«Эх оронч гол»
Халхын голыг манай хилчид ингэж нэрлэж, хэлж, ярьж хэвшсэнийг саяхан олж мэдлээ.
Халхын голыг манай хилчид ингэж нэрлэж, хэлж, ярьж хэвшсэнийг саяхан олж мэдлээ. Хилийн гаднаас эх орон руу маань цутган орж ирдэг, гадагшладаггүй (бусад ихэнхи том гол мөрөн хил даваад их далай руу цутгадаг) учраас тэгж нэрлэж, түүндээ сэтгэл өег явдаг нь мадаггүй. Монгол хүн бүр үүнийг мэдүүштэй.
Тэр голынхоо эх ундрагыг олж үзэж омогших сэтгэлдээ хөтлөгдсөн бидний хэсэг нөхөд өмнөд хөршийн зүүн хойд буйд нутгийг зорилоо.
Эхлээд бид агаарын хүлгээр Манжуурыг зорилоо. Тэндээсээ газраар Рашаан хэмээх жижиг хот руу хүрлээ. Өвөр Монголын Хянган аймгийн зах хязгаарын мод бэлтгэлийн буйд нутаг байсныг тохижуулж өөрчлөөд хятад гэх “үнэр” ч байхгүй болтол нь соёлжуулж европжуулаад дотоодын аялал жуулчлал гэдгийг өмнөд хөрш маань арай хэтэртэл нь хөгжүүлчихжээ. Бид үлгэр авмаар юм.
Халхын гол маань хэзээ ч ширгэхгүй, дундрахгүй юм байна. Байгалийн онгон төрхөө хадгалан үеийн үедээ урссаар, биднийгээ баярлуулсаар байх юм байна гэх сэтгэгдэл бидэнд өөрийнх эрхгүй төрлөө.
Учир нь тэр хавьд үйлдвэр, уурхай, мод бэлтгэлийн аж ахуй, бүр айл хунар, мал, хадлан тэжээл, өвөлжөө хаваржаа нэг ч байхгүй, бараг байгаагүй бололтой юм ярилаа. Тийм яриа сонссон бид ч сэтгэл уужран, сэтгэл огшлоо.
Голын эх авдаг газар хүртэл аяллаа. Гэхдээ ой дундуур туучиж, ус гаталж, амьсгаадаж аахилсангүй. Америкийн үндэсний паркууд шиг явган хүн явах модон гүүрэн зам хэдэн арван километр тавьжээ. Модон тавцан зогсоол, амрах цэг олныг байгуулжээ. Ердөө алхаад амраад байгалийн сайхныг амтлаад, үзэж хараад, таашаал аваад, зураг татуулаад байх нь тэр дээ.
Ингэхэд Wikipedia-гаас Халхын голоо хайя. Ингэж бичжээ. Энэ гол маань 233 км урт, эзлэх талбай нь 17 000 хавтгай дөрвөлжин км, секундэд 25 метр ус урсгадаг, өргөн нь дунджаар 25-30 метр, зарим хэсэгтээ 70 метр, гүн нь хагас метрээс 3.5 метр гэжээ.
Халхын гол Хянганы их нурууны баруун хэсгээс эх авдаг. Бороо, цасны усаар сэлбэгддэг. Арваннэгдүгээр сараас 4 дүгээр сарын дунд хүртэл хөлддөг, хөвд хад чулуун доогуур урссан олон ундрага нь уулын уруу газар очиж нийлэн том жижиг хүрхрээ үүсгэн их гол болдог аж.
Гол хаашаа цутгадаг вэ? Хоёр тийшээ салбарлана. Зүүн салаа нь явсаар Буйр нуурт, баруун салаа нь Орчун гол руу цутгаад тэндээсээ Буйр нуур, Далай нуур хүрдэг.
Энэ гол маань дэлхийд нэрээ дуурсгасан нь 1939 оны Халхын голын байлдаанаар гэнэ. Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан групп, Улаан арми хамтран 1939 оны зун Япон-Манжийн цэрэгтэй тулалдсан тэр өдрүүдээр энэ голын маань нэр дэлхийд цууриатжээ.
Харин одоо цагт Хятадын дотоодын аялал жуулчлал Халхын голыг жинхэнэ алдаршуулж байна. Хятадын өмнөд нутгийн жуулчид зуны ид халуунаар Рашаан хотыг түм бумаараа зорьж, Рашаан хот мөнгө цаас гэдгийг эргэлдүүлж, орлого ч чамгүй олж, нийтээрээ цэнгэн жаргаж байгаа хур туршлагаас суралцахад илүүдэхгүй мэт санагдлаа.
Наанаас нь зуны ид халуунд, наадмаар дорныг зорих монгол жуулчиддаа зориулан Сүмбэрийн боомт хүрдэг, тэр хавьд амарч зугаацдаг “Нөмрөгийн гол, Халхын голын аялал жуулчлалын бүс” байгуулах талаар манайхан сэтгэх цаг болжээ. Цаанаас нь ч хятадын дотоодын жуулчдыг татан дуудаад тэднийг угтаж үйлчилбэл манай улсын сан хөмрөг маш ихээр өсөхөөр төсөөлөл бууж байна даа!