СУСАМБАВА /САЙН ГАРСАН/ ХЭМЭЭХ БҮЛЭГ. 

ХОРИН НЭГДҮГААР БҮЛЭГ.


НЭГ:

Ялж төгс нөгчсөн Бурхан багш шүлэг үүнийг зарлиглав. 

Эрт цагт Хүрдээр урвуулагч хаан болов

Эх дэлхий, далай сэлт бүгдийг

Эрдэнээр дүүрсэн дөрвөн тив сэлтийг ч

Урьдын бурхан бүгдэд би өргөсөн.


Ариун номын лагшинг бүрнээ олохын тулд

Алин сэлтэд зохистой, эдлэхэд хайран

Аливаа зүйлс бүгдийг би өргөсөн

Асар хайртай амиа ч олон галавт өгсөн.


Эрт урьдын сэтгэшгүй нэрт галвын тэртээ

Их эрдэнийн үс нэрт амгалан заларсан

Тэнсэлгүй гаслангаас нөгчсөн, амгалан заларсан

Түүний шашинд Сусамбава (Сайн гарсан) хэмээгч хаан болов.


Түүнийг дөрвөн тивийг эрхшээсэн

Хүрдээр урвуулагч хэмээн

Тэнгэс, далай, бүх газарт машид үзүүлэгч

Түүнчлэн заларсан бурхан эш бошгийг үзүүлсэн.


Тэр цагт дээдэс хаан нойрсож байхуй

Түүний зүүдэнд Бурханы эрдэм сонсогдов.

Номыг номлогч Их эрдэнэ хураагч зүүдэнд нь үзэгдэв

Нэн илхэн судар аймгийн хаан үүнийг

Нягт нарийн номлон суух түүнийг үзэв.


Өглөө нь хаан нойрноосоо сэрэхэд

Өөрийн бүх бие нь баясгалангаар дүүрэв.

Сүсэглэн биширсэн тэр хааны ордноосоо гарч

Шарвага дээд хуврагийн оронд очив.


Эрхэм бурханы хуврагуудад тахилыг өргөн үйлдэв

“Энэ хутагтуудын дунд Ратнокчаяа

Эрдэм төгөлдөр гэлэн хаана буй?” хэмээн

Ратнкчаяаг бүгдээс нь асуув.


Тэр цагт Ратнокчаяа тэр нь

Түүнээс өөр нэгэн агуйд суугаад

Агуу гайхамшигт Алтангэрэлт судар үүнийг бясалгаж

Амны уншлага болгон машид амгалантай сууж байжээ.


Номыг өгүүлэгч Ратнокчаяа

Нэн хотол чуулган сүр жавхлангаар бадарч

Тэртээх агуйд сууж байсан

Тэр цагт хаан түүний дэргэд ирэв.


Номыг өгүүлэгч Ратнокчаяа энэ

Эрхэм хааны явдал гүнзгийг мэдрээд

Судрын дээд Алтангэрэлт хэмээх

Судрын хааныг үргэлжид номлон үзүүлэв.


Эрхэмсэг хаан Ратнокчаяагийн өлмийд

Сөгдөн мөргөөд, Сайн гарсан ийн айлтгав:

“Судрын дээд Алтангэрэлт судрын хаан

Сар, нарны нуур адилыг номлон соёрх”


Эрхэмсэг хаан Сайн гарсан түүний айлтгалыг

Ратнокчаяа хувраг ч хүлээн зөвшөөрсөн тул

Гурван мянган ертөнц бүгдэд орших

Тэнгэр бүгд машид ихээр баясах болов.


Харин тэр цагт хүний хаан бээр газар дэлхийн

Хамгийн гайхамшигт ариун дээд нутаг оронд

Эрдэнийн ус, үнэрт усаар чийглэн сэрүүцүүлж

Элдэв цэцгийн баглааг дэлгэн ширээ засав.


Зассан ширээгээ шүхэр, дуаз хийгээд

Шинэ торго олон мянгаар сайтар чимж

Дээд ариун зандан тэргүүтэй

Төрөл бүрийн сайхан үнэртнийг илтэд цацав.


Тэнгэр, лус, асар болон миамжи

Тэсэшгүй ягчис түүний хаан, дочэ (хэвлээр явагч)

Тэнгэрийн цэцгийн мандаравагийн хурыг

Тэр ширээн дээр илтэд машид буулгажээ.


Сонсохыг хүссэн түм түмэн мянган голди тэнгэр нар

Санаанд багташгүй алин тэд огторгуйд цуглан багширч

Ратнокчаяа хувраг илтэд залрах үест

Эх газарт элдэв цэцгийг илтэд цацан тахив.


Номыг өгүүлэгч, Ратнокчаяа тэр өөрөө ч

Нэн сайтар угаал үйлдэн ариун хувцсыг өмсөөд

Ариун номын ширээнд тэр ойртоод

Алгаа хавсарч залбиран мөргөлийг үйлдэв.


Хурмаст ба тэнгэр болон тэнгэрийн охид

Хуран чуулж, агаар мандлаас мандарава цэцгийн

Хурыг буулган, зуун мянган яруу дуут

Хөгжмийн аялгуу санаанд багташгүйг машид дуурсгав.


Ариун санваарт, номыг өгүүлэгч Ратнокчаяа тэр

Арван зүгийн мянган голди бурхан

Тоолшгүй олон тэднийг дурьдан бясалгаад

Тэрхүү ширээн дээр илтэд залран суув.


Амьтан бүгдэд энэрэнгүй сэтгэлийг үүсгэж

Асар нигүүлсэнгүй сэтгэлийг үнэнхүү төрүүлээд

Сайн гарсан нэрт тэрхүү хаанд

Судрын аймаг үүнийг тэр цагт номлов.


Эзэн хаан алгаа хавсран сөгдөөд

Элэгсэг үгээр түүнд даган баясаад

Энгүй номын хүчээр нулимс нь мэлмэрч

Энэ бие нь баясгалангаар түгэн дүүрэв.


Судрын аймаг үүнийг тахихын тулд

Сайн гарсан хаан бээр тэр цагт

Хүслийг хангагч чандмань эрдэнийг авч

Хамаг амьтны төлөө ерөөлийг ийнхүү тавив:


“Их долоон эрдэнэ төгөлдөр чимгүүд

Энэ Замбуу тивийн хамаг амьтан бүгдийг

Амар амгалантай болгох ховор нандин эрдэнийн

Асар арвин хур өнөөдөр замбуу тивд буулаа”


Гэтэл тэр цагт долоон их эрдэнэ

Гар, хоолой, чихний дээд чимэг

Тэрчлэн хоол, хувцас, ундаанууд ч

Дөрвөн тивд хур мэт буувай.


Эзэн хаан Сайн гарсан Замбуу тивд

Их эрдэнийн хур буусан түүнийг үзээд

Их эрдэнээр дүүрсэн дөрвөн тивийг

Ратнашихкин түүний шашинд өргөв.


Түүнчлэн заларсан Шагжамуни би,

Тэр цагт Сайн гарсан хаан болоод

Эрдэнээр дүүрсэн дөрвөн тив буюу

Энэ газрыг би бээр огоот өргөсөн.


Тийнхүү хаан Сайн гарсан түүнд

Тэр цагт судар үүнийг машид номлов.

Ратнокчаяа хэмээх номлогч гэлэн тэр болвоос

Эдүгээ цагийн Акшобяа бурхан болой.


Эртний тэр цагт судар үүнийг би сонсож

Элэгсэг үгээр түүнд баясаад

Миний буяны үйл тэр ямагт басхүү

Номыг сонсон, даган баяссанаар

Үзэсгэлэнт өнгө ба олон буяны тэмдэг

Үзвээс гуа бөгөөд нүднээ илт үзэсгэлэнтэй

Хамаг тэнгэрүүд машид баясан үйлдэх

Хүмүүс харваас баясах биеийг үргэлжид олсон

Зуун голди ерэн есөн мянган галавт

Хүрдээр урвуулагч хаан болсон билээ.

Олон зуун мянган галавын турш

Орны хаан болсон юм би.


Сэтгэшгүй олон галавт Хурмаст болов

Сэтгэлчлэн Эсрэн хааныг мөн адил

Хэмжээс алин боловч хэзээ ч үл байх

Хэмжээлшгүй арван хүчийг би бясалгасан.


Алин миний судрыг сонсож даган баяссан

Ариун буяны цогц нь тэр мэт хэмжээлшгүй олон

Тэр мэт хүссэнээр би бээр бодь-ийг олсон

Ялгуусан номын лагшин дээдийг ч би олсон.


Жич: Энэ бүлэгт Эртний энэтхэгийн номт хаан Сусамбава "Алин энэ судрыг сонсож, даган баяссан бүхэн ариун буяны цогц нь. Тэр мэт. Хэмжээ үгүй их олон болно. Бурхан болоод бурханы дээд номлол агуу гайхамшигт Алтангэрэлт энэ судрыг болгоосоны үрд, тэрбээр дөрвөн тивийг эрхшээсэн номт их хаан болсон тухай айлдсан байдаг.