Алтангэрэлт судар-11
Хутагт Алтангэрэлт буюу Судрын аймгийн дээд эрхт хаан хэмээх Их хөлгөн судар оршвой
ГАЗРЫГ НЭН ТЭТГЭГЧ ХЭМЭЭХ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ.
НЭГ:
Тэгээд Ачая-мати / Барагдашгүй оюун ухаант / бодьсадва суудлаасаа бослоо.
Тэрбээр алга хавсран мөргөөд Бурхан багш Шагжаамуни-г их цэцгэн шүхрээр тахив. Тэгээд тэр Бурхан багшид айлтгав.
Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Бодь сэтгэлтэн бээр гэгээрлийг хэрхэн яаж төгс сайн үйлдэх вэ? Бодь-ийн утга учрыг яаж мэдэж үйлдэх арга ухаан учрыг бид бүгдэд зааж хэлж өгнө үү? хэмээн айлтгав.
Бурхан багш зарлиглав.
Язгуурын хөвгүүнээ. Бодь өгүүлшгүй их байдаг. Бодь-оос тусдаа бодь сэтгэл гэж үгүй билээ. Тэр төрөх үгүй. Тэр тулах үгүй. Тэр мэдрэх үгүй. Тийм учраас. Бодь-ийг үгээр хэлэх боломж үгүй. Сэтгэл бодол ямар байна. Түүнд орших сэтгэлтэн тийм л байдаг. Тийм учраас. Сэтгэл бодол нь ямар мэт байна. Тэр өөрөө түүний хувь зохиол буян заяа нь тэр мэт байдаг юм.
Язгуурын хөвгүүнээ. Бодьсадва, махасадва нар, тэд урьд өмнө хийсэн буяныхаа үрээр бодь-д хүрсэн. Бодь бол өнгөрсөн, одоо, ирээдүй аль нэг нь биш. Тэр юунд ч, хэнд ч тусгайлан зориулагдаж бүтээгдээгүй. Түүнийг орчлон ертөнцийн олон галавт, буян номонд чармайн хичээсний үр шим буянаар тэр хүн өөрөө өөртөө бүтээдэг. Энэ бол бодь сэтгэл.
Тийм учраас. Юм бүхэн хоосон байдаг. Бурхад, бодьсадва, хотол чуулган хэнд ч, ямар ч юманд тусгайлан зориулагдаж бүтээгдээгүй. Тийм учраас. Хэн ч юуг ч тусгайлан өмчлөх боломж үгүй байдаг юм.
Язгуурын хөвгүүнээ. Хутагтын арван их сэтгэл. Тэр нь. Энэ мэт байдаг.
Хутагтын нэн анхны сэтгэл. Энэ нь сайн үйлийн анхны сэдэл бүрд үүсэж бий болдог. Сайн үйлийн эхлэл сэдэл бүрд тэр төрдөг сэтгэл. Тэр сэтгэл өглөгийн чанадад хүргэдэг. Өглөг өгч буян үйлдэж бай. Хутагтын анхны сэтгэлийг үүсгэ.
Хутагтын удаах сэтгэл. Бүгдийг өршөөн нигүүсэх сэтгэл байдаг. Энэ нь их шагшаабадын чанадад хүргэх сэтгэл юм. Өрөвч номхон, нигүүсэх сайн сэтгэлтэй бай. Хутагтын удаах сэтгэлийг ингэж үүсгэ.
Хутагтын гутгаар сэтгэл. Энэ нь айдас үгүй. Эмээх үгүй сэтгэл. Гөрөөсний хир чадлыг арслангийн их хүчтэй болгодог сэтгэл. Зүрх зоригтой бай. Тэвчээртэй тэсвэртэй бай. Тэвчээрийн чанадад хүрэх болно. Хутагтын гутгаар сэтгэлийг үүсгэ.
Хутагтын дөрөвдүгээр сэтгэл. Энэ нь шунал үгүй, шударга сэтгэл. Шударга үнэнч хичээнгүйг, шунах үгүйг туйл мэт үзэж бай. Хутагтын дөрөвдүгээр сэтгэлийг үүсгэ.
Хутагтын тавдугаар сэтгэл. Буян номыг дээдийн дээдэд үзэх сэтгэл. Буян номын хэрэгт бие, хэл, сэтгэл юугаа харам үгүй зориулж бай. Дияаны зэрэгт хүрэх болно. Бусдад тусал. Буян номонд чармайн хичээ. Хутагтын тавдугаар сэтгэлийг үүсгэ.
Хутагтын зургаадугаар сэтгэл. Уг шалтгаанаар оюун ухааны билгүүн чанадад очих болно. Нарны хот мандалын орны гэрлийн туяаг харах болно. Түнэр харанхуй адил мунхагийн гай барцад арилах болно. Оюун ухааны хутагтын зургаадугаар сэтгэлийг үүсгэ.
Хутагтыг долоодугаар сэтгэл. Энэ сэтгэл санаа, бодол бүгдийг бүрэн төгс гүйцээнэ. Хүссэн хүслээ гүйцээх мэргэн ухааны чанадад хүрэх болно. Бодолтой бай. Зорьсон зорилготой бол. Хутагтын долоодугаар сэтгэгдлийг ингэж үүсгэ.
Хутагтын наймдугаар сэтгэл. Түүний уг шалтгаан нь ерөөлийг чанадад хүргэх билээ. Энэ нь саад тотгор бүгдийг гүйцээн арилгах болно. Багшийг шүт. Номыг шүт. Хутагтын наймдугаар сэтгэлийг үүсгэ.
Хутагтын есдүгээр сэтгэл. Энэ нь ариун дээд бурханы ёсоор гүйцэт байгуулсан адил үзэх бөгөөд уг шалтгаан нь хүчний чанадад хүрэх болно. Бурхан бүгдийг шүт. Буяныг шүт. Хутагтын есдүгээр сэтгэлийг үүсгэ.
Хутагтын аравдугаар сэтгэл. Энэ нь эрдэм чадал, оюун ухааны хүчинд алив юмсыг урвуулж хувиргах авшгийг олох болно. Уг шалтгаан нь билэг билгүүний чанадад хүргэх байдаг. Билэг билгүүнийг шүт. Эрдэм ном, оюун ухааныг шүт. Хутагтын аравдугаар сэтгэлийг үүсгэ. Үүсгэх нь эдгээр арга байдаг. Эдгээр бодьсадва нар төгс төгөлдөр сайн байдаг. Тийм учраас тэд нарыг бодьсадва гэдэг. Үнэмлэхүй их утгандаа бодь гэж үгүй байдаг. Бодь үгүй тул бодьсадва үгүй. Бодь сэтгэл гэж бас үгүй. Тэр хоосон билээ. Хоосон чанар гэдэг ийм л байдаг хэмээн бурхан багш зарлиглав.
ГУРАВ:
Бурхан багш зарлиглав.
Язгуурын хөвгүүнээ. Бодьсадва нар шагшаабад-ын чанадад хүрэхээс өмнө одуулах арван ном байдаг билээ. Тэр арав нь алин билээ хэмээс. Энэ мэт байдаг. Бие, хэл, сэтгэл гурав цэвэр тунгалаг байх ёстой. Ариуссан байх ёстой. Амьд амьтныг хөнөөх, худал үг хэлж хүнийг гүтгэж амьтныг арсалдуулан нүгэл хийх, хулгай, тонуул хийх. Тэр мэт. Муу заяанд унагах муу үйлдлээс нэн тэвчих арга ухааныг олсон байх хэрэгтэй. Чөлөө үгүй найман хар нүгэл[1] үйлдэхэд үүсдэг муу үйлийн үрийг таньж мэдэх хэрэгтэй. Сайн ерөөл, сайн санаа бодлоос ургаж гарч ирсэн бүгдийг бурханы номын хүчинд гүйцэд төгс хийж дуусгах хүч чадал, ухаан ухамсар төгс байх явдалд нэн их суралцах хэрэгтэй.
Язгуурын хөвгүүнээ. Шагшаабад-ын чанадад хүргэх номлол. Энэ мэт. Аравт суралцах хэрэгтэй...
Язгуурын хөвгүүнээ. Бодьсадва нар хичээнгүйн чанадад хүрэхийн өмнө одуулах ном арван янз байдаг. ... Тэр нь. Энэ мэт байдаг. Бусдын гэмийг санагалзах хэрэггүй. Эхлээд чи өөрөө өөрийнхөө сэтгэлийн гэмээс салж хагацах хэрэгтэй.
Нүглийг аминд тулавч бүү үйлд. Нүглийг нүглээр угаахгүй. Амьтан бүгдийн буян номын үйлд даган баясаж бай. Эргэж буцах сэтгэл үгүйгээр мятаршгүй их хичээл зүтгэлээр буян номын үйлсэд чармайн зүтгэх хэрэгтэй. Дурьдал, сэтгэлийг дотоод сэтгэлдээ агуулж хадгалж чадах тэвчээрт суралцах хэрэгтэй. Сайн муу бүх юмсыг ижил төгс нүдээр, зөв талаас нь харж бодож сэтгэж үйлдэхэд суралц. Нисваанис-ийг номхотгож үйлд. Энэ мэт аравт суралцах хэрэгтэй.
Язгуурын хөвгүүнээ. Хичээнгүйн чанадад хүргэх арван номлол. Энэ мэт арав байдаг.
Язгуурын хөвгүүнээ. бодьсадва нар тэвчээрийн чанадад хүрэхийн өмнө одуулах ном арван янз байдаг. Тэр арав нь. Энэ мэт байдаг. Аливаа юмсыг дагаж тачаах сэтгэлээ огоорч тэвчих тэвчээр. Өөрөөр хэлбэл. Өөрийн бодлоор хийх тэвчээрт суралцах хэрэгтэй. Уурын мунхагийг тэвчиж өнгөрөөх тэвчээр. БИ-гээс ангижирч бусдын хүчинд итгэж зөв талаас нь харж, чадах тэвчээр.
Бусдыг хайрлан энэрч, энэрэн нигүүсэх сэтгэлийг үүсгэх тэвчээр. Үл мэдэх, үл чадахыг огоорч номын хүчинд итгэх тэвчээр. Эдгээр аравт суралцах хэрэгтэй. Энэ мэт арав байдаг. ...Язгуурын хөвгүүнээ. Энэ мэт аравт суралцах хэрэгтэй.
ДӨРӨВ:
Язгуурын хөвгүүнээ. Бодьсадва нар дияаны чанадад хүрэхийн өмнө одуулах ном арав байдаг. Тэр нь. Энэ мэт байдаг.
Тэгш төгөлдөр оршихуйн ёсны номыг дияаны буюу нэн гэтлэхүйн бясалгалд оршиж уншина. Самадын хүч түүний эрхэт ёсыг цогц гүйцээж үйлдэнэ. Дээдийн номын ёсыг сахин амьтан бүхний бие, хэл, сэтгэлийн гэмийг тэвчиж үйлдэх ухаанд суралцаж үйлдэнэ. Энэ мэт. Бодьсадва нарын дияан чанадад хүрэхийн өмнө үйлдэх арван ном байдаг. Язгуурын хөвүүнээ. Энэ мэт Аравт суралцах хэрэгтэй.
5.Язгуурын хөвгүүнээ. Түүнчлэн бодьсадва нар итгэлийн чанадад хүрэхийн тулд үйлдэх ном бас арав байдаг.
Тэр нь. Энэ мэт байдаг. Язгуурын хөвгүүнээ. Юмс бүгд хоорондоо нягт холбоотой байдаг. Юмс бие биеэ шүтэн барилдаж үүссэн. Тийм учраас. Юмс төрөх ба үл төрөх ухаанд суралцаж үйлдэнэ. Түүнд итгэх итгэл хийгээд түүний махбодын ухаанд суралцах хэрэгтэй. Язгуурын хөвгүүнээ. Түйтгэр үгүй, саад үгүй үйлийг хүсэх аваас. Энэ мэт. Арван янз номонд суралцах хэрэгтэй.
6.Язгуурын хөвгүүнээ. Бодьсадва нар мэргэн арга ухаанд суралцах номлол арван янз байдаг. Тэр нь. Энэ мэт байдаг. Аливаа амьтны үйлийн үр, түүний үүсэж бий болох шалтгаан, утга учрыг бүрэн гүйцэд ойлгож мэдэхэд суралцах хэрэгтэй. Үүнд үл уйсаж үйлд. Түүнийг таньж мэдэхийг чармайн хичээж үйлдэнэ. Энэрэн нигүүсэх сэтгэлийг үүсгэж үйлд. Орчлонгийн хоосон чанар, түүнийг онохуйн эцэст хүрэх арга ухааны ялгамжит чанар ялгааг ойлгож үйлдэнэ. Мэдлэг болоод сэтгэл бодлын их хүчийг бүрэн гүйцэд дайчилж үйлдэнэ.
Энэ нь бодьсадва нарын мэргэн аргын чанадад хүрэхийн өмнө гүйцээж үйлдэх арван номлол билээ. Язгуурын хөвгүүнээ. Мэргэн арга ухаанд суралцах. Энэ мэт аравт суралцах хэрэгтэй.
7.Язгуурын хөвгүүнээ. Бодьсадва нар ерөөлийн чанадад хүрэхийн өмнө одуулах ном арван янз байдаг. Тэр нь. Энэ мэт байдаг. Амьтны сэтгэлийн гүнд орохыг хичээж үйлд. Түүний санаа бодол хүсэл, сүшиг бишрэл болон сэтгэлийн гэмийг онож мэдэх номонд суралцаж үйлд. Тэдний далд нуугдмал чанарыг судалж мэдэхэд суралцах хэрэгтэй. Бодьсадва нарын ерөөлийн чанадад хүрэхийн өмнө одуулах ном энэ мэт байдаг.
Язгуурын хөвгүүнээ. Ерөөлийн чанадад хүргэх. Энэ мэт. Язгуурын арван номонд суралцах хэрэгтэй.
[1] Бие хэл сэтгэлийн найман хар нүгэл. (Босох суух зуурд ямагт үйлддэг)