Алтангэрэлт судар-12
Хутагт Алтангэрэлт буюу Судрын аймгийн дээд эрхт хаан хэмээх Их хөлгөн судар оршвой
ТАВ:
Язгуурын хөвгүүнээ. Бодьсадва нарын хүчний чанадад хүрэхийн өмнө оруулах 10 янз ном байдаг. Тэр нь энэ мэт. Юмс бүгд учир шалтгаантай байдаг. Юу ч өөрөө бий болдоггүй. Тэр бас өөрөө алга болохгүй. Аливаа юмс ирэх үгүй. Одох үгүй. Буцах үгүй. Тийм учраас үхэл гэдэг үнэмлэхүй их утгандаа үгүй байдаг юм. Үхлээ гээд тэр бас ор тас алга болохгүй. Үхэвч тэр үйлдсэн үйлийнхээ үрээр сайн төрөлд төрнө. Аль эсхүл тэр муу заянд унана. Үүнийг таньж мэдэх хэрэгтэй. Энд эд хөрөнгө, эрх мэдэл, баян тансаг юу ч хэрэггүй. Хэн ч байсан хамаагүй. Үхэх л болно. Цаст уулын цагаан арслан адил байгаад ч хэрэг үгүй. Үхэх л болно. Өлгий авс хоёрыг бид бүгдээрээ дамжина. Тийм учраас. Юунд ч төгс төгөлдөр билэг чанар гэж үгүй билээ. Үүнийг таньж мэдэхэд суралцах хэрэгтэй. Бодьсадва нарын хүчний чанадад хүрэхийн өмнө үзэх арван янз ном. Энэ мэт байдаг. Язгуурын хөвгүүнээ. Энэ мэт. Аравт суралцах хэрэгтэй.
9.Язгуурын хөвгүүнээ. Бодьсадва нарын билиг билгүүний чанадад хүрэхийн өмнө үйлдэх ном арван янз байдаг. Тэр нь. Энэ мэт байдаг. Цагаан зүгийн ном машид ихээр судалж үйлдэх хэрэгтэй. Буян хийгээд бодь-ийн чуулган, билиг билгүүний чуулганыг ихээр үйлдэхийг эхлэн барина. Аливаа сайн мууд үл орших, үл хадгалах, үл тоох гэсэн агуу их нигүүсэх уужим дотор сэтгэлийг үүсгэх хэрэгтэй. Язгуурын хөвгүүнээ. Билиг билгүүний чанадад хүрэхийн өмнө үзэх арван номлол . Энэ мэт байдаг. Үүнд суралцах хэрэгтэй.
10.Язгуурын хөвгүүнээ. Төгс төгөлдрийн чанадад хүргэх номлол арван янз байдаг. Орчлонгийн олон амьтны бие, хэл, сэтгэлээр үйлдэх нүгэл, хилэнцийг тэвчиж өнгөрөө. Тэгж өнгөрөөх хэрэгтэй.
Заларсан бурхад бүгдийн номлолд үлэмж ихээр итгэж, түүний төгс төгөлдрийг мэдэж арван номд суралцах хэрэгтэй. Язгуурын хөвгүүнээ. Бодьсадва нарыг чанадад хүргэх арван янз номлол. Энэ мэт байдаг хэмээн Бурхан багш зарлиглав. ...
ЗУРГАА:
Язгуурын хөвгүүнээ. Энэ мэт. Бурханы ач тус хэмжээ үгүй их байдаг. Ариун шагшаабадын утга учирт ёроол гэж үгүй. Номын гуу сан барагдашгүй. Эрдэм номын хүч чадал харьшгүй их. Буян болоод өглөгийн ач тусанд хэмжээ үгүй хэмээн дотор сэтгэлдээ наминчлан залбирч үйлд. Энэ нь чанадад хүрэх утга учир мөн билээ. Дияан тэнцүү ямагтыг эргэж үл буцахаар баттай гүйцээж үйлдэх нь чанадад хүрэх утга учир мөн билээ. Тэвчээр, хичээнгүй хоёрт суралцаж үйлд. Үл мэдэхийн эрхэнд, мунхаг ухааны эрхэнд муу заяанд унасан амьтан бүгдийг сэтгэлдээ багтаан бодь-ийг барьж үйлд. Тэр нь чанадад хүрэх утга учир мөн билээ. Бурхадын ариун орон, бурханы билгүүн номыг машид гүйцээн судалж үйлдэх нь чанадад хүрэх утга учир мөн билээ. Арван их хүч болоод бурханы ном нь тэнцэшгүй харьцашгүй агуу их хэмээн залбирч үйлд. Тэнцэшгүй үнэнхүү төгс бодь-ыг ёсчлон гүйцээж үйлд. Бурханы номын хүрдийг арван хоёр янзаар эргүүлж үйлд. Энэ нь чанадад хүрэх утга учир мөн билээ хэмээн Бурхан багш зарлиглалаа.
ДОЛОО:
Язгуурын хөвгүүнээ. Бодьсадва махасадва нар арван газарт, арван шинж үзүүлдэг. Тэр нь. Энэ мэт байдаг.
Анхдугаар газар нь түг түмэн гольдоор дүүрсэн байдаг.
Хоёрдугаар газар нь олон мянган эрдэнэсээр чимэглэгдсэн байдаг.
Гуравдугаар газарт зэр зэвсэг агссан баатар эрс буян номын эсрэг бүгдийг номхотгон байхыг үзнэ.
Дөрөвдүгээр газарт их газрын хот мандалд элдэв янз, олон өнгөт цэцэгсийг үзэх болно.
Тавдугаар газарт үзэсгэлэнт бүсгүйн оройд зүүсэн замбага цэцгэн эрхийг үзэх болно.
Зургаадугаар газарт удвал, гүмүда, цагаан лянхуа цэцэгс. Алтан элст тунгалаг усыг үзнэ. Тэнд чи өөрөө тоглож байхыг үзнэ.
Долоодугаар газарт баруун зүүн хоёрт тамын газар үзэх болно. Тэнд чи унаж доройтохгүй эргэж буцахыг үзэх болно.
Наймдугаар газарт чи хоёр мөрөндөө арслангийн титэм зүүгээд, чи амьтан бүхнийг захиран суухыгаа үзэх болно.
Есдүгээр газарт Загарвард хаан / Очирт хүрдийн баян хаан / болон элдэв олон янз эрдэнэсээр чимсэн, цагаан шүхэрт түг түмэн төрөлхтний хамт чи өөрөө сууж байхыг үзэх болно.
Аравдугаар газарт түүнчлэн заларсан бурханы лагшинг чи олох болно. Тэнд чи алтан өнгийн гэрэл цацруулан суух бөгөөд олон мянган эсрэнгүүдэд ном заах болно.
Язгуурын хөвгүүнээ. Эдгээр арван шинж тэмдэг нь бодьсадва, махасадва нарын арван.газарт үзүүлэх арван шинж тэмдэг мөн болой хэмээн Бурхан багш зарлиглалаа.
Язгуурын хөвгүүнээ. Бодьсадва, махасадва нарын анхдугаар газар.
Тэр газарт ертөнцөөс хэтэрсэн оюунлаг сэтгэл анх үүссэн. Тэнд их баясгалант хотол чуулган болдог. Тийм учраас. Тэр газрыг "машид баясахуй" хэмээн нэрлэдэг.
Бодьсадва, махасадва нарын хоёрдугаар газар. Тэр газарт амгалан хийгээд сүсэг бишрэл машид ихээр ариусна. Тийм учраас. Тэр газрыг "хир үгүй" хэмээн нэрлэсэн.
Бодьсадва, махасадва нарын гуравдугаар газар. Тэр газарт дарагдашгүй, хязгаар үгүй, үл мартагдах билиг оюунт бясалгалын билгүүн гэрэл оршдог. Тийм учраас. Тэр газрыг "гэрэлтүүлэгч" гэж нэрлэсэн.
Бодьсадва, махасадва нарын дөрөвдүгээр газар. Бурханы номын хүчээр тэр газарт муу сэтгэлийн гэмийг дарсан байдаг. Тэр газарт гэгээрэх номын гэрэл машид ихээр цацрах тул дөрөвдүгээр газрыг "гэрэл цацруулагч" хэмээн нэрлэдэг.
НАЙМ:
Сэтгэлийн муу гэмийг номхотгон дарах үйл бэрх. Түүнийг номын билгүүн их хүч, оюун ухаан, тэсвэр.тэвчээрийн хүчээр номхотгон дардаг. Тийм учраас. Тавдугаар газрыг. "Машид судлахад бэрх" хэмээн нэрлэсэн байдаг.
Хуран үйлдсэн номонд саад гэж үгүй. Бодож санасан хэрэг үйлс бүтнэ. Тийм учраас. Зургаадугаар газрыг "Илтэд болж бүтэх " хэмээсэн байдаг.
Бурханы номыг шүтэн, бясалгал ихээр хийсэн газар асар их ариусна. Энэ газарт санасан бүгд сэтгэлчлэн бүтнэ. Тийм учраас. Долоодугаар газрыг " Өнөд одсон " хэмээсэн.
Сэтгэл бодлоо төвлөрүүлж бясалга. Tэрбээр бурханы номын хүчийг олдог. Оюун ухаан машид уужим саруул болно. Тийм учраас. Энэ мэт. Наймдугаар газрыг
"Үл хөдлөх" хэмээсэн.
Нүгэл үгүй. Төрөх үгүй учраас есдүгээр газрыг "Сайн оюунт " хэмээсэн.
Бурханы ном огторгуй ертөнцийг үүл адил бүрхэхийн учир аравдугаар газрыг
"Номын үүл" хэмээсэн билээ хэмээн Бурхан багш зарлиглав.
Язгуурын хөвгүүнээ. Шуналын мунхрал болоод сэтгэлийн гэмээр үйлдсэн мунхралаар анхдугаар газарт нэрвэгдэх болно.
Үл ойлгож үйлдсэн үйлийн мунхрал, болчимгүй бодох үгүй үйлдсэн үйлийн мунхрал. Энэ хоёроор хоёрдугаар газарт нэрвэгдэх болно.
Олдохгүйг олох хүслийн мунхрал. Дээдсийн тогтоол номлолыг буруу хэрэглэх мунхаглал. Энэ хоёроор гуравдугаар газарт нэрвэгдэнэ.
Язгуурын хөвгүүнээ. Бурхан багшийн номлолоос дээд номлол гэж үгүй билээ. Тэгш бус бясалгалд эндүүрч шунах мунхаглал хийгээд Бурханы номоос өөр бусад номыг дээд хэмээн шунах мунхрал. Энэ хоёроор дөрөвдүгээр газарт нэрвэгдэх болно.
Орчлонгийн явдалд машид уйсаж үл ойшоох мунхрал, зовлонгоос ашид түргэн салах хэмээн санагалзах мунхрал. Энэ хоёроор тавдугаар газарт нэрвэгдэнэ.
Хуран үйлдэхийн үйлдэл илтэд болохын тэмдэг хийгээд бүдүүн тэмдэг илтэд болохын мунхрал. Энэ хоёроор зургаадугаар газарт нэрвэгдэнэ.
Хий хоосон мөрөөдөлд автах мунхаглал. Сайн юмс санаагаар бүтэх мэтээр санагалзах хүслийн мунхаглал. Энэ хоёроор долоодугаар газарт нэрвэгдэнэ.
Үл бүтэх зүйлд зүтгэх мунхаглал. Бүтэх юмсыг тойрч өнгөрөх мунхаглал. Энэ хоёр мунхаглалаар наймдугаар газарт нэрвэгдэнэ.
Номын хүч хэмжээгүй их, билэг оюун хязгааргүй мэргэнд үл итгэх мунхрал. Боломжийг үл тоомсорлон үл олохын мунхаглалд есдүгээр газарт нэрвэгдэнэ.
Эрх мэдэл, бяр чадалд эрдэх мунхаглал. Үйлийн нарийн нууцад нэвтрэхгүйгээр мэргэн болохыг санагалзах мунхаглал. Энэ хоёроор аравдугаар газарт нэрвэгдэх болно.
Язгуурын хөвгүүнээ. Учрах саад тотгор бэрхшээл олон байдаг. Тохиосон элдэв олон саад бэрхшээлээс үүдэн мунхрал мунхаглал үүсдэг. Энэ мэт. Элдэв олон бэрхшээлээс үүссэн мунхрал хийгээд нисваанисын үрээр үүсэж бий болсон мунхрал. Энэ хоёроор бурханы газарт нэрвэгдэх болно.
Эдгээр нь бодьсадва, махасадва нарын арван газрын шинж билээ хэмээн Бурхан багш зарлиглав.
ЕС:
Язгуурын хөвгүүнээ. Бодьсадва нарын анхны газарт орших бодьсадва, махасадва нар өглөгийн чанадад хүрэхийг эрхэм болгодог. Бодьсадвагийн хоёрдугаар газарт орших бодьсадва, махасадва нар шагшаабадыг, гуравдугаар газарт тэвчээрийг, дөрөвдүгээр газарт хичээнгүйг, тавдугаар газарт дияаныг эрхэм болгодог. Бодьсадва нарын зургаадугаар газарт очсон бодьсадва, махасадва нар билгүүнийг, долоодугаар газарт мэргэн аргыг эрхэм болгодог бол наймдугаар газарт ерөөлийн чанадад хүрэхийг эрхэм болгодог. Есдүгээр газарт очсон бодьсадва махасадва нар хүчний чанадад хүрэхийг эрхэм болгодог. Аравдугаар газарт билиг билгүүний чанадад хүрэхийг эрхэм болгодог.
Язгуурын хөвгүүнээ. Бодьсадва, махасадва нар. Энэ мэт. Өглөгийн сэтгэлийг анхны энэ газарт үүсгэдэг. Үлэмж их өгөх сэтгэлийн бясалгалыг, үнэнхүү сэтгэлийн үүднээс гүйцэд болгоон барьсны хүчинд энэ сэтгэл, энэ газарт үүсдэг.
Бодьсадвагийн хоёрдугаар газар. Энэ газарт шагшаабад-ын сэтгэл үүсдэг. Сэтгэл бодлын оршил үгүй, орчлон үгүй, юу ч үгүй хоосон чанар болон агуу их шагшаабадын бясалгалыг энэ газарт илтэд гүйцээн хийснээр энэ сэтгэл энэ газарт үүсдэг.
Бодьсадва нарын гуравдугаар газар. Энэ газарт тэвчээрийн сэтгэл үүсдэг. Үл хөдлөх, үл өөрчлөгдөх тэвчээрийн бясалгалыг барьж үйлдсэнээр энэ сэтгэл энэ газарт үүсдэг.
Бодьсадва нарын дөрөвдүгээр газар. Энэ газарт хичээнгүйн сэтгэл үүсдэг. Эргэж үл буцах төгс гүйцээж дуусгахын бясалгалыг гүйцээж хийснээр энэ сэтгэл энэ газарт үүсдэг.
Бодьсадва нарын тавдугаар газарт дияаны сэтгэл үүсдэг. Бодьсадва, марасадва нар Дияаны их эрдэнэт цэцгийн мандалыг бурханы номонд өргөн барьж бясалгасан бясалгалын хүчинд энэ сэтгэл энэ газарт үүсдэг.
Зургаадугаар газарт бодьсадва, махасадва нар билгүүний сэтгэлийг үүсгэдэг. Нарны гэрэл адил сүр жавхлангийн бясалгалд тэд бүрэн бат оршсоноор энэ сэтгэл энэ газарт үүсдэг.
Долоодугаар газарт тэд мэргэн аргын чанадад хүргэх сэтгэл үүсдэг. Зорьсон үйлс саад үгүй бүтэх бясалгалыг гүйцэд сайн ухаарч үйлдсэнээр энэ сэтгэл энэ газарт үүсдэг.
Наймдугаар газарт тэд нар ерөөлийн чанадад хүргэх бясалгалыг үйлддэг. Одоо энэ цагийн бясалгалыг гүйцээн үйлдсэнээр энэ сэтгэл энэ газарт үүсдэг.
Язгуурын хөвгүүнээ. Энэ мэт. Есдүгээр газарт хүчний чанадад хүргэх сэтгэлийг билиг билгүүнийг төгс бясалгаснаар. Аравдугаарт баатарлаг одохын бясалгалыг гүйцэд барьснаар төгс төгөлдрийн чанадад хүргэх сэтгэлийг бодьсадва, махасадва нар үүсгэдэг билээ.
Эдгээр нь бодьсадва, махасадва нарын сэтгэлийг үүсгэх арван бясалгал билээ хэмээн Бурхан багш зарлиглалаа.