1990 оноос нэн шинэхэн дүрмээр ирээдүйн зүг чигээ тодорхойлж эхэлсэн Монгол Улсад “Гуравдагч хөрш”-ийн оролцоотой цорын ганц мега төсөл бий. Нэр нь Оюу Толгой. Улстөрчдийн харах өнцөг, нийгмийн хардлага талаасаа хамгийн их эсэргүүцэлтэй нүүр тулсан нь, басчхүү урагшилж, хөдөлгөсөн нь. Гэж нэрийдэж, тодотгохоос ч өөр аргагүй. Нэгэн арван бус, нэгэн жаран биш, бүр нэгэн зууны турш ОХУ, БНХАУ хэмээх аварга хоёр хөршөөсөө давж, аль нэг орны томоохон хөрөнгө оруулалтыг татсан туршлага бидэнд үгүй, тийм улс төрийн эр зориг үе үеийн Монгол Улсын Засгийн газар, парламентын түүхэнд байсангүй. Байгаа ганц “Эрдэнэт” нь улсын ч, улстөрчдийн ч урдаа барьдаг “саалийн үнээ” гэх “шошго”-той. Одоо ч тийм. Гэхдээ саяхныг хүртэл 49 хувь нь ОХУ-ын мэдэлд байсныг нийтээрээ мэдэхгүй биш мэднэ.

Гагцхүү уул уурхайн салбартаа “Эрдэнэт”-ээс өөр гялтайх том тоглогчгүй, төсөвт жин дарах хэмжээний бүрдүүлэгчгүй явсан Монголын Засгийн газар Оюу Толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах улс төрийн шийдвэрт хүрсэн нь чухамдаа ЗОЛ байлаа. Гэдэг нь нэгдүгээрт, төслийг хөдөлгөх Хөрөнгө оруулалтын гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан өдрөөс Монголыг, Монголын эрдэс баялгийн салбарыг харах дэлхий нийтийн хандлага 180 хэм өөрчлөгдсөн түүхтэй. Тэр хэрээрээ биднийг зорих хөрөнгө оруулагчдын урт цуваа бодитоор үүсч байв. Том төслийг дагаж том хөрөнгө оруулалт орж ирдгийн тод жишээ, бас нэрийн хуудас нь Оюу Толгой болсон гэсэн үг. 

Хоёрдугаарт, улсын төсвийн бүрдүүлэхэд голлох нөлөөтэй ашиг малтмалын экспортод чухал байр суурийг эзэлдэг, эзэлсээр байгаа зэсийн үнэлэмж дэлхийн өрөг дээр шинэ, тэгэхдээ томоохон тоглогчийн хувиар нүүх боломжийг нээж байв. Гуравдугаарт, ОХУ, БНХАУ гэсэн хоёр их гүрний дундах Монгол Улсад “Гуравдагч хөрш”-ийн оролцоотой дараа дараагийн хөрөнгө оруулалт орж ирэх дархлаа нь Оюу Толгой болсон юм. Улсаа үүрээд нүүж чадахгүйгээс мөнхийн хоёр хөршөөсөө мөнхийн хамааралтай бидэнд улс төрийн болон нийгмээс ирэх ил болон далд нөлөө, аль нэгнээс нь дэглэлттэй эсэргүүцэл их. Оюу Толгой ч ийм замыг тойроогүй биш дайрсан. 

Эцэстээ Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас яг 14 жилийн дараа Гүний уурхайг ашиглалтад оруулж, олборлолт явуулж эхэлснээр Монгол Улс дэлхийд эхний дөрөвт эрэмбэтэй зэсийн уурхайтай болох замаа засч, түүнийгээ албан ёсоор зарлалаа. Төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар шийдвэрлэсэн 2009 оноос гэж тооцвол одоогийн түвшиндөө хүрэхийн тулд дөрвөн парламент, долоон Ерөнхий сайд, Засгийн газрыг нүүрийг үзжээ. Урт хугацаандаа хэрэгжиж, тэр хэрээрээ том хөрөнгө оруулалт “цутгадаг” нь мега төслийн онцлог ч Оюу Толгой шиг улс төрийн ойлгомжгүй, мөн тогтворгүй байдал дундаас өндийсөн нь ховор. Хаалгаа барьсан нь олон болохоос бараг үгүй.

Харин Монгол Улс зэсийн дэлхийн магнатуудтай эн зэрэгцэх хэмжээний уурхайтай болсон нь зөвхөн хөрөнгө оруулагч тал буюу Англи-Австралийн “Рио Тинто” группийн амжилт уу? гэвэл өрөөсгөл. Оюу Толгойд ажиллаж байгаа 21 гаруй мянган ажилтан, 700 орчим ханган нийлүүлэгчийн хамтын амжилт. Тэдгээрийн 97 хувь нь монголчууд гэвэл бидний амжилт. Үндсэндээ гарын арван хуруунд ч хүрэхгүй цөөн тооны оронд ашиглаж чадах технологи бүхий Гүний уурхайг монголчууд өөрсдийн гараар бүтээж чадсан нь том амжилт. Монгол хүний ур чадвар дэлхийн хаана ч очсон хүлээн зөвшөөрөгдөх суурийг хэдийнэ бэлдэж эхэлсэн гэсэн үг. “Рио тинто” группийн хилийн чинад дахь салбаруудад 200 орчим монгол залуус инженер, техникийн ажилтнаас группийн захирлын алба хашиж байна. Нэгэнт олж авсан мэргэжлийн ур чадвар гэдэг хэзээ ч, хусаад ч арилахгүй үнэ цэнэтэй атлаа хамгийн бодит хөрөнгө оруулалт. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг дан ганц мөнгөн дүнгээр хэмжиж болохгүй гэдэг нь энэ.

Саяхан л уур уурхай шиг муухай юм байхгүй, газрын хэвлий дэх баялгийг маань ухаж, сэндийчээд аваад явах нь хэмээн уулгалан эсэргүүцэхийг уриалж, тархиа ухуулж явсан монголчууд өөрсдийнхөө гараар дэлхийн хэмжээний Гүний уурхай барьж, байгуулна гэдэг маргаангүй том үсрэлт. "JP Morgan", "CITI", "Goldman Sachs", "Morgan Stanley" тэргүүтэй дэлхийн топ 45 банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид Монголд хөл тавьж, Эдийн засгийн чуулганд оролцоод буцсан шалтгаан нь ч үүнтэй холбоотой. Үнэхээр монголчууд өөрсдөө бүтээж чадсан эсэхийг нүдээр, бодитоор үзэх нь тэдний нэг зорилго байв.

Мэдээж дэлхийн 35 улсад үйл ажиллагаа явуулдаг, “Рио Тинто”-гийн 150 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага нь энэ бүхний “уураг тархи” нь. 150 жилийн туршлага гэдэг 150 жилийн л туршлага. Гол нь бусад 34 улсад монголчууд өөрсдөө Гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцож, ашиглалтад оруулж чадсан нь л өөрөө том сурталчилгаа, эерэг мессеж болох учиртай.

Өдгөө Оюу Толгой төслийг дагаж 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийгээд байна. Үүнээс 1.6 тэрбум ам.доллар нь өнгөрсөн жилийнх буюу дотоодын зах зээлд нийлүүлснээс 1.4 тэрбум ам.доллар нь борлуулалтын орлого гэнэ. Зөвхөн үндэсний компаниудаас гэхэд 1.3 тэрбум ам.долларын худалдан авалт хийжээ. Товчхондоо 700 орчим компанитай хамтран ажилладгаас 500 гаруй нь үндэсний компани. Үүний 100 нь Өмнөговийнх. Зам дагаж хөгжил гэдэг шиг том төсөл тойрсон үр өгөөж хэрхэн улсын төдийгүй орон нутагт хэрхэн нөлөөлдгийн бодит жишээ нь энэ. Ханбогд сумын урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг таван жилийн хугацаатай оруулах ТУЗ-ийн шийдвэр ч үүнд багтана.

Ийнхүү Монгол Улсын эдийн засагт төдийгүй монгол хүний оюуны чадамжид давхар хөрөнгө оруулж ирсэн, ирсээр яваа Оюу Толгой компанийнхан стратегиа шинэчилж, шинэ зорилт, шинэ дүрэм, шинэ зохион байгуулалтаар ажиллахаар болсноо саяхан зарлажээ. Ингэхдээ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон дунд хугацааны зорилтот “Шинэ сэргэлтийн бодлого”-д нийцүүлжээ. “Рио Тинто” Зэсийн группийнхээ үйлдвэрлэлийг гурав дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөний хүрээнд Оюу Толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Гүний уурхай дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэтэй болно гэсэн үг. 

Гүний уурхайн бүтээгдэхүүний олборлолт гэдэг технологийн хувьд бусдаасаа өөр. Блокчлон олборлох арга ашигладаг учраас нарийн ажиллагаа, өндөр мэдлэг, технологи шаардана. Хугацаа ч их орно. Гэхдээ олборлолтыг жилээс жилд нэмэгдүүлснээр 2028-2036 оны үед хамгийн өндөр түвшинд хүргэх зорилт, бас сонирхол хөрөнгө оруулагч талд бий. Үүнийг нь шинэчилсэн стратеги тодорхойлж, луужин болно. Гол нь, Оюу Толгойн шинэ дүрэм зөвхөн олборлолтоо нэмэгдүүлэхэд чиглэсэн үү? гэвэл үгүй. Дэлхий нийтээр анхаарлаа хандуулж эхэлсэн уур амьсгалын өөрчлөлт, дотоодын улс төрийн болон эдийн засгийн тодорхойгүй байдалд тулгуурлан зарим эрсдэл, үр дагавар, боломжид тулгуурлажээ.

Монголд хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр зорьж байгаа томоохон мега төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахад УИХ, Засгийн газрын түвшинд тогтоол гаргаж, түүнийхээ хүрээнд дүрмээ тодорхойлдог. Харин Оюу Толгой бол Тогтвортой байдлын гэрээтэй цорын ганц төсөл нь. Гэвч парламентынхаа түвшинд дархлаа тогтоож өгсөн эл төсөлтэй холбоотой асуудал Засгийн газар, Ерөнхий сайд солигдох болгонд сэдэрдэг нь Монголын гэм биш зан. 

Улстөрчдийн араншинд дөрөөлсөн улс төрийн ийм тогтворгүй байдлын үр дагавар нэг хэсэгт нь ашигтай тусдаг бол нийтэд буюу эдийн засагт халтай буудаг. Тогтвортой байдлын гэрээ нь л Оюу Толгой хэмээх аварга төслийг энэ хүртэл “хамгаалж” ирсэн болохоос бусад хөрөнгө оруулагч шигээ хаалгаа бариад гарах цаг хугацаа хангалттай өнгөрсөн үү? гэвэл тийм. Гэхдээ төсөл нь, ач холбогдол нь Монгол Улсад, монголчуудад хэрэгтэй учраас тэгээгүй. Том группийн алсаа харсан туршлага. Тиймээс л улс төрийн болон эдийн засгийн тодорхойгүй байдалд тулгуурлаж стратегиа шинэчилсэн нэг шалтгаан энэ болов уу? Цаашлаад Оюу Толгойд ажиллаж байгаа 21 мянган ажилтан түүнийх нь 97 хувийг бүрдүүлж буй монголчуудаар дамжуулж Монгол Улстай хамтдаа хөгжиж, урагшлах нь эл стратегийн гол цөм гэдгийг энд тодотгох гээд байгаа юм.

Учир нь, улстөрчид нь тэнд “Эрдэнэт” шиг шахаа хийсэнгүй. Төлөөний хүмүүсээ томилж, түүгээрээ дамжуулж эрх ашгаа гүйцэлдүүлсэнгүй. Шалтгаан нь маш энгийн бөгөөд тодорхой. Ерөөсөө л Оюу Толгойд энэ бүхэн хаалттай. Хөрөнгө оруулалт нь тогтвортой ч улс төрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулж ирсэн компанийн засаглалынх нь бичигдээгүй хууль. Гагцхүү ганцхан дүрэм л тэнд үйлчилдэг. Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын стандартад юу гэж заана тэрийг ягштал мөрдөж, биелүүлэх үүрэгтэй. Өөрсдөө ч үндсэн зорилгоо “Дэлхийд тэргүүлэх, аюулгүй, тогтвортой зэсийн бизнесийг хамтдаа цогцлоож, эх орноо хөгжүүлэхэд оршино” гэж тодорхойлсон байна лээ. Тэр нь ч үнэн.

Хэрэглээний усныхаа 87 орчим хувийг дахин боловсруулж ашиглаж байгаа нь тэдний эерэг үзүүлэлт. Байгаль орчны холбогдолтой бүх төрлийн үнэлгээ, тайланг тогтмол гаргадаг нь бас соёл. Орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй нь мөн соёл. Монголчууд өөрсдөө Гүний уурхайгаа бүтээн байгуулж, ашиглаж, олборлолт хийж байгааг бусад оронд, хөрөнгө оруулагчдад таниулж эхэлсэн нь жишиг болохуйц мессеж. Түүгээрээ дамжуулж монгол залуусын оюуныг экспортлох жинхэнэ “Монгол мөрөөдөл”-ийг суурийг тавьсан нь сайн үлгэрлэл. Ажлын байрны аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж, ажилтнуудаа ягштал мөрдүүлдэг нь хамгийн сайн дадал. Бидэнд үлдээж буй ТЭДНИЙ СОЁЛ гэж зориуд онцлоод байгаа нь энэ юм.

UZEG.INFO