2021.01.04.

Тэртээ 1973, 1974 оны үед намайг 7-р ангийн сурагч байхад монгол хэлний Нямжав багш маань хичээлээ эхлэхээс өмнө "Хүүхдүүд ээ, наашаа хараарай!" хэмээн анхааруулж байгаад одоогийнхоор бол нэгэн чухал мэдэгдэл хийж билээ.

-Өнөөдрөөс хойш билчээр гэж биш бэлчээр гэж бичдэг болсон шүү. Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд судлаад уулын бэл гэдэг язгуураас гаралтай учраас тэгж шийдсэн байна.

Бараг нэг, хоёрдугаар ангиасаа эхлэн цээж бичгээр шалгуулж алдаж оносоор байгаад эр, эм үг, жаран нэгийн и, балархай эгшиг, эгшигт заримдаг гийгүүлэгч, гүн угийн г гэх мэтээр ягштал сурсан зөв бичих дүрмийг анх удаа өөрчилсөн нь миний хувьд бяцхан шок байсан учраас мартагдаагүй хэрэг. Наяад оны төгсгөлөөр "Үнэн" сонин улс төр, нийгмийн амьдралыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулсан төдийгүй Ерөнхий эрхлэгчийн нэрээр цөөнгүй үгийн бичлэгийг цэгцэлснийг мэднэ. Туршаад ч байх шиг санагддагсан. Зарим үгийг өөрчилж зохиосон гэхэд болно. Жишээлбэл, эсээ. "Үнэн" сонин яаж бичнэ, түүнийг дагана гэсэн албан бус дүрэм үйлчилж байлаа. 1990 он гарснаар олон нэрийг тусгаар тогтнуулж ардчиллажээ. Сэүл-ийг Сөүл болгосон гэх мэт. Шинэ мянганы эхээр нэг нөхөрт рекламын гэж бичнэ гэж хэлээд хэлээд бараагүй, ингээд "Рекламны ертөнц" нэртэй сэтгүүл мэндэлсэн түүхтэй (Өнөөдөр ЭМЯ-ны мэдээллийн дор короновирусны гэж бичсэн байх юм). Долоо хоногийн гаригийг нохойны юугаар гутааж байгаад гараг болгосонд би дургүй. Даанч хэн хүнгүй тэгж бичдэг болсон, гэхдээ би өөртөө гаригаар бичиж тэрүүхэндээ эсэргүүцдэг.

Өнөөдөр би урьдахаасаа алдаатай бичдэг болсон гэдгээ мэддэг ч яг ямар үгийг яаж алдаад буйгаа мэдэхээ больсон гэдгээ зөвхөн мэднэ. Би байтугай манай, биднээс өмнөх бүхэл бүтэн үе монгол хэлний дүрмээ мэдэхгүй буруу зөрүү бичээд тууж явсан болж таарлаа.

Дээрээс нь 2025 онооос хос бичигтэн болох хөдөлгөөн. Би 1988 онд "Үнэн" сонины дэргэдэх эвлэлийн үүрийн гишүүдэд зориулсан Чой.Лувсанжав гуайн хичээлийн эхнийхэд суугаад цааш чадаагүй. Ингээд одоо удаанаар үсэглэж шахам уншдагаа хэлэхэд ичгэвтэр байна. Хэрвээ бид улсаараа монгол бичигт шилжих ёстой байсан бол 1990 оны эхэн түүхэн боломж байсан биз. Кирилл бичгийг социализмтэй нь хамт ардаа үлдээгээд. Тэр үеийн дунд сургуулийн сурагчдаас эхлээд атаархмаар жигд сурцгаасан билээ. Бүгд төлөө байсан, хэн ч эсэргүүцээгүй атал бүтээгүй. Одоо дан бус хоёр бичигтэн болох нь илүү зөв байх, кирилл бичигт суурилсан дал, наян жилийн соёл, төрийн албан хэрэг, сонин хэвлэл, ном зохиол, хувийн бичиг цаасыг хаяхгүй гэж байгаа бол хэзээ нь алинийг, эсвэл яаж зэрэг хэрэглэх юм бол? Гэхдээ энэ бол тусдаа сэдэв.

Энэ бүгдийг нуршсаны учир гэвэл монгол хэлэнд дэгдсэн зөв бичих дүрмийн будлианд хошуу (ингэж бичих зөв үү?) нэмэх том зорилт тавиагүй, зүгээр л өнөөдөр дэлгэрээд байгаа нэгэн буруу хэллэгийг засахыг хүссэн юм. Ноднин хавар, нэг хэсэг тэмдэглэж авдаг байлаа.

МҮОНРТ-ийн "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: “Хэрвээ машин техникээр хангагдсан тохиолдолд ...”

Мөн “Цагийн хүрд”: "Хэрвээ загас агнасан тохиолдолд …"

"Ийгл" телевизийн "Ийгл ньюс" мэдээллийн хөтөлбөр: Нийслэлийн Цагдаагийн газрын Баатархүү: "Хэрвээ энэ хэргийн талаар сэжиг таамаг байгаа тохиолдолд…"

"Монгол" телевизийн "Шарк танк" нэвтрүүлгээр “Ногоодой” брэндийг хэлэлцэх үеэр: "Би хэрвээ орсон тохиолдолд …"

Чойжин ламын сүмийн галын аюултай байдлын тухай сурвалжлага: “Хэрвээ өндрийн сүм дээр гал унасан тохиолдолд …"

Би сүүлдээ дөжрөөд тоохоо больсон байснаа саяхнаас дахин анзаарав. "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: "Хэрэвзээ вакцин орж ирсэн тохиолдолд ...". Бас "Хэрэв вакцин үйлчилсэн тохиолдолд ..."

Яаж ч бодсон, энэ хэллэгт хэрэв, тохиолдолд гэсэн хоёр үг зэрэгцэж орсны нэг нь илүүц. Хоёр гурван жилийн өмнөөс сэтгүүлч, хөтлөгчид тэргүүлэн ингэж ярьсаар бараг хэвшүүлчихлээ. Бид буруу ярьж зөв ойлгодгоороо гайхуулах дуртай ч "сонсох бүр яруу баялгийг гайхан баясах" эх хэлээ ядахдаа дэлгэцэн дээрээс ингэж мэрэхээ болих юмсан.

P.S: Би ч гэсэн буруу зөрүү ярьдаг, харин телевизээр гардаггүй учраас нийтэд хор хөнөөлгүй юм даа.