Блокчэйн
Манай нийгэмд үүссэн асуудлуудыг технологи өргөс авч буй мэт шийдэж чадах уу, хүний нийгмийн итгэлцэлийн хямралын шийдэл нь блокчэйн технологи мөн үү, компани, бизнесүүд дундын экосистем, үндэсний блокчэйн сүлжээг бий болгож чадвал нийгэм, эдийн засгийн асуудлаа багасгах боломж үүсэх үү гэдэг асуултуудын хариу олох зорилгоор 64 дэх дугаараа бэлтгэлээ. Зочдоор “Мобинет” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхзориг, “Амар” даатгалын компанийн бизнес хөгжлийн захирал Т.Тэлмэн, хууль Г.Уянгахишиг, “Корекс” компанийн гүйцэтгэх захирал М.Золжаргал нар оролцлоо.
В.Ганзориг: Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын гол зүйл блокчэйн технологи гэж олон судлаач үздэг. Далайд гарцгүй, хоёр том гүрний дунд хавчуулагдсан Монгол Улсын хувьд энэ технологи харьцангуй давуу талыг үүсгэж чадах уу? Танай байгууллага, бизнесийн салбар технологийн ололтыг үр ашигтай ашиглаж чадаж байна уу?
М.Золжаргал: Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын суурь нь яах аргагүй блокчэйн технологи. Учир нь энэхүү хувьсгалын амин сүнс нь асар их мэдээллийг олон цэгийн хооронд найдвартай, хурдтай дамжуулах, тэрхүү дамжуулсан мэдээллийг замд нь өөрчлөх, түүхэн өгөгдлийг устгах боломжгүй болгоход оршиж байна. Энэ бол хүн төрөлхтний суурь хэрэгцээ байсаар ирсэн, одоо ч байгаа. Хэрвээ хүмүүс бие биедээ итгэхгүй, дамжуулж буй мэдээлэлдээ итгэхгүй бол аж үйлдвэрийн хувьсгал ямар ч үнэ цэнгүй болно. Энэ бүх шаардлагыг блокчэйн технологи хангадаг. Хувийн блокчэйн технологийн үндсэн зарчим бол ердөө л энэ юм. Үүнийг гадаад улсуудад аж үйлдвэрийн газрууд, ялангуяа үйлдвэрлэгчид өргөнөөр хэрэглэж эхлээд удаж байна.
Монгол Улсын хувьд санхүү, телеком салбарт ажиллаж буй компаниуд орчин үеийн технологийг сайн ашиглаж байгаа. Эдгээр компаниуд заавал блокчэйн гэхгүй хиймэл оюун ухаан болон бусад технологийг ашиглан зардлаа бууруулж, бүтээмжээ өсгөн, хамгийн гол нь эцсийн хэрэглэгчиддээ цаг хугацаа, орон зайнаас үл хамаарсан бодит үнэ цэнийг технологи шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ дамжуулан өгч чадаж байгаа. Товчхондоо блокчэйн энэ бүх технологийн хөгжлийн найдвартай хурдасгуур нь болоод байна.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!
Б.Мөнхзориг: Дижитал шилжилт гэдэг ойлголт энэ асуулттай холбогдоно. Уламжлалт асуудлыг уламжлалт бус аргаар шийдэхийг аж үйлдвэрийн энэхүү хувьсгалын үнэ цэн гэж хэлж болно. 10 гаруйхан жилийн түүхтэй блокчэйн яах аргагүй энэ хувьсгалын гол хүчин зүйл. Их өгөгдөл, хиймэл оюун ухаан зэрэг бусад технологиуд блокчэйнийг бодвол 50 жил болон арай олон жилийн түүхтэй. Ухаалаг гар утас, таблейт, компьютерийн хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдснээр хүмүүсийн цахим ул мөр улам ихэсч, хүмүүсийн мэдээлэл цахим орчинд асар их болж байна. Энэ том мэдээллийн бааз томрох тусам хиймэл оюун ухааны хөгжил дагаад хурдасч байгаа юм. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үр бол урьд нь байгаагүй шинэ зах зээл, боломж, бизнесийг үүсгэж байна. Энэ бүгд ирээдүй рүү чиглэж байгаа.
Бид сүүлийн үеийн технологиудыг мэдээж хэрэглэж байна. Өнгөрсөн сард жишээ нь, Мобиком корпорацийн охин компани болох Моби Файнанс ББСБ блокчэйн технологи дээр суурилсан монголын анхны дижитал бондыг гаргалаа. Бүх зээлийн шийдвэр хиймэл оюун ухаанаар дамжиж, хүмүүсийн зээлжих зэрэглэлийг гаргадаг болсон. Энэ бүх шийдвэр гаргах процесст хүний оролцоо байхгүй болсон гэсэн үг. Салбартаа 25 жил ажиллаж буй технологийн компанийн хувьд аж үйлдвэрийн энэхүү хувьсгалаас хоцрохгүй явж, хэрэглэгчиддээ үр шимийг нь хүргэхийг хичээгээд явж байна. Ямар ч байсан блокчэйн дээр үйлчилгээгээ эхлүүлсэн.
Г.Уянгахишиг: Аж үйлдвэрийн нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр хувьсгалаас өмнө хуульчийн мэргэжил оршиж байсан. Хүн төрөлхтөн оршин тогтнож, хоёр хүний хооронд ямар нэг харилцаа үүсч л байгаа бол зохицуулалт шаардагдаж, улмаар хуулийн хэрэгцээ үүсдэг. Гэхдээ хуульчид аж үйлдвэрийн хувьсгал, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах ёстой. Бодит ертөнцөөс гадна метаверс буюу хийсвэр орчин дахь хүмүүс хоорондын харилцааг ч зохицуулж таарна. Блокчэйн дээр үүсдэг ухаалаг гэрээний алгоритмын даалгавар нь хэлцэл дээр суурилдаг. Хуулийн зүгээс энэ хэлцэл дээр оролцож буй талуудыг эрх ашгийг хамгаалж, баримтжуулах үүрэг хүлээдэг.
Уламжлалт нийгмийн бусад харилцааны салбарт Монгол дэлхийн бусад улсаас хоцорч байсан бол технологийн энэ эрин үед нэг ижил гараанаас гарах боломж бүрдсэн. Өмнө нь бусад улсын хуулийг судлаад, өөрсдөө бичээд, нийгмийн харилцаандаа нутагшуулдаг байсан бол өнөөдөр блокчэйн, криптовалют, виртуал хөрөнгийн салбарт бусдаас суралцаад байх зүйл ховор, бүгдэд шинэхэн байна. Энэ үед монгол хүний толгой л ажиллах ёстой. Иймээс зохицуулах байгууллагууд, хууль тогтоогчид нэлээд хүч зарж судлан ажиллаж байна. Энэ талаараа дэлхийтэй адилхан түвшинд явж чадаж байгаа гэж би хардаг. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал биднийг дэлхийн хөгжлийн хоцрогдолыг багасгах болно. Нөгөө талаас орчин цагийн залуус, хүүхдүүдийн мэдээлэл авах хурд, боломж хязгааргүй, ямар ч саадгүй болсон. Тэд метаверс, NFT, блокчэйн, койны тухай мэдлэг, мэдээллийг дэлхийтэй цуг авч боловсруулан шийдвэрээ гаргаж байна. Арав гаруйхайн настай хүүхдүүд өнөөдөр энэ бүхнийг ойлгоод явж байна. Mongol Valley үүсэх цаг болсон. Монголд үүнийг үүсгэх давуу тал бий.
Хуулийн компаниуд хүртэл өөрсдөө эхнээсээ NFT, токен гаргаад эхэлчихлээ. Эдгээрээр дамжуулан хуулийн үйлчилгээ, сургалт, зөвлөгөөгөө хэрэглэгч, түншүүддээ үзүүлдэг болсон. Хуульчид ингэж өөрчлөгдөж чадаж байгаа учраас технологийн ирээдүйг бусадтай адилхан хараад нэг зүг рүү алхаж чадаж байгаа гэж хэлмээр байна. Блокчэйн өөрөө хууль, эрх зүйтэй маш их холбоотой. Архив буюу мэдээлэл хадгалах, баталгаажуулах үйлдлийг блокчэйн хийдэг. Амьдрал дээр энэ бүх үйлдлийг хуульчид, хуулийн болон бусад мэргэжлийн байгууллагууд хийж баталгаажуулдаг. Блокчэйн энэ бүхний найдвартай шийдэл болоод гараад ирсэн. Нотариатын үйлчилгээ анх үүсэхдээ үнэхээр хувьсгал байсан. Харин үүний дараагийн шат нь яах аргагүй блокчэйн технологи болж байна.
Т.Тэлмэн: Аливаа санхүүгийн байгууллагын хамгийн үнэтэй зүйл нь дата, мэдээлэл байдаг. Зөв дата, мэдээлэл дээр суурилан бид хамгийн сайн буюу эрсдэл багатай шийдвэр гаргаж, хамгийн хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг харилцагчиддаа үзүүлж чаддаг. Зөвхөн санхүү гэлтгүй маш олон байгууллагын дата, мэдээлэл нэг дор төвлөрч, эдгээр мэдээлэл нь баталгаажиж байж талууд тухайн дата, мэдээлэлд итгэдэг. Ийм дата дээр манай даатгалын салбарынхан актуар тооцоолол хийж, эрсдлийн үнэлгээгээ хийдэг. Иймээс блокчэйн манай салбарт маш том боломж нээж өгч буй технологи юм. Санхүүгийн байгууллагууд эхнээсээ уламжлалт бус үйл ажиллагаа руу шилжээд эхэлсэн. Энэ хэрээр асар их хэмжээгээр үйл ажиллагааны зардлаа хэмнэж чадаж байна.
В.Ганзориг: Блокчэйн гэхээр ихэнх хүмүүс койн, токен гэж шууд ойлгоод, улмаар энэ дулимаг ойлголт нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх гээд байх шиг харагдах боллоо. Блокчэйн технологийг хэрэглээ талаас нь та бүхэн өөрсдийн бизнес, салбарын бодитой жишээгээр тайлбарлаж өгнө үү.
М.Золжаргал: Монголд хэд хэдэн төслүүд хийгдсэн. Жамух гээд блокчэйн систем хөгжүүлсэн түүх бий. Мөн гадаадын иргэн харъяатыг бүртгэх ажил дээр блокчэйн ашиглаж байгаа гэж би сонссон. Олон улсад иргэдийн хөдөлгөөнийг блокчэйн дээр бүртгээд эхэлсэн. Энэ глобал системд Монгол Улс нэгдсэн гэж ойлгосон. Бид технологи хөгжүүлэгчийн хувиар блокчэйн өөрсдөө үүсгээд, энэхүү үүсгэсэн блокчэйн дээрээ өөрсдийн хийсэн ажлаа тавьж, бусадтай хуваалцах боломжийг олгож байгаа. Энэ нь цаашдаа Сэндбокс болоод бодитой бизнесийг хөгжүүлж, компаниудад санал болон очих юм. Бид энэ системээ ашиглуулсны төлөө төлбөр авахгүй, харин бизнесийн байгууллагуудыг сайн ашиглаж технологи, шинэ бизнесийн туршилтаа манай блокчэйн дээр хийхийг уриалж байгаа.
Блокчэйн гэдэг нь ганцхан койн биш шүү. Койнгүй блокчэйн зөндөө байгаа. Заавал койн гаргалгүйгээр блокчэйн технологийг ашиглан нийгэм, эдийн засагт асар их давуу тал үүсгэх боломж байгаа. Энэ боломжийг ашиглах, бүр шинэ боломж үүсгэх зорилготой бид ажиллаж байгаа. Энэ технологи далайд гарцгүй Монгол Улсын дэлхийтэй холбогдох гүүр байх боломжтой. Америкт байгаа хүнд монгол бүтээгдэхүүн зарах үед тэр хүн яагаад Монгол Улсад хийсэн бүтээгдэхүүн итгэх ёстой билээ гэдэг асуудал гардаг. Энэ итгэлийг блокчэйн бий болгодог.
Мэдээллийн технологи ашигласан янз бүрийн аппликэйшн, тоглоомуудыг блокчэйн дээр суурилан бүтээж дэлхийд гаргавал уламжлалт загвараасаа хамаагүй өндөр амжилт олно. Бид одоо уламжлалт ERP системийг өөрсдөө бүтээгээд араас нь гүйцнэ гэж байхгүй. Харин NFT, блокчэйн дээр ийм боломж бий. Яг одоо л бид дэлхийн бусад улстай зэрэг алхаж чадвал 10 жилийн дараа үр шимийг нь хүртэж чадна.
Б.Мөнхзориг: Блокчэйн технологийн гол зорилго нь дундын зуучлагч, баталгаажуулагчийг байхгүй болгох юм. Хүн ганцаараа амьдрахад асуудал үүсэхгүй. Харин хоёроос дээш болбол яах аргагүй харилцаанд орж, хоорондоо ямар нэгэн эд зүйл, үнэ цэн солилцох болдог. Энэ нөхцөлд тэр хоёр хүн бие биедээ итгэхгүй байж болно. Тэр үед дундын нэг нөхөр гарч ирээд ярьсан хэлснийг нь баталгаажуулж гэрчилдэг болсон. Үүнийг блокчэйн гэдэг зүйл технологийн аргаар шийдэж итгэлцэлийг баталгаажуулж буй хэрэг юм. Бид Монпэй цахим бондыг Hyperledger гээд The Linux Foundation-ийн үүсгэсэн блокчэйн дээр гаргасан. Энэ бол нээлттэй эхийн шийдэл байсан. Хэн ч ашиглаж болно гэсэн үг. Бид үүнийг ашиглан өөрсдөө нэмж хөгжүүлээд цахим бондоо гаргасан. Яг үнэндээ бид заавал блокчэйн ашиглахгүй Мобиком гэдэг брэнд нэрээрээ элбэгхэн бондоо зах зээлд зарж чадах байсан. Яагаад блокчэйн ашигласан бэ гэвэл бусад ББСБ, санхүүгийн болон бусад төрлийн байгууллагууддаа цахим бондоор мөнгө босгож, хөрөнгө татах боломжийг бий болгож өгөхийг хүссэн юм. Бонд зарж, авч буй этгээдүүдийн хооронд итгэлцэл, бүртгэл маш чухал. Үүнийг блокчэйн баталгаажуулна гэсэн үг. Бондын энэхүү бүртгэлийг өөрчлөх, засах ямар ч боломжгүй. Хүссэн хүмүүс ороод хэн, ямар хэмжээгээр бондод хөрөнгө оруулсныг харах боломжтой.
В.Ганзориг: Удахгүй хуримын гэрч эсвэл нотариат хийдэг хүмүүс ажилгүй болох юм байна даа...
М.Золжаргал: Метаверс дээр хурим хийвэл угаасаа гэрчийн шаардлага ирээдүйд тэнд үгүй болно.
Г.Уянгахишиг: Технологийн улмаас устаж алга болох, эсвэл улам дэвжин хөгжих мэргэжлүүд гэж байдаг. Яг өнөөдөр нотариат шууд байхгүй болно гэж хэлэхэд хэцүү. Нотариат хүн төрөөс зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж бүртгэлд ордог. Улмаар гэрээслэл, өв залгамжлал гээд маш олон харилцааг хүн хооронд баталгаажуулдаг. Энэ бүхнийг нэг өдөр блокчэйн хийдэг болбол магадгүй нотариатын хэрэгцээ байхгүй болох байх. Метаверс дээр шаардлагагүй байж болох хэдий ч бодит ертөнц дээр уламжлалт нотариатын үйлчилгээ маань блокчэйнтэй нэг хэсэг хүмүүст сонголт болон зэрэгцэн орших болов уу.
Манай ажлынхан өнөөдөр метаверс орчлонд оффис авах, нээх тухай ярилцсан. Яах аргагүй зэргэлдээ ертөнц үүсчихлээ. Хийвэр ертөнц дээр гарах асуудлуудыг шийдэхийн тулд блокчэйн улам бүр хөгжиж байна. Яах аргагүй бидний ажил, амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Иймээс энэ технологид бид бэлэн байх ёстой. Хүний хийж чадахгүй, эсвэл урт хугацаа зарцуулж хийдэг ажлуудыг компьютер хоромхон зуур хийдэг. Хүний тархины хурд гүйцэхгүй ажлуудыг технологи хийдэг болсон. Дижитал шилжилтийн улмаас хуульчийн мэргэжил устаж алга болох уу, эсвэл ажил нь илүү хөнгөн болох уу гээд бид ярилцаж үзсэн. Хэрэв шүүгчийн бүх ажлыг роботууд хийдэг болбол жишээ нь яах бол? Тэгвэл шүүгчийн эмоци ороод хэргийг хөнгөрүүлж хэрэг шийддэг боломж үгүй болно. Хүний орлуулашгүй чанар гэж бий. Мөн технологиор орлуулж болохоор ч чанарууд байдаг. Хүний ертөнцийг компьютер удирдаж болох уу гэдэг асуулт гарна. Эцсийн дүндээ блокчэйн байна уу, бусад бүх технологи хүний төлөө л байх ёстой. Бодит эсвэл хийсвэр ертөнцөд байна уу ялгаа байхгүй аль алинд нь хүмүүс л хоорондоо шууд болон шууд бусаар харьцана. Энэ хүн хоорондын харилцааг ямар нэг хэлбэрээр зохицуулж л таарна.
Б.Мөнхзориг: Нотариат байдгаараа байгаад харин харилцагч заавал биеэрээ очихгүйгээр баталгаажуулалтаа цахим орчинд хийлгэдэг дундын хувилбар удахгүй гарахыг үгүйсгэхгүй.
М.Золжаргал: Ирээдүйд тааж ярихаар шууд буухгүй байж магадгүй. Гэхдээ үүн дээр имэйл буюу цахим шуудангийн жишээг хэлмээр байна. Имэйлээс өмнө хүмүүс гараараа захиа бичээд, дугтуйнд хийгээд марк наагаад шуудангаар бие биедээ илгээдэг байсан. Гэтэл өнөөдөр хүмүүс цахим шуудан ашиглан асар их мэдээллийг хоорондоо солилцдог болсон. Үүний хажууд уламжлалт шуудангийн үйлчилгээ байж л байна шүү дээ. Ирээдүйд яг л ийм болох болов уу.
Т.Тэлмэн: Даатгалын салбар дээр блокчэйн технологи ашиглаж эхлэхээр төлөвлөж буй ажлууд бий. Банкуудын хооронд байдаг зээлийн мэдээллийн сан шиг даатгалын компаниуд дундын мэдээллийн сан гэж байх ёстой. Ингэж байж бид харилцагчаа бүрэн таньж, эрсдлээ маш сайн үнэлж чаддаг болно. Яг одоо бидэнд ийм мэдээлэл, датабааз байхгүй учраас шинэ харилцагчийг эрсдэл талаас нь хараад хатуу шаардлага тавьдаг. Харилцагч болоодл хэрэглэгчээ таниад эхэлсний дараа нөхцлөө сайжруулан зөөлрүүлж, үнээ хөнгөлөх боломж гардаг. Даатгалын компаниа сольж буй харилцагч бүр дээр ийм асуудал үүсдэг. Иймээс Монгол Даатгалын Холбоо дотроо ярилцаад ийм дундын мэдээллийг санг үүсгэх, тэгэхдээ блокчэйн дээр үүсгэх ёстой гэж шийдсэн. Учир нь энэ том мэдээллийн санг нэг байгууллагаар хийлгэхэд үүсэх эрсдлүүд байна. Цахим халдлагад өртөх, мэдээллээ устгах, өөрчлөх, эсвэл захирал нь солигдоод алга болох, компани нь дампуурах гэх мэт.
Ковидын хүндрэлийн улмаас гээд төрөөс арга хэмжээ авч муу зээлийн түүхийг зээлийн нэгдсэн мэдээллийн сангаас арилгасан. Блокчэйн дээр хэзээ ч ийм асуудал үүсэхгүй бөгөөд мэдээллийн аюулгүй, найдвартай, баталгаатай байдал аль нэг талаас хамаарахгүй болно. Энэ хэрээр мэдээллийн чанар сайжирна. Санхүүгийн байгууллагын хамгийн үнэтэй зүйл бодитой дата. Энэ дата, мэдээллийг хүчээр өөрчилнө гэдэг бол ухралт. Ковидын нөлөөгөөр иргэдийн зээл төлөлт удааширч, санхүүгийн нөхцөл хүндэрсэн тул иргэдийн муу зээлийн түүхийг устгасан үйл ажиллагаа явагдсан. Үүнээс гадна ковидын бус муу зээлийн түүхүүд байгаа шүү дээ. Үүнээс болж санхүүгийн байгууллагууд харилцагчаа бүрэн таньж чадахгүй болдог эрсдэлтэй.
Г.Уянгахишиг: Хэрвээ зээлийн мэдээллийн сан блокчэйн дээр байсан бол төрийн ямар ч шийдвэр, төрийн ямар ч албан хаагч дотор нь байгаа датаг өөрчилж чадахгүй байх байсан. Хэн нэгэн алдаа гаргасан бол тэр алдааны түүх хэзээ ч арчигдахгүй блокчэйн дээр гинжин системээр архивлагдан түүх болоод мөнхөд үлдэнэ гэсэн үг. Өнөөдөр бизнесийн байгууллагуудын хувьд KYC буюу харилцагчаа таних гээд том ажил байдаг. Та банк, үнэт цаасны компани, үүрэн оператор, ер ч ямар ч байгууллага дээр очоод шинээр харилцагч болж үйлчилгээ авахад хувийн мэдээллээ дахин дахин хэлж бичих ёстой болдог. Хэрэв энэ мэдээлэл нийтийн блокчэйн дээр байдаг, ийм нэгдсэн системтэй байсан бол би хаана ч очсон хувийн кодоо өгөөд л тухайн үйлчилгээний байгууллагын хүссэн мэдээллийг нь системээс харуулах боломжтой.
Т.Тэлмэн: Гадаадад хэдийнэ ийм болсон. Блокчэйн суурьтай KYC систем ажилладаг.
Г.Уянгахишиг: Гэхдээ бидэнд нэг шат ахисан Хур, Дан гээд систем бий. Эндээс мэргэжлийн компаниуд мэдээллээ авдаг. Энэ системд байгаа мэдээллээс гадна хэрэглэгчийн таних ёстой болдог олон тохиолдол бизнесийн байгууллагууд дээр гардаг. Үүнийг блокчэйн дээр оруулж өгвөл том өөрчлөлт авч ирнэ.
М.Золжаргал: Блокчэйны бас нэг давуу тал бол дундын бүртгэлийг хийж өгдөг. Иймээс блокчэйн бол энд яригдаад байгаа даатгалын компаниудын дундын мэдээллийн сан, бүртгэлийг хийх заяамал боломж. Үүнтэй адил монголын үнэт цаасны компаниуд блокчэйн дээр мэдээллийн баазаа байгуулба нэг үнэт цаасны компани дээр бүртгүүлж харилцагч болсон хүн нөгөө компанид мэдээллээ гаргаж өгөх шаардлагагүй болно. Энэ хэрээр баялаг бүтээдэггүй, давхардсан ажлыг алга болгож, иргэн, төр, хувийн хэвшлийн асар их цаг хугацаа, мөнгийг хэмнэнэ. Банкууд ингээд блокчэйн дээр ороод ирвэл дээр ярьсан бүх асуудал шийдэгдэнэ.
В.Ганзориг: Блокчэйн ашиглаад эхлэхэд компанийн ашиг, орлогод шууд байдлаар хэр нөлөөлж байна вэ? Яаж энэ системийг ашигтай ажиллуулах ёстой вэ? Үүнийг хүмүүсийн урт хугацааны байнгын хэрэглээ хэрхэн болгох вэ? Үүнд Монгол Улс, танай компаниуд бэлэн байна уу?
М.Золжаргал: Блокчэйн ашиглаад шууд орлого, ашиг олно гэхээс илүү байгууллагууд зардлаа үлэмж хэмжээгээр бууруулж, үйл ажиллагаагаа асар хурдтай явуулдаг болж, бизнесээ хөнгөвчилнө.
Б.Мөнхзориг: Блокчэйнээс шууд ашиг харахаас илүүтэйгээр асуудлуудаа шийдэж тэр хэрээр зардлаа хэмнэнэ гэсэн үг. Зардал хэмнэгдэнэ гэдэг нь нөгөө талдаа ашгийн хэмжээг шууд өсгөдөг. Дээрээс нь итгэлцэлийн асуудлыг шийдэж, дундын зуучлагч, баталгаажуулалтыг байхгүй болгож хоёр бизнесийн байгууллага хооронд шууд харьцаж буй нь мөнгөн бус үнэ цэн юм. Нэмээд блокчэйн технологи дээр суурилсан хэрэгцээтэй гоё үйлчилгээ гаргаад бизнесийн байгууллагуудад санал болгон зарж болно. Бид сая өөрсдөө нэмж хөгжүүлээд нэг тэрбум төгрөгийн бонд босгосон блокчэйны системээ бусад байгууллагад нээлттэйгээр багахан шимтгэлтэй ашиглуулж тодорхой хэмжээний орлого олох боломжтой.
Г.Уянгахишиг: Блокчэйн технологийг хамгийн энгийнээр хэлбэл авто зам буюу дэд бүтэц, экосистем юм. Энэ зам дээр хэн, ямар машинтай, юу тээвэрлэх нь дараа дараагийн шинэ бизнесийн боломжууд юм. Мөн блокчэйн дээр баталгаажуулагчид (Validator) гэж байдаг. Гүйлгээ болгон эдгээр баталгаажуулагчдаар дамжина. Энэ хэрээр баталгаажуулагчдын орлого нэмэгдэнэ. Блокчэйн нь үнэгүй болохоор тэр дээр байгаа аппликэйшн үнэгүй гэсэн үг биш.
В.Ганзориг: Жолоочийн албан журмын даатгалаас болоод сая хэсэг бужигналаа. Хэрэв даатгал, үнэлгээний компаниуд, замын цагдаа, банкууд нэгдсэн блокчэйн системтэй байсан бол магадгүй хэзээ ч ийм үйл явдал болохгүй байсан байх. Болоод өнгөрсөн асуудал дээр даатгалын салбарынхан өөрсөддөө ямар дүгнэлт хийж байна вэ?
Т.Тэлмэн: Энэ зөвхөн даатгалын компаниудын асуудал биш. Даатгалын мэргэжлийн оролцогчийн хуулиар хохирлыг хөндлөнгийн үнэлгээний байгууллага үнэлдэг. Мөн даатгалын зуучлагч гээд тусдаа байгууллагууд бий. Энэ олон байгууллагуудын эрх ашгийн асуудал сая хөндөгдсөн. Саяны явдлаас бид санхүүгийн мэдлэг, боловсрол түгээх тал дээр муу ажилладаг гэдгээ харсан. Хүмүүс даатгалын төлбөр, нөхөн төлбөрөөр төсөөлөөд байдаг боловч нөгөө талд нь асар том бүтэц ажиллаж, үйл ажиллагааны зардал гаргадаг гэдгийг анзаардаггүй. Блокчэйн рүү шилжсэнээр эдгээр зардлыг нэлээд хэмжээгээр бууруулах боломжтой. Мөн дээр дурдсан олон байгууллагууд, замын цагдаа, төрийн зохицуулалтын байгууллагуудын эрх ашиг, оролцоог блокчэйн дээр нэгтгэх боломжтой. Ингэж чадвал дурын нэг улстөрч гарч ирээд бужигнуулаад байж чадахгүй болно. Ийм экосистемийг үүсгэх ёстой гэдэг нь саяны үйл явдлаас харагдлаа.
В.Ганзориг: Үндэсний блокчэйн систем гэж яриад байна. Тэр нь яг юу билээ? Гадаадуудын хийсэн блокчэйн системийг шууд аваад ашиглах нь хамаагүй зардал багатай, бас хурдан юм биш үү? Бусад улсуудад яг ийм үндэсний блокчэйн гэдэг юм байдаг уу? Дугуйг дахин зохион бүтээх шаардлага байсан юм уу?
М.Золжаргал: Үндэсний гэдгийг арай өөр утгаар нь ойлгоод байх шиг байна. Бидний хувьд үндэстнээрээ, монголын бүх аж ахуйн нэгжүүд блокчэйн хэрэглэдэг болъё гэдэг санаа. Тэрнээс биш дугуйг шинээр хийх гээд байгаа юм биш. Жишээ нь, нээлттэй блокчэйн (Public blockchain) систем дээрээ бид этериумын виртуал машиныг клондоод зөвшилцлийн алгоритмыг нь солиод шинэчлээд ашиглаж байна. Энэ хэрээр энэ технологийг маш сайн эзэмшиж хэрэглэж сурч байгаа. Дараа нь хэрэв энэ систем дээр ямар нэг асуудал гарахад манай инженерүүд бүрэн шийдэх боломжтой, ийм чадвартай болж байна гэсэн үг.
Бидний гол зорилго үндэсний бүх компаниуд энэ системийг ашиглан орон даяар хэрэглээсэй гэдэг хүсэл. Энэ системийг хэрэглэхэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, компаниуд ERP системээ энэ блокчэйн руу холбоход нь туслах, сэндбокс үүсгэх зорилготой. Яагаад ийм блокчэйн системийг үндэстнээрээ ашиглах ёстой юм бэ? Жишээ нь, аль нэг групп компани өөрсдөө хувийн блокчэйн (Private blockchain) хийжээ гэж бодъё. Бусад том компаниуд ч гэсэн тусдаа хийнэ. Гэтэл тэр групп компанитай харьцаж ажилладаг бизнесийн түншүүд, бэлтгэн нийлүүлэгчид, эцсийн хэрэглэгчид, найман нэрийн барааны дэлгүүрүүд бүгд эдгээр том групп компаниудын блокчэйн рүү тус тусдаа холболт хийхээс өөр аргагүй болно. Ингэвэл энэ систем ямар ч утга учиргүй болж, өнөөдрийн асуудлаа шийдэж чадахгүй. Тиймээс дундаа хуваалцах ёстой мэдээллээ хоорондоо зөвшилцөлд хүрч байгаад хуваалцах, энэ мэдээллийг нь нөгөө олон бэлтгэн нийлүүлэгчид, найман нэрийн барааны дэлгүүрүүд орж ирээд авдаг байх учиртай юм. Ингэж чадвал миний хэлсэн үндэсний блокчэйн систем үүсэх юм.
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот жишээ нь үндэснийхээ бүх зүйлийг блокчэйн рүү аваачаад хийчихлээ. Мөн Солонгос, Эстони, Латви улсуудыг үндэсний блокчэй системтэй улсуудын жишээгээр дурдаж болж байна. Эдний зарим нь магадгүй үндэсний гэдэг үгийг хэрэглэхгүй явж байгаа байх. Гэхдээ үндэстнээрээ блокчэйн хэрэглэдэг улс хэдийнэ болж, нэг дэд бүтэц дундаа ашиглан, нэг сүлжээнд орсон. Өөр өөр блокчэйн хэрэглэж болох ч эдгээр блокчэйнүүд хоорондоо холбогдон гүүр үүсгэж чаддаг.
Нэмээд хэлэхэд блокчэйн хэрэглэх, ийм систем рүү шилжих ажлыг одоогоор Мобиком мэтийн том компаниуд л хийж чадаж байна. Гэтэл жижиг дунд бизнесүүд, технологийн биш компаниудад ийм нөөц, боломж байхгүй. Манай үндэсний блокчэйн системийн гол зорилго нь эдгээр компаниудад технологийн боломжийг нь олгох, хамтран ажиллах, дэмжин туслаж зөвлөх замаар давуу талыг нь ойлгуулах юм.
Т.Тэлмэн: Жижиг, дунд бизнесүүд бүгд өөрсдийн мэдээллийн технологийн багтай байж чадахгүй шүү дээ. Тэд гадны мэдээллийн технологийн компанитай шууд холбогдож бас чадахгүй. Үнэ хөлсний асуудал босч ирнэ. Энэ бүхнийг үндэсний блокчэйн систем шийдэх боломжтой гэж харж байна.
М.Золжаргал: Үнэн. Ийм үйлчилгээ гадны компаниас авахад хамгийн багадаа 20 мянган, тэгээд 40 мянган ам.доллараас эхэлдэг юм билээ.
В.Ганзориг: Энэ олон давуу талууд байдаг юм бол яагаад өнөөдрийг хүртэл бодит ажил хэрэг болж чадахгүй яваад байна вэ? Үндэсний блокчэйн системтэй болчихвол олон хүний ажлын байранд эрсдэл учирч, цөөнгүй хүний хууль бусаар олдог орлого багасч, авилга, хээл хахуулийн боломж хомсдож, нэлээд хүмүүсийн ашиг сонирхол хөндөгдөх гээд байна уу? Манай томоохон групп компаниуд мэдээллээ бусадтай хуваалцахдаа дуртай байж чадах уу?
М.Золжаргал: Хамгийн том асуудал яг наадах чинь байгаа. Нэмээд хэлэхэд аль хэдийнэ хөгжсөн системүүдийг блокчэйн рүү хурдтай хөрвүүлэх боломжгүй байна. Жишээ нь, Тоёота компани 1989 оны програм хангамжаа одоог хүртэл ашигладаг. Асар их мэдээлэлтэй учраас шинэ технологи руу шууд шилжиж чаддаггүй гэсэн үг. Яг үүнтэй адилхан манай компаниудын ашигладаг уламжлалт ERP системүүдийг шууд шилжүүлэхэд төвөгтэй. Монпэй цахим бонд шиг шинээр хийж байгаа тохиолдолд ямар ч асуудалгүй.
В.Ганзориг: Мобиком корпораци метаверс ертөнцөд бизнес хийхэд бэлэн болсон уу?
Б.Мөнхзориг: Метаверс шинэ зүйл биш. 2003 онд www.secondlife.com дээр энэ бодит бус ертөнц үүсээд, хүмүүс өөрийнхөө дуртай дүрд ороод, тэнд байшин барьж, бизнес эрхлээд орлого олдог болсон байсан. Нэг сая хүн 18 жилийн турш тэндээ амьдарч байна гэсэн үг. Тэнд монгол хүн ч гэсэн байгаа байх. Харин блокчэйн гарч ирснээр энэ ертөнц аль нэг компаниас хамаарахгүй, тэр нэг сая хүний эзэмшлийн ертөнц болж байна. Блокчэйн, NFT, AR, VR, 5G сүлжээ, криптовалют зэрэг нь яах аргагүй метаверсийн хөгжлийг түргэтгэж байгаа. Ирээдүй өнгөрсөн 18 жил шиг уйтгартай өнгөрөхгүй. Таван жилийн дараа бараг хүн бүр метаверс өөрийн дүртэй болж, бодит ертөнцөөсөө илүү амжилттай, ажилтай явж байх болов уу. Бидний хүссэн ч, эс хүссэн нь энэ галт тэрэг хэдийнэ хөдөлсөн. Бид үүнийг одоо зөв, буруу, сайн, муу гэж ярих шаардлагагүй. Хувь хүмүүс биш юм аа гэхэд бизнесүүд үүнийг сураад ойлгоод бэлэн болох ёстой.
В.Ганзориг: Хүмүүсийн технологийн хэрэглээ хил хязгааргүй болоод зогсохгүй хийсвэр ертөнц рүү орчихлоо. Үүнийг аль нэг улс хуулиар зохицуулж барах уу?
Г.Уянгахишиг: Олон улсын хэмжээнд энэ яах аргагүй хамгийн том асуудал болоод байна. Технологийн хөгжил үргэлж зохицуулалтаас өмнө явдаг. Зохицуулалт хийж буйн шалтгаан нь хэн нэг нь хохирох ёсгүй гэдэг санаа. Төр иргэнээ хамгаалах үүрэгтэй байдаг. Энэ утгаараа эхний хууль тогтоомжууд гарч тодорхой хэмжээний зохицуулалт хийгдэх ёстой. Гэхдээ бичигдсэн хууль тогтоомж огт өөрчлөгдөхгүй гэсэн үг биш. Технологийн хөгжлөө дагаад байнга өөрчлөгдөн сайжирч байх ёстой. Үүний тулд зохицуулагч байгууллагуудын хүлээн авах чадвар, төрийн реакц хурдан байх ёстой.
Хүн төрөлхтөн даяаршилын олон хэлбэрийг туулж явсаар өдийг хүрлээ. Нэг дэлхийтэй болох хүмүүсийн тэрхүү хүслийг өнөөдөр технологи биелүүлэх боломжийг бий болгочихлоо. Метаверс гээд зэрэгцээ хийсвэр ертөнц үүсчихлээ. Тэрнийхээ засаглалыг өөрсдөө хийнэ гээд явж байна шүү дээ. Гэхдээ энэ олон зуу, мянган жил болсон бодит ертөнцөөс метаверс руу шилжихэд багагүй хугацаа зарцуулагдана. Энэ хооронд энэ шилжилтийг хамгийн хохирол багатай туулахын тулд зайлшгүй тодорхой хэмжээний зохицуулалт шаардагдана. Нөгөө талдаа технологийн дэвшлийг хууль, журам, зохицуулалтаар гацааж огт болохгүй. Юмыг хааж, хязгаарлах хамгийн амархан. Тэр нөхцөлд бүх боломж, бизнес монголоос гараад явчих эрсдэл үүсдэг.
В.Ганзориг: Хүний нийгэмд, Монгол Улсад үүссэн итгэлцэлийн хямралын шийдэл нь блокчэйн юм байна гэж би хувьдаа дүгнэлээ. Гэхдээ блокчэйн хамгийн төгс шийдэл биш байж болох хэдий ч одоо байгаа хувилбарууд дундаас хамгийн шилдэг нь юм байна. Хүн болгон хувьдаа үнэтэй машин авч унахын өмнө машин саадгүй давхих шулуун, дардан замаа барих ёстой юм байна. Үүнтэй адил компани, бизнесүүд дундын экосистем, үндэсний блокчэйн сүлжээг бий болгож чадвал нийгэм, эдийн засгийн маш том асуудлуудыг та бид хамтдаа шийдэж чадах юм гэдэг дүгнэлтээр энэ удаагийн нэвтрүүлгээ өндөрлөж байна.
Зочин