-фельетон-

Гэрээсээ хол яваа этгээд захиа бичдэг ба үүнийг мэндийн захиа гэх.  Гэртээ байгаа хүн гэртээ байгаа  өөр нэг хүндээ захиа бичих тохиолдол бий. Үүнийг хайрын захиа хэмээмой. Мэндийн захианд “сайн сууж байгаарай”  хэмээн ерөөдөг бол хайрын захиа “наанаа суухаа болиод надтай суу” гэж мөрөөрөө  гэртээ суугаа хүнийг шорддог.

Харин   өөрийн улсдаа суугаа хүн өөр нэгэн улсдаа суугаа хүнд захиа бичих нь эдгээрээс огт өөр. Тийм захиа их төлөв хүнийг “наашаа ирээд энд суу” гэж урихгүй атлаа өөрийн орондоо  хэвийн суухын аргагүй болгодог гэмтэй.

Манай орны гэртээ байгаа иргэдэд  гадаадад өөрийн гэртээ байгаа иргэн захиа бичиж ирсэн түүх зөвхөн өнөөдрөөр хязгаарлагдахгүй.  Түүнчлэн гадаадын хүний захиаг хэрхэн ойлгож ирсэн түүх ч түүнээс урт.

Бараг зуун жилийн тэртээ Ленин хэмээх Улъянов монголчуудад захиа бичиж “Сур, сур, бас дахин сур” гэсэн байна. Тэр үед оросуудтай малын үс ноос наймаалцдаг байсан монголчууд  “Ленин багшид ачаа бараагаа даруулах сур хэрэг болсон юм байна” гэж ойлгоод баахан татлага, хом бэлдээд буруутжээ. Дараа нь бие биенээсээ “асууж сур” гэсэн үг байх гэж бодоод “ ийм ч юм харав уу? Тийм ч юм байна уу? Ганц юм олдох уу” хэмээлдэн баахан сурж явсан түүх ч бас байдаг.

Сүүлд Сталин багш “Монголчуудаа? Малаа 200.000.000 –д хүргэгтүн” гэсэн захиа ирүүлжээ. “Тарган мал тал бүрийн ашигтай” гэж ярьдаг  Монголчууд  шууд л малаа бордоод эхэлсэн байна. Ингээд түрүүчийн хайнагийн шараа 200.000.000 милиграмм жинтэй болгоод очтол урдаас нь буудсан гэсэн.

Саяхан Америкийн Аляскийн мөсний их сургуулийн багш, доктор, АНУ-ын соёлын гавъяат зүтгэлтэн, Аляска муж улсын ХХ таван жилийн гавшгайч   Томогавк Стингэр гуай монголчуудад хандан захиа бичжээ.

 АНУ-ын ерөнхийлөгчөөс хоёр дахь Капиталист хөдөлмөрийн гавъяаны хар тугийн одонгоо гардсан Томогавк Стингэр гуай гадаадын бүхий л захиачдын нэгэн адил   монголчуудад АНУ-ын виз,урилга явуулаагүйн дээр эх орондоо тав тухгүй суухыг биднээс шаардаад Оюу толгойн гэрээгээ цуцлахыг гуйжээ.

Манайхан  түүний захиаг өвөг дээдсийнхээ нэгэн адил андууран ойлгож Оюу толгойгоо нураавал жаргах юм шиг бодож байна. Бодохоор барахгүй Оюу толгойг нураагаад хаячихвал олон түмэн баяжих аятай итгэчихсэн  явж харагдана.

Яг ямар учиртай вэ гэхээр ийм. Стингэр гуай Дэлхийн илүүдэл жингийн ассоциацын байнгын таван гишүүний нэг юм байна. Тэрээр “монголчуудын  30 хувь нь, 35-аас дээш насныхны 64 хувь нь тус тус жингийн илүүдэлтэй” гэсэн статистикийг хараад цус харвах дөхсөн гэнэ.  Ингээд Чингэс хааны удмын монголчуудын хөх толбо нь өөхөн таргандаа шигдээд үзэгдэхээ больчих вий хэмээн нойр хоолноосоо гарчээ. Ингээд монголчуудад захиа бичсэн түүхтэй. Тэрээр “Оюу толгой нь ашиглалтад орохгүй бол монголчууд мөнгөгүй болно. Мөнгөгүй болохын хэрээр идэх юм олдохоо болино. Идэх юм олдохгүй байхын хэрээр турна. Ингэхийн цагт арьс яс болсон хонгон дээр  хөх толбо нь илүү сайн харагдана” гэсэн энгийн логикийг тэр санал болгож байгаа юм.

Монгол руу захиа бичиж байгаа гадаадынхан ингээд дуусахгүй.  Тээр жил 2004 онд америкийн гэгдэх бас нэг “нүүдлийн эрдэмтэн”  бүр захиагаа өөрөө бариад ирчихсэн, тэрнийгээ зурагтаар өөрөө уншаад суусан даа. Яагаав “Жинхэнэ сайн ард түмэн бол МАХН-д саналаа өгдөг номтой” гэж ирээ л.

Саяхан  Йордон голын баруун эргээс Соломон хааны алтан ургийн галуу тайж  Ибрахим захиа бичжээ. (Чингэс хааны шууд удмын хааныг хунтайж гэдэг бол Загалмайн ёсны тийм сайн үүлдэрт хүнийг галуутайж гэдэг юм байна) Ибрахим бээр “Монголчуудаа тайван суухаа болигтун. Хонио өрлөж алахын болиод  шууд хутгалж алдаг бологтун” хэмээжээ. Манайхан ч сүйд.  “Гадаадын хүн хэлж байхад чинь үгэнд  нь оролгүй яахав” гээд л...

Бас Венесуэлийн нэгэн сул эрдэмтэн манайд бичихдээ “Зүгээр суухаар зүлгэж суугаач, таминь. Манай үндэсний удирдагч Уаа Чааваасыг өөрийнхээ ерөнхийлөгчөөр хавсруулбал сайнсан” гэжээ. Мэдээж “Гадаадын эрдэмтэн хүн хэлж байгаа, сонсох л хэрэгтэй” гэх хүн бишгүй.