Дайтсан шалтгаан нь тодорхойгүй Халхын голын «дайн»
Яг жилийн дараа 80 жилийнх нь ойг тэмдэглэх гэж буй энэ "дайн" (анхлан "байлдаан" гэж даруухан нэрлэсэн юмсанж) хоёр системийн үзэл суртлын дайнд мөн ч их нэмэр болж, 5 жил тутамд гайгүй сайн сурталчлагдан явсан цаг уг нь 28 жилийн өмнө өнгөрсөн л дөө.
Харин бид сэтгэхүйгээ гээдэггүй ээ. Ядаж Монгол-Японы өнөөгийн харилцааны уур амьсгалтай хослуулах талаар ч бодож сэтгэсэн нь бага. Дайтах тодорхой шалтгаан байгаагүй гэж хэлж буй нь тэр үеийн СССР ба Японы харилцааны онцлогоос үүдсэн болов уу. Лав тэр үеийн БНМАУ-ыг эзлэн авч, Монголын ардын хувьсгалын ололтыг устгаад, монголчуудыг боолчлоно гэх зорилго Японы тал өмнөө тавиагүй нь түүхнээ ил болсон.
Японы түүх судлалд ノモンハン事件 буюу Номун-хан зикэн [Номунханы хэрэг явдал] гэж бичсэн байх ба тэр байр сууриа өнөө хүртэл хадгалж ирсэн. Чухамдаа юу болсныг нь лавлавал 1939 оны 5 дугаар сараас 9 дүгээр сарын дунд үе буюу нийт 4 сарын турш 3-4 ширүүн тулалдаан өрнүүлсэн орон нутгийн нэгэн мөргөлдөөн болж өнгөрчээ.
Монголын ардын хувьсгалт цэргийн оролцоо төдийлөн байгаагүй гэх төсөөлөл эдүгээ түүх судлалд түгээмэл бичигдэх аж. Зөвлөлтийн ажилчин-тариачны улаан арми (РККА), Зөвлөлт-Монголын морьт механикжуулсан групп гэсэн хоёр тусдаа цэргийн нэгтгэл Японы 6 дугаар арми, түүний 23-р дивизтэй Монгол-Манжийн хилийн районд Номун-Хан, Бүрд-Овоо хавьд тулалдсан гэх мэдээлэл википедиа дээр бичээтэй байна.
Ялсан ялагдсан нь сүүлдээ будлиантай асуудал болсон мэт. Учир нь байлдааны гал зогсоож, хилийн шугам тогтоохдоо тэр үеийн БНМАУ-ыг оролцуулалгүйгээр, бараг мэдэгдэлгүйгээр хоёр тал Москвад шийдвэрлэжээ. Москва, Токиод тус тусын Элчин сайдын яамдаа ажиллуулж, хоёр улсын харилцаа хэвийн явагдаж байсан нөхцөлд Монголын нутаг дэвсгэрт нүдэлдсэн нь учир шалтгааны логикоор сэтгэвэл хариулт олж хэлэхэд тун амаргүй.
Ямар ч атугай 1904-1905 оны Орос-Японы анхдугаар дайны дараахи хоёрдахь (1938 оны Хасаннуурыг тооцвол гуравдахь нь) том тулалдаан нь Халхын голд явагджээ. Шалтгааныг нь хөөж үзвээс Японы тал 1907 оны тохиролцоогоо хөсөрдүүлснээс үүдсэн болох нь олон улсын харилцааны түүхчдийн өнцгөөс нотлогдон буй. 1907.07.17-нд(шинэ тооллоор бол 30-ны өдөр) Петербург хотноо Оросын Гадаад хэргийн сайд А.П.Извольский, Японы Элч төлөөлөгч И.Мотоно нар Улс төрийн ерөнхий асуудлаархи Орос-Японы хэлэлцээр-т гарын үсэг зуржээ.
Хэлэлцээр ил ба нууц гэсэн хоёр хэсэгтэй. Хагас жил уйгагүй хэлэлцсэний дүнд хоёр тал Орос нь Умард Манжуур, Монгол дахь ашиг сонирхлоо баталгаажуулж, харин Япон нь Алс Дорнод дахь (Сахалин өмнөд хэсэг, арлууд, Солонгос, Хятадын зарим нутаг гэх мэт) байр сууриа өргөжүүлжээ. Хэлэлцээрийн ил хэсэгт хоёр тал нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа харилцан хүндэтгэнэ, байгуулсан гэрээнүүдээр тохиролцсон эрхийг нь харилцан хүндэтгэнэ. Хятадын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрнө гэх мэт заалтууд буй.
Харин хэлэлцээрийн нууц хэсэгт Манжуурыг оросын ба японы нөлөөний хүрээний бүс хэмээн хоёр хуваасан, хооронд нь хилийн шугам тогтоосон, Оросын бүс дэх концесст Япон халдахгүй, Орос мөн хариуд нь Японы концесст халдахгүй үүрэг хүлээх, Япон-Солонгосын харилцаанд Орос хөндлөнгөөс оролцохгүй байх, Япон нь Гадаад Монгол дахь Оросын тусгай (онцгой) ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрч, түүнд нь хөндлөнгөөс оролцохгүй байх, хор хохирол учруулахгүй байх гэх мэтээр хатуу зааж өгчээ.
1938 онд Зөвлөлтийн Алс Дорнодын Хасаннуурт, 1939 онд Монголын дорнод хязгаарын Халхын голд СССР ба Япон хоёр удаа зэвсэгт мөргөлдөөн өдөөсөн нь 1907 оны тэрхүү тохиролцоогоо Япон зөрчиж, Манжуураас Оросыг шахаж гаргасан, Манжуурыг дангаар эзэгнэх болсонтой холбож тайлбарласан ном бүтээл бишгүйдээ буйг тэмдэглээд энэ хүргээд тайлбар үгсээ жаргаая. Уншигчид минь өөрсдөө ухаж, эрж мэрж, мөшгиж, олж уншаарай!