"Долдугаар сарын нэгэн"
Яг үнэндээ 7-р сарын 1 бол тэдгээр иргэд, залуучууд жагсаж цуглах эрх чөлөөгөө тултал эдэлж оргилд нь хүрч дураараа дургин дунд чөмгөөрөө жаргасан өдөр байсан юм
2023.07.02.
Манайхан жил бүрийн долдугаар сарын эхний өдөр 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа болсон үйл явдлыг санадаг болсоор арван тав дахь жилийг үдлээ.
“Долдугаар сарын нэгэн”. Тасралтгүй бичлэг хийж сурвалжилсан телевизүүд, зогсоо зайгүй шажигнуулсан гэрэл зурагчид, нүдээр харсан мянга мянган гэрч, дээрээс нь өнгөрсөн хугацааны мөрдөн шалгалт, баривчилгаа, эрүүгийн хэрэг, шүүх хурал, нээлттэй сонсгол, мэдэгдэл, ярилцлага, хэлэлцүүлэг, хэвлэлийн хурал, бүр цагдаа нарын жагсаал цуглааны ачаар тэр өдрийн цаг, минут, секунд бүр тодорхой болсон билээ. 2008 онд хүн бүрийн атганд гар утас, бас нийгмийн сүлжээ байгаагүй ч дутуу юм үлдээгүй байх ёстой.
Харин цаг хугацаа өнгөрөх тусам улам нийтийн ой тойнд бүдгэрч, дурсах нь цөөрч байна. Жам ёсных байх. Энэ жил телевизийн хөтөлбөрүүд дурдсан ч үгүй. Харин сайтуудад ганц нэг гарчиг харагдав. Топ сайтуудын нэг News.mn “Ард иргэдийнхээ эсрэг буу шагайсан аймшигт өдөр” гарчигтай тайлбарыг зохиогчийн нэр үгүйгээр нийтэлжээ. Тэгэхээр редакцийн байр суурь, хэрвээ сайтын нууц ноёнтон хэн гэдгийг тооцвол бараг улс төрийн мэдэгдэл.
“Одоогоос 15 жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-нд ард түмний сонголтод эрх баригч хүчин нөлөөллөө гэж үзэн, Сүхбаатарын талбайд цуглан, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Энэхүү эсэргүүцэл хяналтаас гарч, төр ард түмэн рүүгээ буу шагайснаар дөрвөн залуу амиа алдаж, зургаан залуу шархдаж, олон залуус бэртэл гэмтэл авч, мөн олон зуун залуу шүүхээс ял сонссон монголчуудын хувьд “Долдугаар сарын 1-н” гэх тодотголоор түүхэнд үлдсэн хар өдөр өнөөдөр тохиож байна”.
Болж буй үйл явдлыг харахаар Сүхбаатарын талбайд очоод хэрэгтэн болсон залуус олон бий. Тэднийг байцаах шатанд эрүүдэн шүүж, хэргээр хэрэг хүлээлгэсэн гэдэг асуудал ч хөндөгдөж байсан юм.
Мөн энэ хэрэг явдлын дараа Монгол Улс онц байдал тогтоож, тодорхой бүсүүдэд танктай цэрэг байршуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах мэдээлэлд "цензур" тавих зэргээр эрх баригчдын зүгээс хянах зорилго агуулж байв.
Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Н.Энхбаяр, УИХ-ын даргаар Д.Лүндээжанцан, Ерөнхий сайдаар С.Баяр, Хууль зүй дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар алба хашиж байсан түүхтэй. Ерөнхийлөгчийн зарлигаар Улаанбаатар хотноо дөрөв хоног Онц байдал тогтоосон юм”
Хэн цугласан? Байхгүй. Эрх баригч хүчин нөлөөллөө гэж хэн үзсэн? Байхгүй. Харин нэр цохсон тэр үеийн Ерөнхийлөгчөөс эхлээд Хууль зүйн сайд хүртэлх албан тушаалтнууд буруутан юм байна.
Ажиглаад байхад “Долдугаар сарын нэгэн” зөвхөн “Төр засаг иргэдийн эрхийг зөрчсөн”, “Таван хүнийг хөнөөсөн”, “Гэмгүй залуучуудыг барьж хорьсон” зэрэг хэдхэн үгээр дурсагдах болж бүр сүүлдээ “Бүү март”, “Аймшигт өдөр давтагдах ёсгүй” гэх мэт сүржин шошготой болжээ.
Яг үнэндээ 7-р сарын 1 бол тэдгээр иргэд, залуучууд жагсаж цуглах эрх чөлөөгөө тултал эдлэн оргилд нь хүрч дураараа дургин дунд чөмгөөрөө жаргасан өдөр байсан юм. Харамсалтай нь цааш даваад онхолдсон төдийгүй тэр амь хайргүй тэмцсэн "сонгуулийн луйвар" нь худлаа байж давхар давхар эмгэнэл болж хувирсан билээ. Хэрвээ сонгууль будлиантсан бол Сонгуулийн ерөнхий хороог ээрэх ёстой атал МАХН-ын Цагаан байшинг зүглэсэн. Очоод зүгээр нэг жагсаагүй, чулуу шидсэн, хагалсан, дайрсан, цагдаа нартай тулалдсан, тэгээд дийлсэн, шатаасан... Цагдаа нар өөрсдийгөө ч олигтой хамгаалж чадаагүй, бамбай, бороохой, сүүлдээ резинэн сумаар буудаад ч бараагүй. Гай болж нэг жагсагчийн өрөөсөн нүдийг сохолсон. Жагсагчдыг манлайлан чулуу, төмөр шидэж улангассан залууг цагдаа нар арайхийн хөөж бариад чирэхэд NTV-гийн сэтгүүлч Д.Болдбаатар “Хүлээж бай, ярилцлага аваадхая” хэмээн чаргуулдан булаацалдсаныг санаж байна. Бараг чадсан байх шүү. МҮОНРТ-ээс эхлээд олон телевиз шууд болон байн байн дамжуулсан. Залуучууд үй олноороо цугларсанд тухайн үйл явдлын хав халуун цэгээс өдөржин эцэж цуцалгүй сурвалжилсан “Ийгл”-ийн сэтгүүлч Соёлмааг буруутгах нэг хэсэг байхад харин түүний ачаар илүү олон залуу дэлгэцийн өмнө саатаж тийшээ очоогүй гэхчлэн мэтгэлцсэн.
Тэгээд “Долдугаар сарын нэгэн” гэгдэх хэрэг явдлаар хүний амь үрэгдээгүй, эрх зөрчигдөөгүй гэж үү? Үрэгдсэн, зөрчигдсөн. Гэхдээ 7-р сарын 1-нд биш!
Тэр бүхэн онц байдал тогтоосны дараа буюу 7-р сарын 2-ны 00.00 цагаас хойш эхэлсэн. Яг хэдэн цаг, минут, секундэд хэн гох дарж хэнийг оносныг тогтоогоогүй ч буудсан хүмүүс нь гарцаагүй цагдаа нар байсан. Өмнөх өдрийнхөө хариуг авсан, тийм учраас хэн нэгнээ барьж өгөөгүй. МАХН-ын байрны хавьд шөнө явж байсан болон цагдаа нарын болон телевизийн зураг, бичлэгт орсон хэдэн зуун залууг барьж хорьсон, эрхийг нь янз бүрээр зөрчсөн нь үнэн.
“Долдугаар сарын нэгэн” хэрэг явдлын жинхэнэ үнэнийг манай төр албан ёсоор тогтоож зарлаагүй. Эрх баригчид нам 5 хүний амь нас хохироосон нээнтэгтэй, харин сөрөг хүчин худлаа сүржигнэн улс орныг самрах шахсан нь илрэх тул аль аль нь цааш ухахыг хүсээгүй, ингээд "харцаараа"'зөвшилцөөд өнгөрчээ.
Сануулахад, санал хураалтын маргааш өглөө буюу 6-сарын 30-нд "Буянгийн" Б.Жаргалсайхан Төрийн ордны өмнө индэр, микрофон засч, АН-ын дарга Ц.Элбэгдорж аль тойрогт хэдэн саналаа яаж луйвардуулснаа самбар дээр тооцоо бодож харуулчихаад далд орсон бол тухайн үедээ аугаа улс төрчдийн дүрдээ орчихсон байсан иргэний хөдөлгөөнийхөн шүүрэн авсан. Сонирхолтой нь, хамгийн том сөрөг хүчин “долдугаар сарын нэгэн”-д биеэр бараг оролцоогүй, харин МАХН-ын байр шатаж эхлэхэд дарга нь очиж жагсагчдыг гэртээ харьж нэгэнт ассан түймрийг зурагтаараа үзэхийг уриалсан. Ямар түймэр эхлүүлснээ бүдэг бадаг ухаарсан юм болов уу. Хожим, 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа өршөөл зарлаж бүгдийг цайруулж ул мөрөө балласан.
Энэ удаад News.mn-д нэр дурдсан дарга нар буруу юм хийгээгүй. Хэрвээ онц байдал тогтоогоогүй бол хөөрсөн түмэн тэр шөнөдөө амсхийж аваад маргааш нь яах байсан бол? Гэхдээ “Долдугаар сарын нэгэн”-д жагсагчид хяналтаас гарсан бол “Долдугаар сарын хоёр”-нд цагдаа нар хяналтаас гарсан.
2023 оны наадмаар бөхийн цол дуудахыг цэгцэлнэ гэж байгаа. Энэ жишгээр "Долдугаар сарын нэгэн"-ийг "Улс төрчдийн өдөөсөн" хэмээн заавал цоллодог байя.