Дори идэр дүүдээ
Жозэф Конрадын Лорд Жим, Хэнри Жэймсийн Элчин сайдууд, Жэймс Жойсын Үлиссэс, Франц Кафкагийн Шүүх ажиллагаа, Алдоус Хакслэйн Гайхамшигт шинэ ертөнц, Жоорж Орвэллийн Эзнээ сольсон нь, 1984, Томас Маннын Доктор Фауст, Владимир Набоковын Лолита, Юкио Мишимагийн Алтан асрын сүм, Габриэль Гарсиа Маркүзийн Зуун жилийн ганцаардал.
Ер нь энэ зууны уран зохиолын хамгийн ноён оргилуудыг нэрлэвэл
Жозэф Конрадын Лорд Жим, Хэнри Жэймсийн Элчин сайдууд, Жэймс Жойсын Үлиссэс, Франц Кафкагийн Шүүх ажиллагаа, Алдоус Хакслэйн Гайхамшигт шинэ ертөнц, Жоорж Орвэллийн Эзнээ сольсон нь, 1984, Томас Маннын Доктор Фауст, Владимир Набоковын Лолита, Юкио Мишимагийн Алтан асрын сүм, Габриэль Гарсиа Маркүзийн Зуун жилийн ганцаардал.
Дэлхийн дайн, Эйнштэйний харьцангуй онол, фройдизм нь хориод оны нийгмийн сэтгэлгээнд гүн ”үрчлээ” суулгажээ. Чухам энэ үед James Joyce-гийн Ulysses, (1922 онд), Franz Kafka-гийн Шүүх (Der Prozess) (1925 онд) гэсэн хоёр сонгодог бүтээл гарч сэтгэлгээнд чанарын өөрчлөлт оруулсан гэж шүүмжлэгчид үздэг. Аль алин нь анх гарахдаа шоовдорлогдсон, Кафка бол зохиолоо шатаахыг найзаасаа гуйгаад үхсэн. Прүсийн зохиолыг 1950-иад он хүртэл төдийлөн тоодоггүй байв. ХХ зууны уран зохиол юугаараа ялгаатай юм бэ? Эд хувь хүний нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг тээсэн өмнөх бүх үеийн уран зохиолын баатрыг цаазаар аваачин алсан юм. Бие хүний моралийн болон оюуны амжилтыг илтгэдэг баатар ХХ зуун гаруут л үхжээ. Үлиссис, Мартагдсан цагийн эрэлд нь анти- баатрыг төрүүлээд зогсохгүй уран зохиолын гол төвд байсан баатарлаг бие хүнийг тонилгож, моралийн хаалт хязгаарыг үл ойшоож эхэлсэн юм. Уран зохиолын мөн чанарт өөрчлөлт орлоо. Эйнштэйн, Фройд нар шиг л тэд ХХ зууны шинэ сэтгэлгээг бий болгожээ.
Цааш нь сонирхвол James Joyce-гийн A Portrait of the Artist as a Young Маn, Finnegans Wake, Franz Kafka-гийн The Castle-ийг уншиж болно. Сэтгэлгээний хүрээнд лут нөлөөлсөн өөр хоёр хүн бий нь Хакслэй, Орвэл нар. Хакслэй 1932 онд бичсэн Brave New World зохиолоороо үйлдвэрлэлийн аргаар ”чанартай” хүн хийж, тийм шилдэг хүмүүсээс тогтож буй ”жаргалтай” нийгмийн тухай өгүүлдэг. Чухам тэнд л анх удаа генийн инженер зүйн тухай төсөөлжээ. Тэгвэл Орвэлийн Nineteen Eighty-four, Animal Farm гэсэн зохиолуудад дарангуйллын нийгмийн мөн чанарыг харуулжээ. Ерэн он хүртэл Зөвлөлтийн гааль дээр ганц асууж шалгадаг байсан зохиол доо! Дэлхийн бүх оронд дунд сургуульд заавал үздэг энэ хоёр зохиолыг монголоор орчуулсан, харин сүүлчийнхийг нь Эзнээ сольсон нь, Амьтны ферм зэрэг нэрээр биенээсээ үл хамаарсан гурван өөр орчуулга гарсан. Монголын ардчилсан төр их төстэй харагдсанаас болоод л дахин дахин орчуулаад байсан юм болов уу, уг нь Цэдэнбалын төр илүү адилхан байсан юм шүү дээ.
”Бүх амьтан тэгш эрхтэй, гэвч зарим амьтан бүр илүү тэгш эрхтэй”, ”нөхөр Наполеоных дандаа зөв”, ”их Ах” гэсэн хэлц үгс эндээс гаралтай.
Англо-Саксоны ХХ зууны уран зохиолтой танилцъя. Хоёр дайн, эдийн засгийн хямрал дундуур хамаг залуу насаа өнгөрөөсөн хорь, гучаад оны залуусыг Хэминвэй ”алдагдсан үеийнхэн” гэж нэрлэсэн ба энэ үеийнхнээс гайхамшигт зохиолууд гарсан. Ernest Hemingway-н The Sun Also Rises, A Farewell to Arms, For Whom the Bell Tolls (бүгд монголоор бий), Dos Passos-ын The 42nd Parallel, 1919, The Big Money гэсэн U.S.A трилоги бас цаана нь Manhattan Transfer гэсэн алдартай роман бий. John Steinbeck-ийн Mice and Men, The Grapes of Wrath, F.Scott Fitzgerald, William Faulkner-ийн Absalom, Absalom!, The Sound and the Fury гэх мэт. Эд бараг бүгдээрээ Нобельтай. Энэ зохиолуудаар хийсэн кино ховор, тэгээд ч амтгүй. Овоо нь The Great Gatsby гэдэг кино бий. Гэхдээ киног нь үзчихээд дараа нь номыг нь уншиж болохоор олон зохиолчид бас бий. Грэм Гриний туужууд тун өвөрмөгц. Our Man in Havana (Кубад коммунист дэглэм тогтохын өмнөх байдлын тухай, кино нь бий), The Comedians (Гаитийн дарангуйллын үеийн тухай боловч нийтлэг шинжтэй, тэр дундаа зарим нь манай өмнөх, зарим нь манай одоогийн амьдралтай яг таарна, бас кино нь бий.), The Honorary Consul, The Human Factor (Хамгийн чанга нь энэ байх), Monsignor Quixote, The Tenth Man, The Heart of the Matter гэх мэт. Гриний Хэнэггүй америк нь монголоор бий. V.D.Nabokov-ын Lolita зохиолыг киног нь эхэлж үзэж болох авч зохиолыг нь дараа нь заавал уншилгүй горьгүй. E.L.Doctorow-ын Ragtime, Robert Graves-ын I, Claudius гэсэн хоёр номын киног нь үзэж болох авч, кино нь кино урлагийнхаа хувьд дэндүү мундаг учраас тусдаа асуудал, дараа өгүүлнэ. Эрэлхэг цэрэг Швейкийн америк хувилбар болсон Joseph Heller-ийн Catch 22, энэ зууны эхний сонгодог бүтээл Joseph Conrad-ын Lord Jim, Nostromo-ын, The Secret Agent, Нenry James-ын The Ambassadors-ийг унших номынхоо бүртгэлд ав. Philip Roth-ын Portnoy`s Complaint сексуал цангаанд орсон авч эхийнхээ дарангуйлалд амьдардаг жүүд хүүхдийн шаналгааг бичсэнээрээ уран зохиолын шинэ хандлага гаргасан гэдэг. Америкчууд орчин үеийн хоёр негр зохиолчоороо их бахархдаг юм. Ralph Ellison-ын Invisible Man, Toni Morrison-ы Beloved хоёрыг уншсан ч болно, уншаагүйдээ ч яахав. Харин Нобелийн шагналт энэ авгайгийн хамгийн алдартай зохиолоор нь бүтээсэн Beloved киног нь үзээрэй, Oprah Winfrey гол дүрд нь тоглодог юм. Салман Рушди бол зүгээр л Хомейнигаас цаазын ял авсан учраас л алдаршан нэгэн биш, ерөөс өмнө нь хүлээн зөвшөөрөгдсөн том зохиолч байсан юм. Salman Rushdie-гийн Midnight’s Children, The Satanic Verses гэдэг зохиолууд бий.
Хэнрих Бөөл бол шинэ үеийн Европын нэг авангард! Түүний The Lost Honour of Katharina Blum зохиолд ”чөлөөт хэвлэл”-ийг шүүмжилжээ. Кино нь ч зүгээр. Henrich Boll-ийн What’s to Become of the Boy?, Something to do with Books сайн зохиол, түүнээс гадна ер нь Бөөлийн богино өгүүллэгүүд нь их хөөрхөн. Энэ зууны Германы уран зохиолын нэг сүлд нь бол Erich Maria Remarque, түүний All Quiet on the Western Front, (энэ ном дээр үед монголоор Өрнө фронтод сонин юу байна? нэртэй орчуулагдсан) Uwe Johnson гээд орчин үеийн аваргууд нь байна. Gunter Grass-ын The Tin Drum, Dog Years-ийг унших ёстой. Францын орчин үеийн уран зохиолоос Andrе Gide. Andrе Malraux нартай танилцаж ялангуяа Прүсийг заавал унш. Marcel Proust-ийн Remembrance of Things Past. Данийн Мартин Нексе-гийн Хүний бяцхан үр Дитте, Финляндын Мартти Ларни-гийн Асуух нурууны эмч буюу аргагүйн эрхэнд луйварчин гэсэн скандинавын уран зохиолыг уншаарай. Американизм маш хүчтэй түрж буй өнөө үед түүнийг дагах нь аргагүй боловч бас шүүмжлэлтэй харж сурахад чинь Ларнигийн зохиол тус болно шүү! Зүүн Европын орчин үеийн уран зохиолоос чехийн Хашек, Чапек, польшийн Синкевич, Рэймонт, сэрбийн Андрич нартай танилц. Ялангуяа Ярослав Хашек Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал, Karel Capek-ийн The Life of the Insects, Henryk Sienkiewicz-ийн Qua Vadis? зохиолууд бол дэлхийн сонгодог бүтээл. Далимд хэлэхэд Чапекийн R.U.R гэдэг зохиолд анх ”робот” гэдэг үг гарчээ. Иво Андричийн Дрина голын гүүр монголоор орчуулагдсан. Сэрбийн Модраг Булатович гэж зохиолчийг би дотроо их шүтдэг юм, гэхдээ хүнд тулгах гээгүй. Түүний Илжиг унасан баатар нь англи дээр байдаг эсэхийг мэдэхгүй юм.
ХХ зууны Оросын уран зохиол гэхээр Зөвлөлтийнх л болж таарлаа. Максим Горький, Михаил Булгаков, Илья Эренбург, Борис Пастернак, Иван Бунин, Михаил Шолохов, Александр Солженицын гэсэн сод төлөөлөгчид бий. Максим Горькийн Эх, Артамоновынхны амьдрал, Николай Островскийн Болд хэрхэн хатаагдсан нь, Александр Фадеев Залуу гварди, Александр Чаковский Ялалт зэргийг уншиж социалист реализм гэгч юу болохыг ойлгохын зэрэгцээ урьд үе чинь болох бид ямар уран зохиолоор хүмүүжиж байсныг мэдэж авахад илүүдэхгүй. Гэхдээ манайд орчуулагдсан Зөвлөлтийн соцреалист зохиол болгоныг уншаад явбал нас чинь хүрэхгүйгээс гадна чамд гоо сайхан, шинэ мэдлэг юу ч өгөхгүй шүү. Тэрнээс гадна ”хордлого” авч магадгүй! Иван Буниний өгүүллэг, Илья Эренбургийн Парисын уналт, Михаил Булгаковын Собачье сердце, Мастер, Маргарита хоёр, Борис Пастернакын Доктор Живаго, Михаил Шолоховын Дөлгөөн Дон, Александр Солженицыны Один день из жизни Ивана Денисовича, Архипелаг Гулаг зэрэг бол заавал унших ёстой сонгодог бүтээлүүд. Илья Ильф, Евгений Петров нарын 12 сандал, Алтан тугал гэсэн хоёр луг бүтээл бий. Киног нь ч бас давхар үзээрэй. ”Слесерь-интеллигент среднего образования”, ”Великий комбинатор”, ”Гигант мысли-отец русской демократии” гэх мэтийн хэлц үг эндээс гаралтай. Анатолий Рыбаковын Арбатын хүүхдүүд, Айдас гэсэн болон Варлам Шаламовын зохиолуудыг уншвал сталинизмыг ойлгоход их нэмэр болно. Василий Шукшиний богино өгүүллэгүүд их хөөрхөн, танилцахад гэмгүй. Амьдрал нь манайтай нилээд төстэй гэдэг утгаар Чингиз Айтматовын зарим зохиолыг уншиж болно. Анхны багш, Зуунаас урт өдөр хоёр нь л овоо байх. Анатолий Кузнецовын Бабий Яр, Андрей Синявскийн Добрая ночь гэсэн зохиол их шуугиан тарьсан юмдаг.
Япончууд бол виски, магнитофон, менежментийг баруунаас сайжруулан хуулдаг төдийгүй урлагийг мөн хуулан өөрийнхөө өвөрмөгц өнгийг дээр нь нэмээд ”галзуу” авангард хийж чаддаг улс. Куросавагийн Рашамон бол кино урлагийн сод бүтээл учир тусдаа асуудал, харин үүний эх зохиол Аkutagawa Ryunksuke-гийн Rashamon, Yabu no naka гэсэн хоёр богино өгүүллэгийг унших хэрэгтэй. Kobo Abe-гийн The Woman in the Dunes, Yasunari Kawabata-гийн Snow Country, Kenzaburo Oe-гийн Nip the Buds, Shoot the Kids болон Оэгийн ялангуяа атомын хөнөөлийн тухай эсээнүүдийг олж уншаарай. Оэгийн Хожимдсон залуус монголоор орчуулагдсан. Шипуяа Роёотара одоогийн Японд их алдартай тул уншвал зүгээр, бас л хоёр гурван ном нь манайд гарсан байх. Гэхдээ л Японы орчин үеийн уран зохиолын тасархай орой нь Юкио Мишима! Мишима бол энэ зууны нэг том гайхамшиг. Харин Нобелийн шагнал авахынхаа өмнөхөн харакири хийж үхсэн, жинхэнэ нэрийг нь Хираока Кимитакэ гэдэг энэ ”галзуу” суутад хэт автвал боловсролтой болох гэсэн биш амь насгүй ч болж болно шүү! Thirst for Love, Forbidden Colours, The Sound of Waves, After the Banquet, The Sea of Fertility, Spring Snow, Runaway Horses, The Temple of Dawn, The Decay of the Angel, зарим жүжгүүд нь Madame de Sade, Five Modern Noh Plays, болон богино өгүүллэгүүд нь байна. Түүний Death in Midsummer, and Other Stories гэсэн өгүүллэгийн түүврээс нь Patriotism гэсэн өгүүллэгийг нь уншиж Мишима өөрөө ямар үзэлтэй хүн болохыг ойлгож болно. Оэ, Мишима, Абэ нарын зохиолуудыг сүүлийн үед их орчуулж байгаа. Яг одоо дэлхийд маш их нэрд гарч буй хүн бол Харуки Мураками Тэрээр урьдын сонгодог зохиолуудыг орчин үежүүлэн өнөөгийн бидэнд илүү ойлгомжтой сонирхолтой болгон өгүүлэх болсон. Японы уран зохиол сүүлийн үед монголоор их орчуулагдсан. Өдгөө дэлхийн уран зохиолд маш их нэрд гараад буй зохиолч Муракамагийн хамгийн алдартай бүтээл Норвегийн ой монголоор гарсан.
Ибро-Америкийн уран зохиол гэж нэг урсгал ялангуяа жараад оны үеэс тун хүчтэй түрсэн. Энэ бол Латин Америкийн испани, португал хэл дээр бичигдсэн зохиолууд л даа. Би өөрөө залуудаа моодорхож эндээс учиргүй ихийг уншсан, эргээд бодож байхад хэтэрхий илүү ”ажил” хийсэн юм шиг. Кортазер, Амадо, Глен, Пабло Неруда, Хорхэ Борхэс, Мистраль гээд уншаад л байвал сонин л доо, гэхдээ Габриэль Гарсиа Маркэз бол тэндээ ч, дэлхийд ч од! Түүний Зуун жилийн ганцаардал-ын монгол орчуулга ёстой луг! Үүнийг би урьд нь гурван хэлээр уншсан мөртөө монгол орчуулга дээр л амтыг нь авсан.
Сүүлийн үед Нигерийн Соеинка, Египетийн Мафуз хоёрыг их ярих болжээ. Уран зохиол интернациональчлагдаж байгааг үзүүлэх гэж тэгэж байгаа юм уу, үнэхээр лаг юм уу, бүү мэд. Би л лав уншиж амжаагүй. Гэхдээ залуус танилцчихад зүгээр байх аа!
”Bestseller” гэдэг утга зохиолын шинэ төрөл шахуу юм бий болчихож. Хэдийгээр буурьтай, цагийг эзлэхүйц бүтээл биш боловч шуугиан тарьж буй зүйлстэй танилцах нь буруу биш. Тухайлбал Агата Кристи бол детектив бичлэгийн сонгодог төлөөлөгч шүү дээ. Достоевскийгаас бусдыг нь тоодоггүй оюуны луг цуглуулга болох гэж детектив, фантастик, адал явдал, триллэр, вэстэрн, аймшгийн сэдвийг үл анзаарагчийн дүр эсгэх аваас ухаантай гэхээсээ шог болж харагдана шүү! Жюль Вэрнийн фантастик энэ зуунд жинхэнэ хөгжлөө олсон. Хэрбэрт Вэльсийн Үл үзэгдэгч хүн, Цагийн машин, Айзик Азимовын роботын тухай олон өгүүллэг тууж, Kurt Vonnegut, Jr., Ray Bradbury, Italo Calvino, J.G. Ballard болон L.P. Hartley-гийн Facial Justice, Evelyn Waugh-ийн Love Among the Ruins гэсэн хүлээн зөвшөөрөгдсөн олон томчууд бий. Конан Дойлийн Шерлок Холмсын тухай өгүүллэгүүд, Жоорж Сименеоны мөрдөгч Мэгрэгийн тухай өгүүллэг, туужууд, Agatha Christie-гийн зарим ном, тухайлбал Murder on the Orient Express зэрэг бол танилцах л ёстой зүйлс. Ялангуяа Kurt Vonnegut бол хоррор, пессимизм, фантазиараа сонгодог зэрэгт хүрчихсэн хүн. Kurt Vonnegut-ийн Slaughterhause Five бол сонгодог зохиол. Робэрт Лүдлүм, Стэфэн Кинг гэх мэтийн аймшгийн, эсвэл Марио Пуззо маягийн адал явдлын алдаршсан зохиолчдын бүтээлийг ч үзээд ав. Английн эмэгтэй зохиолч Ровлинг Харри Потэрийн тухай 7 цуврал ном бичсэнээр дэлхийн хүүхдүүдийг дахин ном уншуулдаг болголоо гэж байна. Монгол орчуулга нь 42 дахь гадаад хэл дээрх орчуулга гэсэн. Энэ хүүхэн ном бичиж тэрбумтан болсон анхны зохиолч. Түүний араас Дэн Брауны Да Винчийн код гэх мэтийн гурвал, Ларсоны Луун шивээстэй хүүхэн гэх мэтийн гурвал бичиж дэлхий даяар бэстсэллэр үйлдвэрлэжээ. Гэхдээ хөнгөн чанарын ийм бүтээлүүдэд хэт их цаг өгч, араас нь хөөцөлдөх нь дэмий дээ, нэг л мэдэхэд Чейзийн 65 боть уншсаныгаа учиргүй их боловсролд тооцчихсон гэдийгээд явдаг гэрийн ажилгүй авгайгаас нэг их ялгагдахгүй болно. Ер нь энэ төрлийн зохиолуудын киног нь эхэлж үзчихээд, таалагдаад болж өгөхгүй бол номыг нь олж уншвал арга нь ч арай ухаалаг болно.
Эцэст нь орчин үеийн Монголын уран зохиолын тухай хэдэн үг хэлье. Орчин үеийн утга зохиол ч, утга зохиолын хэл ч манайд ердөө тавь, жараад оны үед бий болсон юм. Ч.Лодойдамбын Тунгалаг Тамир, С.Дашдооровын Говийн өндөр, Д.Намдагийн Цаг төрийн үймээн гэсэн гайгүй бүтээлүүд бий, үүнийг ХVIII-ХIХ зууны романтизм, реализмтай харьцуулж уншина уу, Островскийн социалист реализмтай холбож ойлгоно уу, ер нь л манай монголын амьдрал гэж харна уу, өөрөө л мэд. Цаг үетэйгээ хамт хэрэггүй болчихсон аймаар зузаан монгол романууд олон бий учраас хамаагүй шүүрч аваад ”хордчихов” оо! Өнгөрсөн түүхээ ойлгоход Б.Ренчингийн роман, туужууд, Ц.Доржготовын богино өгүүллүүд, Үр ач танаа гэсэн роман, С.Эрдэнийн Хойт насандаа уулзъя гэсэн ном тус болно. С.Эрдэнийн жар, далаад оны өгүүллэгүүдийг харин анхааралтай уншаарай, тэндээс бол урлаг, гоо сайхан үнэртэнэ. Д.Намдаг, С.Эрдэнэ хоёр бол давтагдашгүй, эсвэл давтагдаагүй гэсэн утгаараа Монголын уран зохиолын оргил гэж боддог. Ориг байж л шилээвэр шүү дээ. Ер нь бүх утга зохиол ердөө 38 сюжэтэнд багтдаг юм гэнэлээ. 39 дахь шинэ сюжэт бодоод олчихвол дэлхийн сонгодог болчихно шүү дээ. Шинэ үеийнхнээс Г.Аюурзана их дажгүй шүү. Бусдынх нь тухайд гэвэл өөрөө л мэдэж дээ, буянаараа бол!
НЭПКО хэвлэлийн газар
USE YOUR HEAD - FREE TO CHOOSE
Man equally wise and foolish...
X1
Зочин
Зочин
Зочин
Зочин
mm
damba
damba
USE YOUR HEAD - FREE TO CHOOSE
Зочин
Зочин
а
Зочин
Зочин
damba
модоо хайрлая
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
одоо болио
Зочин
Зочин