Америк, Монгол хоёрыг харьцуулшгүй. Гэхдээ л га­хайн ханиад өндөр хөгжил, хү­чир­хэг эдийн засагтай Аме­рикийг тойрсонгүй. H1N1 то­дот­голтой энэ ханиад эзэн Чингисийн удамтай, дэлхийн талыг эзэлж явсан түүхтэй юм гээд монголчуудаас ч айсан­гүй. Өвчин хийсч ирдэг гэдэг энэ ажээ. Хийсч ирсэн өвчин­тэй тэмцдэг, эмчилдэг арга нь ч дэлхий нийтээрээ ижилхэн. Харин Монгол Улсынх ямар  ялгаатай байгааг Америктай харьцуулъя.

Жишээ 1.

Энэ өвчний улмаас Аме­рикийн Ерөнхийлөгч улс орон­доо онц байдал зарлаж байхад Монголын Эрүүл мэндийн сайд, дэд сайд нар “сандрах хэрэггүй ээ, ердийн л ханиад шүү дээ” гэж иргэдээ тайвш­руулав.

Жишээ 2.

Америкт өндөр мэргэж­лийн эмч, вирус судлаачдаас бүрд­сэн “Эрдэмтдийн зөвлөл” бай­гуулав. Тус зөвлөл гахайн ханиадтай тэмцэх тактикийг боловсруулж, Засгийн газар нь зөвхөн удирдлагаар хангаж байна. Гэтэл Монголд Шадар сайдаар ахлуулсан улстөрчид голдуу сайд, дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулав. Америкууд урьдчи­лан сэргийлж байхад, манай дарга нар хойноос нь хөөж, гарсан өвчлөлийн “найдвар”-тай байдлыг газар дээр нь шалгаж явна.

Жишээ 3.

Америкт энэ өвчин гаран­гуут Засгийн газраас нь 45 сая ам.доллар гаргаж сарын дотор иргэдээ вакцинжуул­жээ. Ма­найд сарын дараа, хэр­вээ ирэх сарын 30-нд ирнэ гэвэл бараг хоёр сарын дараа авахаар ванкцины захиалга өглөө.  Энэ нь дэлхий нийтийг түгшээсэн гахайн ханиад хагас жилийн дараа Монголд “ирж” байхад төр засаг нь энэ цар тахалд хэр бэлтгэлтэй байсныг ха­руул­лаа.

Энэхүү харьцуулалтын үр дүнд Америкт гахайн ханиад гараад хагас жил болоход тэнд энэ өвчнөөр 20 мянган хүн өвдөж, 500 гаруй нь нас бар­жээ. Харин манайд өвчин гарснаас хойшхи 20 хоногийн дотор өчигдрийн байдлаар 700 гаруй хүн өвдөж, долоон хүн нас барсан гэсэн албан ёсны тоо байна. Монгол Улс энэ өвчин гарсан 197 дахь орон боловч зуун хүн тутмын нас баралтын тоогоороо дэл­хийд хоёрт орлоо. Өвчин га­раад дөнгөж 20 хонож байгаа Мон­гол Улс 600 гаруй хүний үхэл­­тэй Бразилийн дараа орно гэдэг аюулын харанга, айм­шиг биш гэж үү.  Америк хэдэн хүнтэй билээ, монгол­чууд бид хэдүүлээ билээ гээд бо­дохоор үнэхээр харамс­маар. Бид нараас санал гуйж засгийн зөөлөн суудалд суучихаад ард түмнээ аюулт өвчнөөс хам­гаа­лах бэлтгэл­гүй сууж байсан эрх баригч­дад гомдмоор.  

Уг нь вакциныг энэ сарын 9-нд нийлүүлэх болсон тухай Эрүүл мэндийн сайд С.Лам­баа мэдэгдэж байлаа. Гэтэл энэ сарын 30 болж хойшил­жээ. Уг хугацаа дахин хойш­лох­гүй гэх баталгаа алга. Нэгдүгээрт, манай улс огт мөнгө төлөхгүй, буцалтгүй тусламжаар авах гэж байгаа, хоёрт мөнгөө төлсөн орнуу­дынх нь захиалга дуусаагүй байгаа. Хэрвээ хугацаа дахин хой­­­шил­лоо гэхэд мөнгө төлөх­гүй  учраас монголчууд бид “авах хүн бөхийж, өгөх хүн гэ­дий­хийн үлгэр”-ээ ярин шалтаг тоочиж суухаас өөр гарц алга.

Дэлхийн эрүүл мэндийн бай­гууллагын зөвлөснөөр бол энэ өвчнийг эрсдэл багатай да­ван туулахын тулд бүх хүн амаа вакцинуулах зөвлөмж бий. Хятад, Америк энэ зөв­лөмжийг дагаж бүх хүнээ вак­цин­жуулж байхад Монголын төр хүн амынхаа аравхан ху­вийг вакцинжуулж чадахгүй суу­на. Хүн ам цөөн нь өвчлөл дэг­дэхэд нэг талаар аюул мөн. Харин өвчнийг эмнэхэд цөөн хүн ам маань харин ч давуу тал болж байна шүү дээ. Ялан­гуяа эдийн засгийн утгаараа. Жишээ нь Монголын хүн амын 10 хувь гэдэг бол ердөө 270 мянга. Нэг хүнд тарих вакцины тун нь 10 ам.доллар гэхээр нийт­дээ 3.7 тэрбум төгрөг болж байна. Энэ мөнгө цөөхөн мон­­гол­чууд бидний хувьд арав хо­рин хүний амьтай дүйх тийм үнэ­­тэй гэж үү. Сонгууль­да­хаараа хэдэн тэрбумаар нь л цацдаг биз дээ.

Хэрвээ мөнгөө төлөөд вакцинаа авъя гэвэл ингэж хугацаа хойшлох уу.  Үгүй л байх. Дарга нар эмнэлгүүдээр хэсч, телевизээр зөвлөгөө өгч суу­хаар вакцинаа худалдаж авах мөнгөө босгомоор байна. Зас­гийн газрын нөөц, Эрсдэ­лийн сангийн хөрөнгө гэж бай­даг, саяхан авсан Оюутолгойн урьдчилгаа 100 сая ам.доллар ч байгаа шүү дээ. Тэндээсээ мөнгөө төлөөд вакцинаа авах нь дээр үү, мөнгөө төлсөн улс орнуудын илүүдлийг хүлээж суух уу гэдэг дээр харин дарга нарын бодлогын шийдвэр хэрэгтэй байна.

Монголд өнөөдөр энэ өвчнийг дардаг вакцин нь ч, “тамифлю”  гэдэг эм нь ч алга. Хэр­вээ эм, вакцин хоёроо ху­далдаж авахад гар татвал цаг хугацаа явах тусам Монголын эдийн засаг үүнээс ч илүү хо­хи­рол амсч мэднэ. Хям­рал­тай, сонгуулийн амлал­таа даахгүй байгаа улсын маань эдийн засаг угаас эмзэг шүү дээ. Дарга нарын “бай”-гаа оноогүй ая­лал, үр дүнгүй зөвлөгөө се­минар, томилгоонд зарцуул­даг мөнгөө вакцин авахад нэ­мэр­лэж болмоор.

Ер нь дарга бол албан тушаал болохоос мэргэжил биш. Эмч бол мэргэжлийнх. Дар­­га нар албан ёсны баримт, ста­­тистик тоо, шийдвэр л та­нил­­цуулдаг. Эмч бол мэр­гэж­лийн зөвлөгөө хэлнэ. Дарга баримтан дээр тулгуурладаг учраас болсон процессыг хөөж хэлнэ. Эмч урьдчилан сэр­гийлж зөвлөнө. Яг энэ өвчний тухайд Эрүүл мэндийн сайд, эмч хоёрын хэнийх нь үг үнэм­шилтэй сонсогдох вэ. Эмч бол хү­ний эрүүлийг хамгаалах тан­га­рагтай. Сайд бол суудал хад­галах улстөрийн л албан ту­шаал­тан шүү дээ. Үүнийг ба­тал­­сан нэгэн жишээ өнгөрсөн баа­­сан гаригийн УИХ-ын чуул­ган дээр өрнөсөн юм. Уг чуул­ганаар гахайн ханиадны тар­халтын явцын талаар гишүүд Эрүүл мэндийн яамны удирд­лагуудаас асууж тодруулж байлаа.

“Ерөнхий сайдын бие зү­гээр, нэг дэх өдөр ажилдаа ор­но гэж Эрүүл мэндийн сайд мэ­дэг­дээд л байсан. Гэтэл Ерөн­хий сайд нэг дэх өдөр нь чө­лөө­лөгдөх өргөдлөө өгсөн. Эн­дээс үзэхэд гахайн ханиад­ны та­лаар таны өгч байгаа мэ­дээ­лэл, энэ тоо баримтад итгэж бо­лох нь уу” гэсэн С.Бямбацогт гишүү­ний асуултад С.Ламбаа сайд:

-Үнэндээ зарим асуудалд худ­лаа хэлэхээс өөр аргагүй улс­төрийн шалтаг, шалтгаан бай­на шүү дээ гэж зовлонгоо ярь­жээ. Арай ч олон түмнийг тайвш­­­руулах, эсвэл өнөөх улс­тө­­рийн шалтгаанаараа гахайн ха­ниадаар нас барагсдын тоог дарж мэдээлэл өгөөгүй гэдэгт найдъя.

Энэ юу гэсэн үг вэ, хүний амь наснаас үнэтэй улстөрийн шалтгаан байна гэж үү. Зөвхөн энэ хариулт, өөрөөр хэлбэл, Ерөн­хий сайдыг ажилдаа орно, тай­ван байцгаа энэ бол ердийн ха­ниад гэсэн хоёр мэдэгд­лийнхээ төлөө С.Ламбаа сайд ёс зүйн хариуцлага хүлээж, ард түмнээсээ уучлал гуйх ёстой. Одоо бол гахайн ханиадны тар­халтыг зогсоож, нас барал­тын тоог цөөрүүлж, иргэдээ яа­рал­тай  вакцин­жуулан бүх ард түмнийхээ төлөөх нийтлэг эрх ашгийн төлөө гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх үүр­гээ бие­лүүлж чадах үгүйгээр Ерөн­хий сайд нь хууль ёсны, танхим нь эрхзүйн чадамжгүй энэ Зас­гийн газрын эхний үнэ­лэмж тодорхойлогдох боллоо.

Энэ өвчинтэй тэмцэх аргаа өөрчилцгөөе. Доод дунд ша­тан­даа эрүүл мэндийн сал­барын­хан өдөр шөнөгүй ажил­лаж байна.  Өргөсөн тангараг­таа үнэнч байгаа тэдэнд баяр­лахаас аргагүй. Ингэж ажил­лаад байхад л өвчлөл буурах­гүй, нас баралтын тоо өндөр байгаа нь өвчинтэй тэмцэх ар­гаа өөрчлөх шалтгаан биш гэж үү. Халдвар авагчид болон нас барсан хүмүүсээ тоолж суу­хаар, эмчлэх аргаа л хурдан олъё. Мөнгө гуйдаг, юм бол­го­ныг үнэгүй авах гэдэг монгол зан­гаасаа энэ удаа тат­галзаж, вак­циныг ч, тамифлю гэдэг эмийг нь ч мөнгөөр нь худал­даж авъя. Ингэснээр хугацаа хож­иж, эрсдэлийг бууруулна. Дарга, эмч хоёр байр байран­даа очиж, тус тусын л ажлаа хийе. Хоёр нам засагт хам­тарсны­хаа хүчийг үзүүлж ха­ниад­ны хохирлыг буу­руулахад бодлогын төв­шинд хурдтай ажилламаар байна. Ерөнхий сайд, Эрүүл мэн­дийн сайд нар баахан хү­мүүс дагуулж, эмнэл­гүү­дээр явлаа гээд халдвар та­раах, авах магадлалыг л нэ­мэхээс бус өөр үр дүн авчрах уу. Хувь хүний хариуцлага, ахуйн ариун цэвэр хэрэгтэй ч, эм­нэлэг хэрэгтэй болоход эм­чилдэг эм, вакциныг нь л төр, засаг бэлтгэх ажлаа хийе. Бусдыг нь Эрүүл мэндийн яам, эмч нар хийг. Бүх дарга эмч болж, эмнэлгүүдэд гэнэтийн аялал хийж хий бужигнах нь  нийгэмд улам л хаос үүсэхийн нэмэр. Анхаарах ёстой боловч амьд­рал гахайн ханиаднаас ч баян. Туйлширч бүх хагалгааг зог­­соос­ноор яаралтай, цаг ху­га­цаа хожих шаардлагатай, эс­вэл орон нутгаас мөнгөө тө­лөөд ирсэн өвчтөнүүдийн хувь заяаг гудамжинд гаргаж болох уу. Нийслэлийн эрүүл мэн­дийн газрын дарга эмийн сан­гуу­даар явж маск, эмний үнэ нэмэгдсэн эсэхийг шалгаж явахаар мэр­гэж­лийн аргазүйн зөвлөгөө өгч, удирд­лагаар хан­гаж суух нь дээр. Олон шийд­вэр гарган, ажиллаж харагдах сурталчилгаа бус, бодит үр дүн чухал. Аарц, чацаргана, адуу­ны мах, вита­мины үнийг барих гэж суух нь төр засгийн хийх ажил биш ээ. Зах зээлийнхээ хуу­лиар л яваг. Ийм дүйвээ­нээр олсон олз хожмоо ашиг болж чадахгүй. Иргэдийн­хээ ухамсарт найдсан нь дээр. Монголчууд бид чинь нэгдэж, нийлж чаддаг нинжин сэтгэл­тэй ард түмэн шүү дээ.   

Төгсгөлд нь дахиад Амери­кийн жишээг татъя. Барак Обама Ерөнхийлөгч болсны­хоо дараа санхүүгийн хямра­лыг давахын тулд “Америкийн барааг худал­дан авцгаая” гэж иргэддээ уриалж байлаа. Үүн шиг энэ өвч­нийг одоо, ирэх ха­вар эрсдэл ба­гатай даван туу­лахын тулд мон­гол хүн бүр нэг­дэц­гээе. Гахайн ханиадыг  улс­төрийн шалтаг, эдийн засгийн ашиг болгож харахгүй байхыг уриалъя.