Sapiens
Ювал Ной Харарийн бичсэн “Sapiens: Хүмүүн төрлөхтний товч цадиг” хэмээх ном хэвлэгдээд 2-3 жилийн дотор гуч гаруй хэлээр орчуулагджээ. Ийм амжилт номын ертөнцөд ховор тохиолддог.
Ювал Ной Харарийн бичсэн “Sapiens: Хүмүүн төрлөхтний товч цадиг” хэмээх ном хэвлэгдээд 2-3 жилийн дотор гуч гаруй хэлээр орчуулагджээ. Ийм амжилт номын ертөнцөд ховор тохиолддог. Энэ номынхоо тухай уншсан цуврал лекцийг нь 100 мянган сонссон гэсэн. Хувьслын явцад буй болсон Хомо хэмээх сул дорой амьтан түүхийн явцад Дэлхийг эзэгнэгч Бурханы хэмжээнд, Дэлхийг сүйтгэгч ороолонгийн зэрэгт хүрсэн намтрыг тэрээр туурвижээ. Харари зүгээр нэг намтар бичээгүй, ер бусын авъяаслаг зохиогч, гайхалтай шооч егөөч, уран тайлбарлагч, гярхай ажиглагч нэгэн тул бүтээл нь билэг танхай, онц сонирхолтой. Тэрээр бүтээлээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ерөнхий биологи, дарвинизм, ерөнхий генетик, молекуляр биологи, органик хими, физик, биохими, цаг уур, түүх, газар зүй зэрэг шинжлэх ухааны олон салбарын судалгаа шинжилгээнд тулгуурлан эдгээр ухааны цаад мөн чанар, судалхууныг ердийн уншигчид ойлгохуйц хялбарчлан тайлбарласан нь энэ номын сонирхолтой болж чадсан нэг нууц бөлгөө.
Эл номыг орчуулах хорхой уншсан цагаасаа л надад төрсөн. Хэд хэдэн хэл дээрх орчуулгыг цуглуулж үзээд хэбрайгаар л биш бол англи шигээ сайн нь үгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Урьд нь би Брайсоны “Шинжлэх ухааны товч түүх”-ийг орчуулахдаа зохиогчийн егөө, шоглол, наргиа, хурц хэллэг, үгийн цаадах далд санааг хэвээр гаргаж ирэх гэж ихэд махарч билээ. Sapiens-ыг орчуулхдаа яг ингэж махарч үгэн дотрох үгийн цаад санааг олох гэж нэлээд хичээж явлаа. Монгол хэлээр буулгаж хэвлүүлэхээр Зохиогчоос худалдан авах зөвшөөрөл хүсчихээд байтал “Илүү нөхцөл санал болгосон Монголын өөр хэвлэлийн газарт орчуулгын эрхийг өгсөн болно. “Homo Deus” гэсэн дараагийн номын эрхийг санал болгож байна. Амжилт хүсье” гэсэн хариу иржээ. Ингээд би орчуулгаа зогсоолоо. Ихэд харамсаж буй боловч мөнөөх илүү нөхцөл өгсөн хэвлэлийн газрын орчуулагчид амжилт хүсье. Уг номыг рекламдах үүднээс өөрийн орчуулж байсан хэсгээс өчүүхнийг нь сонирхуулж байна. Энэ ном хэвлэгдэхээр бүгдээрээ уншихыг хичээгээрэй. Үнэхээр сонирхолтой бүтээл. Аугаа сэтгэлгээ гэж үүнийг л хэлэх байх.
ХААНААС НЬ Ч ХАРСАН - АМЬТАН
Эхлээд орчлонгийн тулгын гурван чулуу тавигдлаа. Тэр нь Матери, Энерги, Цаг хугацаа гурав. Одоогоос 13,5 тэрбум жилийн өмнө Их Тэсрэлт болж матери, энерги, цаг хугацаа, орчлон үүссэн аж. Орчлонгийн тулгын чулуу тавигдаж голомт бадарсан энэхүү суурь үзэгдлийн явцыг Физикийн судална. Физикийг Бодис зүй гэх нь ч бий.
Орчлон өрхөө татаж үүдээ нээснээс хойшхи 300 мянган жилийн туршид матери, энерги хоёр нь хоорондоо сүлрэн маш нарийн бүтэцтэй атом төрүүлж, атом нь молекул бүтээжээ. Атом, молекулын харилцан үйлчлэлийг Химийн ухаан судалдаг. Химийг Хувилахуйн ухаан гэх ч нь бий.
Ингэж байсаар 3,8 тэрбум жилийн өмнө Дэлхий хэмээх гариг дээр молекулууд хоорондоо холбогдон холбогдсоор, нэг мэдэхэд маш нарийн төвөгтэй нэгдэл үүсгээдхэж. Тэрийг нь бид организм гэж нэрлэдэг. Организмуудын оршихуй буюу органик амьдралын түүхийг Биологийн ухаан судалдаг. Биологийг Амин судлал гэж нэрлэх нь бий.
Организмууд хөгжөөд л байлаа. Барагцаагаар 70 мянган жилийн өмнө Homo sapiens хэмээх зүйлд хамаарах амьтан өвөр хоорондоо бүр нарийн бүтэц холбоо байгуулсныг бид соёл гэж нэрэлдэг. Энэхүү хүний соёлын цаашдын хувь заяаг Түүхийн ухаан судалдаг.
Хүний түүх гурван том (томоор барахгүй аугаа) хувьсгалыг дамжсан гэж үздэг. Хүмүүс бид ердөө далаадхан мянган жилийн өмнөөс л юмын учрыг олж, танин мэдэж эхэлсэн аж. Таниад л мэдээд л явж байгаад 12 мянган жилийн өмнөхөн л хөдөө аж ахуйд хувьсгал хийж, хөгжлийнхээ явцыг хурдасгаж эхэлжээ. Уртаашаа 500-аадхан жилийн настай Шинжлэх ухааны хувьсгал нь өнгөрсөн бүх түүхэнд цэг тавьж, өөр цоо шинэ түүхийн эхийг нээх бололцоо өглөө. Юм юмны учрыг олж явсаар танин мэдэж эхэлсэн ба хөдөө аж ахуйдаа хувьсгал хийж дөнгөсөн, улмаар шинжлэх ухаантай болж чадсан энэ гурван хувьсгал нь хүнийг өөрийг нь болоод хүний гараар бусад амьд ертөнцийг яаж хувьсган нөлөөлсөн түүхийг энэ номд өгүүлэх юм.
Хүний түүхийг эхлүүлэн судлах баримжаа болдог тэр цагаас хавьгүй өмнө ч хүмүүс оршин байжээ. Орчин үеийн чи бидэнтэй төстэй амьтад 2,5 сая жилийн өмнө анхлан буй болсон гэж үздэг. Гэхдээ тэд маань хорвоогийн орон зайг хамтдаа дүүргэсэн, тэрбумаар яригдах тоо толгойтой бусад амьтан, амьд организмаас төдий ялгагдах юмгүйгээр олон үеийг туулжээ.
Хэдүүлээ цаг хугацааны аялал хийж сая сая жилийн тэртээх Зүүн Африкт зочиллоо гэж бодъё. Бид юу үзэх байсан бэ? Нялх нялзрайгаа тэвэрч халамжлах эхчүүдээс эхлээд, “чихгүй толгой” оргин шаварт хутгалдах хэнэггүй багачууд харагдана. Бас “Аавын цээж” оргисон харчуул хөшилдөөд л, ядарсан хөгшчүүл нь амьтны хөлд үрэгдчихгүйн тулд дайжсхийж үзэгдэнэ. Үнэн пээдгэр нэг амьтан эмс охидод гайхуулж ядан түхэлзээд л, тэдний шалиг үгийг чихнийхээ гадуур өнгөрөөж сурсан буурь суурьтай хүүхнүүд нь тоомсоргүй царайлна. Ийм л дүр зураг тодорно доо. Эртний энэ хүмүүс тоглон наадаж, хайрлаж чаддаг байсан ч, тэдний дунд эгэл гэхийн аргагүй нандин учир шалтгаантай холбоо харилцаа буй болсон ч, оройлох эрх мэдлийн төлөө үзэж тарж, чухал байр суурийн хойноос тэмцэлддэг байсан ч мөн чанар нь одоогийн мич, шимпанзе, зааныхаас ялгагдах юмгүй ажгуу. Тэдэнд амьтнаас ялгагдах юу ч байсангүй тул амьтан л байлаа. Хэрвээ энэ амьтанд “Үр удам чинь Саран дээр гишгэнэ, атомыг задлана, удамшлын код тайлна, цаг хугацааны лит зохионо” гэж хэлбэл үнэмших байтугаа, юу хэлээд байгааг нь ч гадарлахгүй. Ерөөсөө эртний хүмүүсийн тухай эрэгцүүлэхдээ бид нэг зүйл дээр ойлголцох ёстой. Тэр юу вэ гэвэл, эртний тэр хүмүүс ердийн л нэг зүйл амьтан байсан учир эргэн тойрондоо үзүүлэх нөлөө нь өнөөгийн горилл, цох хорхой, нялцгай биетнээс илүү байгаагүй юм шүү.
Биологичид организмыг төрөл, зүйл гэхчлэнгээр ангилдаг. Нэг зүйлд (species) хамаарах амьтад хоорондоо эвцсэнээр нэгийгээ хээлтүүлж цааш үржих чадвар бүхий үр төл гаргадаг. Морь ба илжиг нь нийтлэг ойрын өвөгтэй, цөөн биш шинжээрээ төстэй боловч хоорондоо эвцэлдэх сонирхол байдаггүй. Тэднийг зориудаар эвцэлдүүлбэл дундаас нь луус төрдөг авч тэр нь цааш үржих чадваргүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр адуу ба илжиг нь өөр өөр зүйлд хамаардаг амьтад юм. Гэтэл хоточ банхар ба гэрийн хав нь хэдийгээр хоорондоо төс багатай ч гэсэн маш дуртайгаар эвцэлддэг. Гарсан гөлөг нь ч гэсэн цааш өөр ямар ч үүлдрийн нохойтой эвцэлдэн гөлөг төрүүлэх чадвартай. Энэ нь хоточ банхар ба гэрийн хав нь нохой гэсэн нэг зүйлд хамаардаг гэсэн үг.
Нэг өвөг дээдэстэй зүйлийг нэг төрөл (genus) гэнэ. Арслан, бар, ирвэс, үчинбэр зэрэг нь Panthera гэх төрөлд хамаарах өөр өөр зүйлүүд. Биологчид амьд организмыг латин давхар нэрээр адисладагийн эхнийх нь төрлийг, дараагийнх нь зүйлийг тодорхойлно. Жишээ нь, арсланг - Panthera leo гэдэг нь ийм учиртай, Panthera нь төрөл leo нь зүйл. Тэгэхээр - Homo sapiens, гэсэн энэ номын нэрийн учир sapiens нь зүйл (оюунт) төрөл нь Homo (хүн) гэдгийг уншигч та шууд ойлгож байгаа байх.
Уг нь Homo sapiens нь мэдээж тодорхой нэгэн төрөлд хамаардаг байх учиртай. Гэтэл энэ “нууц”-ыг (үнэнийг) зориудаар зөрүүдлэн хав дарж байжээ. Энэ нь хүн өөрийгээ дөвийлгэн үзэхтэй холбоотой. Тэднийхээр Homo sapiens нь ах дүү, төрөл садан байхгүй, хамгийн гол нь удам судар үгүй учир бусад бүх амьтнаас шал ондоо, төрөл дотроо өнчин (онцгой) нэгэн гэж үздэг байв. Энэ бол том төөрөгдөл билээ. Чамд таалагдсан эсэхээс үл хамаараад бид чинь дээд бичний төрөлд хамаарах олон зүйлийн нэг гэдэг нь үнэн юмаа. Өдгөө оршин буй бидний ойрын зүйлүүд бол шимпанзе, горилл, орангутан, гиббон. Энэ дундаа шимпанзе гуай бол бүр ойрын садан төрөл, хамаатан болж таарч байна. Зургаан сая жилийн өмнө нэгэн зүйл сармагчингаас төрсөн ихэр охин нь хоёр айлын бэр (хоёр зүйл) болон удам салаалжээ. Нэг нь өдгөө амьдарч буй шимпанзегийнхан, нөгөө нь бидний нэн эртний эмээ юм.
ТҮҮХ ЯРЬДАГ АРАГ ЯС
Homo sapiens нууцаа удаан хадгалсан. Бид зэрлэг хамаатантай төдийгүй дээхнэ үедээ зэрлэг төрсөн ах дүүтэй байсан. Би өөрсөндөө л “хүн” гэдэг нэр өгсөн болохоос “хүн” гэсэн төрөл нь дотроо нэлээд хэдэн зүйлтэй байжээ. Homo хэмээх хүний төрлийн анхны зүйл болох Australopithecus гэх амьтан 2,5 сая жилийн өмнө Зүүн Африкт буй болжээ. Хоёр сая жилийн өмнө энэ эртний хүмүүсийн дотроос “эрэгтэй эмэгтэй олон ард” эх нутгаа орхин Умарт Африк, Европ, Ази руу цагаачиллаа. Цас мөстэй Хойд Европт хүйтэн, Индонезийн бөгчим ширэнгэд халуун. Газар газар руу нүүсэн хүмүүс цаг уураа даган өөрчлөгдөж, үр дүнд нь янз бүрийн шинэ зүйл үүсчээ. Хожим нь биологчид тэдэнд тус тусад нь гоё латин нэр хайрласан.
Европ болон Баруун Азид Homo neanderthalensis (Неандэр хөндийн хүн гэж нутгаар нь нэрлэсэн хэрэг) амьдрах болсныг ердийнхөөр неандэрталь хүн гэдэг. Орчин үеийн хүнийг бодвол илүү булчин шөрмөслөг неандэртальчууд мөстлөгийн үеийн Европын хүйтэн нөхцөлд илүүтэй дасан зохицжээ. Гэтэл Ява арлын Homo soloensis (Соло хөндийн хүн буюу Соло нутгийнхан гэмээр ч юмуу) дулаан орчинд илүү зохицсон. Индонезийн нэгэн жижиг арал болох Флорэс-т амьдарч байсан хүмүүсийг киноны дүр болох хоббитуудтай адилтгадаг. Нэг метр хүрэхгүй өндөртэй, ердөө 25 кг жинтэй боловч жадаар зэвсгэлсэн тэдний эр зоригийг дутуу үнэлэмгүй. Хэдийгээр тэр үеийн заан жижиг байсан нь үнэн л дээ, гэхдээ тэд заан агначихдаг байв. Азийн өргөн уудам нутагт Homo erectus (босоо хүн буюу зогсож чаддаг) тархсан. 1,5 сая жил оршсон тэд хүний зүйлүүдээс хамгийн удаан амьдарсан нь.
2010 онд Сибирийн Денесовын агуйгаас чулуужсан сарвуу олсон нь бидний бас нэг мартагдсан ах дүүгийнх байлаа. Генетик дүн шинжилгээгээр энэ хуруу урьд нь мэдэгдэж байгаагүй хүний төрлийн бас нэг зүйлийнх болох нь батлагдаж Homo denisova (Денисов хүн) гэсэн нэр авав. Өөр цаг уурт газар орон, аралд бидний ах дүүгийн яс үлдэц цаашид хичнээн олдохыг таашгүй!
Европ, Ази, Зүүн Африкт байсан эдгээр зүйлүүд цааш хувьсалд орон их өөрчлөгдсөн. Хүний төрөлд багтах зүйлүүд улам олон зүйл болон салбарлажээ. Үүний дотор Homo rudolfensis (Рудольф нуурын хүн), Homo ergaster (ажилч хүн) гэх мэтээр явсаар бидний бардмаар Homo sapiens (оюунт хүн) гэж нэрэлсэн зүйл буй болжээ.
Хүний зарим зүйл биерхүү, зарим нь давжаа. Эдэн дунд зоригт анчид ч бий, жимс мөөг гарамгай түүгчид ч бий. Зарим нь ганц аралд амьдарч байхад зарим нь бүтэн тив эзэгнэж байх жишээтэй. Гэлээ ч бүгдээрээ Homo төрөлд хамаарна, нэг үгээр бол цөмөөрөө Хүн.
Нийтэд тархсан нэг төөрөгдөл байдаг нь юу вэ гэхээр ийм юм. Хүний бүх зүйлүүд нэг нэгнээсээ урган гарсан, эргэстэрээс эрэгтус, эрэгтусаас неандэрталь, неандэрталиас бид гэсэн дараалалтай гэсэн төөрөгдөл байдгийг бид санах ёстой. Дэлхий дээр тодорхой цаг хугацаанд зөвхөн нэг зүйл хүн байсан, эртний бүх хүмүүс бол орчин үеийн хүний өвөг дээдэс юм гэсэн шугамчилсан ойлголт бол айхавтар эндүүрэл. Үнэндээ бол бараг хоёр сая жилийн турш, одоогоос 10 мянган жилийн өмнөх хүртэл хүний нэлээд хэдэн зүйл зэрэгцэн амьдарч байжээ. Боломжгүй гэж хэн хэлэх юм бэ? Одоо ч гэсэн үнэг, баавгай, гахайн олон өөр зүйлүүд зэрэгцэн амьдарч байна шүү дээ. Зуун мянган жилийн өмнө дэлхий дээр дор хаяхад зургаан өөр зүйлийн хүн амьдарч байж. Хүний олон зүйлүүд зэрэгцэн байсан эртний явдлыг гэхээсээ харин ч ганц өнчин зүйл оршин байгаа өнөөгийн явдлыг гаж үзэгдэл гэх хэрэгтэй. Гаж явдал дандаа л хардлага төрүүлдэг хойно доо.
ТОМДСОН ЭРХТНИЙ АШИГ ХИЙГЭЭД ТӨЛӨӨС
Хүний олон зүйл хоорондоо зөндөө ялгаатай боловч нийтлэг нэг төрх нь тод ажиглагддаг. Хүнийг бусад амьтадтай жишихэд их биетэйгээ харьцаа алдагдсан том тархи нь илэрхий ялгардаг. 60 кг жин татах хөхтөн амьтан ердөө 200 шоо см тархитай байхад мөн тийм жинтэй хүн 1200 – 1400 шоо см тархитай байх жишээний. Ерөөсөө ч 2,5 сая жилийн өмнөх хүний тархи хичнээн жижигхэн гээд жишээ нь ирвэсийнхтэй харьцуулахад хавьгүй том. Хувьслын явцын дүнд энэхүү зөрүүд харьцаа улам л нэмэгдээд байсан байх юм.
Яагаад хувьсал хүний зөвхөн тархийг онилоод байсны учрыг олох гэж толгойгоо гашилгах хэрэг байна уу гэж асууж магадгүй. Бид өөрсдийн сэтгэх чадвараар бахархаж, тархи том байх тусмаа илүү оюунлаг гэж хөөрдөг. Хэрэв энэ нь маргах аргагүй үнэн юм бол яагаад муур хувьслын дүнд тоо боддог зулзага төрүүлэхгүй байгаа юм бэ? Бүхий л амьтны ертөнц дотор яагаад ганцхан Homo нар л ийм нарийн бүтэц бүхий сэтгэдэг аппараттай юм бэ?
Үнэн хэрэгтээ тархи том байх тусам биеийн үлдсэн хэсэгт лай учруулдаг. Үгүйдээ л ийм том гавлыг тээж явна гэдэг амар хэрэг биш. Том тархийг тэжээлээр хангана гэдэг бүр ч хэцүү. Homo sapiens-ын биеийн жингийн 2-3%-ийг тархи эзэлдэг боловч нийт зарцуулж буй энергийн 25%-ийг залгина. Маниусаас бусад хүн дүрстний тархи биеийн эрчмийнхээ 8%-д л ханана. Эртний хүмүүсийн тархи томорч “үнэн гавал амьтан” болсныхоо хариуд их юм төлсөн. Идшээ хайхад илүү их цаг зарцуулах болсон. Мөн булчингийн ажиллагаа нь их суларсан гэж байгаа. Хүмүүс булчин шөрмөсөндөө очих ёстой энергиэ мэдэрлийн эс рүүгээ хандуулах үзэгдлийг улс орны жишээн дээр харах гээд үзье. Жишээлэхэд, засгийн газар нь армидаа очих мөнгөө боловсрол руугаа хийгээд байгаа маягаар төсөөлж болох. Энэ бол шугуй ширэнгэд амьдрах сайн бодлого биш л дээ. Маргалдах дээрээ тулбал шампанзе хүнийг барахгүй ч, маажилцвал эрхбиш дийлэх биз.
Тархитангууд үе өнгөрөх тутам улам том тархитай хойч үе үлдээж байсан нь яамай. Тархи хэрхэн биеийн хүч чадлаас хумслан өөрөө томров? Альбэрт Эйнштэйний эрин үед ийм асуулт тавих нь гэнэн байж магадгүй. Учир нь Эйнштэйн гэдэг бол өнөө үеийн үзэгдэл. Хоёр сая жилийн туршид хүний тархин дахь мэдрэлийн сүлжээ өсөн бойжиж, улам нарийн бүтэцтэй болсноор цахиур хутга, үзүүртэй мунаараа бахархаж эхлээ биз. Тогосны ямар ч хэрэггүй урт сүүл, бугын толгой дээрх төвөг болсон эвэр “ямар юмандаа хэрэг болно гэж ургаа бол” гэдгээс ч хүний тархины хөгжил хувьсал нь илүү гайхмаар үзэгдэл. Ёстой, чөтгөр бүү мэд гээч л байх.
Хүний биеийн бас нэг онцлог шинж бол босоогоор явдал... Хүн босоо явдаг нь олон давуу талтай ч мундахгүй сөрөг үр дагавартай. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд. Босоо явах болсноор аарцаг нь хавчиг болжээ. Харин нярайн толгой асар том. Ийм учраас төрөлтөөс болж нас барах магадлал нэн ихсэж буй хэрэг. Ингэхээр хүүхдийн гавал төдийлөн томроогүй бөгөөд харьцангуй зөөлөн байх үед нь төрүүлбэл эндэгдэх магадлал багасч, олон үр төл гаргах бололцоо нэмэгдэнэ. Чухам үүнээс болоод байгалийн шалгарлын үр дүнд хүн хүүхдээ дутуу төрүүлэх болжээ. Ийнхүү бид бусад хөхтөнтэй харьцуулахад амьдралын олон систем нь гүйцэд төлжөөгүй нялзрай үр төл төрүүлэх болсон юм. Унага төрөнгүүтээ л гүйж харайх чадвартай, ганц сар болсон муурын зулзага эхээсээ салж өөрийгөө хооллоод явах хэмжээнд очдог. Гэтэл хүний хүүхэд болохлоор гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрэх гэж томчуудын хараан дор мөн ч олон жилийг өнгөрөөдөг шүү дээ...