Улс төр банкийг даргалах гэж оролдох вий дээ
Манай УИХ Засгийн газраас эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх талаар ирэх 100 хоногт авах арга хэмжээг дэмжиж тогтоол гаргалаа. Эдийн засгийн гацаанаас гарах зорилготой чухал программ юм байх. Уг нь энд тусгагдсан ажлууд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бараг л багтсан байсан ч барьж авахгүй явсаар өнөөдрийг хүрчихлээ.
Одоо тэгээд манай нөхдүүд дэд бүтцийн бүх төслүүдээ 100 хоногт хэрэгжүүлнэ гээд хашгирч байх юм. Юутай хачирхалтай хашгираан гээч энэ вэ.
Одоо эргээд өөрсдийнхөө ухаан жолоогүй тэлсэн төсвийн урсгал зардлыг 10-30 хувиар хямдруулах замаар хэмнэе гэж Сангийн яаманд чиглэл өглөө. Ч.Улаан үүнийх нь дагуу тооцож үзээд 40 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгож чадна гэж амлаж сууна. Юутай жигтэй гэмшил гээч энэ вэ. Төсвийнхөө хийг шахаж гаргах 40 тэрбумынхаа 35 тэрбумаар цалин, тэтгэвэр, тэмгэмжээ нэмэх юм байх. Үлдсэн таван тэрбумаар нь Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө бий болгох эх үүсвэр болгох гэнэ. Зардлын дүн хэвэндээ. Яг байрандаа. Энэ бол Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголоос гарах үр дүн.
Засгийн газраас энэ оны төсөвт тодотгол хийх саналаа ийнхүү УИХ-д оруулж ирээд байна. Маш хангалтгүй тодотгол орж ирлээ гэж гишүүд бухимдаж буй нь зүйн хэрэг. Аргагүй шүү дээ, УИХ-аас өгөгдсөн чиг үүргийн дагуу хийгдсэнгүй. Угаасаа төсвийнх нь орлого маш эмзэг байгаа. 400 тэрбумаар тасарчихсан байж байна. Дээр нь ам.долларын ханшийг 1384 төгрөгөөр дахиад оруулж ирсэн нь бөөн хэл ам дагуулж байна. Дахиад л “Ханш” гэсэн сэдвээр хэрэлдэнэ. Түрүүчээсээ “Монголбанк”-ыг уурандаа зодож эхэлж ч байх шиг байна. Ер нь Засгийн газрын гол үүрэг юу юм бэ. Хоёр үгээр хэлэхэд “мөнгө босгох” шүү дээ. Гэтэл энэ ажлаа манай Засгийн газар хийж чадаж байгаа билүү. Улс төр хийхийг л үндсэн ажлаа болгож хоёр жил давхилаа шүү дээ. Эргээд хартал улс орон нь баларчихсан байдаг. Бантсан нөхдүүд одоо эдийн засгийг даргалах гэж үзэх нь. Манайхаас өөр улс төр нь эдийн засгийнхаа, банкныхаа дээр гарчихсан улс орон ер нь байна уу.
Сөрөг хүчин Ч.Улааны арай гэж шахаж гаргаж ирж байгаа 40 тэрбумыг юу ч биш гэж хэлж байна. Бүр 40 тэрбум биш 400-600 тэрбумаар төсвийн зардлыг хэмнэх бололцоо бий гэж адарч байх юм. Засагт орж ирж байгаа орлого гэж байхгүй. Экспортын хэмжээ буурсан. Дотоодын үйлдвэр, пүүс компаниуд хүндэрчихсэн. Хөрөнгө оруулалтын орчин гэж тамтаг болчихсон. Одоо хийж байгаа оролдлого нь төсвөө тонгочуулах.
Эдний хийсэн ганц зүйл олон улсын хөрөнгийн зах зээлд бонд гаргаж том зээл авч ирсэн. Хэдийгээр хийгдэж л байдаг бодлого мөн боловч бонд маань богц богц л өр шүү дээ. Одоо манай гадаад өр ганийж өгсөн. Өнгөрсөн онд “Монголбанк” Засгийн газрын босгож ирсэн бондуудын баталгаа болгож төгрөг хэвлэсэн, орон сууцны хөнгөлөлттэй зээл олгосон. Гэсэн ч энэ маань хангалттай анти программ болж чадсангүй. “Монголбанк” үүнээс өөр яаж Засгийн газарт түшиц болох юм. Өөрсдөө эдийн засгийн сахилга баттай билүү. Дүрмээр нь тоглодог билүү. Бидэнд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн тогтвортой бодлого, найдвартай санхүүгийн систем бий билүү. Бүх юмаа улс төр нь нурааж, ноцоож явдаг ийм оронд эдийн засгийн өрсөлдөх чадвар хэзээ суух юм. Бүх төлөвлөлт маань түр зуурынх, бүх амьдрал маань дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ хэлбэлзэх тоолон сөхөрч байдаг шүү дээ. Бид хамгийн гол салбараа эрүүлжүүлж чадахгүй байна. Энэ бол эдийн засгийн орчин. Эдийн засгийн орчноо тунгалагшуулахын тулд нэн тэргүүнд эдийн засгийн загвараа шинэчлэх, зөвхөн уул уурхай, хөдөө аж ахуйд түшиглэсэн загварчлалаас гаргах чухалыг эдийн засагчид анхааруулж байна. Дэлхийн хамгийн том зах зээлтэй хаяа залган оршиж байж эдийн засгаа дотоодын улс төрөөрөө талж байдаг орон манайхаас өөр байхгүй. Одоо яах вэ ? Гарч гүйгээд, гал мал тахиж байгаад өр тавиад бага сага мөнгө олж ирж болно. Гэхдээ тун удахгүй зах зээл бидэнд зээл өгөхөө болино. Бидний санхүүгийн сахилга бат, эдийн засгийн эрүүл мэндийг харж байж тэд харьцана.
Өнөөдөр манай парламентын бие даагчид гэж хийх юмгүй, хүлээх хариуцлагагүй тоглогчид банк руу үсчиж байгаа харагдана. “Ханш” сэдвээр төв банкыг гороолохоор шийдсэн бололтой. Жишээ нь, тэдний нэг бол хөрөнгө оруулагчдыг үргээх мэргэжилтэн гэж хэлж болох нөхөр.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн гол эх үүсвэр болж байсан гадаадын хөрөнгө оруулалт манай дотоод улс төрөөс болж үндсэндээ үргэсэн. Үүнтэй л холбоотой ханш унаж байна. Энэ их үргээлгийг түүчээлж явсан нөхөрт өнөөдөр бол тоглох эрх байхгүй. Олон уул уурхайн компани үйл ажиллагаагаа түр зогсоогоод байж байна. Энэ сул зогсолтыг дагаад тээврийн компаниуд зогслоо. Тэнд ажиллаж, амьдралаа авч явж байсан жолооч нар ажилгүй боллоо. Хариуцлагагүй, салан задгай, болчимгүй улс төржилтийн үр дагавар үүгээр зогсохгүй. Ийм маягаар улс төр маань өөрөө эдийн засагтаа дарамт учруулчихсан.Үүний эсрэг хориг арга хэмжээ болгож гаргасан Хөрөнгө оруулалтын хууль хэрэгжиж эхлээд явж байгаа ч гадаад зах зээл, том хөрөнгийн биржүүдээс чихэнд чимэгтэй юм дуулдахгүй л байна. Энэ нь манай хэрэгжүүлж байгаа төслүүдийн хувьцаа нэг их сайжирсан юм байхгүй гэсэн үг. Одоо дотоодын улс төрдөө л бүх ач холбогдол өгөгдсөн хэвээр. Дээл оймсны хэрүүлтэйгээ л зууралдсаар. Хууль зөрчсөн, Төрд толгой хавчуулах ёс суртахууны эрхгүй нөхдүүдийн асуудал л Монгол төрийн үндсэн сэдэв болсоор. Бид энэ хэвээр байсаар байх уу? гэх цөхөрсөн асуулт улс орноор маань нисч эхэллээ шүү.