Монголбанк долларын интервенц хийж болохгүй юу
Монголын төрд хямралыг эмнэх жор алга. Долларын ханш цагаар хувьсан чангарч, үндэсний монгол төгрөг үнэгүйдэж байна.
Олон нийтэд ил харагдаж байгаагаар бол Засгийн газар, Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооныхон долларын ханшийг барих гэж валютын хар зах, тэнд зогсч амьдралаа залгуулдаг хэдэн ченжтэй л үзэлцээд байх юм. Ченжүүдийг байцаалаа, ченжийн захыг шалгаж үйл ажиллагааг нь хаалаа л гэнэ. Төрийн сүрийг үзүүлсэн ийм хүчирхийллээс эдийн засгийн тогтвортой үр дүн гарахгүй. Тэгээд ч долларын өсөлтийн ганц буруутан нь валютын ченжүүд биш шүү дээ. Хэрвээ зөвхөн ченжүүд буруутай гэвэл Монголыг эдийн засгийн хувьд тусгаар тогтносон, мөнгөний бодлогыг нь хэрэгжүүлдэг хараат бус Төв банктай улс гэхэд эргэлзэхэд хүрнэ. Долларын ханшийг хөөрөгдөхөд арилжааны банкууд ч хувь нэмэр оруулж байгаа. Арилжааны банкууд доллар зарахгүйн дээр өөрсдийн явуулын ченжүүдээ “Найман шарга” дээр ажиллуулж, доллар нөөцлөн зохиомол хомсдол үүсгэж байна. Ногоон долларын ханшийг сулруулж, монгол төгрөгийг чангаруулах тал дээр арилжааны банкууд зөвхөн өөрсдийн бизнесийн ашгийг бодож банк биш, ченжийн үүргийг гүйцэтгэж байна. Иймд төр төмөр нүүрээ зөвхөн валютын хэдэн ченжид бус, долларын ханшийг өсгөөд байгаа нийт эдийн засагт нь үзүүлмээр байна. Жишээ нь, Төв банкнаас ам.долларын интервенц хийж болмоор санагдах юм. Монголбанк гадаад валютын нөөцөөсөө арилжааны банкуудад зузаатгал хийж, арилжааны банкуудын доллар зарах ханшийн дээд хязгаарыг ченжийн захынхаас доогуур тогтоож өгч болох юм. Ингэснээр иргэд долларыг ченжийн захаас авахгүй. Аль хямдаар зарж байгаа арилжааны банкийг сонгоно. Долларын интервенцийн энэ аргыг гадаадын улс орнуудын Төв банкнаас хэрэгжүүлдэг. Манай улсын хувьд яг ам.доллараар интервенц хийж байсан үгүйг сайн мэдэхгүй юм. Харин хаврын хаварт мах магнаг болох үеэр нөөцийн мах гарган интервенц хийж байсан туршлага бол бий. Энгийн үгээр тайлбарлахад доллар, мах хоёр өөр ч, интервенц хийх арга нь адилхан, ханшийг тогтвортой барих л нэг зорилготой. Ер нь хэдхэн ченж хомсдол үүсгэж чадаж байхад бүхэл бүтэн төр байна даа, интервенц хийгээд илүүдэл үүсгэж болмоор л юм. Тийм боломж, гадаад валютын нөөц нь байдаггүй юм болов уу.
Үндэсний статистикийн төв газраас өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдээллээр цагтаа нэг тэрбум ам.долларт хүрч байсан манай улсын гадаад валютын нөөц дундарч, 600-гаад сая ам.доллар болжээ. Энэ нь манай улсын найман долоо хоногийн нөөц юм байна.
Долларын ханшийн өсөлтөд зарим мэргэжилтэн валютын ченжүүдийг буруутгаж байгаа бол, ченжүүдийн зүгээс эрэлт, нийлүүлэлт бүхий зах зээлийн хууль ярьж байгаа. Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт бол төгрөг. Тийм учраас Монгол Улсын нутаг дэвсгэрт хийж байгаа бүх төрлийн гүйлгээ, тооцоо татварыг төгрөгөөр гүйцэтгэх хууль үйлчлэх ёстой. Төгрөгөөр үйлчилгээ үзүүлэх хуулийн хэрэгжүүлэхдээ жинхэнэ төрийн сүрийг үзүүлбэл ам.доллар тойрсон эрэлт ямар нэгэн хэмжээгээр хумигдана. Долларын интервенц хийж, зэрэгцээд Монгол Улсад ямар ч гүйлгээ, төлбөр тооцоог ам.доллараар хийхийг хатуу хориглож, түүнийгээ хатуу хянасан хос бодлогын үр дүнд үндэсний валют болох төгрөгийн ханш чангарах боломжтой юм.
Парламент намрын чуулганаа ямаанд 30 тэрбум төгрөг хуваарилж эхэлсэн. Энэ мөнгө ямаандаа ч, ямаачиндаа ч очихгүй байгааг хэвлэлүүд шүүмжилдэг. Чуулганы явцын дунд махны нөөц бэлтгэх зорилгоор 37.5 тэрбум төгрөгийг өвөл дуусах гэж байхад баталлаа. Монголчууд хавар мах бэлтгэдэггүй. Зун малаа таргалуулдаг болохоос нядалдаггүй. Цаг хугацааны хувьд хожимдсон энэ шийдвэрээр хэзээ идэх махыг, хэзээ бэлтгэх гээд байгааг хэн ч ойлгосонгүй. УИХ-ын өнгөрсөн баасан гаригт шөнө хагаслан хуралдаж намрын чуулганаа хаахдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг баталжээ. Сонгуулийн энэ удаагийн циклийн төгсгөл болох төрийн тэргүүний сонгуулийг дөрвөн тэрбум төгрөгт багтаан зохион байгуулахаар болов. Гэтэл 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нийт зардал 600 сая төгрөгт багтаж байжээ. 2008 оны УИХ-ын сонгуулийн зардлын гүйцэтгэл 5.5 тэрбум төгрөг болсон байх юм. Хямрал улам гүнзгийрнэ гэж зарим эдийн засагчийн анхааруулж байгаа хавар бид дөрвөн тэрбумаар сонгуульдах нь.
Энэ бүхэн нь авч хэрэгжүүлэх ёстой төрийн бодлого, төсөвлөх ёстой зардал мөн байх л даа. Гэхдээ хямралын үед бол хэтэрхий тансаглал юм. Тансаглалаас танаж монгол төгрөгөө үнэгүйдлээс хамгаалах, валютын ханшийг сулруулахад ашигласан бол илүү олон хүний эрх ашгийг хамгаалах байлаа.