Хоосон завь
Өмнөө байгаа зүйл, жишээ нь, сарнай байж болно. Түүнийг үнэн голоосоо мэдэрч таашаа. Та нар сарнайг харлаа ч дутуу хардаг. Оюун ухаан чинь “Энэ бол сарнай” гэж хэлээд гүйцээ.
Өмнөө байгаа зүйлийг мэдэр. Өөр юу ч байхгүй, зөвхөн тэр үлдэг. Улмаар уг зүйлээс ангижран, хоосныг ухаар.
Эртний тантрын 112 аргаас
Өмнөө байгаа зүйл, жишээ нь, сарнай байж болно. Түүнийг үнэн голоосоо мэдэрч таашаа. Та нар сарнайг харлаа ч дутуу хардаг. Оюун ухаан чинь “Энэ бол сарнай” гэж хэлээд гүйцээ. Тэгснээрээ бодит ахуйг биш, хийсвэр тэмдгийг онодог. Жинхэнэ сарнайг танихын тулд харцаараа илж, таал. Нүүрээ шүргэн, амьсгалдаа уусган үнэрлэ. Зүрхэн тушаагаа барьж, аниргүйн хэлээр харилц. Гагцхүү түүнд уусч, бүх ертөнцийг мартаарай. Эмэгтэй хүмүүс мэдрэмж сайтай болохоор тэдэнд төдий л хэцүү биш. Эрчүүдэд жаахан хүнд байх. Гэхдээ яруу найраг, уран зураг, хөгжим зэргээр гоо сайхны мэдрэмжээ хөгжүүлсэн хүмүүст дөхөм. Туршаад үз. Хүүхэд бол үүнийг хялбархан хийж чадна.
Би найзынхаа хүүд сарнай өгөөд, энэ аргыг заасан юм. Тэр хүү гүн таашаалд умбав. “Юу мэдэрч байна?” гэж асуухад минь “Би сарнай болчихлоо” гэж хариулж билээ. Хүүхэд тийм уян мэдрэг. Даанч бид тэдэнд зааж сургадаггүй. Уул нь тэд хамгийн сайн бясалгагч болж чадах юм.
Өөр юу ч байхгүй, зөвхөн тэр үлдэг.
Амраг хайрын агаарт ийм зүйл болдог. Ертөнц бодогдсоор байгаа бол чиний хайр чин үнэн биш байна. Бүх ертөнц мартагдаж, зөвхөн хайрт чинь үлдэх учиртай. Тиймээс би хайрыг бясалгал гэж хэлдэг юм. Амрагийн харилцаанд бусдыг хутгах хэрэггүй. Зөвхөн түүнийгээ мэдэрч, уусан хайл...
Чулуу ч байна уу, сарнай ч байна уу хамаагүй, хорвоог мартуулж, хайранд уусгаж чадах обьектийг сонго. Тэр л чиний ухамсарт орших цорын ганц зүйл болог. Өмнөө чулуу тавьж байгаад хорвоог умартана гэвэл жаахан хэцүү байх. Гэхдээ Зэн багш нар ийм зүйл хийдэг байсан. Тэд мод ч үгүй, цэцэг ч үгүй, дан хайрга чулуу бүхий “цэцэрлэг”-тэй байв. Хэрэв чулуутай хүртэл гүн хайрын холбоонд орж чадах юм бол хэн ч чамд төвөг удаж чадахгүй гэж тэд хэлдэг. Учир нь, хүмүүс чулуунаас илүү чулуу. Тэдний хэв загварыг эвдэж, дотоод гүнд нь нэвтэрнэ гэдэг тун бэрх. Юутай ч өөртөө нийцэх зүйлийг сонгож, үнэн голоосоо мэдэрч таашаагтун.
Өөр юу ч байхгүй, зөвхөн тэр үлдэг. Улмаар уг зүйлээс ангижран хоосныг ухаар.
Эхлээд өөр бусдыг огоорсон. Одоо тэгвэл бусад үгүйг ч огоор. Зөвхөн тэр цэцэг, эсвэл тэр дүр төрх үлдсэн. Одоо түүнийг ч бас орхи. Гэв гэнэт үнэмлэхүй хоосон вакуум руу унана. Энэ хоосныг ухаар гэж Тантарт заажээ. Энэ бол чиний мөн чанар, цэвэр оршихуй. Хоосон чанарт шууд ороход хэцүү. Аливаа нэг обьектийг хөсөг болгон ашиглаваас хялбар. Бусад бүх юмсаас салахын тулд нэг обьектэд төвлөрч, бүрэн төгс мэдэр. Ухамсар гагцхүү түүгээр дүүрэх үед чи бүхнийг мартана. Дараа нь түүнээс ангижрахад цэвэр субьектив чанар үлдэнэ.
Энэ дасгалыг нэг амьсгалаар хийх гэж яаруузай. Эхлээд ганц зүйлийн мэдрэмжийг өөртөө бүтээ. Олон обьект солиод хэрэггүй. Тэр бүхэнд чи адил хүч ахиад зарцуулах болно. Сарнай цэцэг сонгосон бол өдөр бүхэн тэр сарнайдаа дулдуйд. “Би өөрөө сарнай болчихлоо” гэж мэдрэх хүртлээ дадуул. Энэ мэдрэмж өөрөө маш тансаг сайхан, амин эрчим соёрхоно. Хэдэн өдөр зөвхөн ийм мэдрэмжинд умбаарай. Хүчин чармайлтгүйгээр өмнөө буй цэцэгтэй нэгдэж, бүх ертөнцийг мартах болсон үедээ удаах алхмаа хий. Нүдээ аньж, мөнөөх цэцгийг ч март.
Эхний алхмыг төгс хийсэн үед дараачийн алхам хэцүү биш. Олон ба нэгээс ангижирсан, обьектгүй (зоригдолгүй) ухамсар юунд ч үл торох гэгээн гэрэл мэт. Будда түүнийг Нирваан гэдэг бол Махавир ’Төгс ганцаар ахуй’ - Кайвалъяа гэдэг.
Удаах арга:
Хэн нэгэнд чиглэсэн дурлал буюу хорсол үүсэхэд тухайн хүнд биш, дотоод ахуйдаа төвлөр.
Үзэн ядалт хийгээд дурлал дунд чи өөрийгөө мартаж, тухайн хүнд төвлөрдөг. Асуудлын учиг тэр хүнд биш, өөрт чинь буйг сана. Хэрвээ тэр хүн үзэн ядалт болоод дурлалын эх сурвалж байсан бол хүн бүхэн түүнийг үзэн ядах, эсвэл хүн бүхэн түүнийг хайрлах байсан. Гэвч чиний дурласан хүнийг өөр нэгэн үзэн ядаж, бас жигшсэн хүнийг чинь өөр нэгэн хайрлаж явдаг. Бид өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг өрөөл бусад руу тусгадаг. Гадна тал бол зүгээр л дэлгэц. Тэрхүү дэлгэцэн дээр чиний сэтгэлийн тусгал буудаг. Жишээ нь, бал сараа тэмдэглэж байгаа бол чамд шөнийн сар ер бусын гоо сайхан, сэтгэл татам харагдана. Гэтэл тэр шөнө, тэр сар амраг хайртнаа алдсан нэгний нүдэнд зэвхий хүйтэн харагдах буйза. Сар эдгээр мэдрэмжийн эх сурвалж мөн үү? Эсвэл тэдгээрийг тусгаж буй хоосон дэлгэц үү?
“Хэн нэгэнд чиглэсэн дурлал буюу хорсол үүсэхэд тухайн хүнд биш, дотоод ахуйдаа төвлөр” гэж сударт өгүүлжээ. Дэлгэц рүү биш, дэлгэцэн дээр тусгал үүсгэж буй эх сурвалжид чиглэ гэсэн үг. Энэ бол маш шинжлэх ухаанлаг, сэтгэлзүйч арга. Хэн нэгэн чамайг доромжлоход уур чинь дүрсхийнэ. Уурыг чинь тэр бүтээсэн үү? Угаас чамд байсан уу? Хэрвээ тэр хүн Буддаг доромжлох юм бол элбэрлийн харцтай л учирна. Христийг очиж алгадах юм бол нөгөө хацраа түүнд тавьж өгнө. Бодидармаг очиж доромжилбол хүрхэрсэн инээд л сонсох байсан.
Өрөөл бусад бол эх сурвалж биш. Эх сурвалж ямагт чиний дотор байдаг. Бусад хүн түүнийг илчилдэг болохоос бүтээдэг юм биш. Чиний дотор уур байгаагүй бол яаж ч өдөөд түүнийг асаахгүй. Хуурай худаг руу ховоо хаяад нэмэргүй шиг. Хаясан ховоо устай л бол худаг устай байж таараа. Ховоо ус үүтгэдэг биш, харин худгийн усыг л татаж гаргадаг хэрэгсэл шүү дээ.
Хорсол, тачаал үүсэх даруйд эх сурвалж руу эргэ. Дотор чинь нуугдаж байсныг сэхээрэх боломж олгосон тэр хүнд талархаад, гадна талыг мартаж, нүдээ анин дотогшоо нүү. Сэтгэл долгилох үед эх сурвалжийн зүг хөдлөхөд хялбар. Учир нь, энэ үед хүн халдаг. Аливаа халалт нь хөдөлгөөний эрч хүч болдог. Энэ үед гадагшаа чиглэснээс болж хүн эрч хүчээ үр шимгүй алддаг юм. Уг халуурлыг ашиглан дотогшоо чиглэвээс гэв гэнэт сэрүүн амгалан төвдөө нэвтэрнэ. Өөр хэмжээс, өвөрмөц ертөнц чиний өмнө нээгдэнэ. Хорсол, тачаалыг дотогшоо аялах зэмсэг болгон ашиглаарай.
Зэнгийн их багш Лин Чи ийн дурсчээ: “Залуу байхдаа би завиар хөвөх дуртай байв.
Бяцхан завиндаа суугаад нуурын дунд орь ганцаар өчнөөн цагаар хөвдөг сөн. Нэг сайхан
шөнө би нүдээ анин, завин дээрээ бясалгаж суулаа. Гэтэл нэг завь урсгал аясаар хөвөн
ирж, миний завийг хүчтэй мөргөсөн юм. Хэн нэгэн завийг минь албаар мөргөлөө гэж
бодоод уур дүрсхийв. Тэгээд нүдээ нээж, уураа гарган, хэрүүл хийх гэтэл өнөөх завин
дээр хэн ч байсангүй. Тусгах хүнгүй болсон уураа хааш нь хийх вэ? Тэгээд би өөрийн
эрхгүй нүдээ аньж, дотогшоо хөвлөө. Тэр намуухан шөнө би дотоод төвдөө хүрсэн юм.
Хоосон завь миний багш байв. Одоо хэн нэгэн ирж, намайг доромжлох юм бол би түүнд
’Энэ завь ч бас хоосон’ гэж хэлнэ.”
Эх сурвалж: “Нууцын ном” (The Book of Secrets) - Ошо