15 дахь удаагийн Дэлхийн Даун Синдромын Конгресс энэ жил Австрали Улсын Брисбан хотод амжилттай болж өндөрлөв. Онцлох илтгэлүүдийг яах аргагүй америкийн судлаач нар тавьлаа. Юуны өмнө дауны хам шинж, хүний илүүдэл хромосомыг судлах явцад маш олон сонин, хүний биеийн тайлагдаагүй нууцууд нэмэгдсээр байна. 

Тухайлбал, даунтай хүмүүс зарим төрлийн хавдар огт тусдаггүй, зарим биетээс бүрэн дархлаатай гэж байх юм. Буруу сонсоогүй бол хөхний хорт хавдар тусах эрсдэл тэг хувийн магадлалтай бөгөөд дауны хам шинжтэй хүн биологийн хувьд маш өвөрмөц бүтэцтэй гээд оньсого, ид шид шиг судалгааг Америкийн алдарт MIT буюу 1861 онд байгуулагдсан Массачусетсийн Технологийн Их Сургуулийн тэргүүлэх эрдэмтэн хэлэв. MIT анх удаа хажуудаа Даун синдромын судалгааны төвийг байгуулжээ. Миний мэдэхийн энэ төв даун синдромоор дэлхийн тэргүүлэх чиглэлийн бүхий л эрдэмтэн, судлаачдыг өөр дээрээ цуглуулж чадсан байна. Маш сонирхолтой судалгаануудыг хийж байна. Товчлон өгүүлье. 

Хүний биед байгаа илүү хромосомын нөлөөгөөр даунтай хүмүүст эрт хөгшрөлт явагддаг хэдий ч эс, генийн түвшинд үүнийг зогсоох, эсийг төлжүүлэх шинэ эмчилгээнүүд гарч байгаа юм байна. Хамгийн сонирхолтой нь хүний биеийн аль нэг хэсгийн арьснаас дээж аваад түүнийгээ үүдэл эс ашиглан хүний тархины эс болгон хувиргадаг болжээ. Даунтай хүмүүс хөгшрөхөөр алзхаймертай болох өндөр магадлалтай байдаг тул энэ туршилтаар алзхаймер өвчнийг эмчлэх шинэ аргыг нээж байна. 

Хүний тархийг дуу чимээ болон тод хурц гэрлийн давтамж ашиглан эсийг нь сэргээх, алдагдан буурч буй мэдрэмжийг сайжруулах, тархийг удирдах, тархины хөгжлийг түргэтгэх боломжтой нь эхний туршилтуудаар батлагдаад байна. Эндээс эрдэмтэд юу гэж дүгнэж байна вэ гэвэл энгийн эрүүл гэгдэх хүмүүсийг ч гэсэн тархиа байнга хөгжүүлж байхгүй бол тархины хөгжил удааширч мууддаг аж. Тархиа хөгжүүлэх арга нь ном унших, бодлого бодох, чөлөөтэй сэтгэх, шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлэх, бусадтай бүтээлчээр мэтгэлцэх, тархи оюунаа ачаалж байх ёстой гэнэ ээ. Энэ бол зөвхөн даунтай гэлтгүй нас өндөр болж буй хүмүүст ч хамаатай бөлгөө. Үүнд урлагийн үүрэг асар өндөр байхаар юм билээ. Манай уран бүтээлч нар зөв ажиллаж чадвал хүний хөгжил төдийгүй нийгмийн хөгжлийн маш том хөдөлгүүр байж чадахаар юм билээ. 

Энэ туршилт амжилттай явагдаж байгаа хэдий ч хүний жинхэнэ тархи ашиглан давтан үр дүнгээ батлаж байж олон нийт эмчилгээний журмаар ашиглах боломжтой аж. Тиймээс тархины банк том асуудал болж байна. Ялангуяа даунтай хүмүүс, тэдний гэр бүл нас барахаасаа өмнө тархины донор болж шинжлэх ухаанд хувь нэмэр оруулна гээд гэрээсэлдэг болжээ. Гэсэн хэдий ч туршилтанд ашиглах хүний тархины дутагдал байсан хэвээр байна. Ирээдүйд тархины донор болох, бурхан болсны дараа тархиа хандивлах хүмүүс хэрэгтэй байгааг шууд хэлж байна. Ид шид, оньсого мэт хүний илүүдэл хромосом яаж үүсдэг, яагаад үүсдэг гэдгийг орчин цагийн шинжлэх ухаан тайлж тайлбарлаж чадаагүй л байна. Үүнийг дэлхийн улс орнууд энэ чиглэлийн судалгаанд хангалттай хөрөнгө оруулж, мөнгө зарцуулахгүй байгаатай холбон тайлбарлаж байна лээ. 

Өөрсдийгөө судлах судалгааны мөнгө зарцуулахгүй бол бид хэн гэдгээ хэзээ ч мэдэж чадахгүй ээ гээд толгой сэгсрээд байна билээ.

GENUS гээд нэрлэсэн энэ туршилтаар MIT-ийн эрдэмтэд ямар ч эм, тариа хэрэглэхгүйгээр алзхаймер, аутизм, даунтай хүмүүсийн оюуны чадвар, тархины үйл ажиллагааг сайжруулах боломжтой эмчилгээг 1-2 жилийн дараа нийтэд гаргахад бэлэн болж байгаагаа энэ хурлын үеэр нийтэд зарлалаа. Энэ бол үнэхээр гайхалтай мэдээ. Туршилтын энэ эмчилгээг энгийн үгээр тайлбарлавал, хүмүүст тархины мэдрэгчтай малгай өмсүүлж байгаад нам давтамжийн үелзэл дээр дуу авиаг тасралтгүй сонсгох, гэрлийн эффект ашиглан хүний нүдэнд цочроо өгөх замаар тархины нейрон, гамма долгион, мэдрэлийн тогтолцоонуудыг удирдах юм. Үр дүн гараад байна аа. Хулганууд дээр хийсэн туршилт амжилттай болсон. Энэ эрдэмтдийн хэлэлцүүлгийн дараа даунтай австрали залуу босч ирээд хулганы тархи дээр хийж амжилттай болсон туршилт чинь бид нар дээр амжилттай болно гэдэг баталгаа байгаа юм уу, хүн ба хулгана хоёр чинь шал өөр шүү дээ гээд үнэн боловч бодитой шүүмжлэлт асуулт асууж заалыг хөгжөөж орхив. 

Эрдэмтдийн үзүүлсэн хүний тархины тогтолцоо, цахилгаан дамжуулалт, мэдрэлийн бүтцийн нарийвчилсан зураглалыг харвал яг л орчлон ертөнц, галактикийн зураглалтай агаар нэг харагдаж байна билээ. Судлагдаагүй асар их зүйл байгаа, та бидний мэдэхгүй зөндөө боломжууд байгаа ажээ. Хүн төрөлхтөн бид хэн бэ, би яг юу билээ гэдэг асуултанд бүрэн дүүрэн хариулах хаа ч байсан юм байна гэсэн хувийн дүгнэлтэнд би лав хүрсэн. Энэ том судалгаа, сонирхолтой шинжлэх ухааны фактуудыг үзэж байгаад хааяа сошиал ороод монгол цус, монгол ген энэ тэр гэж ярьж бичиж байгаа улсуудыг харахаар хөх тэнгэр хөмрөх шиг болдог юм билээ. Нам, өндөр давтамжийн байгалийн дуу чимээ, хүн ба байгалийн органик зохицол, харилцаа шүтэлцээг хэрвээ бурхан гэж байдаг бол зүгээр нэг дизайн хийж урлаагүй ажээ. 

Гэснээс MIT-ийн хажууд байгуулагдсан Даун синдромын доорх төв буюу эрдэм шинжилгээний хүрээлэн дауны хам шинжийг ахисан түвшинд судлах бүхий л эрдэмтэн судлаач, эмч, инженерүүдэд нээлттэй байгаа бөгөөд бүр тэтгэлэг хүртэл өгдөг юм байна. Монголоос сонирхож байгаа хүмүүс нь заавал холбогдоорой. 

https://alana.mit.edu/

Энэхүү төвийн захирал бөгөөд тэргүүлэх зэрэглэлийн эрдэмтэнтэй би ярилцлага хийж байгаа бөгөөд удахгүй та бүхэнтэй хуваалцах болно оо. 

Дэлхийн дауны конгресс дээрх дараагийн чухал бас маш сонирхолтой илтгэлийг Күинсландын их сургуулийн био инженер ба нанотехнологийн институтийн судалгааны багийн ахлагч тавьлаа. Судалгааны ажилтай нь танилцах явц яг л матриц кино шиг санагдав. 

Өнөөдрийг хүртэл би даунтай хүний эс болгонд илүүдэл хромосом байдаг гэж ойлгож ирсэн. Гэтэл энэ эрдэмтэн даунтай хүний эс болгон илүүдэл хромосомгүй гэдгийг судалгаагаараа нотолжээ.

Илүү хромосомгүй энэ эсийг ашиглан лабораторийн түвшинд янз бүрийн туршилтуудыг хийж байна. Маш сонирхолтой! Товчхондоо генийн инженерчлэл, үүдэл эс ашиглаад дауны синдром үүсгэдэг илүүдэл хромосомыг идэвхгүй болгон унтраах бүрэн боломжтой болсон юм байна. Гэхдээ практик дээр хүний биед байгаа бүхий л 21-р хромосомыг онож идэвхгүй болгох нь техникийн хувьд асуудалтай аж. Багахан алдаа гаргаад энгийн хромосомыг идэвхгүй болгоод унтрааж орхивол тэрнээс эсэн юм болох эрсдэлтэй ажээ. 

Орчин цагийн шинжлэх ухаан, эрдэмтэд одоо хүртэл дауны хам шинж үүсгэдэг илүү хромосом юунаас болоод яаж бий болоод байгаагийн учрыг олоогүй л байна. Гэхдээ дээр дурдсан генийн томъёог сайтар хөгжүүлж чадвал 15-20 жилийн дараа илүүдэл хромосомыг ажиллагаагүй болгох боломжтой гэнэ. Гэхдээ нярай жаахан үеэс давсан, эсвэл ураг биш үед буюу нас биед хүрсэн хүн дээр энэ туршилтийг хийх нь эрсдэлтэй ажээ. Учир нь илүүдэл хромосомыг нь гэнэт “алга болговол” хүний биед ямар сөрөг өөрчлөлт гарахыг таашгүй юм байна. 

Энэ эрдэмтний баг генийн инженерчлэл дээр сүүлийн жилүүдэд багийн гишүүдтэйгээ хамт тасралтгүй ажиллаж, зүсэн бүрийн туршилт хийж байна. Нэмээд хажууд нь 2 робот 24 цагаар ажиллаж хүний тархийг шинээр ургуулж байна. Лабораторид ургуулж байгаа тархи юм мэдрэх үү гэж асуухад мэдрэнэ гэхдээ ёс суртахууны мэдрэмж, ухамсар хараахан сууж амжаагүй байгаа гэж авч байна даа өөдөөс. 

Эдгээрийн хажууд манай Монгол Улсын шинжлэх ухааны салбар хаахна хавьцаа яваа бол?