хуа шиа үндэстний “боловсон” чоно болон хувирах хүслэн

Нэг сонин юм бий. “Чонон сүлд” номын 40 хуудас бүхий төгсгөлийн бүлгийг Монголын орчуулагчид огт орчуулаагүй юм. Харин Өвөрмонголын Нарс, Бүрэнбаяр, Гэрэлт, Баатар, Журамт нарын хөрвүүлэгчид орчуулж, монгол бичгээр хэвлэснийг олж уншаад хамгийн чухал, түлхүүр мэт тайлал бүлгийг нь манайхан яагаад орчуулаагүй юм бол гэх гайхшрал төрсөн бөлгөө. Энэ тайлалыг огт уншаагүй монголчууд уг номын талаар ташаа ойлголт авч байгаль, экологийн сэдэвтэй зохиол хэмээн өөр хоорондоо сайн муугаар хэлцэж, маргаж байв. Хэрвээ Чонон сүлдийн тайлал - “Оюунлаг эрэлхийлэл” хэмээх төгсгөлийн бүлгийг уншсан бол энэ ном Хятадын үндэсний үзлийн тод илэрхийлэл болохыг ойлгох юм.


Хэрвээ манай хятад үндэсний
зан чанарт байгаа хонь мэт номхон араншинг
өөрчлөхгүй бол бидэнд ямар ч ирээдүй алга.

Jiang Rong


Номтой танилцсан түүх

Үүнийг бичигч бээр 2005 оны өвөл Бээжингийн Ванфүжин гудман дахь номын дэлгүүрт нэгэн цагаан хавтастай номыг онцлон томоо тавиурт тавиад “1 000 000” гэсэн тоо бичсэн тайлбар дагалдуулсантай таарч билээ. Хэлмэрчилж яваа жирэмийн залуугаас - Энэ юун ном гэнэ? хэмээн асуувал тайлбарыг уншаад “Монголчуудын тухай ном. 1 сая ширхэг зарагдчихаад байгаа юм байна” гэх нь тэр. Сонирхол хөдлөөд хятад хэл, бичиг мэдэхгүй хэрнээ эргүүлж тойруулж жаал харав. Онц гойд юм үл анзаарагдах цөөн жижигхэн зургууд хавсаргасан paperback л байлаа. Тэр жилдээ уг ном ихэд алдаршин олон шагнал хамж, энд тэнд орчуулагдаж байгаа дуулдсаар эцэст 2009 онд монгол хэлнээ орчуулагч Я.Болдбаатар буулгасныг бүгд мэднэ. Харин төгсгөл бүлгийг яагаад орчуулаагүйг нь хэн ч үл мэднэ.

Jiang Rong гэх утга зохиолын нэрээр бичдэг хүний жинхэнэ нэр нь хятадаар狼图腾 Láng Túténg аж. Харин манай орчуулагчид болохоор Люй Жяминь гэдэг гэх юм. Хятад хэл гадарлах ч үгүй болохоор учрыг олох юм алга. Гол мэдэх зүйл нь энэхүү Jiang Rong гэгч Соёлын хувьсгалын оргилд үе 1967 онд Өвөрмонголын Зүүн Үзэмчин хошууны Олонбулаг хэмээх газар туслах малчин 11 жил хийж, монголчуудын дунд амьдарсан ажээ. Jiang Rong гэх нэр авсан тухайгаа Хүннүтэй зэрэгцэн оршиж асан хуа шиа үндэстний 2 овог аймгийн нэр учраас гэж тайлбарладаг гэнэ.


Бидний анхаарах зүйлс

Орчуулагчдын маань санаатай, санаагүй нь мэдэгдэхгүйгээр гээсэн бүлэгт Jiang Rong өөрийн номыг угтаа дундадын хүмүүсийн ухаарал, зан чанарын өөрчлөлтийн төлөө бичсэн гэдгээ тунхагласан юм. Зохиогчийн өөрийн үгээр бол … үндэстний чанарын хувьд хуа шиа, хониноос “боловсон чоно” болон хувирахад урт удаан хугацаа шаардагдах болно… гэжээ.

Jiang Rong монголчуудыг 30 гаруй жил судалсаны эцэст: Дундад улсын хоцрогдонгуй өвчний үндсийг олж, Дундад улсын гарах замыг эрэлхийлэх зорилгоор энэ номоо бичсэн гэжээ. “Дундад улсын 5000 жилийн архаг хууч өвчний үндсийг олоод, оновчтойгоор эдгээн засах эм барьж чадах юм бол хуа шиа үндэстнийхээ хувь заяаг эзэмшиж чадна шүү” гэж санаагаа илэрхийлсэн байх юм.

Төгсгөлийн бүлэгт хуа шиа, боловсон чоно гэх нэр томъёо олонтаа гарч байгааг тодруулбал hua xia гэдэг нь хан үндэстний уг гарвал угсааг нэрлэх түүхэн ойлголт агаад БНХАУ-ын нэрний хятад дуудлагад Zhonghua 中华; 中華 гэдэг хэлбэрээр орсон гэнэ. Харин өвөрлөгчдийн “боловсон чоно” гэж буулгасан ойлголт нь англиар civilized wolf - иргэншсэн, соёлжсон, гэгээрсэн чоно гэсэн утга ажээ.

Jiang Rong номондоо дэвшүүлж буй гол үзэл баримтлал нь: тариаланч-хонь үндэстэн, нүүдэлчин-чоно үндэстний цусыг холих замаар орчин цагийн хятад боловсон чоныг гарган авах ингэснээр Барууны ардчилсан иргэншлүүдийг гүйцэж түрүүлэн, шинэ түвшинд БНХАУ-ыг гаргах ажгуу.

… хятад хүн бол баруун хойдын нүүдэлчин үндэстний хойчис. Хожим нь хятад үндэстэн нь нүүдэлчин үндэстнийг басан доромжилдог нь үнэхээр удам дээдсээ умартсанд тооцогдоно. Хуа шиа үндэстэн нь нүүдэлчин үндэстнээс үүсэл гаралтай учраас судсанд лавтай бас чонын цусны үлдвэр байна. Энэ нь ирээдүйн Дундадын үндэстний сэргэн мандахын эх сурвалж юм...

… Хүннүгээс эхлээд хожуу хүртэл ... хуа шиа үндэстэн бууран доройтох бүр … Тэнгэр эцэг маань чонын ястай нүүдэлчин үндэстнийг уулгалан оруулж, хонины овор орж бүхий тариалангийн үндэстэнд цус юүлж хайрладаг… гэхчилэнгээр Чэнь Жэнь болон Ян Ке нар хөөрөлдөхдөө Хүннү, Хан улсын үеэс л нүүдэлчид ба хятад үндэстэн хоорондоо цус сэлбэлцэж, тэр болгонд үзэл санаа, зан чанарын өөрчлөлт гарч хятад үндэстэн хүчирхэгжиж байсан гэх дүгнэлт хийн бахадна. “…сул дорой зан араншинтай хятад үндэстэн энэхүү эрэлхэг зоригтой, дайчин давшингуй цусаар өөрийгөө сэлбэх хэрэгтэй” энэ үг бол бидний өнөө цагт онцгойлон анхаарах учиртай бодлого юм. Яагаад гэдгийг хойно өгүүлнэ.

Хуа шиа үндэстний үсрэнгүй хөгжилд монгол, манж нүүдэлчдийн байгуулсан улсууд Зүрчидын Алтан улс, Юань улс, Чин улс шийдвэрлэх нөлөө үзүүлснийг Чэнь Жэнь товойлгон ярина. Түүний харуусч буй нэг юм нь Манжийн Чин гүрэн зүүн хойдын асар баялаг таван мужийг Хятадад багтаасан нэгтгэснээс бид баялаг Ар Монголыг алдсан явдал гэж ил тод шогшроно.

“Чонон сүлд” номын хан үндэстэнд уриалж буй гол захиас нь: “ханаж цадахаа мэдэхгүй чоно мэт байж эрс шийдэмгий авахаа авч, залгихаа залиг, гэхдээ боловсон маягаар залги” аж.

Ном дээрх зарим анхаарууштай дүгнэлтийг доор буулгавал: 

“Тариалангийн үндэстний зан чанарыг хувьсуулахад эрх биш хээрийн бэлчээрт хонь бэлчээх шилжилтийн цаг руу явах хэрэгтэй”. Энд “Хээрийн бэлчээрт хонь бэлчээх” гэдгийн хонь нь хятадууд болж таарах байх, харин хээрийн бэлчээр нь хаана байгаа юм бол?!

Үүнийгээ “…хурдхан, зөв хийхгүй бол энэ нандин цаг мөчийг алдаж болно” гэж бичсэн байгаа нь ч анхаарал татна.

Барууны судлаачид Чонон сүлдийг БНХАУ-ын төрөөс зориуд урамшуулан түгээсэн гэсэн дүгнэлтийг хийгээд, учир нь төрийн бодлоготой нь яв цав нийцсэн тул гэжээ. Утга зохиол судлаач Николь Барнс “хан үндэстэн хүмүүсээс цөөн тоот үндэстний хүмүүсийн соёл, уламжлал, хэл заншлыг хүчирхийлсэн явдлын өмнө гэмших бас айх далд зөнг Чонон сүлд илэрхийлсэн. Хожим ирэх үйлийн үрээс зайлсхийх аргаа хайсан” агуулгатай хэмээн бичжээ.


Боловсон бус чонын дүгнэлт

Талын нүүдэлчдийн үр хойч, боловсон бус чоно болох миний тархинд нэгэн егөөтэй бодол зурсхийн орж ирэв.

Чоно болж төрсөн бидэн боловсон болон хувирахад амархан уу, хонь болон төлөвшсөн тэд боловсон чоно болох хялбар уу?



Queensland-ын Их сургуулийн Харилцааны стратегийн магистр
Г.Мөнгөнчимэг


Үндэстний ТОЙМ №340