(Бүхий л зүйлс арилан оддог)

Гурамсан роман дэд дэвтэр

16-р бүлэг

Түүний өвдөлт огт алга болсон ажээ.

Буудуулахаар толгойдоо хар уут углуулаад явж байхад айсандаа дороо шээс алдсан ч түүнийг шоронгоос авч гарахдаа  ямар нэгэн тариа хийчихсэн учир ярьж ч болохгүй амаа  ч ангайх чадалгүй болж  хамаг бие нь шархиран өвдөж, шаналгадаг өвчин зовуур нь буудах үед амьсгалаа гаргах мэт зүгээр л алга болжээ.

Олон сар мөрдөнд хоригдон шаналж зовж асан зовлон гуниг ч үгүй болж ухаан бодол нь манантай мэт боловч юуг ч хийж чадахгүй атлаа амар тайван болсон байлаа. Тэрээр ямар нэгэн жигүүртэн болсон мэт бөгөөд түүний доогуур өнгө тунамал  далай шиг их усан мэлтийж тэрээр дээгүүр нь шувуу мэт эргэлдэн   хөвөх ажгуу. Тэр шувуу шар өнгөт асар том тэнгисийн дээгүүр   халин нисэх бөгөөд түүнийг ар дагзруу нь буудсан кондуктор тамхи татан гэлдэрч явааг тэртээ дээрээс олж харж байлаа.

Тэгснээ тэрээр  газар руу түргэн унаж эхлэх боловч нүүррүү нь салхи үл үлээхийг мэдэрч гайхаж байлаа. Түүнд эмээх сэтгэл огт үл төрөх бөгөөд түүний сэтгэл ер бусын тэгш амгалан байх ажээ.

Цаазлуулж үхсэн эр  түргэн доошилсоор   усан доогуур  орсон мэт бүх бие нь нойт даагаад дараа нь  бүх зүйл анир чимээгүй нам гүмд ууслаа. Миний өнөөх сэтгэл зовдог яалаа, өвдөж шаналдаг маань хаачлаа, би тэр хүүхнийг алаагүй шүү дээ, харин ч би туслах гээд сарвайтал тэр усанд өөрөө уначихсан юм, би араас нь аврах санаатай үсэрч орсон ч хожимдсон байсан шүү дээ... хэмээн гайхан бодох үед хажуугаас нэг их намуун тайван хоолой “Бүү ай, бүү ай ....айх зүйл энд огтоос үгүй ” гэж хэлэх бөгөөд анзааран харвал Логой хэмээх зохиолч бас өөртэй нь адилхан саарал цувтай Батболдын хамт түүний өмнө агаарт зогсож байлаа.

-Би юунаас ч айхгүй байна. Миний бүх айдас хүйдэс оргүй алга болчихлоо хэмээн тэр хэлэв.

-Маш сайн байна. Чи өмнөх насандаа их буян үйлдсэн болоод тэр шүү дээ. Чи аав ээждээ энэрэлтэй байсны чинь буян энэ. Тэгээд ч чи тэр бүсгүйг алаагүй харин ч туслах гэж хичээсэн учраас энэ. Үхэл гэдэг амьдралын төгсгөл биш юм шүү дээ. Харин маш удаан хэдэн зуун сая жил амьдрах их амьдралын оршил төдий юм. Гэвч урд насанд хийсэн үйлийн үр нэхэл хатуутай байдаг юм. Би чамд бурхан багшийн хоёр агь шавийн нэг Махаамоггаллаанагийн түүхийг ярьж өгөе гэж өнөөх хоёр адилхан хүн зэрэг хэллээ.


Махаамоггаллаана Тхерагийн түүх

“Гэм зэмгүйг буруутган шийтгэгч ” хэмээх энэ номын сургаалыг Бурхан багш Велувана хийдэд залран ахуйдаа Махаамоггаллаанад холбогдуулан зарлиг болжээ. Нэгэн удаа буруу номтнууд цуглан, “ Анд нар минь, ямар шалтгаанаар хувраг Гоутами ийм их хүндэтгэл хүлээж байгааг мэдэж байна уу? ” хэмээн зөвлөлджээ.

“ Бид мэдэхгүй байна. Чи мэдэж байгаа юм уу? ” хэмээн асуухад,
“ Би мэдэж байна. Энэ Махаамоггаллаанаас л болж байгаа юм. Тэр

тэнгэрийн оронд очоод тэнгэрүүдтэй уулзаад тэдний хийсэн үйлийг асууж ирээд, “ Ийм буяныг үйлдээд ийм тэнгэрлиг эд баялгийг олсон байна ” хэмээн хүмүүст хэлдэг билээ. Мөн тамд очоод тэдний хийсэн үйлийг асуугаад энд ирж хүмүүст хандан, “ Ийм үйл үйлдээд ийм зовлонг эдэлж байна ” хэмээн хэлдэг  ажээ. Хүмүүс түүний хэлэхийг сонсоод тэднийг ихэд хүндэтгэн шүтэх болжээ.

Хэрвээ түүнийг алж чадвал тэр бүх хүндэтгэл биднийх болно ” хэмээжээ. Тэд, “Нэгэн арга олъё” хэмээн бүгдээрээ нэгдэн нийлж, “Ямар нэгэн аргаар түүнийг алуулах хэрэгтэй ” хэмээн шийдээд шавьнартаа хандан мянган зоос олоод хүний амийг хөнөөн явагч дээрэмчдийг дуудан ирүүлж, “ Махаамоггаллаана Тхера бээр Кааласилаа ууланд амьдарч байгаа. Тэнд очоод түүнийг алаад ир! ” хэмээн тэдэнд зоосыг өгчээ. Хулгайчид эд хөрөнгөнд шунах тул, “ Тхераг алъя ” хэмээн тэнд очоод амьдарч байгаа газрыг нь бүсэлжээ.

Тхера үүнийг мэдээд цоожны нүхээр гаран одов. Тэдгээр хулгайчид тэр өдөр Тхераг хараагүй тул дараагийн өдөр дахин очиж бүсэлжээ. Тхера бас мэдээд байрныхаа дээврийг задлан нисэн одов гэнээ. Ийнхүү тэд эхний сар, хоёр дахь сар болоход бас л түүнийг барьж чадсангүй. Сүүлчийн сар болох үед Тхера өөрийн хийсэн үйлийг боловсрон ирэхийг мэдээд энэ удаа зугтсангүй. Хулгайчид түүнийг барьж ясыг нь нунтаг цагаан будаа мэт болгоод, үхсэн хэмээн бодож өвс бутны дунд орхиод явжээ. 

Тхера, “ Бурхантай уулзаад нирваанд орно ” хэмээн бодож өөрийн биеийг даяаны хүчээр босгоод огторгуйгаар нисэн Бурханы дэргэд ирэн Бурханд мөргөж залбираад, “ Эрхэм дээдэс ээ, нирваанд одъё ” хэмээн өгүүлжээ.

“ Моггаллаана минь нирваанд орох гээ юу? ” хэмээн асуухад

“ Тийм ээ, эрхэм дээдэс ээ ” хэмээжээ.

“ Хаана очих вэ? ” хэмээн асуухад,

“ Кааласилаа нутагт, эрхэм ээ ” гэжээ.

“ Тэгвэл Моггаллаана бидэнд ном айлд. Чам шиг ийм шавь надад дахиж

олдохгүй ” гэж Бурхан айлдав.

Тхера, “ Тэгье эрхэм ээ ” хэмээн Бурханд мөргөж залбираад огторгуйд залран нирваан дүрд орох үедээ Саарипутта Тхерагийн адил олон төрлийн ид шидийг үзүүлээд номыг айлдан Бурханд мөргөж залбираад Кааласилаа ойд очин нирваанд оджээ.

“ Тхераг хулгайчид алсан байна ” хэмээх яриа бүх замба тивээр тархжээ.

Ажаатасатту хаан хулгайчдыг бариулахын тулд тандагч хүмүүсийг илгээлээ. Тэдгээр хулгайчид архи уух газар цуглан согтууран ахуйдаа нэг нь нөгөөгийнхөө нуруун дээр чанга гэгч нь цохижээ. Тэгэхэд нь нөгөө хулгайч уурлан, “ Тэнэг амьтан минь, юунд миний нуруун дээр цохино вэ? ” хэмээн асуужээ.

Тэгэхэд нь, “ Нүгэлт амьтан минь, чи Махаамоггаллаана Тхераг түрүүлж цохиогүй шүү дээ ” хэмээхэд нөгөөх нь,

“ Би цохисон, би их цохисон ” хэмээн өгүүлэхийг сонсоод тандагч хүмүүс

тэр бүх хулгайчдыг барьж хаанд авчирчээ. Хаан хулгайчдыг дуудан ирүүлж,

“ Та нар Тхераг алсан уу? ” хэмээн асуухад,

“ Тийм ээ, эрхэм ээ ” гэхэд,

“ Хэн та нарыг явуулсан бэ? ” хэмээн асуухад,

“ Нүцгэн хуврагууд билээ ” хэмээжээ. Хаан таван зуун нүцгэн хуврагийг

баривчлуулан таван зуун хулгайчийн хамт ордны хойно гүн нүх ухуулан тэднийг хийж тариан үртсээр дүүргэн хүрээлүүлээд гал тавьжээ. Тэднийг шатаж дуусах үед төмөр жадаар хатган бүх биеийг нь хэсэг хэсэг болгожээ. Хуврагууд номын цуглааны үеэр,

“ Махаамоггаллаана Тхера өөртөө үл зохицох үхлээр үхлээ ” хэмээн

өгүүлцгээх ажээ.

Бурхан залран ирээд, “ Хуврагууд минь, та бүхэн энд юу ярин сууцгаана вэ? ” хэмээн асуухад, “ Ийм зүйл ярьж байлаа ” гэхэд,

“ Хуврагууд аа, Махаамоггаллааны үхэл энэ төрөлд нь зохицохгүй ч гэсэн урьдын хийсэн үйлийн үрийнхээ дагуу үхлийг олсон билээ ” хэмээн айлдахад,

“ Эрхэм дээдэс ээ, тэр ямар үйл хийсэн юм бэ? ” хэмээн асуухад дэлгэрэнгүй хариулан ахуйдаа,

“ Эрт дээр үед Ваараанааси хотод амьдрагч нэгэн хөвгүүн өөрийн гараар

идээ будаа тэргүүтнийг хийж эцэг эхээ асрах ажээ. Эцэг эх нь,

“ Хүү минь, чи ганцаараа гэрт ч тэр, ойд ч тэр ажил хийж ядарч байна. Чамд эхнэр авч өгье ” гэхэд,

“ Үгүй ээ. Надад тийм зүйл хэрэггүй. Та хоёр хэдий хүртэл амьд байна,

тэр болтол би өөрийн гараар асрах болно ” хэмээн эс зөвшөөрсөнд, тэд дахин дахин гуйсаар нэгэн хүүхэн авчирчээ. Тэр хүүхэн хэдэн өдөр эцэг эхэд нь үйлчилснийхээ дараа тэднийг харахыг ч эс хүсэн,

“ Би эцэг эхтэй чинь хамт амьдарч чадахгүй ” гэхэд үгийг нь эс тоосонд

залууг эзгүй үед хог новш, идээ будаа тэргүүтнийг энд тэнд асгажээ. Нөхөр нь  гэртээ ирээд,

“ Энэ юу болов? ” хэмээн асуухад,

“ Энэ сохор хөгшчүүл өдрийн турш гэр бузарлаад байх юм. Би тэд нартай

хамт амьдарч чадахгүй ” хэмээв. Ийнхүү түүнийг дахин дахин үглэхэд эцэг эхийгээ асрагч ийм сайн хөвгүүн ч төөрөлджээ. Тэрээр,

“ Тэднийг яасан нь дээр вэ? ” хэмээн эргэцүүлж,

“Аав, ээж ээ. Тэр нэгэн газарт төрөл садны нэгэн хүн та нартай уулзахыг

хүсэж байна. Тийш одъё ” хэмээн тэднийг тэргэнд суулган авч явсаар ойн дунд очих үедээ,

“ Тэрэгний жолоог баригтүн! Энэ үхэр жолооны зангаагаар яваад байх

болно. Энэ газар дээрэмчид их. Би буугаад сэргийлье ” гээд эцгийнхээ гарт тэрэгний жолоог өгч буугаад хэсэг явж байснаа хоолойгоо өөрчлөн дээрэмчид мэт дуу авиа гаргажээ. Эцэг эх нь тэр дууг сонсоод дээрэмчид ирж байна хэмээн ойлгоод,

“ Бид хөгшин хүмүүс. Чи өөрийгөө бод ” хэмээн хүүдээ хэлжээ. Эцэг эх нь

ийн өгүүлэхэд хүү нь дээрэмчид мэт дуу гаргасаар эцэг эхийгээ зодсоор алаад ойд орхин оджээ. Бурхан ийнхүү Тхерагийн хийсэн урьдын үйлийг айлдаад, “ Хуврагууд минь, Махаамоггаллаана энэ нүгэлт үйлийг үйлдээд олон мянган жилийн турш тамд зовж шаналаад тэр үйлийн үрийнхээ үлдэгдлийн хүчээр өнгөрсөн зуун төрөлдөө энэ мэтээр зодуулж үхэж ирсэн билээ. Ийнхүү Махаамоггаллаана өөрийн хийсэн үйлийнхээ үрийн дагуу үхэх боллоо. Эдгээр таван зуун хулгайч, таван зуун нүцгэн хувраг миний гэмгүй шавьд нүгэлт сэтгэлийг үүсгэн ийм зүйл хийснийхээ үр дүнд түүндээ тохирсон үхлийг оллоо.

Гэмгүй хүнд гэм бурууг тохвоос эдгээр арван зовлонгийн аль нэгийг заавал хүртэх болой ” хэмээн айлдаад холбоосыг тайлж ном айлдан ахуйдаа дараах сургаал шүлгийг зарлиг болжээ:

 “ Гэм зэмгүйг буруутган шийтгэгч

Гэсхээгдэх ёсгүйг зовоон шаналгагч бээр

Дараахь арван зовлонгийн аль нэгд

Даруй түргэн үтэр унах бөлгөө ”

 “ Бэрх хатууг мэдрэх, эд баялаг доройтох

Биеийн гишүүн хэсэгчлэн таслагдах ба

Алив хэцүүгээр өвдөх, сэтгэл хямрах

Аль нэгэн гамшгийг заавал хүртэх авай ”

 “Мөн хаанаас шийтгэл хүлээх ба

Магад ихэд муушаагдах хийгээд

Элгэн садан нь огоот барагдаж

Эд баялаг нь машид устмуй ”

 “ Түүнчлэн орон гэр сэлт нь

Түймрийн галд өртөн шатаж

Муу ухаант биеэ орхихдоо

Магад тамд унах болмуй ” хэмээн бурханы номыг тэр хоёр хүн өнөөх цаазын ялаар шийтгүүлж үхсэн ч тэнгэрийн оронд төрсөн хүн зэрэг нэгэн хоолойгоор өгүүлэхэд тэрээр гайхангуй боловч тайван харцаар тэр хоёр эрхмүүдийн өөдөөс хараад

-Тэхээр би тэнгэрийн оронд төрсөн юм биз дээ. Харин одоо цаашид би юу хийх билээ мөн та хоёр ямар учиртай хүмүүс вэ эс бөгөөс тэнгэр бурхад уу? хэмээн асуулаа.

Тэр хоёр түүний өмнөөс хараад;

-Тиймээ та урдын үйлдсэн сайн үйлийн үрээр тушита тэнгэрийн оронд төржээ. Та энд ерөн дөрвөн сая жил жаргалтай дэлгэр амьдрах юм. Гэхдээ одоохондоо бол та дорошг ширтэж газрын хүмүүсийн явдлыг эхлээд харах болно. Үй олон үлийн цагаан огтоно алах хавх хийсэн нүглийн үрээр хүн алдаг хүн болж төрөөд өнөө ч хүн алсаар яваа нэгэн удахгүй төрөл арилжих бөгөөд мөн тэр гэрт хамт амьдрах эмгэнээ үхсэн гэж ярьж буй хүн бол би бөлгөө.

Харин миний дэргэд буй энэ зохиолч хүмүүн түм буман төрөлдөө зохиол бичиг бичиж явсны авьяасаар ийм тэнгэрийн оронд зүүд нойрондоо зорчигч бөгөөд энэ бүх түүх бас энэ хүнтэй холбоотой тул нягтлан шинжиж буй нь энэ билээ. Энэ хорвоо замбуулинд байх түм буман хүмүүс бүгд хоорондоо шүтэн барилдлагатай учир ганцаар ямар ч үйлийг хийх нь үгүйн учраа бид хоёр хамтдаа тантай хамт доод ертөнцийг ажиглан харах эхний ажилтай тул тантай уулзан учирч зам мөрийг тань зааж буй нь энэ билээ. Та бурхан багшийн хоёр их шавийн хөрөг дүрсийг олонтой харсан буй за. Гэгээрэлд хүрсэн бурханы тэргүүн хоёр шавийн нэгэн ч гэсэн урд насандаа үйлдсэн үйлийн үрээр бүх ясаа бяцлуулан төрөл арилжаад бурханы өмнө шидээрээ нисэн ирж өөрийгөө чандарласан энэ түүх таныг урдийн буянтай нэгэн гэдгийг ойлгуулах гэж бурханы зарлигаар бид хамтдаа өгүүлсэн нь энэ буюу хэмээн хэллээ.

-Бурхан тэгээд хаана байна вэ? Би хэрвээ бурханы оронд ирсэн юм бол түүнийг харж болох уу хэмээн цаазаар авхуулсан нэгэн хариу асуулаа.

-Бурхан гэдэг нирваанд залран буй бөлгөө.

-Нирваан гэж юуг хэлнэ вэ? Би тэнд очиж бурхантай учран золгох хувьтай болов уу хэмээн өнөөх цаазлагдсан хүн асуув.

-Нирваан гэдэг хаа сайгүй оршихыг хэлнэ. Газарт ч тэнгэрт ч энэ хорвоо ертөнцийн хаа сайгүй бурханы лагшин оршмой. Одоо ч таны хажууд мөн тэртээ доор нэгнээ оршуулах гэж цугларагсадын ч дэргэд, нэгнээ хөнөөх гэж яваа улсын ч хажууд тэр ч бүү хэл үхэж төрөл арилжаад тамд очсон хүмүүний ч хажууд байдаг тийм өргөн дэлгэр биегүй биет болсныг нирваан хэмээдэг бөлгөө гэж хэлээд гэнэт ор сураггүй алга болчихлоо.