Сайн жишиг, сайхан жишээ-1
2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын орой МАХН-ын гудамжинд битүү баяр болов. Урьдчилсан дүнгээр тус намаас нэр дэвшигч Н.Энхбаяр ялах нь тодорхой болсон учраас тэр.

Энэ бол Монголын улстөрд өрсөлдөгчдөө баяр хүргэснээр ялагдлаа хүлээн зөвшөөрсөн бараг анхны жишээ. Харамсалтай нь, жишиг болж тогтоогүй. Харин сая Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин ялагдсан Л.Эрхэмбаяр үргэлжлүүллээ. Тэрээр мэдэгдэл хийсэн нь зөвхөн ялагдлаа зөвшөөрсөн үйлдэл төдий бус. Улстөрийн том соёл. Өрсөлдөгчдөө баяр хүргэж, ялагдалтайгаа эвлэрсэн нь улс төрд бий болгож буй сайн жишиг. Ялангуяа сонгуулийн маргаантай байгаа үед шүү. Санал хураалтыг зогсоох цагийн маргаантай холбоотойгоор ахин санал хураах, дахин сонгууль хийлээ гэхэд энэ нь намын асуудал, үүнд би оролцохгүй гэв.
Санал хураалтын цагтай холбоотой Сонгинохайрханы маргаан бол 18 нас хүрээгүй хүүхэд сурталчилгаанд ашигласан гэдэг Өвөрхангайнхны хэрүүлийн дэргэд жинхэнэ асуудал. Ялагдсан тал нь шалтаг болгон хэрэлдэж болбол болохоор сэдэв. Гэхдээ цаасан дээрх хууль зөрчигдсөн эсэх л болохоос Л.Эрхэмбаяр үнэхээр ялагдсан. Энэ үнэнтэйгээ эвлэрч, шалтаг гаргасан намын шийдвэрээ өөрөө хүчгүйдүүлж байгаа нь Л.Эрхэмбаярын улс төрийн эр зориг.

Ингээд бичихээр үндсэн цалинтай сэтгэгдэл бичигчдээс эхлээд зарим хүн “захиалгат өгүүлэл”, “Л.Эрхэмбаярын захиалга” гэх байх. Гэвч тэдэнд “харамсалтай мэдээ” дуулгахад энэ бол “Үндэсний шуудан” сонины зөвлөлийн шийдвэр, редакцын захиалга. Манай сонин 2012 оны УИХ-ын сонгууль, дахин санал хураалтаар Д.Сумъяабазар, Л.Эрхэмбаяр нарын хэн нэгнийг онцгойлон дэмжээгүй. Тэдний хэн нь ч бидэнд сурталчилгааны төлбөр төлөөгүй, захиалга өгөөгүй. Өөрөөр хэлбэл, дээрх нэр дэвшигчид хийгээд “Үндсэний шуудан” сонины редакц харилцан өргүй. Харин бид яагаад сонгуульд ялсныг нь бус, ялагдсаныг нь магтаж байна гэхээр хувь хүнийг нь биш үйлдлийг нь нийгэмд алдаршуулж байгаа юм. Л.Эрхэмбаярын үйлдэл бол ялагдлаа хүлээн зөвшөөрч чаддаггүй, тахимаа өгдөггүй,өвдөг шороотой мөртлөө туг тойрох гэдэг, ялагдсан нь ялсныхаа дайсан болдог, намаараа талцан хуваагдсан Монголын нийгэмд, улс төрд жишиг болж, цаашид явах ёстой сайн жишээ гэж сонины зөвлөл үзэж байгаа юм. Чухам үүнээс жишээлэн “Үндэсний шуудан” сонин цаашид дан ганц улс төрд гэхгүйгээр Монголынхоо ардчилсан нийгэмд заавал байх, жишиг болж явах сайн жишээнүүдийг нэрлэн алдаршуулахаа энэхүү өгүүллээр зарлаж байгаа юм.
Бидний нэрлэх, сурталчлах сайн жишиг бол сайн үйлс, сайхан үйл явдал хараахан биш юм. Монголын ардчилалд дэг тогтоох, ардчилсан нийгэмд өнгө хөг нэмэх, ёс суртахууны голдуу жишээнүүд байх юм. Эдгээр жишгийг миний бие ганцаар тодруулахгүй. Захиалагч, уншигч таныг эх сурвалжаа болгоно, саналыг нь сонсоно. Мэдээж эцэст нь, редакцын зөвлөлийн шийдвэр, шүүлтүүр байх юм.
Монголд минь сайн хүн нь муугаасаа хавьгүй олон. Улс оронд болж, бүтэж байгаа нь болохгүй бүтэхгүйгээсээ хамаагүй их. Тэдгээрийн дундаас жишиг болгож тогтоомоор сайн жишээнүүдийг нийгэмд сурталчлах нь манай сонины редакцын бодлогын нэг хэсэг байх юм. Ямар ч агуу зүйл жижгээс эхэлдэг. Ардчилал өөрөө одоогоор хүн төрөлхтөний олсон хамгийн агуу тогтолцоо. Тэгсэн хэрнээ ардчилал жижгээс, ердөө дэг журмаас эхэлдэг. Бас стандартаас. Ардчилал өндөр хөгжсөн улс орны шүүх засаглалд нь хүртэл жишгээр шийдэх ойлголт, жишгээр шийддэг тохиолдол бий. Тэгэхээр ардчилсан нийгэмд сайн жишиг бол хуулиас ч хүчтэй дэг журам юм. Ардчилсан нийгэм нь хуулийн юмуу олонхийн дарангуйлал хараахан биш. Харин тэнд сайн жишгээр илрэх ёс суртахуун давамгайлах ёстой.
