1. Хүн төрлөхтний засаглалын түүх бараг тэр чигээрээ хаанчлалын эсвэл шашинчлалын дарангуйллын түүх юм. “Хаан бол Бурханаас илгээгдсэн эрхтэй бодгал”, “Шашин бол цорын ганц үнэний эх сурвалж” гэх мэтийн яс мөрдлөг нь дарангуй засаглалыг зөвтгөж байлаа. Гэвч үе үеийн ухаантан, суутан, эрдэмтэд ил болон далдаар хаант болон шашинт засаглалыг шүүмжилж, эсрэг суртлыг хөхиүлж сургаал номоо үлдээжээ. Ийм маягаар либерал үзэл суртал хэлбэржсээр тогтсон номлол болсон юм.          

Либериализмын гол баримтлал нь амьд явах, хувийн эрх чөлөөтэй байх, өмчтэй байх нь хүнд угаас олдсон төрлөх эрх чөлөө мөн гэж үздэг. Төрөөс баталгаажсан иргэний эрх гэж байх ёстой. Бүх иргэн хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Шүтэх эс шүтэх нь хувь хүний асуудал. Үзэл бодлоо илэрхийлэх эрхээр иргэд хангагдах ёстой. Чөлөөт эдийн засгийн хүрээлэлд хүн амьдрах ёстой. Төр хариуцлага хүлээдэг байх ёстой, төрийн үйл ажиллагаа ил тод байх ёстой. Иймэрхүү үзэл санааг тэд дарангуйллын төрүүдийг сөрөн мэтгэлцдэг байжээ. Угаасаа либерализм гэдэг нь латин хэлний “либер” буюу “чөлөөтэй” гэсэн утгатай үг.

Судлаачид өнөө үед либериализмыг “улс төрийн-”, “эдийн засгийн-”, “соёлын-”, “нийгмийн-” либериализм гэх мэтээр ангилдаг. Орчин үеийн улстөрийн либериализм нь нийгмийг нээлттэй байлгахын төлөө байдаг ба үүнийхээ үндсийг олон ургалч үзэл, төрийн ардчилсан тогтолцоо гэж үздэг. Түүнээс гадна төрийн зохицуулалт, төлбөргүй боловсрол эрүүл мэндийн тогтолцоо, нийгмийн хөнгөлөлт халамжийн системийг бүрнээ хүлээн зөвшөөрдөг. Бүх нийтээр дагах хуулийн ноёрхол бол нийгмийн гол гэрээ юм гэж үздэг. Бүх нийтийн чөлөөт сонгууль нь нийгмийн гэрээг амьдралд хэрэгжүүлэх гол механизм мөн гэж үзнэ. Эдийн засагт төрийн оролцоог хязгаарлах, нийгмийн байгууламжийн хувьд капиталист чиг хандлагатай байх, парламентат ёсыг дээдлэх бодлого баримтлана. Төрийн зүгээс эдийн засгийн үй ажиллагаанд хуулийн болон татаасын зарчмаар хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцдэг. Нэг үгэндээ либерализм нь тоталитар засаглалын эсрэг тал нь бөлгөө.

Либерализмыг хамгийн хурцаар шүүмжлэн буруутгадаг онол бол марксизм юм. Марксизмын үнэлэлтээр улстөрийн тогтолцоог зөвхөн төрийн хатуу зохицуулалт л шудрага байлгаж чадах аж. Либерал нийгэм нь нийгмийн баялагийг цөөнхийн гарт бөөгнөрүүлдэг учраас эдийн засгийн тэгш байдлыг буй болгоно гэдэг нь хий мөрөөдөл гэж марксист суртал үздэг. Марксистууд төр ба нийгмийг тусдаа сүбъект гэж үздэг учраас нийгэмд ангийн харгалдаан, үл эвлэрэл байдаг болохоор либерал суртлын “нийгмийн гэрээ” гэдгийг хурцаар шүүмжлэн үгүйсгэдэг юм. Ангийн тэмцлийн гол төлөөлөгч нь гинжнээсээ өөр алдах юмгүй ажилчин анги гэж үздэг учир ялангуяа сэхээтний давхрагыг “хэт зөөлөн”, “аялдан дагагч”, “ангийн тэмцлээс ухрагч”, “шийдмэг биш” гэх зэргээр тодорхойлон “либерал үзлийн гол төлөөлөгч” болгон буруутгах болжээ. Сэхээтнийг давхрагын хувьд леберал хэмээн буруутгах энэ үзэл Монголд марксизм дэлгэрсэн 1950 оноос хойш хүчтэй сурталчлагдаж байсан учир өнөө болтол либерализм гэсэн нэршил нэр хүнд муутай хэвээр буй. Ихэнхдээ “либерал” гэсэн нэршлийг хэн нэгнийг буруутгах, хочлох, дайрч довтлох, үзэл сурталчлахад хэрэглэдэг байв.

Либерализмыг эсэргүүцэх марксист онолыг нэрт эдийн засагч Хаек шүүмжлэхдээ “Төрийн хатуу зохицуулалт нь хөдөлмөрийн хөлсийг хязгаарлан тогтооно, иргэдийн амьдрах газрыг заана, ингэснээр хүссэн ч хүсээгүй ч иргэдийн эрх чөлөөг хязгаарлан зайлшгүй дарангуйлал руу гулсан орно” гэжээ.

Либерализмыг тогтолцооны хувьд амьдралд хэрэгжүүлсэн анхны тохиолдол нь 1776 оны Америкийн хувьсгал, 1789 оны Францын хувьсгал юм. Өнөөдөр дэлхийн ихэнх оронд либерализм онол практикийн хувьд ялсан. 1990 онд коммунист систем дэлхий даяар нуран унах үед Америкийн нэрт социологич Франсис Фүкүяама “Түүхийн төгсгөл” хэмээх өгүүлэл бичиж шуугиулж байсан. Тэрээр эсрэг тэсрэгийн тэмцлийн философи онолыг үндэслэгч Гегелийн философи төгсгөл болж хүн төрлөхтний хувьд либерализм яллаа гэсэн юм. Коммунист системийн орнууд үндсэн онолоосоо татгалзан бараг ихэнх нь шууд либерал болж хувирсны нэг нь Монгол улс билээ. 1990 оноос л Монголын нийгэм-улстөр, эдийн засаг шууд либеральчлагдсан ба үүнийгээ 1992 оны либерал Үндсэн хуулиараа хуульчилсан юм. Коммунизмын задарлын дараа нэлээд орон тоталитар, авторитар дэглэмд шилжсэн нь бас үнэн. Либерализм нь өнөө үед олон янз хувилбартай ч ерөнхий шинж нь ижил. Монголын либеральчлал нь өөрийн алдаа оноотой ч ерөнхийдөө гол зарчмаа баримталсан тогтолцоо юм.

2. Неолиберализм нь 1930-аад оны үеэс хэлэгдэх болсон эдийн засгийн философийн урсгал. 1980-аад оноос онолын хувьд төлөвшсөн гэж үздэг. Төрөөс эдийн засгийн зохицуулалт хийхийг зөвшөөрдгөөрөө либерализмаас ялгаатай. Гэхдээ төрийн оролцоог өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжихэд чиглүүлэх ёстой ба чухам хязгаар тавиагүй өрсөлдөөн л дэвшил хөгжлийн үндэс болно, энэ нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлж нийгмийн асуудлыг шийдэх хөрөнгө буй болгоно гэж үздэг. Неолиберализмын цаад механизм нь монетаризм хэмээх мөнгөний бодлого гэж тодорхойлдог. Даяаршлын эрин үед неолибералист бодлого  хамгийн тохиромжтой гэж тэд үздэг.

Нобелийн шагналт Жозэф Стиглиц, Амартяа Сэн болон алдарт философич Ноам Хомски зэрэг олон эрдэмтэн судлаачид неолиберализмыг хүчтэй шүүмжилдэг. Ялангуяа Аргентин, Хойд Африк, Зүүн Европын хуучин коммунист зарим орнуудад явуулсан эдийн засгийн неолиберал бодлого бүтэлгүй болсны дараа ийм шүүмжлэл эсэргүүцэл бүр эрчимжсэн юм. Улс оронд неолиберал эдийн засгийн бодлого нэвтрүүлэхийн тулд хүчирхийлэл хэрэглэдэг гээд үүнийг Чилийн Пиночет, Индонезийн Сухарто зэргээр жишээ татаж байна. Эдийн засгийн неолибералист бодлогыг эсэргүүцэж АНУ-д “Воол Стритийг эзэл” гэх мэтийн хөдөлгөөн өрнөж байсан бол “XXI зууны социализм” гэсэн туйлширсан шинэ бодлого Латин Америкийн орнуудад (Вэнэсүэл, Куба, Болив, Аргентин, Бразил, Никарагуа) дэлгэрсэн. Мөн Герегт “зүүн эргэлт” гэсэн бас нэг шинэ бодлого чиглэл төрийн хэмжээнд хэрэгжих болов. Өрсөлдөөнийг хэмжээ хязгааргүй хөөрөгдөн хөгжүүлэгч неолибералист бодлого нь дэлхийн эдийн засгийн системийг тэр чигээр нь нурааж олон орны нийгмийн хариуцлагын тогтолцоог сүйрүүллээ гэх шүүмжлэл ч гардаг. Гэвч неолиберал бодлогыг шал буруу хийчихээд тэрэндээ цочирдож огцом туйлшран эсрэг туйл руу нь далийснаар долоон дор байдал руу орж буйг Герег, Вэнэсүэлээр жишээлэн шүүмжлэх явдал ч байна. Зарим судлаачдын үзэж байгаагаар ерөөсөө “неолибералист” бодлого гэж огтоос байхгүй, энэ бол либерализмыг дайсагнан хөнөөх гэсэн этгээдүүдийн өмссөн хуурамч баг ч гэх нь бий. Юутай ч Кэйнсийн эдийн засгийн онолыг сөрж гарч ирсэн нь үнэн байх.

3. Либертарианизм гэсэн онол Америкт нэлээд дээр үед буй болжээ. Одоо ч нэлээд америк маягийн үзэл юм. Нэрийн хувьд мөнөөх л “чөлөөт” гэсэн үгийн нэг хувилбар. Алив түрэмгийлсэн хүчирхийллийг үгүйсгэн үздэг улстөрийн философи урсгал гэж тайлбар тольд тайлбарладаг. Төрийн зүгээс зорилгодоо хүрэхийн тулд алив хүчирхийлэл хэрэглэхийг тэд хурцаар шүүмжилдэг. Төр иргэддээ эцгийн ёсоор халамж үзүүлэхийг зөвшөөрдөггүй. Улс хооронд хил хязгаар байгааг буруу гэж үзэх ба хүмүүс ямар ч хязгаарлалтгүйгээр шилжин сууж амьдрах эрхтэй гэж тунхаглана. Хүн өөрийн өмчийг бусдад саад болохгүй л бол өөрийн дураар яаж ч ашиглаж сүйтгэж болно гэж үзнэ. Төрийн албадлага, хууль журмаар далайлгахыг эсэргүүцдэг. Татварыг албадлагаар биш сайн дураараа өгөх ёстой гэж үзнэ.

Либерал, социал демократ, консерватив зэрэг голлох улстөрийн сурталтнууд либертари үзлийг таалдаггүй, тал бүрээс нь шүүмжилдэг, голдуу анархизмын нэг хэлбэр гэж тодорхойлдог. Либертари үзэл нийгмийн тодорхой давхрага болон хувь хүмүүст тархсан болохоос ийм үзэл бодол баримталж бодлогоо болгосон нэг ч төр өнөөдөр дэлхийд үгүй.

4. Либерализм, либертарианизмыг улс төр судлалын ангиллаар зүүн болон зүүн төвийн гэж үздэг бол неолиберализмыг баруун төвийнх гэх. Эдгээр нь нийгэм- улстөр, эдийн засаг, соёлын талаархи үзэл санааны баримтлал болохоос элдэв хоч, муушаасан болон сайшаасан нэр алдар, хараал зүхэл, магтаал цол огт биш юм. Ийм нэр зүүснээр ч ийм үзэл суртлыг баримтлагч гэсэн үг биш. Тухайлбал Орост үндсэрхэг үзэл баримтлагч Жироновскийн намыг “Либерал ардчилсан нам” гэж албан ёсоор нэрэлдэг. Ардчилсан Солонгос, Ардчилсан Конго гэсэн нэр эдгээр орны улстөр нийгмийн тогтолцоог тодорхойлж чадахгүй. Урьд социализмын үед зарим хүмүүс өөрсдийгөө коммунист гэж нэрлэн цээжээ нүддэг, гэтэл сэнтэг хэнхэг өвчтэй нэгнийгээ намын гишүүн биш байсан ч “коммунист амьтан” гэж зарим нь хочилдог байлаа. Ер нь манайд тодорхой утга агуулсан, тэр нь дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой ойлголтын нэр ихээхэн гажиж санаанд оромгүй шал өөр утга авч явдаг тохиолдол ховоргүй. “Мөнгө угаах” (money laundering), ”бизнес хийх” (business), ”төмөр хатагтай” (iron lady), “ард түмэн” (people), ”шударга ёс” (justice), “монголоид” (mongoloid), ”тархи угаах” (brainwashing), “дөрөв дахь засаглал” (fourth estate), мөнгө босгох (fundraising), нэмүү өртөг (surplus value), мөлжлөг (expluatation) гээд олон үйлдэл, процесс, нэр томъёо шал өөр утгаар ойлгогдоно. “Ссуда” гэсэн орос үгийг “мөнгө хүүлэл” хэмээн хорсолтойгоор нэрэлсэн нь эдийн засгийн ердийн харилцаа болох зээллэг бололтой. Ийм үг англиар байхгүй юм, яаж ч тольдоод “loan”, “credit”, “advance” гэж гарч ирээд. Энэ өгүүллийг нийтийн танин мэдэхүйд зориулж тэрлэв.

2017.10.14