цусанд шунах араатан адил улам улангасан тэмүүлдэг гэдгийг Бабагийн ганцаараа тийртлээ идэвч үл цадах хармын сэтгэл, өмчирхөл, бусдыгаа зодож мунадаж агнасан үхэрт ойртуулахгүй байгаа үйл явдлаар харуулах ажээ. Баба шиг нэг хүний гарт эрх мэдэл төвлөрөх нь ямар аймшигтай болохыг,эрх мэдлийн амтанд орсон хүн түүнийгээ тавьдаггүй, улам лавшруулан атгахын тулд юу ч хийхээс буцдаггүй гэдгийг элэглэл, ёгтлол, ёр бэлгэ, хошигнол, гашуун инээдээр дамжуулан харуулж чадсанд энэхүү жижиг өгүүллэгийн ‘том санаа’ оршино.Уг өгүүллэгийг уншиж байхад Платоны ‘Агуйн ёгтлол’-ын “Бидний амьдралын төлөв байдал, зан төрх өөр өөрийн гэсэн хэмжүүртэй байх агаад магадгүй түүнийг нэг талаар зүйрлэн хэлбэл их номын далайд өөрийн сэтгэлээ уусган гэгээрэхүйн мөрд шунасан хүн төрөлхтний ертөнц, нөгөө хэсэг нь хүн нэрээр дуудагдан нэрлэгдэгч мунхагийн хүлээсэнд баригдсан эгэл иргэдийн ертөнц бөлгөө[21] гэсэн үгс эрхгүй бодогдоно. Мунхагийн хүлээсэнд баригдсан эгэл иргэдийн ертөнцөд тэрүүхэн тэндээ тулга тойрсон олон янзын үйл явдал өрнөнө. Өөр зуураа жижигхэн эрх мэдлийн эрэмбээр давхар цагираг үүсгэн Бабаг тойрон суух нөхөд шүлсээ савируулан мах руу сэмхэн өндийхийг завдавч мунадуулаад эргэж суухдаа уурандаа ямар ч өз хонзонгүй мөртлөө өвөр хоорондоо уралцаж, цус нөжөө урсган зодолдоно. Түүгээр ч зогсохгүй Бабад нүүр тал олохыг горилогсод, бие биеэ матагсад, хүчтэй нь хүчгүйгүйгээ золигт гаргагчид, бусдын араар нуугдагсад, үйлдлээсээ няцагчид гээд махчин шувууд шиг, үхсэн үхрийн махан дээр язганалдах өт хорхой шиг мунхагийн хүлээсэнд баригдсан олон хүн энэхүү ертөнцөд оршино. Өгүүллэгт түнэр харанхуйг гэрэлтүүлэхээр зориглон босож буй хүн нь ‘ямаан сахалт’. Тэрээр мунхаг хүнийг мунхаг аргаар нь дөнгөлж буй бусдаасаа арай өөрөөр бодож сэтгэдэг сийрэг ухаантай нэгэн. Түүний оролдлого ямартаа ч өөрт нь хүртээлгүй ч бусдыг үмх маханд хүргэж байна. Гэвч маргааш юу тохиохыг таашгүй, түр зуурын амсхийлт!‘Баба’ бол асуудал дэвшүүлсэн улс төрийн инээдэмт, эмгэнэлт памфлет. Манай нэрт шог зохиолч Ж.Барамсайн хэлсэнчлэн “Доржготов нийгэмд байгаа хүний тэр бүр ажигламгүй далд гэм согогийг нарийн шүүлтүүрээр тунгааж, хар бараан сүүдрийг нь хөвөнд боосон чулуугаар түнших”[22] ажээ. Зохиолчийн хурц мэдрэмтгий тэмтрүүл амьдран буй нийгмийнхээ гүнд бугшиж буй бүхнийг ил гаргаж уудлахаар тэмүүлнэ. Тэрээр, аливаа ажлыг бодож сэтгэж хийсэн хүнээс хянасан хүнд их цалин өгдөг системийг овжин ашиглаж, энэхүү болхи системийн сиймхийгээр сул гүйгээд хангалуун амьдрах арга ухаан, увдис шидийг олсон Басан[23] /‘Тэнгэр дуугарахын өмнө’, 1988/-гаар төлөөлүүлэн шударга сайхан нийгмийн бэлгэдэл болсон социализмын гэм согогийг илчилж, ‘Лонх ба доллар’, ‘Амьтан’, ‘Бүгдээрээ сайхан найрлая’, ‘Нүдтэй шөвөг’ зэрэг өгүүллэгүүдээрээ бидний хүсэж тэмүүлж, тэмцэж байж олж авсан ардчиллын язгуур үндэс хэрхэн булингартаж байгааг харуулах ажээ! Зохиолч ийнхүү нийгэм-ёс суртахууны хурц асуудлуудыг оновчтой дэвшүүлэн тавьж, хөндсөн асуудлаа уран сайхны өвөрмөц аргаар шийдвэрлэж, хүний сэтгэл зүйн нарийн ээдрээтэй асуудлуудыг гярхай ажиглан сайнтай муутай сав нь дүүрдэг хүмүүний амьдралын бодит үнэнийг ёгтлол, егөө, элэглэл, наргиа, хошигнолын давс хужрыг нь тааруулсан хоржоонт инээд, гашуун инээд, нулимстай инээдээр дамжуулан нүдэнд үзэгдэж гарт баригдтал, чихэнд сонсогдож сэтгэлд мэдрэгдтэл дүрслэн зурах ажээ!

Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовын зохиол бүтээлүүд нийгмийн ухамсрыг сэрээж, хүн зонд сэтгэлийн боловсрол олгож, өнгөрсөнтэй амь бөхтэй зууралдаж буй бүхнийг элэглэн шүүмжилж, нийгмийн дэвшилтэт шинэ хүчний дуу хоолой болж оюун сэтгэлгээний эрх чөлөөг тунхаглан цаг хугацааг эрхшээн оршино гэдэгт итгэлтэй байна. Сэргэн мандалтын үеийн суут хүү Франсуа Раблегийн “Инээд бол хүн төрөлхтний өмч, инээж баясаж амьдар”[24] хэмээсэнчлэн зохиолч Ц.Доржготов уншигчдад инээж амьдрах эрх чөлөөг дотор хүнээ анирдсан ухааралтай, нийгмийн гүнд бугшиж бугласан бүхнийг зад татах хүчит түрхрээнтэй хамт өгч байна.

2020.12.04


НОМ ЗҮЙ

Анд нөхдийн инээмсэглэл., 1985., Эмхэтгэсэн Ү.Нямдорж., УБ., Улсын хэвлэлийн газар
Бямбажав,Г., 2010., Ёс зүй., Дархан., Мөнхийн үсэг ХХК
Гаадамба. М., 1958., Утга зохиолын онолын товч., УБ., Улсын хэвлэлийн газар
Галбаатар. Д., 2012., Уран зохиол-Нэвтэрхий толь., УБ
Доржготов. Ц., 1990., Тэнгэр дуугарахын өмнө., УБ., Монгол уран зохиол хэвлэлийн газар
Доржготов. Ц., 2001., Хамбан дээлт буюу дэлхий даахгүй баян., УБ., ‘Мөнхийн үсэг’ ХХК
Доржготов. Ц., 2003., Түүвэр зохиол., УБ., ‘Бодьмөр Притинг’ ХХК
Лувсанвандан.С., 1982., Марксист-Ленинист гоо зүй., УБ., АБЯ-ны хэвлэл
Утга зохиол., 2016., Зөвлөх редактор Жэймс Кантон., УБ., ‘ Монсудар’ хэвлэлийн газар


[1]Доржготов. Ц., 1990., Тэнгэр дуугарахын өмнө., УБ., ху.3

[2]Лувсанвандан.С., 1982., Марксист-Ленинист гоо зүй., УБ., ху.74 

[3]Доржготов. Ц., 1990., Тэнгэр дуугарахын өмнө., УБ., ху.42

[4]Бямбажав,Г., 2010., Ёс зүй., Дархан., ху.231

[5]Доржготов. Ц., 2003., Түүвэр зохиол., УБ., ху.138

[6]Галбаатар. Д., 2012., Уран зохиол-Нэвтэрхий толь., УБ., ху. 514

[7]Анд нөхдийн инээмсэглэл., 1985., Эмхэтгэсэн Ү.Нямдорж., УБ., ху.4

[8]Галбаатар. Д., 2012., Уран зохиол-Нэвтэрхий толь., УБ., ху. 515

[9]Доржготов. Ц., 2003., Түүвэр зохиол., УБ., ху.113

[10]Доржготов. Ц., 2003., Түүвэр зохиол., УБ., ху.117

[11]Доржготов. Ц., 2003., Түүвэр зохиол., УБ., ху.123

[12]Доржготов. Ц., 2003., Түүвэр зохиол., УБ., ху.99

[13]Доржготов. Ц., 2003., Түүвэр зохиол., УБ., ху.101

[14]Доржготов. Ц., 2001., Хамбан дээлт буюу дэлхий даахгүй баян., УБ., ху.107

[15]Доржготов. Ц., 2001., Хамбан дээлт буюу дэлхий даахгүй баян., УБ., ху.115

[16]Доржготов. Ц., 1990., Тэнгэр дуугарахын өмнө., УБ., ху.42

[17]Доржготов. Ц., 2003., Түүвэр зохиол., УБ., ху.117

[18]Доржготов. Ц., 2001., Хамбан дээлт буюу дэлхий даахгүй баян., УБ., ху.114

[19]Доржготов. Ц., 2001., Хамбан дээлт буюу дэлхий даахгүй баян., УБ., ху.3

[20]Доржготов. Ц., 2003., Түүвэр зохиол., УБ., ху.124

[21]Бямбажав. Г., 2010., Ёс зүй., Дархан., ху. 222

[22]Доржготов. Ц., 1990., Тэнгэр дуугарахын өмнө., УБ., ху.293

[23]Доржготов. Ц., 1990., Тэнгэр дуугарахын өмнө., УБ., ху.236

[24]Утга зохиол., 2016., Зөвлөх редактор Жэймс Кантон., УБ., ху.72