Танхимын зарчмаар бол Та ч “цэвэрлэгээ”-нд хамрагдана, Ерөнхий сайд аа!
Ерөнхий сайд ард түмэнд хийсэн мэдэгдлээрээ “Шинэчлэлийн Засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удахгүй эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы эхээр санаачлан оруулж шийдвэрлүүлнэ гэдгээ өнөөдөр зарлаж байна.
Уучлаарай, тэр “сэлгээ”-нд Ерөнхий сайд та өөрөө ч хамаарагдах учиртай. Засгийн газар танхимын зарчмаар ажиллаж байгаа тохиолдолд хариуцлагаа хамтдаа үүрдэг юм. Өөрөөр хэлбэл, сэлгээг Ерөнхий сайд хийх эрхгүй. Тэр өөрөө ч “цэвэрлэгээ”-нд хамаарагдах учиртай. Яагаад гэж үү.
Яагаад гэвэл таны нэр цэвэр биш байгааг олон нийт мэдэж буй. Зарим аймгийн Засаг даргыг хууль бусаар халсантай холбоотой шүүхэд гаргасан гомдол, мөн бусад асуудлаар тантай аливаа асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хэдэн гомдол очсоныг мэдэх үү. Дээр нь Төрийн нууцад холбогдох асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр орон даяар мэдэгдэж зарласан, төрсөн охин, ахлах зөвлөх нарынх нь хамтран хэрэгжүүлж байсан хөтөлбөрт “но” байсан эсэхийг шалгаж байхад Хууль зүйн сайдыг дагуулан очсоноороо дахин хууль зөрчсөн. Ашиг сонирхлын зөрчил, танхимын зарчим зэрэг зарим үгийг бол Ерөнхий сайд огт “сонирхдоггүй” бололтой. Ардчилсан зарчмаар бол Засгийн газар “Нүүрс” хөтөлбөрийг шалгасан аудиторуудтай хариуцлага тооцох гэж оролдохоосоо өмнө хууль, хяналтын байгууллагын өмнө буруугүй гэдгээ нотлох учиртай баймаар юм.
Ийм нэр хүндтэй байгаа тохиолдолд таны ярьдаг “тунгалаг төр”-ийн зарчмаар бол Ерөнхий сайдын нэр зөвхөн дурьдагдах төдийд л ард түмнээсээ уучлал гуйгаад албан тушаалаасаа татгалздаг юм билээ. Тэгэхээр “Тунгалаг төр”-ийн төлөө зүтгэж яваа Ерөнхий сайд маань ч гэсэн ийм алхам хийх байлгүй дээ.
Хэдийгээр хатуу ширүүн үгтэй ч нэг намынх учраас Баабар нийтлэлч, Р.Амаржаргал гишүүн нарын “сануулга” Ерөнхий сайд, намын даргад зөөлдөөд байх шиг. Харин иргэд, сонгогчид түүний намын гишүүн биш, саналаа өгч итгэл хүлээлгэсний хувьд Ерөнхий сайд Н.Алтанхуягаас зарчим нэхэх эрхтэй. Иргэд бид “зөөлөн” хэлэх албагүй.
Ардчилсан нам дүрмээ баримталж Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулах шаардлагатай. Одоогоор ийм хэмжээний алдаа, дутагдал “хуримтлуулсан” Н.Алтанхуягтайгаа хариуцлага тооцож чаддаг нам уу, биш үү гэдгийг хармаар байна. Яагаад ч юм бэ, энэ тухай хөндөхөд “МАХН-ын 25 дугаар их хурал” гэгч санаанд ордог юм. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар гэдэг их айлын хамгийн том эрх мэдлийг гартаа оруулсан Ерөнхий сайдыг нэгэн эмэгтэй гишүүн нь зад шүүмжлээд огцруулж байсан тэр хурал хожим сонсоход “жүжиг” байсныг нь мэдсэн ч хэчнээн бахархалт алхам болсон гээч. Нам, намын гишүүд хэзээд Намын даргаасаа том байдгийг тэгэхэд олж харсан. Энэ бол маш зөв жишиг.
Харин Ардчилсан намынхан тэгж чадна гэж үү. Эсвэл тэгж чадах учраас намын удирдлагууд нь ҮЗХ-г хуралдуулахгүй намын дүрмээ зөрчин байж “гүрийгээд” байна уу. Олон хууль зөрчсөн намын даргад намын дүрэм юу ч биш санагддаг ч байж болох юм. Ямартай ч “Цэвэрлэгээг Ерөнхий сайд хийхгүй. Харин өөрөө хамрагдах ёстой” гэдгийг дахин сануулъя. Алдаа, зөрчлийнх нь “голомт” болсон, намынхаа нэр хүндийг унатал ашиг сонирхлын зөрчилд автан гэр бүлээрээ төрийн хөрөнгө завшчихаад яаж Засгийн газрыг цэвэрлэж чадах юм бэ. Хэнд автаж, хэнийг үлдээх нь тодорхой шүү дээ. Цэвэр хүн л бохирыг арилгадаг болохоос бохир нь бохироо цэвэрлэнэ гэдэг зангууны үлгэр болно.
Тэгээд ч нэг нь алдахад нийтээрээ хариуцлага хүлээх ёстой танхимын зарчмыг санах хэрэгтэй. Үнэхээр танхимын сайд нарын чинь тал хувь нь болохоо байчихаад байгаа бол “Ордны хуйвалдаантай, хуйвалдаангүй” Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох шаардлагаа хангасан гэсэн үг. Ёс суртахууны болон хууль ёсны чадамжгүй Засгийн газрыг “ёс зүйгүй Ерөнхий сайд цэвэрлэнэ” гэдэгт яагаад ч итгэж чадахгүй. Ёс зүйгүй” Ерөнхий сайд гэсний тухайд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мэдсээр байж төрийн хэдэн хууль, тогтоомжийг зөрчсөн, танай гэр бүлд болон танд хамааралтай, хэт нөлөөлөлтэй хэчнээн хүнийг Ерөнхий сайд Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчин байж ажилд томилов, тэдгээр хүмүүс нь ямар алдаа дутагдал гаргав гэдэгт холбогдуулан хэллээ.
Энэ тохиолдолд дараагийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Н.Алтанхуяг гэдэг Ерөнхий сайд “зурахгүй”. Харин ч бүр “Н.Алтанхуяггүйгээр” зурж байж төрийг “Алтан гадас”-ынхнаас цэвэрлэж авах болно. Үүнийг танхимын зарчмаар Засгийн газрыг өөрчлөх гэж хэлдэг. Тэгэхээр АН-д шударга гишүүн байвал ҮЗХ-гоо яаралтай хуралдуулахыг шаардах ёстой. ҮЗХ АН-ын даргатай хариуцлага тооцох ёстой. Энэ бол зарчим. Үүнийг хийхгүйгээр өөр ямар ч худал яриа хэрэггүй.