Шинэ Долгион
Манайд хэвлэл мэдээлэл бол бизнес биш, харин сайн үйлс гэсэн ойлголт бөх байдаг. “Үнэхээр тийм бол аливаа сайн үйлс нь буян үйлдэгчдийн хандиваар санхүүжих хэрэгтэй болно. Гэтэл “сайн хүмүүс хандив өгөхгүй бол яах вэ? Олдсон санхүүжүүлэгч нь буянтан бус нүгэлтэн байвал хэрхэх вэ” гэдгийг эргэцүүлдэггүй.
Шинэ Долгион
Өдөр тутмын сонин нь манай нийгэмд хамгийн их нөлөөтэйн адил, Өдөр тутмын сонины холбоо нь хамгийн амьд үйл ажиллагаатай сэтгүүлчдийн байгууллага гэхэд хэтрүүлэн магтсан болохгүй.
Өдөр тутмын сонины холбооны ажил ч бусдаасаа өвөрмөц. Манайханд “сүрт жагсаал”, “жавхлант эсэргүүцэл” энээ тэрээ гэж бараг байхгүй. Өдөр тутмын сонин тус бүр өөр өөрийн байр суурь, харах өнцөгтэй болохоор байн байн санал нийлэн дарвиж давхих боломж угаасаа байдаггүй юм. Иймээс өөр өөрийн өнцөгтэй, тус тусын бодлоготой газруудын эрх ашгийн нийтлэгийг олох амаргүй.
Жишээлэхэд, манай нийгэмд хамгийн их нөлөөтэй нийтлэгчдийг “Монголын шилдэг нийтлэлчдийн клуб” (baabar.mn) нэгтгэдэг боловч цөмөөрөө үзэл бодол нэгтэй гэсэн үг биш. Зүгээр л, хамгийн их хандалттай, уншигчтэй хүмүүс нэг дээвэр дор нэгддэг гэсэн үг. Харин өөр өөрийн сэдэв, байр суурьтай мөртлөө хамгийн сонирхолтой нийтлэлч нарыг нэг дор оруулсан гэж үзвэл үнэнд дөхнө. Тийм болохоор нийгмийн шударга ёс, хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар ам нийлнэ гэхээс биш, аль нэг уурхайг нээлгэх, хаалгах сэдвээр бөөнөөрөө очоод жагсана гэж байхгүй. Тэр ч байтугаа хэвлэлийн эрх чөлөөний асуудал дээрч өөр өөрийн өвөрмөц өнцөгтэй.
Иймээс Өдөр тутмын сонины холбооны удирдлага өөрийнхөө сонирхлоор жагсаад, эсэргүүцээд явах ямар ч боломж байхгүй. Ийм боломжгүй байдлыг хамгийн зөв, эрүүл хандлага гэж боддог. Тэрнээс биш төлөөлөх эрх мэдэл олж аваад, түүнийгээ хувийн хэрэгцээндээ зараад явдаг улс ч байсаар л байгаа.
Манай “Өдөр тутмын сонины холбоо” байгууллагынхаа өмнөөс зохиох ажил, хандлага ч арай өөр.“Блүүмбэргийн” гэгдэх Долгион сүүлийн хэдэн жил Монголын өдөр тутмын сонины холбооны тэргүүнээр ажиллаж байна. Долгионы жинхэнэ овгийг их сүүлд мэдсэн юм. Аавынх нь нэрийг л ярьж байна шүү дээ, тэрнээс биш ургийн овог боржгон моржгон алийг бүү мэд. Гэхдээ л “Блүүмбэргийн Долгион” л гээд явдаг хэвээрээ. Телевизийн нэр болсон Блүүмбэрг ч нарийндаа хүний овог л доо, тэр яахав.
Энэ холбоонд нэр маань бүртгэлтэй явдаг “Өдрийн сонин” багтан ордог тул Долгионтой хүссэн хүсээгүй, хамтран ажиллах болов. Манайхыг Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй заримдаа биднийг андуураад байдаг. Сайтуудын холбоо энэ тэр гэдэг шиг зөвхөн өдөр тутам гардаг сонинууд нэгдсэн, илүү нарийн мэргэжлийн гэмээр ч юм уу, холбоо юм.
Иймээс нийгэмд зөв хандлага тогтоохоос эхлээд, сэтгүүл зүйн өөрийн ёс суртал, үнэт зүйлийг тодорхойлох хамгаалах тал дээр илүү ажиллаж ирлээ. Энэ тун ч амаргүй. Манай салбарын цөөнгүй төлөөлөгч бараг л “мэдээллийн салбар нь ёс суртахуун тогтоох үүрэгтэй учраас өөрөө ёс сурталтай байх албагүй” мэтээр ойлгох нь ч бий.
Өдөр тутмын сонинууд харьцангуй урт зам туулж, бусдаасаа илүү төлөвшиж чадсан учраас л салбарынхаа “ариун цэвэр”-тэй холбогдох асуудлыг сөхсөн ч байж мэднэ. Уншигч та “Өдрийн сонин”-хон “нийтийн эрх ашиг ингэж хохирлоо”, “хүний эрх, эрх чөлөөг хамгаалъя”, “Иргэдийг мэдээлэл олж авах эрхийг боогдуулахтай тэмцье” л гэж дуугарч байснаас, биднийг ингэж хохироолоо гэжүглэн, дуулж яваагүйг санаж байгаа байх аа.
Сэтгүүлчдээ хамгаалъя гэвэл хамгийн түрүүнд нэр төрийг нь хамгаалах ёстой байдаг. Нэр төр нь олон түмний итгэл үнэмшил дээр тогтоно. Хүмүүс чөлөөт хэвлэл мэдээлэлдээ итгэж байгаа цагт сэтгүүлчийн эрх, эрх чөлөө найдвартай хамгаалагдана гэдэг логик шүү дээ. Мэдээлэл олсон, тараасныхаа төлөө сэтгүүлч буруутвал олон түмэн өмөөрөөд босно. Харин эсрэгээрээ болчихвол, “нэг худалч л баригдаа биз” гээд олон нийт тоохгүй ба эрх баригчид үүн дээр нь дөрөөлөөд чөлөөт хэвлэл, мэдээллийг боомилоход амархан болно гэдэг жирийн үнэн. Бид ч бодоод олчихсон юм биш, хүн төрөлхтний бүтээсэн үнэт зүйлийн нэгийг л нутагшуулж яваа хэрэг.
Манай холбооны Э.Долгионтой бид хамтран хэд хэдэн хэлэлцүүлгээр дамжуулан хоёр гол асуудлаар сэтгүүлчид хоорондын болон нийтийн хэлэлцүүлэг, форум амжилттай зохиож ирсэн. Зохиож ирсэнгэдэг нь сэдэв маань амжилттай хэлэлцэгдсээр яваа гэсэн үг.
Манайд хэвлэл мэдээлэл бол бизнес биш, харин сайн үйлс гэсэн ойлголт бөх байдаг. “Үнэхээр тийм бол аливаа сайн үйлс нь буян үйлдэгчдийн хандиваар санхүүжих хэрэгтэй болно. Гэтэл “сайн хүмүүс хандив өгөхгүй бол яах вэ? Олдсон санхүүжүүлэгч нь буянтан бус нүгэлтэн байвал хэрхэх вэ” гэдгийг эргэцүүлдэггүй.
Ухаандаа, хаа газрын сүм хийд нь буяны байгууллага учраас сүсэгтний хандивыг ялгалгүй авдаг. Хулгайч ч хийморийн сан тавиулж, хохирогч ч даллага авахуулж л байх талтай.
Гэтэл чөлөөт хэвлэл нь хулгайчид хийморийн сан тавихаас татгалзах үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлэхийн тулд өөрийгөө санхүүжүүлдэг байх ёстой. Ардын дуунд гардаг шиг “Арван лангийн ембүү хараад, Алга тосдог аав...” маягийн амьтан болохгүй ээ гэвэл, өөрийн цэвэр ариун байдлаас хамааралтай орлогын эх үүсвэртэй байх номтой.
Иймээс хэвлэл мэдээлэл нь буяны үйлс биш бизнес. Хэвлэл мэдээлэл өөрөө бизнес байхгүй бол ёстой жинхэнэ худалдагдсан сэтгүүл зүй болно. Хамгийн үнэн мэдээллийг шуурхай дамжуулсан хэвлэлийг хүмүүс олноороо захиалж, сувгийг нь үзнэ. Хамгийн олон үзэгч, уншигчтай суваг, сонинд хамгийн үнэ, цэнэтэй зар сурталчилгаа тавигдана. Олон түмэн итгэл найдвараараа чөлөөт хэвлэл, мэдээллийн хөрөнгө оруулагчдын баталгаа болно. Сонин хэвлэл их мөнгө олохын тулд уншигчдын итгэлийг олж авахын төлөө л ажиллана. Энэ итгэлийг олж авахын тулд “зөвхөн үнэнийг шуурхай мэдээлэх”-ээс өөр гарцгүй болно. Воо...үүнийг л бид хэвлэлийн эрх чөлөө ба мэдээллийн бизнес гээд байгаа юм.
Манай Долгион бид хамтарч энэ үзэл санааг нийгэмд эрүүл итгэл үнэмшил болгох ажилд хэдэн жил зүтгэв. Одоо чхарин “Хэвлэл бол бизнес биш” гэх хүн нэн цөөрчээ. Бид зөв алхам хийсэн шиг байна.
Нөгөө нэг чиглэл маань энэнээсээ ч амаргүй. Юу гэвэл сэтгүүлчийн ёс зүйн сэдэв. Мэдээлэл олж авах болон түгээх ёс суртахуун гэсэн үг. Ард түмнийг үнэн зөв мэдээлэл олж авахад төр саад хийх эрхгүй. Гэхдээ энэ эрх чөлөөгөөр далимдуулан хэвлэл мэдээллийнхэн илүү эрх эдлэнэ гэсэн үг биш. “Сэтгүүлч бидэнд бусдаас давуу эрх дарх байхгүй”, “Бид жирийн иргэний л хэмжээний эрх чөлөө эдлэсэн хэрнээ жирийн иргэнээс илүү их мэдээлэл түгээх үүрэг өөртөө авсан” гэдгийг сурталчлах асуудал байв. Соён гэгээрүүлэх ажил юм даа.
Зарим сэтгүүлч үүнийг эсрэг байсан. Тэр ч байтугаа өөрийгөө “Сэтгүүлч учраас бүрэн эрхтэй, бүдүүн хүзүүтэй” гэж ойлгоод амьтны ор хөнжил рүү өнгийж яваа зарим нэгийнхээ эсрэг явна гэсэн үг.
Гэвч сэтгүүлчдийн байгууллага дотроо хамгийн төлөвшиж зүгширсэн хэсгийн хувьд “Өдөр тутмын сонины холбоо” л энэ ажлыг зориглон барьж авсан юм.
Бид энэ сэдвээрээ олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, уулзалт- шууд нэвтрүүлэг зохиож, ярилцлага сурвалжлага бишгүй хийсэн. Сүүлхэнд Долгион бид хэд “подкаст” хэмээх орчин үеийн радио нэвтрүүлэг энэ сэдвээрээ хийсэн чинь, тэр сардаа хамгийн олон сонсогчтой байсан гэсэн шүү.
Блүүмбэргийн Долгионыг би ийм л “шалихгүй” хэмжээнд мэднэ. Манай Өдөр тутмын сонины холбооны ажлыг олон нийттэй холбох “шинэ долгион” дээр тааруулалцаж явааг бол харсан, мэдснээ хэлэх байна.
Ямар байсан, өөр өөр хандлага сонирхолтой бүлэг, хамтлагын дундын үнэт зүйлийг олоод байдаг залуу л санагдсан.
2020.06.09