Жимс хийгээд үр тарианы

Шүүс тос нь барагдах тул

Бие хийгээд махбод эрхтэн

Шимтэн цэнгэх нь үл болно.


Хүн адгуус нь өнгө муу

Хүч бага машид туранхай

Хоол унд хэчнээн идсэн ч

Ханан цэнгэх байхгүй болно.


Хүч чадал зүтгэл нь ч

Түүний хойно үгүй болно.

Хичээл доройтсон залхуу амьтад

Тэдгээр нутагт гарах болно.


Элдэв өвчнөөр нэрвэгдсэн

Эмгэг амьтад олшрох болно.

Элдэв мангасаас хувилсан

Эрхэс од гаргууд гарах болно.


Ёс бусын зүгт машид оршоод

Хаан бээр номыг эс дагаснаар

Ертөнц бүгдийн хүрээн дотор

Гурван ертөнц нэн эвдэрнэ.


Алин цагт хаан зүгт оршоод

Аймшигт хэргүүдийг хөсөр орхивоос

Энэ мэтийн олон гэм зэмүүд

Өөрийн улсад нь гарах болно.


Эрхэт тэнгэрүүд хэрэг алинаар тул

Эзэн хааныг адисласан хэдий ч

Хаан өөрөө үл үйлдэж

Хамаг хэргийг хөсөр орхивоос


Сайн үйлийг үйлдсэн амьтан тэд

Тэнгэрийн оронд тэнгэрт төрнө.

Саар мууг үйлдсэнээр бирд болон

Там хийгээд адгууст төрнө.


Алин цагт хаан бээр улс орондоо

Аливаа хилэнцийг хөсөр орхивоос

Гучин гурван тэнгэрийн орноос

Гэмт үйлээр унах болно.


Хаан өөрөө үл үйлдвээс

Хүү нь ч бас эс үйлдэнэ.

Тэнгэрийн хаан эцэг нарын

Оронд гэм лугаа сэлт болно.


Тэсэшгүй башир хуурмагаар

Алин цагт улс нь эвдрэх болно.

Тиймээс тэнгэрийн эрхэт нар бээр

Хүний хаан түүнийг адислах болно.


Саар үйлүүдийг амирлуулахын тул

Сайн үйлэнд оруулах болон

Улсын номын хэргийн төлөө

Энэ насанд нь амьтан бүгдэд

Үр дагаврыг амсуулж үйлдэгч

Эрхэт тэр нь хаан мөн.


Тустай болон гэмт үйлийн

Тийн боловсрох үр дагаврыг

Тус тусад нь үзүүлэхийн тулд

Тушаагч түүнийг хаан гэнэ.


Өөрийн тус болон бусдын тус

Улсын ном хэргийн тухайд

Тэнгэрийн чуулган бээр түүнийг адислав

Тэнгэр нар ч даган баясав.


Хамаг улсын албат иргэн

Хилэнцтэн баширтаныг номхотгох хийгээд

Улсын номын хэргийн тухайд

Амь болон хаан төрөө ч өгөх болой.


Мунхаг үйлсийг тэсэн өөгшүүлж

Мэдэмсэрийг хясалд орхих болвоос

Улс оронд барагдашгүй их аймшиг

Угтаа түүнээс өөр байхгүй болой.


Башир хуурмаг ямар мэт гарахад

Баширлан үйлдэгчийг цаазаар эс шийтгэвээс

Орон улсад машид барагдашгүй

Өөдгүй башрууд хойш гарах болно.

Их бүрдийг эвдэх зааны сүрэг мэт

Орон түүнийг нэн эвдэнэ.


Тэнгэрийн эрхэтүүд ч нэн хямрах болно

Тэнгэрийн орон нь нэн эвдэрнэ.

Харьяа улсад юм бүхэн

Харгис мунхагт урвах тул


Гэмт хилэнцийг үйлдэгч нарыг

Гэмийнх нь хэмжээгээр шийтгэн үйлд

Номоор орон улсаа тэтгэж үйлд

Ном бусыг тэтгэж бүү үйлд.


Хайртай амиа ч бүү хайхар

Харин гэмийг бүү өмгөөл

Ураг садан болон бусад төрөлхтөн

Улс орны бүх төрөлхтөнд

Эзэн хаан бээр ижил тэгш ханд

Эс бөгөөс зүгт унах болно.


Агуу номт хаан түүний

Алдар нь гурван ертөнцөд дуурсаж

Гучин гурван тэнгэрийн оронд

Тэнгэрийн хаан баясах болоод


“Эдүгээ Замбуу тивд бидний хүү

Энэ мэт ном төгс хаан мөн

Номын төр улсыг тэнд тогтоож

Нэн гарахуйд төрөлхтнийг байгуулна.


Хаан эзэн нь сайныг үйлдсэнээр

Хамаг төрөлхтөн нь энд баясаад

Тэнгэр болон тэнгэрийн хөвгүүдээр

Тэнгэрийн орон дүүрнэ” хэмээмүй.


Номын ёст төр түүнийг үзүүлснээр

Эзэн хаадууд нь нэн баясана.

Хурмаст тэнгэр машид баясаад

Хүмүүний хаан түүнийг сахина.


Орчлонгийн нар, сар мөн түүнчлэн

Од гараг сайтар зорчих болно.

Хий ч цагтаа босох хийгээд

Хур бороо ч цагтаа буух болно.


Дээд тэнгэрийн орон болон мөн

Дэлхийн орнуудад ч жил сайхан гарч

Тэнгэр болон тэнгэрийн хөвгүүдээр

Тэнгэрийн орнууд дүүрэх болно.


Энэ мэт учир эзэн хаан бээр

Өөрийн хайртай амиа золихноо ч

Алин бээр ертөнцийг амгалантай болгох

Авралт ном бурханыг үл орхих бөгөөд


Эрдэм олноор өөрийгөө чимэглэсэн

Номт дээдсийг шүтэж үйлд.

Өөрийн албатаа үргэлж баясгаж

Нүгэл хилэнцийг нэн тэвч.


Номын ёсоор улс орноо тэтгэж үйлд

Номыг ч үнэн зөвөөр номлож үйлд.

Сайн үйлт амьтдыг оруулагтун

Саар үйлээс тэднийг буцаагтун.


Ямарваа хилэнц үйлдэгч нарыг

Ёсчлон номхруулж үйлдэхийн цагт

Орон улсад жил сайхан дэлгэрч

Эзэн хаан сүр жавхлантай болно.

Хааны алдар ч бадрах хийгээд

Хамаг ардуудыг ч амгалангаар тэтгэнэ.


Жич: "Хааны шастир тэнгэрийн эрхэтийн тангараг" хэмээх энэ бүлэгт. Энэ мэт номлосон байдаг.

Амьтан бүгдэд туслах агуу шастирыг би номлосугай ... Эргэлзээ бүгдийг таслагч ... Эзэд хаад ноёд нарт би номлосугай хэмээгээд.

Сайн үйлд амьтан бүгдийг оруулагтүн...

...Хамаг ардыг амгалангаар тэтгэгтүн... Эрдэм номоор өөрийг цэнэглэгтүн... Номт хүнийг шүтэж үйлд ... Албат иргэдээ баясга... Эе эвийг эрхэм болго... Хаад ноёд ийн үйлд... Хамаг бурхад баясна ... Орон улсад сайн сайхан дэлгэрнэ... Хамаг олон ардууд амгаланг олно...

...Нүгэл хилэнцийг тэвчиж үйлд ... Хэрүүл тэмцэл, башир хуурмагаас зайлс хийгтүн... Энэ мэт. Саар муу төрөлхтөнг машид бүү хүндлэ... Сайн дээдсийг гүтгэж бүү муулагтүн... Хэрвээ хаад ноёд үүнийг эс хайхраваас... Хаад ноёд тэдний нөхөд түшмэдүүдэд ад чөтгөр шургалах болно... Эдгэрэшгүй өвчин зовлон үүрд ихээр үзэгдэх болно...

...Саар муу үйлс, хүсэл, шуналаас буцагтүн... Хилэнц үйлдэгч хүмүүнийг ёсчилон номхруулагтүн... Ном үгүй худал хуурмагуудыг өргөн хүндлэж, номтой мэргэдийг өшлөн бүү хяс... Хэрвээ хаад ноёд энэ бүгдийг эс хайхрах аваас... Тэнгэр бурхад машид ихээр хямарч... Тэр улс орон ард иргэд нь аюулд нэрвэгдэнэ... Тэр хаад ноёд гасланг амсана. Зовлонд унана... гэх мэтээр өгүүлсэн байдаг.