Дэлхийд бид ХЭН бэ?
Ганц л зүйл дутдаг, одоо ч дутаж байна. Ард түмэнтэйгээ, бүр маш тодорхой хэлбэл эдийн засгийг хөдөлгөгч хүчин болох ажиллагсад (ирээдүйн ажиллагсад!), ажил эрхлэх насны жирийн иргэдтэйгээ ямар ч төр-засаг, Ерөнхий сайд ажиллаж ирсэнгүй ээ. Тэнгэрийн, агаарын юм яриад, эсвэл эдийн засгийн ном зохиолд заасантай л ажиллаад иржээ.
Угаасаа эдийн засаггүй яваад байсан юм биш үү?
Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев ярьжээ. Юу гээч? Монголын эдийн засаг энэ 2021 онд унана гэж. Цар тахал манай улсад сөргөөр нөлөөлж 2020 онд эдийн засаг 5.3 хувиар агшсан ба энэ бол 1990-ээд оноос хойшхи хамгийн том уналт мөн гэжээ. Яагаад гэдэгт хариуг нь яг үнэнээр нь хэлжээ. Уул уурхайн баялгаас хэт хараат, тогтворгүй эдийн засагтай Монгол Улс оршин байнаа гэж.
Тогтворгүй эдийн засагтай Монгол гэж тэр хүн хэлсэн бол би гарчигт хүндрүүлээд хэлчихсэн. “Угаасаа эдийн засаггүй яваад байжээ” гээд давс нэмчихлээ. Үнэн үү, худал уу?
Дэлхийд бид хэн бэ гэдэгтээ хариулт өгөх гээд л хөндлөнгийн өнцгөөс оршил бичиж байна.
Эдийн засаг байна, болж байна, бүтээнэ, удахгүй өсөлт харагдана хэмээн бид 30 жил ярьсан. Үе үеийн Засгийн газрууд, үе үеийн Ерөнхий сайдууд, Сангийн сайдууд, улс төрчид бүгд л “эдийн засаг”-тай ноцолдсон. Бөөн мөнгө яриад л, төсвөө бүтээлчээр хэлэлцээд л, ер нь мөнгө л байвал сэвхийтэл улсаа босгоод ирэх юм шиг. Мөнгө төсөвтэй (цаастай) ажилласан нөхөд буруутай биш.
Ганц л зүйл дутдаг, одоо ч дутаж байна. Ард түмэнтэйгээ, бүр маш тодорхой хэлбэл эдийн засгийг хөдөлгөгч хүчин болох ажиллагсад (ирээдүйн ажиллагсад!), ажил эрхлэх насны жирийн иргэдтэйгээ ямар ч төр-засаг, Ерөнхий сайд ажиллаж ирсэнгүй ээ. Тэнгэрийн, агаарын юм яриад, эсвэл эдийн засгийн ном зохиолд заасантай л ажиллаад иржээ.
Ард түмнээсээ тасарчихсан эдийн засаг ба эдийн засагчид нь энэ улсыг 30 жилд босгож бүтээж чадаагүй явж байна. Энэ янзаараа чадах ч үгүй юм байна. Ажиллаж ажиллаж, хуралдаж хуралдаж, бонд гаргаж, мөнгө нийлүүлж, зээл тавьж, бэлэн мөнгө тарааж, халамжилж халамжилж нэг өдөр Засгийн газар онхолдоод унадаг, ядуу ард түмэн нь яг хэвээрээ үлдчихдэг. Дараагийн Ерөнхий сайд хөмсгөө зангидаад ухаалаг загнаад хүрээд ирдэг, ажилладаг, явдаг, ард түмний тал нь, эсвэл гуравны нэг нь ядуу үлдчихдэг. Ердөө л цикл. Ийм ЦИКЛ-ээр эх орон чинь мөлхөж явна, улс төрчид өө!
Би Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа учирлан хэлж ухуулж байснаа энд буулгачихъя. Яг дээрхийг хэлсэн. Зөвлөхүүд нь ч гэрчилнэ. Би хэлсэн нь:–Наад ядуурлаа, гуравны нэгийг нь дөрөвний нэг, болж өгвөл тавны нэг болгоод яваарай. Тэгвэл л Та түүхэнд нэрээ үлдээнэ, бусдаар энэ сайхан амлалт хөтөлбөр бодлого явуулаад цаана нь хүн амын ядуурал гуравны нэг дээрээ үлдчих юм бол огт дуурсагдахгүй, бүр үзэн ядагданагэж залуу Ерөнхий сайддаа учирлан хэлж байв, сар гаранхны өмнө дөө.
Дэлхийн эдийн засаг гэж юу байдаг, цаана нь хэн байдаг талаар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн “World Happiness Report” тайланг сөхөж үзье. Тэндээс Монголоо хайя.
2021.03.18-ны тэр илтгэлд Монгол маань аз жаргалын индексээр 5.6 оноогоор дэлхийн 149 улсаас 70-д жагссан байна. Дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар Финланд улс 7.8 оноогоор улиран нэрлэгдсэн бол араас нь Исланд, Дани, Швейцарь, Нидерланд улсууд жагсчээ. Хамгийн их ахицтай нь Хорват. Өмнөх жагсаалтад 79-т бичигдэж байсан бол энэ удаа 23-р байрт бичигдэн, 56 байраар урагшилжээ. Тэгвэл дэлхийн хамгийн аз жаргалгүй нь Энэтхэг, Бурунди, Йемен, Танзани, Гайти, Малави, Зимбабве, Афганистан гэж нэрлэгдсэн байна. Улс орнуудын иргэдийн аз жаргал гэж юу юм бэ? Үүнд дундаж наслалт, нийгмийн халамж, авилгын түвшин, нэг хүнд ногдох ДНБ, иргэний эрх чөлөө, ажлын байрны баталгаа, мөн олон нийтийн санал асуулгын дүн зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр уг тайланг гаргадаг юмсанжээ. Монгол маань дээрхи шалгууруудаар дэлхийн дундаж (149-өөс 70-рт) улс юм байна. Бас ч муугүй ээ! Үүнийгээ л тордоод сэвхийтэл босмоорсон!
“Heritage foundation” гэх судалгааны төвөөс “Эдийн засгийн эрх чөлөөний индекс-2021” жагсаалт гарчээ. Хууль ёст төр, төсвийн тэлэлт, тогтмол үр ашиг, нээлттэй зах зээл гэсэн үндсэн 4 шалгуураар улс орнуудыг үнэлжээ. Бүрэн эрх чөлөөтэй (80-100 оноо), харьцангуй эрх чөлөөтэй (70-79.9 оноо), дундаж эрх чөлөөтэй (60-69.9 оноо), эрх чөлөө бараг байхгүй (50-59.9 оноо), огт эрх чөлөөгүй (0-49,9 оноо) хэмээн 5 ангилалд дэлхийн улсуудыг жагсаагаад үзтэл Монгол маань 100 онооноос 62.4 оноо авч, дэлхийн 178 улсаас 86 дугаарт жагсаж, эдийн засгийн хувьд “Дундаж эрх чөлөөтэй” орон гэх ангилалд багтжээ. Энэ нь өмнөх оныхоос 6.5 оноогоор ахисан үзүүлэлт юм. Харин Ази-Номхон далайн бүс нутгийн 40 улс дотроос 14 дүгээрт бичигджээ.
Эдийн засгийн хувьд бүрэн эрх чөлөөтэй ангилалд багтсан улс орнуудыг Сингапур улс 100 онооноос 89.7 оноо авч, дахин тэргүүлжээ. Жагсаалтын гуравдугаарт Шинэ Зеланд (83.9 оноо), дөрөвдүгээрт Австрали (82.4 оноо) бичигдсэн бол Швейцарь, Ирланд улсууд удаалж, эхний тавд багтжээ. Харин АНУ-ын энэ удаад 74.8 оноогоор 20-р байранд буюу “харьцангуй эрх чөлөөтэй” орнуудын ангилалд багтсан бол ОХУ 61.5 оноогоор 92-т, Хятад улс 107 дугаарт буюу “бараг эрх чөлөөгүй” улс орнуудын ангилалд оржээ. Жагсаалтын хамгийн сүүлд Куба, Венесуэл, Хойд Солонгос улсууд бичигдсэн байна.
Монголд маань гэрэл гэгээ ямар ч гэсэн алсад сүүмийн харагдаж байгаа юм байна. Дундаж эрх чөлөөтэй улс. Зах зээлийн чөлөөт харилцаа, ялангуяа иргэдийн эдийн засгийн (ихэнхи нь хувийн худалдааны) эрх чөлөөг маань нэрлэсэн хэрэг байх.
Дайн байлдаангүй, шашны ба угсаатны зөрчилгүй, терроризмгүй хэрнээ манай улс олигтой хөгжиж өгөхгүй байна, хүн ам нь ядуу байна гэдэг дээр би тасралтгүй бичдэг. Overall GPI Score гэх бас нэг судалгаа байнаа. Энхтайванч, хамгийн тайван улс орнууд гэсэн жагсаалт ярайж байна. Оочерын толгойд Исланд, Шинэ Зеланд, Португал, Австри, Дани, Канад, Сингапур, Чех, Япон, Швейцарь эхний 10 байрыг эзэлжээ.
Манай улс 39-рт бичигджээ. Бас л муугүй үзүүлэлт. Үнэхээр ч тайван байна. Алалдах дайсан нь ядуурал, ажилгүйдэл, арчаагүйтэл л (үзэгдэл) гэхгүй бол манай улс хөгжихөд саад тотгор алга.
Манай өмнөхөн Тайвань, Испани, Кувейт, манай арын байруудад АНЭУ, Их Британи, Гана, Замби, Чили гэж бичигджээ. Хятад 104-рт бичигдсэн нь гайхал төрүүллээ. Хятадын өмнө Папуа Шинэ Гвиней, Узбекистан, Хятадын ард Кот’д Ивуар, Бенин, Тажикистан гэж бичигджээ. Оросыг хаана нэрлэж вэ гэвэл 155-рт аваачаад биччихэж. Миний нүд орой дээр гарав. Оросын өмнө нь Судан, Оросын ард Төв Африк, Ардчилсан Конго гээд байж байна. Орос маань хүндхэн байгаа дүр зураг эндээс харагдах мэт. Уг нь дотооддоо тогтвортой байгаасай л гэж монголчууд үздэг, хүсдэг. Харин хөрш орнуудтайгаа, эргэн тойрондоо дайн, мөргөлдөөнтэйг нь тэгж нэрлэв үү?
Хамгийн нойл зааж буй, энх тайван биш улс нь хэн бэ гэдэгт Ливи, Сомали, Йемен, Өмнөд Судан, Ирак, Сири, Афганистан гэж нэрлэгджээ. Хамгийн сүүл баригч нь хөөрхий афганчууд. Эндээс би юу хэлэх санаатай вэ гэвэл иймдээ тулчихсан биш, дотооддоо алалдах дайсангүй байж бид хөгжихгүй яасан юм бэ гэдэг улигт асуултаа уншигчид, улс төрчдөд дахин тавих санаатай?!
(Үргэлжлэл бий)