Биднийг хэн тэжээдэг вэ?
Монголчууд бид үе үеийн турш тэгштгэсэн нийгэмд амьдарсаар иржээ.
XIX зууны сүүлчээр АНУ дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болжээ. Мэдээж энэ орны ард түмний хөдөлмөрч, овсгоотой чанар, нийгмийн тогтолцооных нь эрүүл саруул байдалд гол учир жанцан байсан байх. Гэхдээ энэ амжилтад хошуучилсан гурван хувь хүнийг ихэд онцолдог. Энэ нь банкир Морган, үйлдвэрийн эзэн Карнэги, нефтийн хаан Рокфэллэр. Мөн төмөрзамын хаан гэгддэг Вандэрбилттийг ч нэрлэх нь бий. Эд өөрсдийн хөдөлмөр самбаа, шинийг бодож олон амьдралд хэрэгжүүлэх авьяасын хүчээр асар их баялаг цуглуулсан. Эдний бүтээлч санаачлагын хүчээр улс орон нь хүчирхэгжин баяжсан. ХХ зууны эхний Америкийг Форд бүтээсэн. Тэрээр богино хугацаанд америкчуудыг автомашины дөрвөн дугуйн дээр суулгажээ. Зууны төгсгөлийг Билл Гэйтс хаалаа, тэрээр дэлхийг комютэржүүлсэн. Хэн нь ч асар их хөрөнгөө булшиндаа авч ороогүй, цуглуулсан их хөрөнгөө нийгмийн сайн сайханд буян болгон үлдээжээ. Өдгөө тэтгэвэрт гарсан Гэйтс өөрийн буй болгосон 50-60 тэрбум доллароо үхэхээсээ өмнө амжиж буяны үйлсэд тарааж дуусгана гэж амлаад буй.
Хүн төрлөхтний хөгжил дэвшилд аль ч нийгмийн иргэн бүр их бага хэмжээгээр оролцон маргаашаа бүтээдэг. Гэвч тэр дотор тун цөөн тооны хэдэн хүн өөрийн овсгоо самбаа ухаан чадлаараа цоройлон бусдыгаа дагуулж асар их хөрөнгийг эргэлтэнд оруулж чаддаг авай. АНУ-д хүн амын ердөө 5-7 хувь нь үндэсний нийт баялагийн хэтэрхий дийлэнхийг эзэмшдэг. Тэр хэрээрээ тэд татвар болон буян, санаачлагаараа дамжуулан нийт ард түмнээ тэжээдэг. Тэдний өгч буй татвараар дамжин сургууль эмнэлэг ажиллаж, арми тогтож, хууль цааз болон төрийн бусад үйлчилгээ хөдөлж байдаг. Хэрэв бүгдийг нь тэгштгээд тавьчихвал хэнээс ч овсгоо санаачлага гардаггүйг хүний өнгөрсөн түүх тод харуулсан билээ.
Колончлол, дараа нь асар сүйтгэлт дайнд хэлмэгдсэн Солонгос орныг Хюндай, Самсунг, Поско, Лоттэ гээд хэдхэн компани асар богино хугацаанд босгоод ирсэн. Японыг ч Тоёото, Мицибуши гээд хэдэн аварга дайны дараа өндийлгөсөн. Ийм жишээ улс орон бүрд бий. Тэд л асар олон ажлын байр буй болгон тэндээ хэдэн арав зуун мянган хүн ажиллуулж хоолтой нь залгуулж байгаа билээ. Солонгос, япон хүний сахилга баттай, ажилч хөдөлмөрчийг бахархам боловч ийм хүчирхэг түүчээ нар байгаагүй бол энэ орнууд өнөөгийн ийм амжилтанд хүрэх байсан эсэх нь эргэлзээтэй.
Хүмүүс бурханаас заяасан авъас чадварын хувьд тэгш байдаггүйн нэгэн адид улс орнууд ч тэгш бус. Магадгүй тэр нь байгаль цаг уур, туулсан түүх, төр нийгмийн байгууламж, уламжлалт зан заншлаас нь болдог байж болох. Юутай ч өдгөө дэлхийд буй 200 орчим улс орныг хөгжлийн төвшингөөр нь нэлээд хэд ангилдаг. Тиймээс ч хөгжиж буй, буурай, хөгжингүй гэх мэтээр ярьдаг биз. Хөгжингүй орнуудад нийгмээ авч яваа тэргүүлэх баялаг бүтээгчид ихэнх тохиолдолд инновацийн зарчмаар хөлжсөн байдаг. Гэхдээ энэ нь хөгжиж буй орнууд өөрийн баялаг бүтээгчгүй гэсэн үг биш. Хөгжлийн төвшингөөсөө болоод инновациар тун даржин боловч аль ч улс орон өөрийн баялаг бүтээгчидтэй. “Манай сумандаа л Маркс Энгельс” гэлээ гэгчээр тухайн тухайн нийгэмдээ бусдаасаа илүүг хийж бүтээж санаачилснаар баялагтай болж түүгээрээ олон хүнийг ажилтай болгох төдийгүй татвар, буянаар өөрийн нийгмийг урагш чирж явах аж.
Монголчууд бид үе үеийн турш тэгштгэсэн нийгэмд амьдарсаар иржээ. Олон үеийн туршид баялаг нь бараг ганц мал аж ахуй байлаа. Ийм нөхцөлд хэн ч хэдэн үеэрээ баян эсвэл хоосон байх бололцоогүй. Учир нь цас зуд ган ганчиг “үйлдвэрлэгч” байгаль өөрөө нүүдэлчний нийгмийг тэгштгэдэг байв. Иймээс ч “баян хүн нэг зуданд” гэсэн хүн болгоны мэдэх үг бий. Зуднаар юу ч үгүй хоосроод гэрээ зарц нартаа үүрүүлчихсэн явган ноёнтой тааралдсанаа Козлов бичсэн байдаг. Хохь тайж гэдэг бол хоосорсон язгууртан. Гэтэл гуйлгачин нэгэн цаг өнөтэй үед таргийн таван ямаагаа өсгөн баялаг болгох ч ховор үзэгдэл биш.
Социализмын үед нийгмийн гишүүдийг тэгштгэгч нь намзасаг байлаа. Уламжлалт баялаг болох мал сүргийг нь социализм байгуулахаар төр хурааж авсан төдийгүй угаас хувийн өмчийг хуулиар хориглосон юм. Өмчийг нийгмийг тэгштгэхэд гай болдог зүйл гээд дайснаар зарлан хэдэн арван жилийн турш өмчтэй тэмцсэн. Үр дүнд нь өлсөөд үхэж байгаа хүн үгүй ч, олигтой амьдарч буй хүнгүй тарчиг саарал нийгэм болжээ. Хэн ч нийгмийн баялаг бүтээх сонирхол үгүй төдийгүй хүсэлтэй байгаад ч тэр нь хориотой. Бүх юмыг улс хариуцна, гадаад захиалагч этгээд мартчихвал бүтэн жилдээ шүдний оо улсын хэмжээгээр тасрах жишээтэй. Хүний хэрэгцээ хязгааргүй, ерөөс хүн бол хэрэглэгч бодгал. Тэр болгоныг төр гардан хангах ямар ч бололцоо үгүй. Иймээс гурван төрлийн талх, хоёр янзын архи, таван янзын тамхи, хорь хүрэхгүй төрлийн эмэгтэй эрэгтэй гутал, жилийн 50 нэр төрлийн ном, долоон янзын сонин, ганцхан сувагт зурагт, балга сүү нүдний гэм, сонголт үгүй чулуутай цагаан будаа… Маханд өдөр болгон цагаар оочирлоно, маартаар ганц бялуу олох гэж орос дэлгүүрийн өмнө царай алдан зогсоно, Олддоггүй барааг дефицит, фирмийн, завоод гэх мэтээр оросоор нэрлэнэ. Хүүхдүүд завоод бохь олдвол ээлжилж дамжуулан зажлина, ихэнх нь замын хараар хорхойгоо дарна. Улсын өмч орон сууц мөнгөтэйд нь биш тэнгэрийн умдаг атгасан нэгэнд олдоно (Одоогийнхоор бол түрээсээр сууж буй хэрэг). Амины машин (хувийн өмч хориотой учир үүнийг албан ёсоор “амины” гэж нэрлэнэ) Улаанбаатарт 100 ширхэг бүртгэгдсэн байв. Дархан, Эрдэнэсант хүрсэн хоёрхон засмал замтай.
Чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжсэнээр энэ бүхэн аажим аажмаар өөрчлөгдлөө. Зөвхөн 1995 он гэхэд гаальд бүртгүүлснээр 42 мянган нэр төрлийн бараа хилээр орж ирэх болжээ. Өнөө олдоггүй талх, бялуу, варианыг дотоодын үйлдвэрлэгч хэдэн арван нэр төрлөөр нь үйлдвэрлэх болов. 2000 он гэхэд улсын төсвийн бараг 80 хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлэх болжээ.
Дэн Сяопин наяад оны үед Хятадын тэгштгэлийн нийгмийг зах зээлийн тогтолцоо руу чирэн оруулахдаа “Эрүүл салхиар амьсгалах гэвэл цонхоо нээх хэрэгтэй, харин тэр онгорхой цонхоор ялуу шумуул ч бас даган орж ирэх болно” гэж анхааруулж байв. Бидний өнгөрсөн туршлагаас харахад ялаа шумуулаас болгоомжлоод цонхоо дутуу нээсэн. Өдгөө төрийн мэдэлд нэг зуу нэлээд гаран том үйлдвэр компаниуд буйн хэтэрхий дийлэнх нь алдагдалтай. Тэд ажиллах тусмаа биднийг өрөнд оруулдаг. Алдагдлыг нь татвар төлөгч бидний биес төлнө. Төрийнх буюу хариуцах эзэнгүй объект учир хулгай шамшигдуулал нүүрэлсэн газар. Улсын мөнгө ёо-ёо гэдэггүй болохоор ямар ч зэмлэлгүйгээр даахаараа хулгайлна. Ганцхан жишээ: Төрийн мэдлийн холбооны кабель хариуцдаг компани байдаг юм байна. Хэрэгцээнээс гарч ашиглахаа больсон релейн төхөөрөмж болон үеэ өнгөрөөсөн кабель хариуцна. Тэд олон тэрбумыг шагнал урамшуулал нэрээр өөрсөндөө тараасан нь сая шалгалтаар илэрлээ. Гэтэл хэдэн зуун тэрбумын өртэй газар. Хувьчлах саналыг үргэлж эсэргүүцсээр өдий хүрсэн. Хувьчлахаа больё гэхэд хэрэгцээгүй релей болон кабелийг актлаад компанийг нь татан буулгахад татвар төлөгчид бид тэр мөнгөөрөө олон эмнэлэг сургууль бариулахсан.
Бас нэг зовлон буй нь дутуу онгойлгосон цонхоор хэтэрхий олон ялаа шумуул чихцэлдэн орж ирж эрүүл салхийг бузарлах болов. Өнөөдөр бүртгэгдсэн нэг зуун мянга нэлээд гаруй хувийн компани байна. Үүний арав хүрэхгүй хувь нь л нийгэмд татвар төлдөг. Татварын мөнгө эргээд сургууль цэцэрлэг, эмнэлэг, тэтгэвэр тэтгэмж, цэрэг цагдаа, төрийн алба, шорон гяндан, нийтийн эзэмшил, хот тосгон сууринг авч яваа. Энэгүйгээр улс орон хөдөлж ч чадахгүй. Татварыг хэдхэнд нь ноогдуулчаад татвараас нуугдан яваа үй олон “баялаг бүтээгчид” бол нийгмийн паразитууд юм. Сул дорой төртэй болохоор засаг татвараа цуглуулж чаддаггүй. Хүчирхэг төр юун түрүүн татвараа бүрэн цуглуулж чаддаг. Татвараас зугтахыг хамгийн хүнд гэмт хэрэгт тооцдог, тэднийг хүүхэд хөгшдийн мөнгийг хулгайлж байна гэж үздэг.
Хэдэн үеэрээ тэгштгэлийн орчинд өсч бойжин уламжлал болсон нийгмийн сэтгэлгээ хэн нэгнийг өөрөөсөө дээш гарахыг тэвчдэггүй зовлон хамгийн хүнд өвчин нь байх. Энэ тухай нийтлэлч Д.Баярхүүгийн саяхан бичсэн “Атаархлаа шударга ёс гээд ойлгочихсон 10 хувь” өгүүлэлд тодорхой бичсэн тул нэмж нуршаад яахав.
Ийм учир шалтгаанаар нийгмийн баялаг бүтээж үй олон хүнийг тэжээж яваа нэгнээ гоочлохоос эхлээд устган сөнөөхийг санаархагчид мундахгүй олон. Гутлыг нь өмсөөд эзнийг нь өшиглөж буй хэрэг. Мэдээж домогт 30 гэрбүл (энэ нэршил анх Энхтөвшин намын дарга байхдаа “Монголын бүх баялагийг 20 гэрбүл идэж байна” гэж томъёолж байсан санагдна. Ельциний “семья” бүлэглэл гэдгээс санаа авч орчуулсан байх. Монголоор уг нь ядахнаа “айл” гэмээр юм.) гэдгээс авахуулаад үзэн ядах юм хаа мундав гэж. Мэдээж төрөөс төрсөн тэрбумтан гээд үнэхээр ч жигшмээр шийтгэмээр адгийн новш өдөр ирэх тутам нэмэгдсээр. Тэд нэг харахад төрийн зүтгэлтэн, нөгөө харахад хулгайч, дээрэмчин. Тэд төр түшигч, олигархи, тэрбумтан, шүүгч, цагдаа, ард түмний төлөөлөгч, мэдээллийн хэрэгслэлийн од, гэмт бүлэглэлийн толгойлогч, тагнуул, мөнгө хүүлэгч, хууль тогтоогч, ард түмний баатар гээд үй олон дүрийг зэрэг бүтээж чухам хэн гэдэг нь хэнд ч ойлгогддоггүй. Нэг хүн ийм олон нүүртэй.
Гэвч ажил хөдөлмөр хийж амин хувьдаа ашиг олохоос гадна нийгмээ тэжээж, үй олон хүнийг ажилтай албатай орлоготой болгон яваа манай нийгмийн түүчээ олон хүн буйг бид хавтгайруулан үзэн ядах нь зүгээр л нэг шударга бус явдал гэж дүгнэх биш ерөөс энэ хийрхэл нийгмээ булшлах зэвсэг юм. Олонд нэр гарч бүхний танил болсон баялаг бүтээгчид луйварчдын хоморгонд орооцолдон есөн шидээрээ хэлүүлж нүүр нүдрүүгээ өдөр бүр нулимуулж яваа жишээ цөөнгүй. Тэгвэл нэг талаас бидэнд үйлчилж байр сууц, бараа таваар, хүнс хоолоор хангахын сацуу нөгөө талаас татвараар асар их мөнгө төлөн төр нийгмийн ачааг үүрэлцэн үнэлж баршгүй нэмэр болж буй олон зуун баялаг бүтээгч – нэр нь яригддаггүй баатрууд - цаана нь зөндөө байна.
Бүтээсэн брэнд нь тодорсон ч нэр нь төдийлөн яригддаггүй баатруудын заримыг нэрлье л дээ: Боловсролын салбарт: “Шинэ Монгол”-ын Ж.Галбадрах, ”Сант”-ын З.Энхмөнх; Барилгын салбарт “Жигүүр гранд“-ын Баттөр, “Номин констрашн -NDC”-ын Ш.Уламбаяр; Бөөний худалдаанд: “ Барс ”- ын Ч.Амарбаатар, “Бимех”-ын П.Бат-Өлзий, “Витафит”-ын С.Жаргалсайхан, “Сансар” сүлжээний В.Энхбаатар, “Good Price”- ийн С.Батмөнх; Цахилгаан бараанд: “PC mall”-ын Т.Ганбат, “BSB”-ын Б.Жаргалсайхан, “Нэкст”-ийн Л.Чулуунболд; Сэргээгдэх эрчим хүч: “Ньюком”ын Ц.Болдбаатар; Хүнсний салбарт: “НВЦ”-ын Э.Цэрэндаваа, “Жүр Үр”-ийн Б.Мөнх-Эрдэнэ, “Батбайгаль”-ийн С.Байгалмаа, “Бамбууш”-ын А.Ганбат; Уул уурхайн салбарт: “Хишиг Арвин”-ы Батхишиг; Шинэ инновацид: “Lendmn”-ний Ч.Анар, В.Баярсайхан, “Lhamour”-ын Д.Хулан; Автозасвар үйлчилгээнд: “ЗигЗаг”- ийн Д.Зоригоо... (Эдгээр нэрсийг интэрнэт ухаж байж олж авав). Ихэнх хүн эдгээр компани юу үйлдвэрлэж, ямар үйлчилгээ үзүүлж буйг сайн мэдэх ч цаад баялаг бүтээгчийг нь таньдаггүй. Эд нар урдахаа хийж нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд явдаг болохоос төрөөс төрсөн тэрбумтнууд биш. Эд ердөө л захын жишээ. Цаана нь үй олон нэр нь танил биш баатрууд бий.
Эд нарт нийтлэг нэгэн гомдол л бий: Хуруу хумсаа хуйхлан байж хөдөлмөрөөрөө олсон мөнгөнөөсөө нийгмийн өмнө хүлээсэн үүргийн дагуу тэвэр тэврээр нь улсдаа тушааж байхад цалин цавуу машин унаагаа хүртэл даалгадаг төрийн сэнтийд шавж язганасан ялаа батгана тэр баялгийг нь тонон дээрэмдээд дээр нь нэмж дээрэлхэн элдвээр хавчих нь даанч гутмаар.Харамсалтай нь Эдвард Мүнкийн гүүрэн дээрх хүн шиг дотроо онгойтол байдгаараа “хашгирч” чадахгүй, хий л бухимдан дотогшоо “хүрхрэх” нь хөөрхийлөлтэй.
2017.10.30