Ерөнхий сайд огцорсон болохоос Засгийн газар огцроогүй. Ингэж бодсон, бухимдсан сайдууд мэр сэр байгаа бөгөөд дахин томилогдохоор “нурсан гэрийнхээ буйрыг самардан сүсэглэж байна. Бас бодууштай. Танхимын зарчмыг ойлгож байна. Гэхдээ! Түүхэндээ анх удаа Засгийн газар нь үйл ажиллагаа нь доголдсон, улс орны эрх ашигт сөрөг нөлөөтэй буруу шийдвэр гаргаагүй. Харин “Ерөнхий сайд нь орлогоо нотолж чадаагүй тансаглалын улмаас” гэх шалтгаанаар энэ Засгийн газар огцорлоо. Мэдээж Ерөнхий сайд намынхаа Бага хурлын шийдвэр болон  УИХ түүнд итгэл үзүүлээгүй учраас огцорсон. Үүнийг гарсан албан бичиг, сачгуудын үг, үсгүүдээс эргэн нэг хараарай. Тэгэхээр “Ерөнхий сайд огцорсон болохоос Засгийн газар огцроогүй” гэх тэдний ундууцал ч бас үнэний ортой л байгаа юм.

Засгийн газрын сайд бүхэн сайн ажилласан гэхгүй. Бүгд л алдаатай, оноотой, маш их хичээж зүтгэсэн. Гэхдээ хэн нь ч огцруулахаас аргагүй ноцтой гэм буруугийн үйлдэл гаргаагүй. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар жигд, хэвийн ажиллаж байсан. Гэтэл яагаад огцров?

Яс яргитал үнэнийг хэлье. Ордны хуйвалдаан бол байсан шүү! Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үгэнд дурдагдсан урд хөршид явах бүрт нь араар нь хутган үймүүлээд байсан нь үнэн. Хэн? АН, МАН-ын хүндэтгэх шалтгаантай болон хүндэтгэх шалтгаангүйгээр үлдсэн сайд нар дараагийн Засгийн газрын тухай салфетькан дээр зураад, коньяк тулгаад сууж байсан нь үнэн. Тэдний цаадах “Распутин” ч эгзэгтэй мөчид гарч ирж зандрахдаа үүнийг нотолсон.

Яагаад Ц.Элбэгдоржийн Тамгын газрын дарга асан П.Цагаан төрийн ордноор зочилж, Ч.Сайханбилэг Монголоо зорин догдолж, бүлэглэлийн нууц ноёд С.Баярцогт, Д.Бат-Эрдэнэ нарын “бүслэлтэд” өнөөгийн Ерөнхийлөгч ажиллаж байна. Товчхондоо “Ухаа худагийнхан” яллаа. Ялахдаа улсынхаа хөгжлөөр оролдож, улс орны аж амьдралыг гацааж ялав.

Монголын өрх бүрт биш юмаа гэхэд удам бүрт төрийн албан хаагч ядаж нэг бий. Тэд ч гэсэн ингэж бодож л байгаа. Монгол төрийн төлөө зүтгэж төсвөөс цалин авч байгаа албан хаагчид бүгдээрээ Монголын дайсан байдаггүй юм. Төр төвшин байгаасай, алдаж асгалгүй, үнэнч зүтгэчих юмсан гэж бодож зүтгэдэг. Найман жилийн дараа төрд зүтгэх боломж гарч, хамтарсан Засгийн газарт зүтгээд, ойрын жилүүдэд хийх ажлаа төлөвлөөд зүтгэж байтал Ардчилсан нам маань Засгийн газраас гарчихлаа, маш харамсалтай байна гэж ярьж байгаа залуус ч олон таарлаа.

Ямар нэг ашиг хонжоо харалгүйгээр, зөвхөн Засгийн газрын бодлогын төлөө зүтгэсэн Ардчилсан намаас илгээгдсэн сайд нар, агентлаг, газруудад ажилласан албан хаагч нар үнэхээр сэтгэл хөдлөм, бас шимшрэм харагдаагүй гэж үү? Гэвч энэ бол улс төр.

Нэгэнт өнөөх “галт тэрэг” гэгч нь хөдөлсөн. Ерөнхий сайд нь “явж”, 14 мега төсөл үлдсэн. Үлдэх нь байтугай хамгийн эхнийх нь барилгын ажил эхэлж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань баяр догдлол дүүрэн үгээ хэлж, дуустал нь хэрэгжинэ гэдэгт итгэж найдаж байгаагаа хэлэхэд хүний хүнээс дор сэтгэцгээж, улс төрд улайрч байгаадаа үнэхээр гутмаар санагдсан.

Үнэндээ өдөр тутмын амьдралд хэн нэгэн Ерөнхий сайдын нөлөө хэр билээ дээ. Иргэн, өрх, ААН болгон дор бүрнээ хичээж, төрийн зохицуулалтыг гүйцэтгэх засаглал хийж, хууль тогтоогчид эрх зүйн тогтолцоог зөвтгөж сайжруулах нь л чухал болохоос “алтан цээжтэй, мөнгөн бөгстэй” Ерөнхий сайд томилсон ч амьдралыг орвонгоор нь эргүүлж, тулгамдсан асуудлыг өдөрт нь шийдэж, хөгжлийг үсэргэдэггүйг бид мэднэ. Гэтэл эдгээр албан тушаалын төлөө, өчүүхэн ашиг сонирхлын төлөө харыг цагаан, цагааныг хар болгож их мөнгөний хүч үйлчлэхийг харлаа. Тийм биш бол “Орлогоо нотол” гээд нотлон нотолтол жагсаж л байх байсан шүү дээ. Огцорно гэнгүүт тарчихсан биз дээ. Ийм л юм.

Цаашид яах вэ? 14 мега төсөл бол тоглоом биш, реалити шоу ч биш. Энэ бол Монгол Улсын Их Хурлаас баталсан, хөгжлийн зорилтыг тодорхойлсон хууль, тогтоомжууд. Үүнээс ухарсан, цуцалсан гэж дэлхийг тойрон айлчилж яриад, мэдээ шидээд суух боломжгүй. Дэлхийн шившиг. Тиймээс хэрэгжүүлж таарна. Хэн хэрэгжүүлэх вэ?

Жишээ нь, Ерөнхий сайд орныхоо хүнээр Сангийн сайд Б.Жавхлангийн нэрийг санал болгоно. Энэ хүн л бүх мега төслөө мэдэж байгаа зохицуулаад, хэрэгжүүлж дуусгах чадвар, мэдээлэлтэй гэж намын нөхөд дундаа хэлсэн гэдэг.  Үнэн эсэхийг мэдэхгүй. Нотлох эсвэл няцаах хүн олдсонгүй. Магадгүй. Тэр чадна. Гэхдээ логик бол арай өөрөөр заагаад байгаа юм. УИХ дээр Ерөнхий сайдаар танилцуулагдах Г.Занданшатартай хамгийн ойр сайд тэр мөн учраас үлдэж мэднэ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан. МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайд хэнээр солигдох нь ч мэдэгдээгүй байх мөчид БНХАУ-ын талын компанитай хил холболтын төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ мөчөөс 14 мега төслийн анхных нь хэрэгжиж эхэллээ. УИХ-аар батлагдвал Г.Занданшатарын Засгийн газрын цаг тоолол энэ төслөөс эхэлнэ.

Ер нь анзаарваас “Женкочдын талын” сайд нарыг одоо байгуулагдах Засгийн газраас шахаж гаргах гэж л энэ бүхнийг эхлүүлсэн гэх боловч хамгийн дээд оройд нь “Женкочид” заларсан нь гайхмаар. Тэдний нэрлэсэн “Женкочид” нь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар бололтой. Мөн “Херо” Б.Баатар, А.Амундра нарыг эгээ л сайдын дайтай жигшээж буй.

Ер нь “АН-ын 42 чинь ажил хийхэд бэлэн хүлээж байгаа шүү” гэсэн Г.Туваан сайдын үг бол төрийн хүний үг төдийгүй сая огцорсон бүх сайдын байр суурь ийм байгаагаа ичээд хэлж чадахгүй байгаа нь үнэн шүү дээ. Тэгээд ч найман жил ажилгүй суучихсан АН-ынхан хамтарсан Засгийн газарт ажил хийе, ирэх сонгуульд хийсэн ажил, хэлэх үгтэй очъё л гэсэн. Шоолох, ичих зүйл байхгүй шүү дээ. Засгаа нураахад дэм болох гэсэндээ “АН дараагийн Засгийн газарт ч орж ажиллахгүй” гэж Л.Гантөмөр хэлсэн боловч тэр бол түүний л шарваач үг болохоос АН-ын байр суурь биш. Харин ч тун эвгүй баг орж ирэхээр яриа хэлбэл явагдаж буй бололтой.