Сөрөг хүчин гэх ойлголт бол уг нь одоо мартагдах шахсан Олон Ургалч Үзэл гэдгээс эхтэй нь ойлгомжтой ч одоо яг шууд утгаар нь ойлгох болж.

Сөрөг хүчин сөрөх л үүрэгтэй… Социализмын үед хүүхэд байхаасаа л дайсны тал,  манай тал хоорондоо алалцдаг байлдаантай кино үзэж өссөн болохоор аливаа асуудлыг хоёрхон өнцгөөр л харна.

Сөрөг хүчин учир юу ч байсан сөрнө.

Социализмын үед өөр бодолтой хүмүүсээ нэг уутанд хийгээд “эсэргүү” гэсэн овогтой болгодог байсан нь одоо ч моодонд хэвээрээ. Жирийн байвал хэн ч анзаарахгүй болохоор жигтэй байж л нэрд гарна.  Жигтэй байх эхний арга нь зүгээр л үг сүггүй сөрөх, бүх асуудлыг эсэргүү талаас нь л харах “эсэргүүн” болбол олон нийт үнэн сэтгэлээсээ таашаах бөгөөд, ядаж л зарим нь өнөөх эсэргүүнүүдээ харж шоолж зугаацаж байхдаа ч дуртай тул бүгд дэмжинэ.

Хошин шогийн урлаг ч өө эрж өөнтөглөдөг дүрэмтэй болохоор л үзэгчээ алддаггүй байна. Эсэргүү телевиз эрэгламаас салахгүй. ТВ9 телевиз эсэргүү телевиз  нэртэй их удлаа. Ер нь эсэргүүн гэдэг их таатай нэр бөгөөд бараг улсын баатраас ч нэр хүндтэй цол. Бүх хүн эсэргүүн хүнийг дагана. Яагаад гэвэл ердөө л эсэргүүн учраас тэр. Ийм шалгуураар сонгууль хийсээр байгаад УИХ хурал эсэргүү нарын чуулган, эс бөгөөс тэднийг харж инээгээд сууж буй “нүүрсчид” болж орхижээ. Босоо хочит Ганбаатар бол үг хэлэхдээ хүртэл эсэргүү загнаж босож хэлдэг “эсэргүүн” учраас л мандаж яваа нэгэн. Эхлээд л УИХ-д орж ирэхдээ л өөртөө эсэргүү  индэр бэлтгүүлж авсан болохоор тийм эсэргүү индрээс эерэг үг хэлэх ч аргагүй болсон нэгэн.

Яг одоо бас НАРА гэх дуучин эмэгтэй “эсэргүүн” зан гаргаж нэр дэвшинэ гэдгээ зарлалаа. Гэтэл түүний энэ саналыг олон түмэн гайхалтай ихээр сонирхож эхлэв. Үнэхээр ч нэр дэвшинэ гэнэ. Нэг бодлын залуу үеийн  эхний дохио гарч ирж байна ч гэж харж бас болно. Гэхдээ л хүн бүр яагаад улс төрийг сонирхох болсныг анхаарч үздэг хүн цөөн байна.

Өөрөөр харах юм бол манайд улс төр гэж ганцхан олны анхааралд ч өртдөг бас дээр нь мөнгө хийж болдог, хуулиар хамгаалагдсан  том салбар байгааг тэр бүсгүй  олж харсан ч байж мэднэ. Ялахаа байг гэхэд бас хэдэн цаас хийгээд (хийхгүй гэхэд тэр хүрээнийхэнтэй танилцаад) бас өөрийгөө шал өөр өнцгөөр олонд нээж таниулна гэсэн үг. Буруу зүйл огт байхгүй. Харин ч эмэгтэй хүний мэргэн ухаан ч байж мэднэ.

“Миний мэдэх Женко Баттулга” номыг би ийм богино хугацаанд 8000 ширхэг зарагдчих чинээ огт бодож байгаагүй ээ. Би өмнө нь найман ном гаргасан ч мянга л хэвлэдэг, тэр нь хэдэн жил болдог байлаа. Нүүр номд донтоод хэдэн жил болохдоо ч улс төржсөн зүйл л өдөр бүр олж харж сууна. Энэ бүгдээс харахад манайд ганцхан том бизнес байгаа нь улс төр хэмээх бизнес ажээ.

УИХ-ын гишүүн асан Сайхансамбуу өмнийн говьд очиж үзээд нүүрс урагшаа зөөж байгаа машиныг нэг өдөржин тоолсон гэдэг. Гэтэл өдөрт 8000 гаруй машин нүүрс Гашуун Сухайтаар урагшаа гарч байжээ. Тэр үед нэг тонн нүүрс 80-100 доллар байж. Хил рүү нүүрс зөөдөг машинууд 80-120 тонны даацтай. 100 долларыг 100 тонноор үржүүлэхэд  нэг машинд 10000 доллар явж байна гэсэн үг. За яахав таван мянган машин нэг өдөрт гараад дунджаар нэг машинд мөн 5000 долларын нүүрс явж байна гэхэд л 25 сая доллар өдөр болгон  олдог юм байна. Найман мянгыг зуун тонн гэвэл 80 сая доллар шүү… Миний муу Наран туул зах эдний хажууд ТҮЦ юм байна гэсэн гэдэг. Зөвхөн Гашуун Сухайтаас гарч байгаа тоо шүү. Бусад боомтоор өдөрт мянга өлхөн гарна. Ийм ч болоод “нүүрсчдын нам” буюу манайдаа л Масон маягийн нууц их мөнгөний бүлэглэл байнаа гэсэн үг.

Энэ өдөр бүр хэдэн арван саяар орж ирж буй долларыг их бага хэмжээгээр хувааж хүртдэг улсыг, эсвэл тэдэнд үйлчлэх, эс үйлчлэх хууль гаргадаг улсыг  л “улс төрчид” гээд байгаа хэрэг. Тэр ч бүү хэл саяхан тэд Таван Толгойг тэр чигт нь Шинхуагийн мэдэлд жаран жилээр өгөх гэж байлаа.

Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор тийш чиглэсэн төмөр зам өнөөг хүртэл явахгүй байгаагийн нууц бол ердөө л Шинхуагийн лобби байжээ. Шинхуа таван толгойг Бугатын гангийн үйлдвэрийн түүхий эдийн бааз болгоод өөрсдийнхөө барьсан Ухаа худагт хүргээд ирчихсэн замыг  залгаад, тэд зуучилж байгаа болохоор тал үнээр нь жаран жилээр авахыг л бодож байсан болоод тэр шүү дээ!

“Орчуулгын алдаа” гэж нэртэй нэг кино байдаг. Харин бид сөрөг хүчин гэх ойлголтоосоо эхлээд л орчуулгын алдаатай сэтгэсээр иржээ. Ирэх сонгуулиар аль нэг нам илт давуу ялахгүй нь хэнд ч тодорхой.

Харин улс орноо хөгжүүлэх бодлого, төсөл  ярьсан нам хүчин, хувь хүнийг сонгож цуглуулаад  хэн нэгэн технократ хүнээр удирдуулаад мал аж ахуй, уул уурхай, урлаг соёл, мэдээллийн технологи…  гэх мэт авьяас ухаан шалгасан салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг чинээлэг дундаж давхаргатай  орон болно гэсэн зорилт тавиад тус тусын чиглэлээр яамдыг байгуулж, цоо шинэ залуу технократ боловсон хүчнээр бүрдүүлээд  нэг гарт зангидаад хөдөлбөл манай улс маш хурдан босоод ирэх магадлал өндөр орон.

Монгол уг нь хүмүүс нь толгой сайтай хөрсөн доор нь эрдэнээр арвин хүний хэрэгцээ цөм багтсан баян орон шүү дээ. Тийм болохоор ард олон минь ажил хийчихмээр хүмүүсийг л сонгохоос бус хоосон “эсэргүүн” сонгодог эсэргүү сонголтоо болих цаг болжээ.

Олон ургалч үзэл гэдэг нэр томъёо хоёрхон талыг огт хэлээгүй бөгөөд үзэл бодлоо олон өнцгөөс уралдуулаад эцэстээ нэг гарт оруулаад ажиллах  тухайд  юм.

Аливаад  “орчуулгын алдаа”- гүй сэтгэх цаг болсон.

2016.03.02