Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатартай ярилцлаа.

-Стандарт, хэмжил зүйн газар гэхээр жин хэмжүүр гэсэн ойлголт иргэдийн ой тоонд хамгийн түрүүнд буудаг. Бусдаар энэ байгууллага улс орон, эдийн засгийн хөгжил, хүн ам, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай холбоотой хэм хэмжээг тогтоодог гэдгийг төдийлөн мэдэхгүй байх шиг?

-Стандарт, хэмжил зүйн газар 100 жилийн түүхтэй Монгол Улсын ууган байгууллагын нэг. Аливаа улс орны хөгжлийн түлхүүр нь стандарт. Товчхон түүх дурдахад 1923 онд Монгол Улсад жин хэмжүүрийн товчоог анх байгуулсан байдаг. Тухайн үед Хятад, Орос худалдаачидтай хийдэг арилжаа, наймааны жин хэмжүүрийг олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй алд, дэлэм, ямх, цэн, лангаар явдаг байж. Авахдаа том, өгөх болохоор жижиг алдтай хүмүүсийг зогсоох байдлаар шулж, мөлждөг байсан. Үүнээс үүдэж манай ард иргэд эдийн засгийн томоохон хэмжээний хохирол амсдаг байсан юм билээ. 

Тиймээс Ардын засгийн газраас Жин хэмжүүрийн товчоог нэг эрхлэгч, хоёр төмрийн дархантайгаар анх үүсгэн байгуулсан. Тэр үеэс хойш түүхэн хөгжлийн явцдаа социализмын он жилүүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын асуудалд нэлээд ач холбогдол өгч ирсэн байдаг. “Чанар манай зорилт” гэсэн бичиг манай байгууллагын барилгын дээр байдаг нь үүнтэй холбоотой. Жишээлбэл, тухайн үеийн Үнэ чанарын үндэсний хороо нэртэйгээр чанарын хяналт тавьж, хэрвээ тухайн үеийн гутлын, савхины, хүнсний үйлдвэрт чанар, стандартын доголдол гарахад дарга, яамны сайдыг нь дуудаж чиглэл өгдөг байсан байгаа юм. Энэ үүрэг нь 1990-ээд оноос хойш тодорхой хэмжээнд алдагдсан. 

Харин Шадар сайд С.Амарсайханы зүгээс Монгол Улсад стандарт гэдэг зүйл алдагдсаныг сүүлийн жилүүдэд олон нийтийн, төр засгийн анхаарлын төвд оруулж бодлогын, олон улсын түвшинд гаргахаар зорьж байна. Өнгөрсөн хоёр жил стандартын тухай хүн бүр ярьж байна шүү дээ. Стандарт алдагдсанаар монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд үндсэндээ заналхийлж байгаа юм. Гэрээсээ гараад явахад явган хүний зам талбай нь нарийсдаг, барилга байгууламж нь эрсдэлтэй зэргээр үнэхээр стандарт мөрдөж байсан уу гэдэг нь эргэлзээтэй болсон.

-Үүнийг яаж засч, сайжруулах ёстой юм?

-Энэ стандартын асуудал өөрөө Монгол төрийн толгойны өвчин болсон. Хүнээр жишихэд бие нь өвдөхөд өвчин намдаах эмээр аргацаасаар өнөөг хүрсэн гэсэн үг. Ерөөс Монгол Улс даяар стандартыг мөрдөх биш ор тас хаяж ирснээр өнөөдрийн бүх асуудал үүссэн гэж ойлгож байгаа. Саяхан болсон “Дүнжингарав”-ын уулзварт хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн нь стандарт мөрдөөгүйтэй холбоотой. Өмнө нь энэ талаар олон удаа ярьсан болохоор дэлгэрүүлж ярих шаардлагагүй байх. Гэхдээ аюултай ачаа тээврийн нэг л стандарт мөрдөөгүйн улмаас нийгэмд 100 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирлаа шүү дээ. Нэг барилгыг тэр чигээр нь буулгах тухай ярьж байна. Хоёр барилга шатсан. 10 орчим эрдэнэт хүний амь нас эрсэдлээ. Хүн амь нас гэдэг өөрөө юугаар ч орлуулж болдоггүй. Стандартыг мөрдөх ёстой байтал одоогийн бодит байдал нь иймэрхүү байна. Тиймээс бодлогын түвшинд засч, сайжруулах чиглэлээр томоохон ажлыг түрүүчээсээ хийгээд яваа.

Өнөөдрийн байдлаар манай байгууллага бүх аймаг, орон нутагт салбартай. Тэдгээр нь хэлтсийн зохион байгуулалттайгаас гадна сорилтын лабораторитой. Хэмжил зүйн нэгж дамжуулалтын асуудлаа явуулдаг. Стандарт, сорьц, баталгаажуулалтын ажлаа хийдэг гэсэн үг. 

-Сорилтын лаборатори гэдгээ илүү тодруулахгүй юу?

-Хүнсний аюулгүй байдал руу түлхүү чиглэдэг. Энгийн үгээр хэлэхэд бидний хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг идэж болох, болохгүй, хортой, хоргүй эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинжилдэг гэсэн үг. 

-Улаанбаатар хотын хэмжээнд сорилтын лаборатори хэд байдаг вэ? Аймгуудтайгаа адилхан уу?

-Багануур, Налайх, нийслэл гэсэн гурван лаборатори бий. Өөрөөр хэлбэл, 1.5 сая хүний өдөр тутамдаа эрүүл, аюулгүй хүнс хэрэглэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийдэг. Мөн Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад байгаа хамгийн том нь, 100 гаруй хүн ажилладаг. 

Эдгээр лабораторийн албан хаагчдыг оруулаад Стандарт хэмжил зүйн салбар улсын хэмжээнд 700 гаруй орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Бүтцийн хувьд төрийн байгууллага дундаа томд орно.

-Ер нь танай байгууллагын гол үүрэг, статус нь юунд чиглэдэг юм?

-Нийтийн эрх ашиг, хүний эрүүл мэнд, улс орны аюулгүй байдал, үндэсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд стандарчлал, хэмжил зүй, сорьц, тохирлын үнэлгээний бодлогоор дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг. Монгол Улсын хэмжил зүйн нэгдмэл байдлыг хангах нь манай үндсэн чиг үүрэг. Хэмжлийн нэгдсэн байдлыг хангах гэдэг ойлголт бол 500 граммын савлагаатай ус гэхэд Дорнод ч, Баян-Өлгийд ч нэг хэмжээтэй байх тухай юм. Нэг метр гэхэд мөн адилхан. Нэг газар нь 101, нөгөөд нь 100 см байж болохгүй гэсэн үг. Хамгийн энгийн ойлголтоор шүү. Энэ бол дэлхийн шинжлэх ухааны маш том ойлголт байдаг.

Алт, мөнгөн эдлэл дээр гэхэд граммыг 1000-ны нарийвчлалтай тооцдог. Нэг грамм дутуу хэмжээд жилийн турш үйл ажиллагаа явуулахад иргэдэд асар их хохирол учруулж болно. Эсрэгээрээ тухай аж ахуйн нэгжид хохиролтой байж болно. Иргэд, аж ахуйн нэгжийн аль, алиных нь эрх ашиг хөндөгдөнө. Гадаад зах зээлээс манайд оруулж ирж байгаа үнэт эдлэл, чулуун дээр ч сорьц, ямар эрдэнэ болохыг тогтооно. Дотоодод олборлосон алтны сорьцыг нь ч манай дээр нарийвчлан тогтоодог.

-Жишээ нь, 999 сорьцтой алт эсвэл ямар нэгэн үнэт эдлэл байлаа гэхэд жинхэнэ нь гэсэн ойлголт бий шүү дээ? Таны хэлж буйгаар хилээр оруулж ирж байгаад нь хүртэл давхар хяналт тавьдаг гэж ойлголоо?

-100 алтан эдлэл оруулж ирлээ гэж бодъё. Тэр тохиолдолд нэгийг нь түүврийн аргаар сонгоод эвдэж сорьцын шинжилгээнд оруулдаг. Яг 999 байна уу, 576 сорьцтой байна уу гэдгийг тогтоогоод сертификат олгосноор зах зээлд худалдаалах нөхцөл нь бүрдэнэ.

-Сорьцоосоо зөрөх тохиолдол бий юу?

-Гарна, гарна. 

-Тийм тохиолдолд зах зээлд худалдаахыг нь шууд хориглох уу?

-Дотоодын зах зээлд зарагдаж байгаа үнэт эдлэл ялангуяа мөнгөн аяга дээр энэ асуудал их гардаг. Дийлэнх нь сорьц бага, нимгэн байна гэдэг. Тэр бүгдэд хяналт тавих эрх нь манайд бий. Сорьцын хяналтыг хэрэгжүүлнэ гэсэн үг. Хэрвээ хэмжээндээ, сорьцдоо хүрэхгүй байвал зах зээлээс шууд буцаан татах эрхийг хэрэгжүүлдэг. 

-1990-ээд оноос өмнө бараа бүтээгдэхүүн болон хүнсний стандарт алдагдахад, хэм хэмжээ нь зөрөхөд тухайн үйлдвэрийн дарга, яамны сайд тэргүүтэй хүмүүсийг дуудаж чиглэл өгөх нь танай байгууллагын эрх үүрэг байж. Гэтэл өнгөрсөн хугацааны хөгжлийн явцын нөлөөнөөс энэхүү статус нь бараг 180 хэм эргэжээ. Асуудлын зангилаа нь яг юундаа байна вэ? Хууль, эрх зүйн орчиндоо юм уу, хэрэгжүүлэх шатандаа байна уу? Эсвэл бүр өөр шалтгаан байгаад байна уу?

-Шилжилтийн нийгмийн үед манай улсад үйл ажиллагаа явуулж байсан томоохон үйлдвэрүүд хаалгаа барихтай зэрэгцээд чанарын асуудалд тавих хяналт суларсан. Уг нь 1990 он хүртэл Монгол Улс томоохон үйлдвэрлэгч орон болчихсон байсан. Та бидний мэдэхээр савхи, ноос, ноолуур, гутал зэргээр. Өмчлөл хувьчлалын дараагаар дийлэнх нь хаалгаа барьсан. Хамгийн сайн яваа нь “Говь” ноолуурын үйлдвэр. Дэлхийд танигдсан үйлдвэр. Бусад нь сайн сэргэж өгөхгүй байх шиг. Үйлдвэрүүд шил шилээ дагаад үүдээ барьснаар иргэд нь ганзагын наймаанд явцгаасан. Хажууд байгаа том зах зээлээс маш хямдхан орных нь бүтээгдэхүүнийг оруулж ирдэг болсон. Иймэрхүү шалтгаанаас чанарын хяналт тавих асуудал алдагдсан. Юунд, яаж, хаанаас, ямар хяналт тавих вэ? гэдэг нь тодорхойгүй байдалд орсон.

Стандарт, хэмжил зүйн газар улсын хэмжээнд чанар хангуулдаг эрх мэдэл бүхий байж байгаад, одоогийн байдлаар стандарт, чанарын хэрэгжлилтийг хангуулах талаар чиг үүрэггүй байна. Энэ хооронд дэлхий улс оронд стандарт, хэмжил зүй, тохирлын үнэлгээний бодлогын талаарх ойлголтууд шинэ түвшинд гарч нэлээд ээдрээтэй замыг тууллаа. Одоо л олон улстай хамт алхах голдиролдоо орох тийшээ явж байна. Хэмжил зүй, стандартчилал, сорьцын хяналт, тохирлын үнэлгээний бодлого, хэрэгжилтийн асуудлыг сайжруулах шаардлагатай байна.

Сэтгүүлчид орж ирээд асуудаг юм. Стандарт чинь хаана байна, стандартын хэрэгжилт ямар түвшинд байна вэ? гэж. Гэтэл стандартын хэрэгжилт гэдэг чиг үүрэг нь одоогоор манай байгууллагын чиг үүрэгт байхгүй. 

-Хуулиндаа байхгүй гэсэн үг үү?

-Тийм ээ, стандарт боловсруулахаас батлах хүртэл процесс нь манайд хамаардаг. Хэрэгжүүлж, мөрдүүлэх, хяналт тавих нь салбарын яамдын мэдэх асуудал. Хуучин Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэж байсан даа, тэнд бүх хяналт харьяалагддаг байлаа. Нэгдсэн хяналтын тогтолцоо нь асуудал дагуулж байна гэж үзээд Засгийн газрын тогтоолоор  салбарын яамд руу чиг үүргийг шилжүүлэн тараасан байдаг. Хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, уул уурхайн хяналт зэргээр. Сорьц, хэмжил зүйн хяналт нь манайд шилжиж ирсэн. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс гэсэн үг. 

-Монгол Улсын хэмжээнд хэчнээн тооны стандарт мөрдөгдөж байна вэ?

-6680 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүнээс хамгийн их нь эрүүл мэндийнх, 690 орчим. Хүнснийх 650, уул уурхайнх 400 гэх зэргээр стандарт бий. Хэрэгжилттэй холбоотойгоор салбарын яамд болон агентлагууд руу албан бичиг явуулахад ихэнх нь агуулгаа ойлгохгүй байна.

-Тэр нь юу гэсэн үг вэ? Уг нь хамгийн сайн мэдэх, дагаж мөрдөх ёстой биз дээ?

-Стандартын хэрэгжилт төдий чинээ ойлгомжгүй байна гэдэг асуудал. Уул уурхайд гэхэд 400 гаруй стандарт байлаа гэхэд хэрэгжилтийн тал дээрээ аж ахуйн нэгжүүд хэдэн хувьтай хэрэгжүүлж байгааг харна. 1000 гаруй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгаагаас 300 нь стандартаа мөрдөөд 100 нь мөрдөж чадахгүй байна гэсэн агуулга гаргаж ирэх ёстой юм.

Гэтэл яам, газрууд стандарт, хэмжил зүйн чиглэлээр ажиллах мэргэжилтний орон тоо, эсвэл чанарын менежментийн ISO-9001 стандарт хэрэгжүүлж ажилладаг гэсэн байдлаар хариулт өгдөг. Хамгийн гайгүй өгсөн нь Боловсролын яам. Ерөнхий боловсролын түвшинд стандартын хэрэгжилтийн түвшин 66, их, дээд сургуулийн хэмжээнд 68 хувьтай хэрэгжүүлж байгаагаа тодорхой гаргаж өгсөн. Бусад төрийн байгууллагууд нь стандарын хэрэгжилтийг ойлгохгүй байна. Тухайн салбарт гарсан стандарт тоондоо биш хэрэгжүүлэх нь чухал.

Салбарын хяналтаа стандартаар дамжуулж тавих ёстой. Аж ахуйн нэгжүүд дээрээ очоод ямар стандарт мөрдөж, мөрдүүлж байгаад нь хяналтаа тавиад явсан бол Монгол Улс ийм байдалд орохгүй. Эргээд голдиролдоо ороход асар их хэмжээний зардал гаргана. Аливаа зүйлийг араас нь биш, стандарт байдаг л бол мөрдүүлэх талаар салбарын яам, бодлого хэрэгжүүлэх газрууд нь онцгой анхаарах ёстой.

Намрын чуулганаар хэлэлцүүлэх хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар стандартыг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагуудад хяналт тавих чиг үүргийг оруулж өгч байгаа. Тухайн салбарт хэдэн стандарт байна, аж ахуйн нэгж, иргэд хэдийг нь хэрэгжүүлсэн гэдэгт бодлогын давхар хяналт тавина гэсэн үг.

-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдүүлэх нь наад захын стандарт мөн биз?

-Мөн.

-Гэтэл хотын төвд үйл ажиллагаа явуулдаг газрууд химийн хорт бодис ашигладаг хот манайхаас өөр байхгүй гэсэн шүүмжлэл явдаг. Ялангуяа, алт, мөнгөний дархан зэргээр?

-Үүний нэг жишээ нь, “Дүнжингарав”-ын уулзварт болсон осол. Тэсэрч, дэлбэрэх бодисыг хотын төвөөр явуулахгүй гэдгийг стандартдаа нарийвчлан заасан. Лабораторийн түвшинд эм урвалжийн химийн бодисыг ашигладаг уу гэвэл ашигладаг. Хаягдлыг нь бохир усны стандартад нийцүүлж хаядаг. Хүнсний аюулгүй байдлын шинжилгээ хийхэд химийн бодис хэрэглэдэг. Тэгэхдээ саармагжуулж, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай гэрээ байгуулах замаар хаядаг. Бүх аж ахуйн нэгж ч ийм процессоор явах ёстой.

Ашиглахыг хориглосон химийн бодис гэж байдаг. Түүнийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны техникийн зөвлөлөөр дамжуулж хилээр оруулж ирэхээс эхлээд хаана яаж хэрэглэх, хаана хаях хүртэл маш том хяналт тавьснаар оруулж ирэхийг зөвшөөрдөг.

-Улсын эталоны талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Дэлхий нийтийн жишгийг харахаар эталон маш чухал. Тухайн улс орны тусгаар тогтнолд хамаарах асуудал байдаг. Тэгэхээр улсын эталоныг төрөл тус бүрээр, олноор бий болгох ёстой. Манайд 11-хэн байдаг юм. Хөгжилтэй улс орнуудад 500-1000 давсан эталон байдаг. Жишээ нь, улсын эталоныг ашиглаж ажлын эталонд нэгж дамжуулалт хийж түүнийгээ ашигладаг. Түүнийгээ ажлын багаж болгож орон нутагт дамжуулалт хийнэ. Улсын эталон олон байх тусам дамжуулалтаа шууд авна.

-Цаг хугацаа, хөрөнгө мөнгө талаасаа ч хэмнэлттэй гэж ойлголоо?

-Хэрвээ тийм улсын эталоны багаж, тоног төхөөрөмж байхгүй бол Тайланд, Хятад, БНСУ-д аваачиж, хэмжих хэрэгсэл буюу ажлын эталон бэлдэж өгөөч гэж гуйдаг гэсэн үг. Бие даасан улс байж хэмжих хэрэгслээ баталгаажуулж, бэлдэх нь өөрөө асуудал. Уг нь төрийн хамгаалалтад байх ёстой юм. Манай байгууллагын байр яагаад төрийн хамгаалалтад байдаг шалтгаан нь ч ийм. Улсын эталоны тоног төхөөрөмж бүгд энд хадгалагдаж байна. 

Монгол Улсын цагийн эталон гэхэд олон улсын түвшинд хүрсэн. Дэлхийн цагийн эталонтай адил секунд, долийн алдагдалгүйгээр заана. Чех улсын буцалтгүй тусламжийн хүрээнд хийсэн хөрөнгө оруулалт. 

-Стандартын салбарт хууль, эрх зүйн хүрээнд томоохон шинэчлэл хийх ажил үргэлжилж байгаа. Удахгүй шинэчилсэн найруулга хэлбэрээр УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэх байх. Гэхдээ энэ салбарт тулгамдаж байгаа асуудал дан ганц хууль, эрх зүйн орчноор хязгаарлагдаж, хэмжигдэхгүй нь мэдээж?

-Монгол Улсын хэмжээнд стандарт, хэмжил зүйн салбарыг цогцоор нь харвал барилга, байшингаас эхлээд хүний нөөц, тоног төхөөрөмжийг сайжруулахад энэ салбарт 500 тэрбум төгрөг шаардлагатай. Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборитори гээд хамгийн том нь манай харьяанд байна. 2009 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар байгуулсан. Түүнээс хойш нэг ч хөрөнгө оруулалт хийгээгүй. Уг нь Монгол Улсын хилээр оруулж ирж байгаа бүх хүнсэнд шинжилгээ хийдэг. Орж ирж байгаа бүтээгдэхүүний аюулгүй үзүүлэлтийн 80 хувьд нь хийдэг. Үлдсэн 20 хувьд нь шинжилгээ хийж чаддаггүй. Энэ хэмжээний монгол хүн эрсдэлд орж байна гэсэн үг.

Аймгуудын сорилтын лаборатори гэхэд 20-25 хувийг үздэг. Үлдсэн 75 хувь нь эрсдэлтэй. Тэгэхээр сорилтын лабораторийг олон улсын түвшинд хүргэх, 100 хувь шинжилгээнд оруулах зайлшгүй шаардлага бидэнд байна. Өөрөөр хэлбэл, хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүнийг 100 хувь шинжилж чадахгүй байна.

-Үндэсний хэмжээний хүнсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөх нь?

-Манай салбарт 2013-2023 оныг хүртэл 10 жилийн хугацаанд 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

-Ойролцоогоор жилд 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ирсэн хэрэг үү?

-21 аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг том бүтцэд ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийж ирсэн нь мэдээж чамлалттай тоо. Манай газар нийт 30 гаруй салбартай гэж үзвэл нэгд нь сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр байгаа юм.

Харин Шадар сайд С.Амарсайханы зүгээс энэ асуудалд анхаарал хандуулснаар 2023, 2024 оны төсөвт 3.4 тэрбум төгрөгийг суулгасан. Улмаар Хүсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болон аймаг дахь сорилтын лаборатори тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн хүрээнд 2.4 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн. Үлдсэнийг нь хэмжил зүйн эталоны тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулахаар тендер зарлаад 84 хувьтай явж байна. Нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж болохоор зарим зарлагдсан тендерт аж ахуйн нэгжүүд орох нь хомс байна.

Ирэх оны төсөвт хөрөнгө оруулалтын шинэчлэлтийн чиглэлээр 17 тэрбум төгрөгийн саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Засгийн газар, УИХ, Байнгын хороогоор дэмжигдээд явах байх гэж бодож байна. Үнэнийг хэлэхэд, манай байгууллагад хөрөнгө оруулалтын асуудал маш тулгамдсан асуудал болоод байгаа. Тэгсэн мөртлөө олон улсын 20 гаруй байгууллагатай шууд харилцдаг, 30 оронтой хамтын ажиллагаатай явдаг байгууллага.

-Гадаад харилцаа талдаа сайн атлаа дотоодын хөрөнгө оруулалт нь маш чамлалттай байдаг юм байна. Ийм нөхцөлд стандарт мөрдүүлэх, хяналт тавих нь хэтэрхий өрөөсгөл биш үү. Үндсэндээ стандарт гэдэг сэдвийг тойргийн гадна үлдээх сонирхолд төрд, өөрт нь байх шиг?

-Ам нээвэл уушги нээ гэдэг дээ. Ний нуугүй л хэлье. Нэг хэсэг хөрөнгө оруулалт нь хаягдаж ирсэн бол одоо хүний нөөцийн хомсдолд ороход тулж ирлээ. Хуучин Чех, Герман, ЗХУ руу стандартын чиглэлийн хүний нөөцийг бэлтгэдэг байсан. Харин өнөөдөр стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын чиглэлээр манай улсад их, дээд сургуульд оюутан бэлтгэх асуудал байхгүй. Үүнээс үүдэж ойролцоо мэргэжлийн инженер, техникийн хүнийг сургаж авдаг. Өөрөөр хэлбэл, хүний нөөц, боловсон хүчин бэлтгэх асуудал 1990 оноос хойш алдагдсан гэсэн үг. Тиймээс дараагийн хүний нөөцийг хэрхэн бэлтгэх нь бидний толгойны өвчин, бодлогын асуудал болоод байна.

-Энэ асуудлыг шийдэхийн тулд нэн тэргүүнд яах ёстой юм?

-Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Чех Улс тэргүүтэй гаднын оронд энэ чиглэлээр ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүдийг үнэгүй сургах хүсэлтийг Монгол Улсад суугаа Элчин сайд нарт гаргаад байна. Төгсөөд ирэхэд нь ажлын байраар нь бид хангая гэж байгаа юм. Боловсролын яамтай ч ярилцаж байна. Ерөнхийлөгчийн тэтгэлгийн хүрээнд 60 оюутан ОХУ руу явж байгаа гэсэн. Тэднээс ядаж хоёрыг нь манай чиглэлээр сургаач  гэдэг ч юм уу. Гэхдээ яг зөвшөөрсөн хариу одоогоор ирээгүй байна.

Хоёрдугаарт, өөрийг чинь арван жилд, их, дээд сургуульд суралцаж байхад стандарт, хэмжил зүй, тохирлын үнэлгээний чиглэлээр хичээл орж мэдлэг ойлголт өгдөг байсан уу?

-Үгүй...

-Мэдээж байхгүй. Яг судлаад үзэхээр МУИС-ийн Гадаад харилцааны сургуульд тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын чиглэлээр л 2-3 кредит үздэг. Бусад их дээд сургуульд огт байхгүй. Уг нь ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт анхан шатны ойлголт өгдөг. Оюутан болоход түүнийг нь бататгадаг, гүнзгийрүүлдэг болох ёстой юм. Уг нь бид бүгдээрээ стандартын хяналтын байцаагч байхгүй юу. Энэ тухай мэдлэг, ойлголттой байх ёстой. Адаглаад хүүхдийн тоглоомын талбай, тохижилт зэрэгт хяналтаа тавиад холбогдох газарт нь мэдээлэл өгөх тухай асуудал. Төрийн зүгээс Монгол Улсын хэмжээнд бүрэн хяналт тавьж чадахгүй. Иргэдийн хяналт давхар явж байж зөв голдиролдоо орно. Хүн бүр үүнийг мэдээд ирэхээр тэс өөр болно. Асуудал нь өөрөө бодлогын шинж чанартай болохоор алга урвуулах төдийд шийдэх зүйл биш. 30 гаруй жил алдагдсан зүйлийг эргээд засахад мэдээж хүндрэлтэй.

-Хамгийн сайн мэдэх ёстой байтал мэдэхийг, хэрэгжүүлэхийг хүсдэггүй асуудал нь стандарт болчихоод байгаад л учиг байна?

-Тийм ээ. Гурилтай шөл хийе гэхэд гурилаа эхэлж чанахгүй. Хэдий хэмжээтэй яаж найруулах уу, ямар дэс дараатай хийх гэдэг нь стандарт. Барилга барихад сууриасаа эхлээд стандарттай. Энэ бүхнийг хангах нь монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхэд чиглэнэ. Манайд мөрдөж байгаа стандартын 45 хувь нь олон улсынх. Гэхдээ бүх юмыг олон улсын стандартад нийцүүлнэ гэвэл өрөөсгөл. Үндэсний стандартын асуудал давхар хөндөгддөг. Монгол гэр, гутал зэргээр. Түүнийг нь олон улсад хүлээн зөвшөөрүүлэх нь бидний чиг үүрэг. 

Монгол Улсын хэмжээнд салбар, салбарын чиглэлээр мэргэшсэн 64 техникийн хороо үйл ажиллагаа явуулдаг. Цэвэр мэргэжлийн хүмүүс техникийн хороонд ажилладаг. Стандартын баримт бичгийг боловсруулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ. Оролцогч талын алинаас нь ч санаачилж болно. Олон улсын түвшний стандарттай харьцуулна. Мэргэжлийн түвшинд судалгаа хийж гаргадаг. Тэр бүгдэд шүүлт хийгээд зайлшгүй шаардлагатайг боловсруулж баталдаг. Шинэ стандарт батлахад 1.5 жилийн хугацаа ордог.

Стандартын үзлэг гэдэг ойлголт байдаг. Тухайн салбарт хэрэгжүүлж байгаа стандартыг бодлогын түвшинд шинэчлэх, шинээр боловсруулах, хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэдэг гэсэн үг. 2022 онд Шадар сайдын санаачилгаар Эрүүл мэндийн салбарт үзлэг явуулсан. Тэгэхэд 30 стандарт нь хуучирсныг тогтоож хүчингүй болгосон. 150 стандартыг шинэчлэн боловсруулах зайлшгүй шаардлага үүссэн. Шинээр 50 гаруй стандартыг боловсруулж батлах шаардлагатай гэж дүгнэсэн. Дэлхийн шинжлэх ухаан хурдацтай хөгжиж байгаа болохоор түүнд нь нийцүүлэх шаардлагатай, манай улсад зайлшгүй шаардлагатай гэх зэргээр. Одоо 2025 оны стандартын төлөвлөгөөнд санал аваад явж байна.

Стандартыг нэг баталсан л бол хөдлөшгүй тэр чигээрээ явдаггүй гэсэн үг. Үргэлж шинэчилж, өөрчилж байдаг процесс. Стандартыг хангах нь эрүүл, аюулгүй орчинд амьдрахаас гадна олон улсын түвшинд хүрч байх ёстой. Тэгэж байж дэлхийн түвшинд бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ өрсөлдөх боломж үүснэ. Үүнтэй холбоотойгоор стандартыг маш өндөр тогтоолоо гэж ярьдаг. Гэхдээ стандартыг олон улсын стандарттай уялдуулахгүй тогтоолоо гэхэд тэр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөхгүй. Уг нь бид дэлхийд л өрсөлдөх ёстой биз дээ. Тэгэхээр стандартыг хэрэгжүүлэх хангуулах ажил маш чухал. Манайх мөрдөх үйл ажиллагаа явуулдаггүй ч, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах асуудалд аюул учруулсан үйл явдлыг судлаад үзэхээр дандаа стандарт зөрчсөнөөс үүдэлтэй байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

UZEG.INFO