Эрдэмт Элчин сайд – Дүгэрсүрэнгийн Эрдэмбилэг
Дараагийн тусгай дугаараа “Эрдэмт Элчин сайд” хэмээн тодотгоод Д.Эрдэмбилэг хэмээх буянтай бууралд зориулахаар шийдлээ.
“Төрийн захиргаа” сэтгүүлийн 2018 оны эхний тусгай хоёр дугаарт эх оронч дипломатч С.Аварзэдийн тухай “Хугараагүй ноён нуруу”, хэлмэгдлийн хар шуурганд уруудсан Сайд Н.Лхамсүрэнгийн тухай “Нугараагүй ноён нуруу” гэсэн панфлет бүтээл маань хэвлэгдсэн. Дараагийн тусгай дугаараа “Эрдэмт Элчин сайд” хэмээн тодотгоод Д.Эрдэмбилэг хэмээх буянтай бууралд зориулахаар шийдлээ. Сэтгүүлд бичсэнээсээ хэсэгчлэн сонирхуулъя.
Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт Хасбаатарын Мэргэн гэж миний залуу цагийн найз, уран бүтээлч нөхөр маань “Улиран одсон он жил” номд өмнөх үг бичсэнийг би бараг тэр чигээр нь энд буулгахаар шийдэж байна. Өөрийн гэх тайлбараа ийнхүү нэмлээ.
Миний л мэдэхээр Д.Эрдэмбилэг гуай бол өмнөх нийгмийн хэцүү бэрх, чанд цаг үед “зовхи нь өөдөө”, билэг танхай төрж, тэр зан чанараа ч үл алдан, түүндээ үнэнч, дээр нь эрдэм номтой, хэний ч дор орохгүй, хортой шартай, бас тэгэх мөртлөө хэвлүүхэн, чухам л эр хүн шиг нэгэн байсан болов уу. Тийм л дурсамж надад үлджээ. Тэрээр намайг “Улятайхүүгийн хүү” гэж дуудна. Учир нь миний ээж олон жил төрийн ёслолын фото зурагчин явж, тэр үеийн дарга, сайд, дипломатч, нэр төртэй бүхэнд нэгэнтээ танигдсан,хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн байсан тул би ч ээжийнхээ нэрээр мөн ч олон хүнд танил, дотно болсон хүн дээ.
1990-ээд оны эхээр, анх МУИС-д Олон улсын харилцааны дээд сургууль (ОУХДС) байгуулагдаад тун удаагүй байхад би тэнд мэргэжлийн хичээл заах анхны орон тооны багшаар очоод удаагүй байсан цаг. Дипломат албаны нэрт зүтгэлтэн М.Дүгэрсүрэн гэх эрхэмтэй нэг баг болж нэг тэнхимд суудаг байв. Олон улсын харилцааны мэргэжлийн олон хичээл заах багш хүрэлцэхүй, манай сургуулийн захирал Ж.Баясах маань тал тал тийшээ хандаж, голдуу ахмад дипломатчдыг эрэлхийлж тэднийг татан авахаар хөөцөлдөөд үр дүн муутайхан. Тэгж тэгж нэг өдөр Д.Эрдэмбилэг гуайг олоод ирэв ээ. Сургуулиа танилцуулаад л, яриа хөөрөө өрнөлөө. Зөвлөлтийн МГИМО-г (Москвагийн ОУХДС) орлохоор шинэ сургууль байгуулагдаж гадаад албаныүндэсний боловсон хүчнээ бэлтгэх болж байгаад номын баатар маань нэн сэтгэл хангалуун, багшлах, зөвлөх, туслах юм болоод явчихлаа. Баясах маань яриан дундаа Дүгэрсүрэн гуай ирээд ажиллаж байгаа, тэнхим байгуулагдсан, хойно Дипломатын академи дөнгөж төгсгөсөн Баярхүүгээ аваад байгаа гэж ярьж эхэлтэл Эрдэмбилэг гуай гэнэт яриаг нь таслаж “Өө, Дүгэрсүрэн энд байгаа юм уу, тэгвэл би ажиллахгүй ээ” гэж хэлчихээд, тэр яриа тэгсгээд өндөрлөж мань хүн гараад явчихаж билээ.
Д.Эрдэмбилэг гуайтай анх танилцсан мөчөө би ийн дурсаж байна. 1996 онд би ГХЯ-ны Нэгдсэн бодлогын газарт улс төрийн асуудал хариуцсан захирлаар очоод байх үед шинэ Засгийн газрын гадаад бодлогыг ахмад дипломатчдад таниулах уулзалт зохиогддог юм байна. Ахмадын зөвлөлийн дарга нь Эрдэмбилэг гуай байсан шиг санагдана. Тэр үед бид хоёр хэд хэдэн удаа уулзаж ярилцаж хөөрөлдөж байснаа эргэж дурсмаар байна. Түс тас яриатай, шууд хариулт нэхдэг, бас их дайчин, нээлттэй, залуу сэтгэлгээтэй Эрдэмбилэг л нүднээ бууж байна.
ГХЯ-д ажиллаж байхдаа Дүгэрсүрэн, Эрдэмбилэг гэж “учиртай хоёр толгой”-н тухай аман хууч, шог яриа, онигоо бишгүйдээ нэг сонсож явлаа. Тэр бүгдийг энд буулгалтай биш.ГЯЯ-ны сайд дарга нар улсын наадамд барилдах болоод ам угтуул авч байна гэнээ. ГЯЯ-ны орлогч сайд Д.Эрдэмбилэг ам угтуулаа авахдаа “Би зөвхөн Дүгэрсүрэнг л авна, өөр хүнтэй барилдахгүй” гэж зүтгэж гэнэ гээд л ахмад нөхөд шоглон ярихыг олонтаа сонссон доо.
Д.Эрдэмбилэг гуайг энд яагаад онцлох ёстойгоо хэдэн үгээр хэлхэе:
- Дипломат албанд цэл залуугаараа, тэгэх тэгэхдээ МГИМО гэх алдарт сургуулийг нь дүүргээд алба хашаагүй л бол хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг адтай, хүндхэн даваа байдгийг би бие махбодиороо мэдэрсэн, одоо ч мэдэрч яваагийн хувьдД.Эрдэмбилэг гуайг энд хэргээр онцолсон болно.
- Тэрээр сэтгүүл зүйн салбараас тухайн үеийн ГЯЯ-ны өндөрлөгт хүрсэн хоёрхон сэтгүүлчийн (эхнийх нь ГЯЯ-ны сайд асан Л.Тойв) нэг юм. Хожим ардчиллын үед Н.Туяа гэж хатагтай бас энэ албыг хашсан.
- Д.Эрдэмбилэг гуай МУИС-ийн монгол хэл-уран зохиолын анги дүүргэсэн. Дээд мэргэжил хэт хавтгайрсан өнөө цагт бол тэрээр жирийн л нэг монгол хэл-уран зохиолын багш баймаар. Хэрэв түүнийг ардыг гэгээрүүлэх салбарт хуваарилчихсан бол багшаа хийгээд, сайндаа дунд сургуулийн захирал болоод явчих байсан биз.
- Гэтэл орос хэлийг тэгтлээ нэвт, сайн сураад, сэтгүүл зүйн салбарт цэл залуугаараагялалзаад (сэтгүүл зүйн ганц ч хичээл заалгаагүй), хэдхэн жилийн дотор Зөвлөлтөд аспирантурыг дүүргэж эрдмийн зэрэг хамгаалсныг нь би бүр олзуурхаад байгаа юм.
- Тэгээд дээр үеийн өндөр шаардлагыг өлхөн хангаад, тэр үеийн ГЯЯ-ны өндөр босгыг даваад, тэр ч бүү хэл удирдах албанд очсон зэрэг нь түүний төрөлхийн хурц ухаан, дээр нь олж авсан мэдлэг чадвар, өөрийгөө авч явах соёлыг нь илтгэх мэт.
“Тийм аймгийн, тийм сумын, тийм газар малчин ард тэрний хүү болж төржээ” гэх улигт намтрын товчоог сөрж тэрээр “Хан богд уулын ар бие, Хатан Туул голын хойд эрэг хавьд миний бие бага насаа өнгөрүүлсэн юм аа. Аварга Ази тивийн зүрхэн талд оршдог Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвөөс холгүй хуучин Төв больницын төрөх тасагт Цэрэндоржийн Сэжидмаагийн ууган хөвгүүн болж төрөв өө” гээд ахмад насны коммунист хүн биччихсэн байна гэдэг тухайн цагийн шалгуураар (социализмын үеийн) бол байж боломгүй ч юм шиг.
Эрдэмбилэг гуай Улаанбаатарт төрж, өсвөр насаа Москва хотод өнгөрөөсөн гээд ярьвал энэ айлын намтар бүр ч сонирхолтой. Аав нь тэнд Геологи хайгуулын дээд сургуульд суралцаж байхдаа гэр бүлээ аваачиж, нэг үгэндээ номын баатрыг маань ертөнцтэй танилцуулжээ.
Номын баатар маань нийслэлийн 1-р дунд сургуульд 1942 оны намар элсэн орж МУИС-ийн бэлтгэл ангид элсэх хүртлээ суралцжээ. Түүний “Улиран одсон он жил” номд тэр үеийн төрөлх сургуулийн маань (зохиогч миний суралцсан сургууль) тухай хэрэгтэй баримт сэлт бишгүй нэг байна. “Манай багш нар Монгол Улсад нэр алдартай, олон мянган сурагч, шавь нартай, хожим нь Монгол Улсын гавъяат багш нар болсон хүмүүс ч буй” гэж бичсэн ганц өгүүлбэр эшлээд цаашаа би хуулбарлахгүй.
Харин энд зориуд тэмдэглэх мөрүүд бий. Номын баатар Эрдэмбилэг нь хэрэв өөрөө тэр чигээрээ зүтгэсэн бол хожмоо нэртэй уран зураач болчих байжээ. Бага наснаасаа зураг зурах дуртай, 1-р дунд сургуульд суралцаж байх үед нь тэр сонирхол нь улам лавширч, зургийн багш хожмын ардын зураач О.Цэвэгжав, урлагийн гавъяат зүтгэлтэн Доржпалам нарт шавиар орж, зураг урлалын бүлгэмд давхар суралцаж, тэгснээрээ Эрдэмбилэг хөвгүүн Монголын дүрслэх урлагийн орчин үеийн хөгжлийн эхлэлийг тавилцсан гавьяатны нэг болжээ.
Өөрөө дурсан бичиж байна: Зурах авъяас нь тодорсон залуучуудыг өөр нэгэн бүлэг болгож оройн цагаар хичээллэдэг байв. Манай бүлэгт суралцаж байсан, дараа нь нэртэй сайн зураач болсон Балдандорж, Чогсом, О.Мягмар, Д.Абмад зэрэг олон нөхдийг нэрлэж болно. Нөгөө нэг бүлэгт Л.Гаваа, Г.Одон, Н.Чүлтэм, Намхайцэрэн, Доржпалам зэрэг тэр үедээ залуу нөхөд суралцаж байсан бөгөөд тэд хожим нь Зөвлөлтөд Суриковын нэрэмжит дүрслэх урлагийн дээд сургууль болон бусад газар идэвхийлэн суралцаж, манай улсын ардын зураач, урлагийн гавъяат зүтгэлтэнүүд, төрийн соёрхолт хүмүүс болсон юм. Бидний багш ардын зураач О.Цэвэгжав, Д.Чойдог, Ч.Ядамсүрэн нар монгол үндэсний дүрслэх урлагийг хөгжүүлэхэд их гавъяа байгуулсан ахмад нөхөд мөн гэжээ.
“Зургийн сургуулийн залуучууд бид аль нэгэн яам газрын захиалгаар нам-улс төрийн сэдэвт янз бүрийн зураг, хөрөг, плакат зурж багагүй шан хүртдэг байсан юм. Ялангуяа Сангийн яам, Улсын банк, Аж үйлдвэр, худалдааны яамдын гадна чимэглэлийг зурахад нэлээд мөнгө өгдөг байсан. Миний бие Улсын их сургуульд орсныхоо дараа хэдэн жил сургуулийнхаа болон бусад газарт “халтур” хийж олсон мөнгөөрөө костюм, савхин дээл, унадаг дугуй, гутал хувцас худалдан авч ар гэрийнхэндээ бас хэдэн мөнгө өгч тусалдаг байж билээ. Гэвч зураг зурж ходоодоо тэжээх амьдралын зам миний хувьд зурайж харагдсангүй” хэмээн өөрөө дурсан бичжээ. Түүний зураач болох хүсэл ингээд алга болсон юм биш. Тус сэтгүүлд тавьж буй энэ олон гар зураг бол хожим өөрөө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохдоо хурлын үед зурсан бүтээлүүд нь.