1932 оны ардын бослогыг улаантнууд “хувьсгалын эсэргүү бослого” хэмээн түүхийн сурах бичгүүдэд худал сурталддаг байснаас хойш бараг зуун жил өнгөрчээ. Тэр үед улаантнуудад хамаг үнэт зүйлээ алдсан ард түмэн бослого гаргахаас өөр сонголт байсангүй. Тэр үеийн улаантнуудын харгислал улс орныг улам доройтуулан ядууруулж ард түмэн босохоос өөр зам байсангүй.

Монголын ард түмэн 1921 онд Богд хаант монгол төрөө устгасан Ардын засаг гэгчид эхлээд итгэж байсан. Гэтэл ардын намынхан ард түмнийг өөд татах бус, өөр хоорондоо зөрчилдөж эхлээд Бодоо, дараа нь Сүхбаатар, Данзан нарыгаа хөнөөв. Богд гэгээн, Богд хатан учир битүүлгээр нас барав. Улаан оросын зөвлөхүүд монгол төрийн хэрэгт эрээ цээргүй оролцож хүн алж хүрээ талахаас өөр ажил хийхээ болив. 

Ардын засаг ард түмний хамаг мал сүрэг, хөрөнгийг хурааж эхлэв. 1928 оноос эхлэн зүүнтний харгис бодлого улам идэвхжиж эрдэм номтой лам нарыг толгой дараалан хөнөөж эхлэв. 

Шүтэх Бурхангүй, амь зуух мал сүрэггүй болсон ардууд аргаа барав. Улаантан чөтгөрүүдээс яаж зугатааж амь гарах вэ гэсэн асуудал босож ирэв. 

Ийнхүү 1921 онд байгуулагдсан Ардын нам 1928 оноос эхлэн зөвлөлтийн коммунист намын жишгээр МАХН буюу улаантны хэт зүүний харгис коммунист нам болон хувирчмонголын ард түмнийг дарангуйлагч харгис хүчин болсон юм. 

1928 оноос эхлэн төрийн толгойд гарсан Коминтерний төлөөлөгчид болон монголын зүүнтэнгүүд“Лам нартай тэмцэнэ, буддын сүм хийдийг устгана, хар феодалуудын хөрөнгийг хураана, нийгэм журамд яаралтай дэвшинэ”хэмээн дөвчигнөж, ард түмнийхээ хэдэн зууны турш байгуулсан бурханы сүм хийдийг нь шатааж, бурхан тахилыг нь булаан устгаж, амин зуулгын хэдэн малыг нь хураан авч ард түмнээ амьдрах аргагүй болгов.

“Нударган баячуудтай тэмцэнэ” гээд жирийн чинээлэг дунд ардын хөрөнгийг хуу хаман дээрэмдэв.Сүм хийдэд өндөр татвар ногдуулж, лам нарыг хүчээр хар болгов.

Бурханы шашныг хавчин гадуурхсан нь ард түмний дургүйцлыг ихэд хүргэв. 

Жасын мал гэхэд л 1932 оныг 1930 онтой харьцуулахад 10 дахин буурчээ. Монголын мал сүрэг 1929-1932 оны хооронд 6 сая малаар хорогдов.

Аргаа барсан ард түмэн “Жинхэнэ монгол төр, шажнаа мандуулна” хэмээн бослого гаргахаар шийдлээ.

1930 онд Улаангом болон Төгсбуянтын хүрээнд лам нарын бослого гарч, боссон ард олон шашны далбаан дор нэгдэхээ илэрхийлж, тухайн үедээ хязгаар нутгийн шашин, соёлын төв болж байсан Төгсбуянтын хүрээнээс бослого эхэлсэн ажээ.

1930 оны гуравдугаар сарын 25-нд бослогын удирдагч Бардуугийн төлөөлөгч лам Номон, Молом нараас Улаангом хийдийн лам нартай харилцаа барьж, хийдийн 60 гаруй лам нар босч, шоронгоос ялтнуудыг суллан улмаар аймгийн захиргаа, Дотоодыг хамгаалахын ангийн албан хаагчдыг баривчлан авахыг оролдсон боловч Дотоодыг хамгаалахын анги, намын байгууллагуудын албан хаагчид босогчдыг дарж, бослогыг таслан зогсоожээ. Бодончийн хүрээний лам, хар хүмүүс бослого гаргахыг завдсан боловч толгойлж байсан 46 хүнийг Дотоодыг хамгаалахын Ховд хэлтсээс баривчилснаар уг бослого дарагдсан ажээ.

Тэр үед Төгсбуянтын хүрээний босогчид 50 хүртэлх насны 1500 гаруй хүнтэй болжээ. Бослого өргөжин тэлж байсан 1930 оны гуравдугаар сарын сүүлчээр Засгийн газрын Бүрэн эрхт комиссоос орон нутгийн цэргийн анги, ДХГ-ын орон нутаг дахь албан хаагчид, нам, эвлэлийн гишүүд, ардуудаас бүрдсэн тусгай отряд байгуулан зэвсэглэж, Дотоодыг Хамгаалах Газрын дарга Б.Элдэв-Очир өөрийн биеэр удирдаж явав. 

Босогчид зэвсэг муутай байлаа. Бослогын үед Төгсбуянтын хийдийн 800 гаруй лам нарын дөнгөж 100 гаруй нь винтов, цахиур, бирдаан буутай бусад нь мод шийдмээр зэвсэглэсэн байлаа.Бослогын дараа хийдийг нэгжин үзэхэд 25 сумтай винтов буу 1, бирдаан буу 2, дарь 33 хайрцаг, тугалга 1 пүү байсан” тухай баримт Тагнуулын ерөнхий газрын архивт хадгалагдан үлджээ.

1930 оны гуравдугаар сард МАХН-ын VIII Их хурлын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр Төгсбуянт, Бодончийн хүрээний эсэргүү бослогыг дарах Засгийн газрын Бүрэн эрхт комиссын даргаар ДХГ-ын дарга Б.Элдэв-Очир, гишүүдэд Л.Дарьзав, Д.Дашчирав, Загд, Эрдэнэ нарыг томилон илгээв. 

1930 гуравдугаар сарын 31-ний өдөр Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар Б.Элдэв-Очироос ирүүлсэн илтгэлийг авч хэлэлцээд “Улаангом ба Төгсбуянтын хошуудыг цэргийн байдалтай болгомой”, “Төгсбуянтын эсэргүүцлийг өдүүлэгч ба удирдагч нарыг харьяа нутгийн албан газраар илэрхийлэн авч мөн тэрхүү хөдөлгөөн дор оролцож байгаа нам, эвлэлийн гишүүдийн хамт буудан цаазалмой” хэмээн босогчдын удирдагчид болох 38 хүнийг олны өмнө буудан алах зөвшөөрлийг Б.Элдэв-Очир даргатай Засгийн газрын Бүрэн эрхт комисст олгожээ.  Бүрэн эрхт комиссын 1930 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн хээрийн шүүхээр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 2 дугаар тогтоолыг үндэслэн бослогын удирдагч захирагч Борхишигийн Бардуу, Аюур, мээрэн Батбаяр тэргүүтэй 38 хүнийг буудан алах, 1-8 жил хүртэл хорих ялаар 113 хүнийг, 162 хүнийг торгох ялаар шийтгэсэн байдаг. Нийт 2000 гаруй хүн бослогод оролцсон баримт ТЕГ-ын тусгай архивт үлджээ.   Цаазлуулсан 38 хүний 30 нь ард гаралтай, 8 нь лам нар байсан. Хожим их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд энэ бослогод оролцсон лам нараас хэлмэгдэж, 1930-1938 он хүртэл Төгсбуянтын хошуунаас 133 хүн цаазлуулж, 200 гаруй хүн 1-10 жил хорих, хөрөнгө хураах, тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн байдаг. Үүнээс харахад Төгсбуянтын хүрээний бослого нь зөвхөн лам нараас гадна нам, эвлэлийн гишүүд, ард олон,төр, засгийн бодлогод дургүйцсэн олон түмний бослого байв. 

1931 оны эхээр Алтай аймгийн хил залгаа сумдын 1500 шахам өрх, Амарбуянт зэрэг хийдийн лам нарыг хамарсан хөдөлгөөн гарчээ. 1931 оны сүүлчээр Өмнөговь аймгийн Өвөр Монголтой хил залгаа сумдад лам нарын хөдөлгөөн гарчээ. Эдгээрийг “хувьсгалын эсэргүү хөдөлгөөн” гэж нэрлэн МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын 1931 оны есдүгээр сарын 54 дүгээр нууц хурлын шийдвэрийг үндэслэн, Дотоодыг Хамгаалах Газраас Тусгай морин хорооны салаан дарга Х.Чинсаа, суртлын сургагч Л.Надмид нарын 40 хүнтэй маневрын салааг Өмнөговь аймагт, Д.Бөө даргатай салааг болон 1932 оны есдүгээр сард Цэргийн Зөвлөлөөс 200 шахам хүнтэй отрядыг Алтайд нэмэн явуулснаар Алтай аймаг дахь ардын хөдөлгөөнийг даржээ.

Ардын бослого 1932 онд улам эрч хүчээ авч баруун таван аймгуудыг бараг бүхэлд нь хамарч байлаа.

1932 оны гуравдугаар сарын 1-нд Хөвсгөл аймгийн Дотоодыг хамгаалах ангиас ДХГ-ын ерөнхий дарга, сургагч нарт “Бүрэнхаан сумын Жалханзын хүрээний хувилгаан Гунгаажав тэргүүтэй 11 хүн эсэргүү бүлгэм байгуулж, Төмөрбулаг сумын Бүгсүй, Бүрэн сумын Мөрөн, Цэцэрлэг сумын Тэсийн хийдүүдтэй харилцаа тогтоон зэвсэг цуглуулахаар тохиролцсон”-ыг мэдэгдэв. Түүнийг шалгаж үзэхэд батлагдсан тул ДХГ-аас 1932 оны дөрөвдүгээр сард МАХН-ын Төв Хороо, Засгийн газарт 33 тоот албан бичгээр танилцуулжээ.

Хөвсгөл аймаг дахь Дотоодыг хамгаалах ангийн мэдээнд үндэслэн бослого гаргахыг таслан зогсоох зорилгоор аграмба Цэрэнжав, Дамдин, хувилгаан Самдан, гавж Гунгаажав нарын 59 ламыг 3-4 сард дайчлан баривчилжээ. 

Удалгүй Хөвсгөл аймгийн Рашаант сумын Хялгантын хүрээнд босогч 100 шахам хүн улаантны засгийг устгаж, жинхэнэ монгол төр засгийг тогтоох зорилготой “Очирбатын цэргийн яам” хэмээх бослогыг удирдах байгууллагыг 1932 оны дөрөвдүгээр сарын 13-нд байгуулж түүний бүрэлдэхүүнд С.Буриад, Дандар, Жамсран, С.Нямаа,тайж Донгдогдорж, ерөнхий жанжин Самбуу дүвчин нар оржээ. Босогчид яамны тамга, өөрийн тугтай болов. 

Очирбатын яамны гол удирдагч нь Самбуу дүвчин, тэргүүн сайднь “чойжин” Буриад нар байжээ. Ардын босогчдын бусад удирдагчдын нэрсийг дурдвал: Д.Дамдинсүрэн,Эрэндэв, Дорж, Сэрээтэрийн Нямаа тайж, Санжид, Цэдэнгийн Жамц, Батболдын Түгж, Ванчингийн Магнай, Пүрэвжав, Тогоогийн Самдан, Дамдин бишрэлт, Данзаны Сумъяа, Э.Тарав, Доржпалам, Шагдар, Түмэнбаяр нар байлаа. 

Удалгүй босогчид Хөвсгөл, Архангай аймгийн зэргэлдээ сумдыг эзлэн арав хоногийн дотор 1000 гаруй хүнтэй “Шарын цэрэг” нэртэй зэвсэгт отрядыг байгуулав. 

Босогчдын бүрэлдэхүүнд лам, хар, нам, эвлэлийн гишүүд, хамтрал, коммун, сумын дарга нар тэр ч байтугай цэргийн албан хаагчид оролцжээ. Энэ байдлаас үзвэл бослого нь дан ганц лам нарын Засгийн эсрэг хөдөлгөөн биш, харин тухайн үеийн “зүүнтэн”-ий эрх баригчдын явуулсан алдаатай бодлогын нийгмийн хариу, тайван амар амьдралыг хүссэн олон нийтийн дургүйцлийн илрэл байв. 

Босогчдын уриа бол:“Богд ламын Шарын шашныг дэлгэрүүлэгч шавь нар болсон бид нар шар тугийг мандуулж, шашны сүрийг бадруулагч шар цэргийн хэрэг улмаар мандах болмуй”, 

“Ардын хувьсгалт улаан цэргийн толгойтой ардын засгийн халимагантолгойтнуудыг нэгийг ч үлдээлгүйгээр бидний шар цэргийн шар тугийн дор даруй сөнөөтүгэй”, 

“Ардын засгийн алмас шуламсуудыг үндсээр нь нэгийг ч үлдээлгүй сөнөөтүгэй”,

”Бидний олон шар цэргүүдийн байгуулсан шашин төр бат бэх мандан бадрах болтугай”, ”Энд тэндгүй явж буй улаан хувьсгалчдыг нэн даруй хөнөөтүгэй” гэсэн байлаа. 

Босогчид Очирбатын яамны нэрийн өмнөөс ард түмэндээ хандаж нэгэн чухалтунхаг бичиг гаргажээ. Уг тунхаг бичигт: ”Арван нэгэн жилийн доторхи ардын засгийн үед энэ улаантны засаг шашны ашгийн тулд юу ч хийгээгүйгээр барахгүй, харин шашныг мөхөөхийн төлөө нягтран тэмцэв. Улаантнууд манай хутагт хувилгаад, лам, ноёдыг барин авч, тэдний хамаг хөрөнгө малыг хураан авч алан хороож байна.Тэд ард олныг хууран мэхэлж, хамтралын нэр дор ардын хөрөнгийг хураан авч татвар ногдуулж байна. Жасыг хураан хоосруулж устгаж байна, сүм хийдийн хөрөнгийг дээрэмдэнүрэгдүүлж, сүм хийдийг хааж байна, лам ноёдыг олноор нь барин зодож хэрцгийлж алан устгаж байна. Улаан ОросМонголыг хамгаалах нэрийн дор монголын мал сүргийг улаан армийн хэрэгцээнд хэрэглэж, ард түмэнд бараа таваар нийлүүлэн ирүүлэхээс татгалзаж байгаагаас гачигдал хомсдол гарч байна. Монгол эрчүүдийг улаан цэрэгт татаад дараа нь буцахад нь коммун байгуулж коммунизмд шилжинэ гэдгээр ашиглах бөгөөд үүний зэрэгцээ ноёд тайж, лам нарыг бүрмөсөн устгаж байна. Дэг журам, амар тайван, шашныг чөлөөлөх нь дээдсээс итгүүлсэн зарлиг билээ. Эдүгээ шашны дайсныг устгах цаг нь ирээд байна.Үүнд итгэлгүй бол Шамбалын зэвсэгээс үхэх болно.Шамбалын цэргийн талд түргэн шилжин ирэх хэрэгтэй. Улаан хувьсгалчдыг барин авч нөгцөөгөөд Асгат хүрээний шар цэрэгтэй нэгдэх хэрэгтэй. Нам, эвлэлийн гишүүд шашинтайгаа холбоо бүхий бөгөөд чин сэтгэлийн үүднээс бидэнд зүтгэж хичээвэл алуулахаас айх ёсонгүй бөгөөд бидта нарыг баяртай хүлээн авна. Бидний хүмүүс аль болох хүн хөнөөдөггүй. Гагцхүү шашны харш дайсныг бол хөнөөн устгана. Бурхан шүтээнээ хараагчдыг хөнөөн устгахад нүгэл байх огтын үгүй болой” хэмээжээ.

Босогчид улаантантай тэмцэхдээ тэдний харгис аргыг тэдэнд адилхан хэрэглэнэ хэмээн үзэж байв.

1932 оны ардын бослого бол улаантны харгислалд залхсан ард түмний эцсийн бослого байсан юм. “Жинхэнэ монгол төр, шажнаа мандуулна” хэмээн уриа гаргаж боссон монголын ард түмний энэхүү бослого зохион байгуулалт муу, зэвсэг хомс, гадаадаас тусламж дэмжлэг авч чадаагүй, цэргийн эрдэмтэй, туршлагатай удирдагч байгаагүй зэргээс болжбогино хугацаанд улаантнуудад ялагдсан юм. Босогчид цөөхөн бирдаан буу, винтовоос өөр зэвсэггүй, ихэнхи нь бороохойт шийдэмтэй, зарим нь огт зэвсэггүй байв. 

Улаантнууд зэвсэгт бослогын тухай мэдээлэлд үндэслэн 1932 оны дөрөвдүгээр сарын 14-нд Намын Төв Хороо, Засгийн газраас бослогыг дарах тухай шийдвэр гаргаж, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ж.Лхүмбээр толгойлуулсан ДХГ-ын орлогч дарга Ц.Гиваапил, сургагч Дубровский, Санжмятав, Цэдэн-Иш нарын бүрэлдэхүүнтэй Засгийн газрын бүрэн эрхт комиссыг томилжээ. Тус комиссын харьяанд ДХГ өөрийн харьяа тусгай морьт хорооноос отряд гаргаж, Хөвсгөл аймагт Д.Өлзийбат даргатай, Архангай аймагт Г.Гончигдорж, Б.Дамбаринчин, 10 дугаар дивизийн дарга Гомбосүрэн, комиссар Гомбожав, сургагч Юшкевич, ДХГ-ын хэлтсийн дарга С.Галиндэв нарыг томилон ажиллуулжээ.

ДХГ-аас бослогын үед босогчдын хүч, байрлал, зорилгыг мэдэх, тэдний тагнуул туршуулыг илрүүлэх, нутгийн ард иргэд болон эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахад оролцож байгаа цэргийн хүчний дотор босогчид нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, цэргийн албан хаагчдын санал сэтгэгдлийг судлах, босогчдын зохион байгуулалтыг дотроос нь задалж сарниулах зэрэг зорилгоор босогчдын дотор мэдээллийн маш сайн сүлжээ зохион байгуулсан байв.

 Энэхүү бослого нь төрийн албан хаагчдын амь насыг хохироох, улс, хоршоолол, ард иргэдийн өмч хөрөнгөнд халдах зэргээр илэрхий зэвсэгт хүчирхийллийн шинжтэй болж эхэлсэн үед ДХГ зэвсэгт бослогын хүчийг тагнуулын аргаар задлах, өөрийн хүмүүсийг нэвтрүүлж, эсэргүүцэл хохиролгүйгээр буулгаж авах, гол удирдагчдыг баривчлах гүйцэтгэх ажлын арга хэмжээг удаа дараа зохион байгуулж байв.

БНМАУ-ын Бага Хурал, Засгийн газрын товчооны тэргүүлэгчдийн 1932 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хамтарсан хурлын тогтоолд: “Эсэргүү хөдөлгөөнийг газар авахуулахгүй цохиж, хор аюулыг нийтэд таниулахын тулд Ж.Лхүмбэ тэргүүтэй, Ц.Гиваапил, н.Санжмятав, Г.Цэдэн-Иш нарын таван хүний бүрэлдэхүүн бүхий комиссыг улс төрийн гэмт хэрэг шүүн таслах эрх хэмжээтэйгээр томилжээ. Бослого өргөжин тэлж, ДХГ болон орон нутгийн идэвхтний сайн дурын цэргийн хүчээр дарах боломжгүй болсон учир Улсын Батлан Хамгаалах Зөвлөлд бослогыг дарах ажиллагааг зохион байгуулах үүрэг хүлээлгэсэн байна. Бослогын гол төв Хөвсгөл, Архангай аймагт Батлан хамгаалах түр зөвлөл байгуулж, даргаар нь МАХЦ-ийн Улс төрийн газрын дарга Д.Өлзийбатыг томилжээ.

Улаанбаатар хот дахь цэргийн ангиудаас Д.Намсрай, Ж.Малж, Д.Ванчиг, А.Содном нарын даргалсан дөрвөн отряд байгуулан, түүний удирдлагад өгчээ. Д.Өлзийбатын удирдлага дахь эдгээр отрядын хүчээр 1932 оны есдүгээр сарын эцэс гэхэд зэвсэгт бослого үндсэндээ дарагдав. Бослогыг дарахад МАХЦ-ийн бие бүрэлдэхүүний 20 орчим хувь буюу 1300 орчим хүнтэй хүч оролцжээ. 

Мөн бослогыг дарах ажиллагаанд  бослогын толгойлогч, идэвхтнүүдийн гэр бүл, төрөл төрөгсөдийг барьцаанд авч, бууж өгөхийг шаардах, ятган сэнхрүүлэх, олзлогдсон болон бууж өгсөн хүмүүсийг буцааж явуулан ухуулга хийх, толгойлогчдын аль нэгний итгэлийг олж түүгээр дамжуулан отрядыг нь цаашдын эсэргүүцэл тэмцлээс татгалзуулах, хуурамч мэдээлэл өгч, толгойлогчдыг хооронд нь хагаралдуулан хүч тарамдуулах, зарим онц аюултай, харгис хэрцгий удирдагчдыг устгах зэрэг оросын большевикуудын муу арга залийг хэрэглэж “амжилт”-ад хүрч байжээ. Тухайлбал “жанжин” хэмээх Б.Аюурзана, Буяндэлгэр зэрэг хүмүүсийн гэр бүлийн гишүүд, хамаатан саданг барьцаалж, тэднээр захидал, ятгалга бичүүлж, Б.Аюурзана нь бууж өгөх хүсэлгүй болохыг гүйцэтгэх ажлын шугамаар тогтоосны дараа түүнийг устгахын тулд дотроо тэсрэх бодистой бэлэг өгүүлж, уг ажиллагааны үр дүнд Б.Аюурзаыг хороож байжээ.

Босогчдын бүлгийн нэг удирдагч Хасын цэргийн дотор улаантнууд өөрийн тагнуулыг оруулж, түүнд хор өгч хөнөөж түүний удирдлагад байсан 160 гаруй хүнийг буулган авчээ. Мөн бослогын удирдагчид болох Түгж, Жав нарыг хооронд эвдрэлцүүлэх тагнуулын арга хэмжээг хэрэгжүүлж, удирдлагад нь байсан хүмүүсийг тараасан байна.

Бослого хөдөлгөөн 1932 оны есдүгээр сарын сүүлчээр үндсэндээ бүрэн дарагдаж тус улсын дотоод байдал тогтворжсон учир ДХГ-ын даргын 1932 оны 445 тоот тушаалаар бослогын удирдагчдыг байцаах, бослогод хамрагдсан нутгийн ард олны тайван байдлыг сахин хамгаалах, илрээгүй хоцорч үлдсэн босогчдыг илрүүлэн баривчлах, бослогод оролцогчдыг бүртгэл хяналтанд авах ажлыг Тусгай хэлтэст, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан, Алтай аймгийн ард олны санал сэтгэгдэл, улс төрийн уур амьсгалыг судлан тогтоох, орон нутгийн байгууллагуудын ажлын алдаа дутагдлыг арилгахыг Нууц улс төрийн хэлтэст, өргөн хэрэглээний барааны хангалт, хуваариалалтанд хяналт тавих, эвдэрч сүйдсэн аж ахуйн байгууллагыг сэргээх, бослого үймээний хөлд хэлмэгдсэн олныг бүртгэж тэтгэмж олгуулах ажлыг Эдийн засгийн хэлтэст, Хөвсгөл, Архангай аймагт суулгасан цэргийн хангамж, улс төр, байлдааны бэлтгэл сургуулилтанд хяналт тавих ажлыг Цэргийн бөгөөд хязгаарын хэлтэст тус тус хариуцуулжээ. 

Бослого хөдөлгөөнд оролцогчдоос учруулсан хохирлын хувьд бүрэн бус мэдээгээр босогчдын талаас 3400 орчим хүн /зарим мэдээнд 6000 хүн/ алагдаж, шархадсан, цэргийн хээрийн шүүхээр 615 хүн цаазлагдсан, энгийн ард, төрийн албан хаагчид, нам, эвлэлийн гишүүн гэх мэт 1500 гаруй хүн алагдаж, шархадсаны дотор МАХЦ, ДХГ-аас 110 орчим хүн өртжээ.

Тэр үед энэ бослогын талаар Монголд сууж байсан Зөвлөлтийн төлөөлөгч Охтин ихэд сандарч нэн даруй Москва руу Сталинд дараах цахилгаан утас цохиж яаралтаймэдэгджээ. 

Монголд суугаа Зөвлөлтийн элчин төлөөлөгч А.Я.Охтин 1932 оны 6-р сарын 3 -нд Москва руу Сталинд дамжуулсан нь:

"Архангай аймгийн Цэцэрлэгт байршуулсан 1195 хүнтэй 500 винтовтой монгол цэргийн гарнизон тэр чигтээ боссон лам нарын талд ороодбосчихлоо. Цэцэрлэгмандлын ойролцоох харуул ангийн 70 монгол цэрэг тэдэнтэй бас нэгджээ. Босогчид нутгийн захиргааг устгаж, өмнө нь дарагдаж баригдаад хоригдож байсан 400 лам нарыг суллажээ. Босогчид дийлдэхээ байлаа. Нэн яаралтай цэрэг ирүүлнэ үү” гэжээ.

Охтины мэдээлэлд монгол цэрэг найдлагагүй, босогчдын талд орж магадгүй, ойр байрлах зөвлөлтийн нутгаас орос цэрэг авчирч даръя гэсэн санаа байгаа юм. Монголд хавар цаг эхэлсэн бослогыг хаварт нь багтааж дараад, тэгээд дахин үймээн самуун дэгдэхээс сэргийлж түшиц газарт нь байнгын цэрэг суулгаадахсан чинь суулгасан тэр цэрэг нь 1932 оны 5-р сарын 30 -ндбосогчидтой нэгдчихэжээ гэсэн байдал харагдаж байлаа.

А.Н.Постебышев 1932 оны 6-р сарын 3-нд Сталинд цахилгаан утас илгээсэн нь:

“Сүүлийн өдрүүдэд Монголд байдал хүнд болж байна. 5-р сарын 30-нд Цэцэрлэг хотод байрласан 1195 хүнтэй, 600 винтовтой гарнизон бослого гаргаж засгийг устгаж баригдсан 400 босогчдыг суллажээ. Тэдэнтэй дахин 70 хүн нэгджээ. Өргөө нийслэлд байрласан гарнизоноосмашинаар 100 хүн явуулж 100 хүнийг Өргөөд үлдээв. Гэвч тэрхүү үлдсэн 100 хүнд итгэх арга алга. Бослого дарах отряд ихэд ядарчээ. Охтин үзэхдээ манай зөвлөлтийн цэрэггүйгээр босогчдыг дарах аргагүй гэнэ. Хамгийн аюултай нь бидний тусламжгүй бол нийслэл Улаанбаатарыг алдаж болзошгүй аж. Иймд танаас хүсэх нь:

1.Улаанбаатар хотод монголын засгийн газрын мэдэлд 500 зөвлөлтийн цэрэг явуулах.

2.Манай Троицкосавскаас 750 хүнтэй гарнизон явуулж нийслэл Уланбаатар хотын төрийн ордон, бусад байгууллагыг хамгаалахад тусална уу” гэжээ.

Сталин А.Н.Посребышевт 6-р сарын 4- ний өдөр хариу цахилгаан илгээсэн нь:

1.Монголын тухай та нарын цахилгааныг хүлээн авлаа. Хамгийн сүүлд та нараас босогчдыг дарж байгаа амжилтын тухайцахилгаан авч байснаа одоо гэнэт байдал хүндэрлээ гэдэг нь бодит байдлыг төөрөгдүүлж байна.Охтины яаруу цахилгаан байдлыг хэт их дөвийлгөсөн бодит бус байна. 

2.Манай Монгол дахь төлөөлөгч Охтин эсхүл Шико хоёрын хэн нь бослогын эсрэг ажиллагааг удирдаж байгаа юм бэ? Монгол улсын Төв Хороо энэ асуудлыг шийдэх цаг болсон юм биш үү. Шико энэ асуудлыг шийдэж чадахгүй бол өөр чадвартай хүнээр сольж түүнийг өөрчилье л дөө.

3.Улс төрийн туршлагагүй Охтины мэдээллийг үндэслэж манай зөвлөлтийн цэргийг Монголд илгээх нь эрсдэлтэй хэмээн үзэж байна. Монгол бол Буриад биш. Бэлтгэлийг сайн хангаагүй байж яаралтай буруу шийдвэр гаргавал Япон улстай зөрчил үүсч Япон, Хятад, Монгол гурав Зөвлөлт Холбоот улсын эсрэг нэг фронтоор нэгдэхэд хүрч болзошгүй. Монголд болсон үйл явдал гадаад ертөнцөд нууц үлдэнэ гэдэг бол буруу бодол шүү" хэмээн бичжээ. 

Тэр үед Зөвлөлт Холбоо улс Монголд өрнөсөн үйл явдлыг маш анхааралтай судалж өөрсдийн дүгнэлтээ гаргаж байсан юм. 1932 оны тавдугаар сарын 16-ны өдөр Бүх Холбоотын Коммунист (б)Намын Төв Хорооны Улс Төрийн Товчоо хуралдаанаараа: “Зөвлөлт Засгийн бодлогыг Монголд хуулбарласнаас үүдэн, Монголд гарсан бослогын шалтгааны тухай” хэлэлцсэн байдаг юм. Монголд гарсан бослогын шалтгаан нь ЗХУ-аас хуулбарласан зүүний бодлогыг эсэргүүцсэн ард түмний дургүйцэл, хөдөлгөөн болохыг нотолж буй хэрэг юм. 

Зөвлөлтийн тал Монголд зэвсэгт бослого гарсныг Япон, Хятадын нөлөөлөл, Монголын Засгийн газрын алдаа, лам нарын хүч боломж их байгаа зэрэгтэй холбож үзэв. Иймд ЗХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч А.Я.Охтин (Дуров) нарын зүгээс Сталинд хандаж, Монголд цэрэг оруулахыг хүсэж байв. Монголд өрнөсөн зэвсэгт бослогыг дарахад ЗХУ-аас тувачуудаас бүрдсэн морьт суман, мөн нисэх онгоцны отряд оролцжээ.

Ардын бослого, хөдөлгөөн нь “Монголыг алдахад” хүргэж болзошгүй гэсэн болгоомжлолыг Зөвлөлтийн удирдагчдад төрүүлж байсан нь дараах цахилгаанаас харагдаж байна. Уг цахилгаанд: “(Сочи) 1932 оны зургаадугаар сарын 4-нөөс өмнө ... Монгол дахь Зөвлөлтийн хүмүүс төлөөлөгчдийн газрын ажлын тухай гэрч баримт болох элдэв баримт бичиг, шифр, протокол мэтийн бичиг цаасыг Монголоос Зөвлөлт Холбоот улсад нэн даруй маш нууцаар авч гарахыг зөвлөе. Ямар ч нөхцөл байдалд энэ туйлын чухал. И.Сталин” /Эх сурвалж: ТЕГ-ын тусгай архив/ гэж дурдсан байна. 

Сталинтэр үед гадаад Монголыг Зөвлөлтийн нөлөөнөөс алдах нь хэмээнихэд болгоомжилжяаралтай хурал хийж зайлшгүй үед Монголд оруулах зөвлөлтийн цэргийн ангиудыг Өвөр Байгалийн хилийн дагуу байлдааны бэлэн байдалд оруулжээ.

Сталин нэн даруй монголын улаан армид“Босогчдыг яаралтай дарж устга” гэсэн үүрэг өгч, зөвлөлтийн “Р-5” маркийн байлдааны 10 нисэх онгоц, байлдааны 8 хуягт машин үнэгүй шилжүүлжээ. Монголын улаантнууд 1932 оны 5 -7- р сардтэрхүү зөвлөлтийн талаас ирүүлсэн байлдааны танк, нисэх онгоцыг ашиглаж, зэр зэвсгийн хүчээр ард түмний бослогыг богинохон хугацаанд харгислан дарав. 

Босогчдын тал, улаан цэргийн талыг харьцуулвал шүдээ хүртэл зэвсэглэсэн улаан цэргийн хүч илт давуу байлаа. Ард түмний бослогонд оролцсон, оролцсон байж бозошгүй хэмээн сэжиглэгдсэнолон мянган монгол хүнийг улаантнууд буудан хөнөөв. 

Ардын бослого Архангай, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай зэрэг таван аймгийн хүн амын 70 хувийгхамарсан бөгөөд нийт 10 000 хүн алагдсан гэсэн мэдээ ч байдаг. Зарим мэдээнд нийт 6402 хүн алагдсан гэсэн мэдээ ч байдаг.

Босогчид хувьсгалын эсэргүү байгаагүй юм. Босогчидхаргис улаантны эсрэг зориг гарган боссон ардын баатрууд байсан юм. 

Босогчид хувьсгалын эсэргүү байгаагүй юм. Учир нь 1921 онд Монголд хувьсгал болоогүй юм, харин ардын намынхан улаан цэргийн төрийн эргэлт хийжмонгол төрөө устгаж оронд нь харгис улаантны дэглэм тогтоосон юм. Тэхлээр босогчид бол эсэргүү биш, харгис улаантантай тэмцсэн ардын баатрууд юм.

Ард түмний 1932 оны бослогын үеэр улаантнууд зөвхөн босогчдыг хөнөөгөөд зогсохгүй бас ард түмний хөрөнгө өмчийг феодалын өмч хэмээн булаан авч Богд хаант монгол төрийн зүтгэлтэнүүд, тайж язгууртанболон лам нарыг ангийн дайсан хэмээн хөнөөсөөр байсан юм. 

Монголын улаантны харгис төр тэрхүү тулаанд ах дүү монголчуудаа буудан хөнөөсөн монголын улаан цэргийн дарга, цэргүүдийг төрийн одон, медалиар шагнаж байлаа. Монгол монголоо хөнөөсөн нь улаан Оросод ихэд таалагдаж байсан нь мэдээж. Монгол ах дүүгээ буудан хөнөөж байсан улаан цэргийн монгол дарга нар ихэхи нь удалгүй Лхүмбийн хэрэг гэгчээр буудуулан алуулсан юм. Жишээлвэл босогчдыгустгаж хөнөөсөн хэмээн шагнуулж байсан офицер Ж.Малжыг удалгүй улаантнууд буудан хөнөөсөн байдаг юм. Бослогыг дарахад гол үүрэг гүйцэтгэсэн Лхүмбэ удалгүй улаантнуудад буудуулан алуулсан юм. Энэ бүхэн хувь заяаны тохуурхал ч юм уу даа. 

”1932 оны Монгол дахь ардын бослого бол лам нар, феодалуудын гадаадын империалистуудаас турхирсан зэвсэгт бослого биш, харин ардын бослого гарч, улмаар иргэний дайнд шилжсэн байна. Үүний дотоод шалтгаан нь улаантны “зүүний нугалаа”, гадаад шалтгаан нь улаан Оросын большевикуудын Монголд экспортолсон социализм мөн” гэсэн Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны Академийн ахлах ажилтан, доктор Сергей Кузьмины дүгнэлттэй би санал нэг байна. 

Монгол даяар гучаад ондулаантны харгислал улам дэвэрчлам хувраг, буриад ардуудыг үй олноор нь буудан хороож, ардын мал сүрэг, хөрөнгө өмчийг нь булаан дээрэмдэж хураан авч эх орондоо амьдрах аргагүй болгож байлаа.1930- аад онд хил орчмын аймгуудын 7542өрхийн 35000 ард улаантны харгислалаас зугтааж өмнөд хил даван Өвөр Монгол руу нүүж байлаа. Дүрвэлт дөчөөд он хүртэл тасралтгүй үргэлжилсэн ажээ.

Ийнхүү 1932 оны зэвсэгт бослого буюу ард түмнийсүүлчийн бослого нь Халх голын дайнаас 25 дахин их, Чөлөөлөх дайны хохирлоос 50 дахин илүү хүн хүчний хохирол учирсан, монголчууд өөр хоорондоо зэвсэг барин тэмцэлдсэн нэг ёсны иргэний дайны үйл явдал XX зууны Монголын түүхэнд том сургамж болон үлджээ.

Эдүгээ энэ эмгэнэлт явдлын дараа 100 жил өнгөрчээ. 1932 оны бодит үйл явдлын талаар манай уран бүтээлчид, зохиолчидуран сайхны кино бүтээж олон ном зохиол бичээсэй хэмээн бодож байна. 

Жинхэнэ монгол төр шашнаа мандуулахын төлөө эр зоригтой тэмцсэн эгэл монгол баатаруудыгаа бид мартах ёсгүй.

2023.04.27