Исламын ертөнц ба Монголчууд
13-р зуунд Монголчууд Исламын шашныг байлдан дагуулж, Исламын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан. Монголчуудаас мусульман хүнтэй уулзан холбоо тогтоож, Исламын соёлтой танилцсан анхны хүн бол худалдаачин Хасантай уулзсан Эзэн Богд Чингис хаан гэж номын зохиогч А.Энхбат бичжээ.
Юуны өмнө “Исламын ертөнц ба Монголчууд” хэмээх гайхалтай сайхан ном гаргаж, оюуны өв бүтээсэн ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн сургууль, хамтран ажилласан МУИС-ийн эрдэмтэн судлаачид мэхийн ёслож байна. А.Энхбат танд маш их баярлалаа! Манай их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид яг ийм байдлаар олон олон ном бүтээл гаргаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
2022 оны байдлаар дэлхийн хүн амын 25,8% буюу 4 хүн тутмын нэг нь исламын шашин шүтдэг байв. Энэ тренд хэвээр үргэлжилбэл 2070 он гэхэд Исламчуудын тоо Христийн шашинтай хүмүүсийн тоотой эн тэнцэх ажээ. 13-р зуунд Монголчууд Исламын шашныг байлдан дагуулж, Исламын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан. Монголчуудаас мусульман хүнтэй уулзан холбоо тогтоож, Исламын соёлтой танилцсан анхны хүн бол худалдаачин Хасантай уулзсан Эзэн Богд Чингис хаан гэж номын зохиогч А.Энхбат бичжээ.
Улмаар монголчууд Хорезмыг байлдан дагуулж, Исламын ертөнцийг бүрэн эрхшээсний дараа “Аллах бурхнаас бидний гэм нүглийг гэсгээх гэж илгээгдсэн хүмүүс бол Монголчууд” гэдэг үзэл Исламын түүхчдийн дунд бий болжээ. Ираны дээд удирдагч Али Хамейни Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах үедээ зориуд баяр хүргэж
“Ил хаант улс байх үед монголчууд та нар бидний дайсан уулын өвгөд буюу исмайлитуудыг устган цэвэрлэж өгсөн. Монголчууд та нар Иранд одон орон судлалын төв, их сургууль байгуулж, тэр ч байтугай сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийг эмчлэх эмнэлэг барьж байсан. Өлзийт хаан Исламын шашны шийт урсгалыг Ираны төрийн шашин болгосон. Ийм учраас би өнөөдөр Исламын шашны шийт урсгалын тэргүүн болоод сууж байна. Мөн Монголчууд перс хэлийг дэмжиж, хааны ордны хэл болгоод Энэтхэг хүртэл тархаасан. Британийн эзэнт улс л үүнийг өөрчилж англи хэлийг ордны хэл болгосон юм”
гэж хэлсэн байдаг.
Түүнчлэн Исламын ертөнцөд Монголчуудын үлдээсэн нэг том нөлөө бол эмэгтэйчүүдийн эрх мэдэл, нийгэмд эзлэх байр суурьийг дээшлүүлсэн явдал гэж олон судлаачид үздэг. Энэ үйл явдал зөвхөн Иранаар хязгаарлагдахгүй бөгөөд Монголчуудын эрхшээлд байсан бүхий л Исламын газар нутагт эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурь хамаагүй сайжирсан байдгийг тэмдэглэжээ.
Номын зохиолчтой яг адил олон жилийн өмнө Туркэд анх удаа очоод исламын мөргөлийн дуу гудамжинд сонсож, сүмд нь орж үзээд энэ талаар улам ихийг мэдэх хүсэл оргилсон. Стамбул хотын тэр сүмд ороод Мухаммедийн "ургийн" мод Есүстэй нэг гэдгийг мэдээд гайхаж билээ. Исламын шашны тэр гайдад буддын шашныг шашин биш гэж томъёолсон байсныг ч тод санаж байна. Түүнээс хойш Исламын шашны тухай цэгцтэй ойлголт авахын тулд хэдэн ном шагайсан ч монгол хэлээр материал тун ховор байсан. Энэ ном яг л амны цангаа тайлах гэж буй мэт хэвлэгджээ.
Миний өмнө нь уншиж байсан эх сурвалжаар бол эрт дээр үед арабууд бидэнтэй адил тэнгэр, хурмас, оддыг шүтдэг байв. Тэдний шүтээн болсон тэнгэрээс унасан гэх чулуу Меккад байжээ. Энэ чулуундаа мөргөхийн тулд арабууд их цөлийг ажиггүй туулдаг байв. Энэ чулуун бунханг харж хамгаалдаг Абдуллагийн гэрт Мухамед төрсөн ажээ. Багадаа эцэг эхээ алдсан Мухамед өөрөөсөө хэд эгч бүсгүйд зарцлагдан, хожмоо түүнтэйгээ гэрлэн 6 хүүхэдтэй болов. Тэрбээр 2 ч удаа тэнгэрийн элч Гаврийлийг сэрүүндээ харсан гэдэг. Улмаар бурхны хүслийг хүмүүст түгээдэг зөнч болжээ. Бурхны номлолоо Меккагаас эхэлсэн ч түүнийг бурхны элч гэж хэн ч итгэсэнгүй. Бусад шашныхан түүнийг шинэ өрсөлдөгч гарч ирлээ хэмээн алахыг хүртэл завджээ. Тэгэх тусам мань эр дагалдагсаддаа бурхан хэрхэн өөрийгөө Авраам, Мосед таниулж, Есүсээр дамжуулан хүмүүст үгээ хүргэсэн, өөрийг нь яаж зөнчөөр сонгосон тухай эрчимтэй тайлбарлаж байв.
Хүн юунаас ч айж эмээх ёсгүй ч арабаар Аллах хэмээх цор ганц бурхнаас сүрдэх ёстой. Бурхны хүсэл зоригийг дагахыг арабаар ислам гэдэг бололтой. Түүний номлолыг хожмоо цаасан дээр буулгасан нь коран судар болжээ. Архи дарс хориглодог атлаа түүний диваажингийн төсөөлөл нь "гоё". Баянбүрд, амттай дарс, бүжиг, найр, мөнхийн рашаан, жимсний мод, амтлаг мах, хөөрхөн хүүхнүүд:) Ийм диваажинд л аваачина гэдэг "амлалтаар" халуун цөлд амьдардаг ядуу олны оюун санааг илбэдэн итгэл үнэмшлийг нь богино хугацаанд олж авсан гэж “A Little History of the World” номын зохиогч дүгнэсэн байдаг.
Улмаар Мухамед дагагч нараа ашиглан 1500 цэрэг хөлөглөн удирдаж өөрийг нь доромжилж хүлээн зөвшөөрөөгүй Меккаг эзэлсэн байна. Бүх сүм дуганыг эвдэн сөнөөснөөр Мухамедийн сүр хүч хүчийг авжээ. 632 онд таалал төгсөхөөсөө өмнө 40000 мөргөлчийн өмнө сургуулиа айлдаж, Аллахаас өөр бурхан үгүй, өөрөөс нь өөр зөнч үгүй, цор ганц бурханд нь үл итгэгчдийн эсрэг дайн үргэлжлэх ёстой, Меккагийн зүг хандаж өдөрт 5 удаа мөргөх ёстой, архи дарс үл хэрэглэ, зориг тэвчээртэй байхыг номложээ. Мухамедийг нас барснаас хойш исламын нөлөөгөөр нэгдэн хүчирхэгжсэн арабууд Палестин, Персийг эзлэн, улмаар Египет, төв Африк, Энэтхэг, Александр хот руу довтолжээ. Тэр бүү хэл Кипр, Итали, Испани руу дайрсан байдаг.
Бас нэлээд хэдэн жилийн өмнө Испанийн өмнөд хэсгийн Гранада хотод зочилж байхад европ дахь араб дайчдын эсрэг сүүлийн бэхлэлт бид байлаа. Үүнийг тухайн үед алдсан бол өдийд европ хэдийнэ исламын шашинтай тив болсон байх байсан гээд тур гайд огт эргэлзэлгүй тайлбарлаж билээ. Тухайн үед францыг эзлэн сууж байсан христийн шашинтай тариачин герман дайчид арабуудтай тулан байлдаж нутаг буцаасан түүхтэй юм байна. Энэ үйл явдал Мухамедийг тэнгэрт хальснаас яг 100 жилийн дараа болжээ. Тэд үргэлж зэрлэг дайчид байсангүй. Биет зүйлийг тахин шүтэхийг цээрлэдэг исламчууд персээс сурсан арга барилаараа гоёмсог хээ угалз, мозиак урлах болжээ. Аристотелийг араб хэл рүү орчуулж, олзны хятадуудаас цаас хийхийг сурч, тооны ухааныг энэтхэгчүүдээс сураад хими, физик, математик, одон орны шинжлэх ухааныг дараагийн төвшинд гаргасан. Мянга нэгэн шөнийн үлгэр одоо ч алдартай! Хэрвээ Монголын эзэнт гүрэн манай номын сангуудыг шатаагаагүй байсан бол бид баруунаас түрүүлээд цөмийн бөмбөг бүтээх байсан юм гэж арабчууд халагласан түүх бас байдаг. Энэ тухай Жак гуайн номонд бичсэн байдаг санаж байна.
Алтан Ордод хэвшүүлсэн исламын шашин нь Төв Азийг нэгтгэх хүч болсон. Ийм учраас нь монголчууд Евразийн эх газрын худалдаанд давамгайлж, улмаар 16-р зуун хүртэл Орос болон Төв Азийн хөгжлийн баримжааг тодорхойлсон. Энэ дунд Москва мэтийн жижиг суурин том хот болж хөгжиж чаджээ. Өнөөдөр олон түүхч Зүүн Ази, Ислам болон Славын ертөнц, Европ хэмээн хуваагдсан Евразийн эх газрын гол салбар системүүдийг эдийн засгийн нэг системд нэгтгэсэн Монгол Улс нь дэлхийн эзэнт гүрэн байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Монголын ноёрхол дор манай гарагийн алс холын бүс нутгууд хоорондоо гүнзгийн харилцаанд орж, наандаж 1200-аад оны дундаас 1300-аад оны дунд үе хүртэл бүтэн зууны турш эдгээр улс эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн нийтлэг сүлжээнд холбогдсон байв. Хүмүүс тэмээн жингээр Италиас Хятад хүртэл анх удаа аюул осолгүй зорчдог болсон.
Урьд хожид үзэгдээгүй худалдааны энэхүү цэцэглэлтийг түүхчид PAX MONGOLICA БУЮУ "МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН" хэмээн нэрлэх болжээ.
Эдгээрийг батлах олон баримт Венец, Генуя, Ром, Вена, Симферополь, Варшав, Истанбулд хадгалагдаж байна гэж “Алтан Орд” номны зохиолч Мари Фавэру бас онцлон тэмдэглэсэн байдаг.
Цаашлаад тэрбээр 1260-аад онд Зүчи хааны эрхтэн дархтнууд, шийдвэр гаргаж, бодлого тодорхойлогчид итгэл үнэмшил дутсандаа биш харин Исламын ертөнцтэй ойртож, худалдааны найдвартай түнш нь болохын тулд, улс төр, бизнесийн зорилгоор энэ шашинд олноор орцгоож байсан сонирхолтой түүхийг энэ бүсгүй номондоо бичжээ. Түүнчлэн яг энэ үеүдэд Оросын ортодоксууд хүчээ авч, сэргэн мандлынхаа орой дээр гарсан түүхтэй аж. Оросын загалмайн шашныхан Монголын эзэнт гүрнийг ард иргэддээ хүлээн зөвшөөрүүлэх үүрэг хүлээж, хариуд нь шашин сүмдээ үнэмлэхүй эрх мэдэл, санхүүгийн эрх чөлөөг авч чадсан гэдэг.
Бас хэдэн жилийн өмнө Доха хотод байх Исламын урлагийн музэйг үзэж байхад худалч хүнд бараг нийт үзмэрийг 30% нь Монголтой холбоотой зүйлс байсан. Монгол дээл хүртэл тэнд дэлгээстэй байгаа. Энэ постонд тэр музэйн Монголтой холбоотой хэдэн зургийг орууллаа.
Үнэхээр гайхалтай. Катарын Доха хотод орших Исламын урлагийн музейн нийт үзмэрийн бараг 1/3 нь Монголын эзэнт гүрэн ба үргэлжлэлтэй нь ямар нэг холбоотой байна. Орж үзээд бараг цаг хугацаагаар аялах шиг болов. Монгол дээл мээл ч байх шиг:) Өвөг дээдэс маань ойрхи дорнод, африк, европ тивийг дамнасан исламын шашны түүхийг бичилцжээ.
Монголын эзэнт гүрнээс өмнө энэ бүс нутагт шинжлэх ухаан тасарсан байжээ. Хүний анатоми, дизайн урлагаас гадна дэлхий ертөнц, сансар огторгуйг нэлээд барагцаатай судалж байжээ. Манай номын санг Монголчууд галдан шатаагаагүй байсан бол бид барууны ертөнцөөс өмнө цөмийн бөмбөгтэй болох байсан юм гэж ярьдаг юм байна. Исламын урлагт Төмөр хааны стиль хэв маяг гэж байдаг юм байна шүү! Могул, Бабур гээд л цаашаа явж өгч байна. Хэдэн зуун жилийн өмнө амьдарч байсан атлаа ямар уран чамин, мундаг эстетик мэдрэмжтэй хүмүүс байсан юм бэ дээ! Эдгээр үзмэрүүд 8-19-р зууныг дамнах агуу өвүүд юм.
Энэ гайхалтай музейд зочилсон постыг ЭНД дарж үзээрэй. Мөн миний хамгийн анх очиж үзсэн исламын шашинтай улс болох Катарт зочилсон аяны тэмдэглэлтэй ЭНЭ холбоосоор орж танилцаарай.
Исламын шашны орчин цагийн нөлөө, Монголтой холбогдох сэжмийг сонирхоё гэвэл 1993 оноос Монголтой холбогдсон профессор, судлаач Икэда Норихикогийн бичсэн “Евразийн том тоглоомын 150 жил: Алслагдсан Улсын Геополитик. Монгол - Япон” номыг давхар уншихыг зөвлөж байна.
Энэ номны зохиогчийн бодлоор Америк, Хятад гэсэн хоёр супер гүрэн дэлхийг удирдахаар тэмцэлдэж байх зуур исламын шашныг ашиглан хятадчилагдаагүй үлдсэн Монгол ба Япон улсууд Евроазийн гол тоглогч болж, улмаар энэ бүс нутагт буй 3 тэрбум хүний амьдралд шууд нөлөөлөх боломжтой аж. Барууны ертөнцийн биеэ тоосон байдал, хэт хувиа хичээсэн байдал Исламын ертөнцийг бэхжүүлжээ. Ислам баруунаас хальж Африк, Азийн асуудалд оролцоод эхэлсэн ч барууныхан хянаж харьцаж чадахаа улам бүр больж байна. ШХАБ исламын ертөнцийг хүчирхэг болгохгүйн төлөө үүсч ажиллаж байна гэж бичжээ. Орос, Хятад, барууны хяналтад ороогүй цорын ганц хүч болж ислам үлджээ. Энэ төвөгтэй ертөнцөд орших даяаршилын монгол жор юу вэ? Тэр нь Pax Mongolica мөн үү?
Эцэст нь энэ гоё номыг уншихдаа Жак гуай, Мари, Норико, Гомбрихийн 4 номыг зэрэгцүүлж уншвал Монголын эзэнт гүрний цаг хугацаагаар аялсан мэт гайхалтай мэдрэмжийг авна шүү. Эдгээр номны зургийг орууллаа.
Ойрхи Дорнод, Хойд Африк, тэр дундаа Иран, Ирак руу заавал явж үзмээр байна аа. Тэндээс Монголтой холбоотой гайхалтай гоё эх сурвалжууд олноороо олдоно доо. Цуг явах хүмүүс байна уу?
Цээгий