Электорат
Хууль үйлчилдэггүй, дархан цаазтай ноёлох оргилд том луйвар хулгай дийлдэшгүй хүчирхэгжив. Хууль надад үйлчлэхгүй болчихвол би яах бол? Та яах бол?
Хэрхвэл олонд таалагдах вэ гэв үү? Үүн шиг хялбар асуулт Монголд байхгүй. Шинээр улстөрд хүчээ сорье гэж буй бол сонс. Газрын баялгийг гадны дээрэмчид зөөгөөд дууслаа гэж орил. Хятадууд мах хуу хамчаад 60 сая малтай монголчууд өлсөж үхлээ гээд уйл. Оюу толгойнхоо төлөө ингээд үхье гээд цэнхэр дэлгэцээр өөрийгөө С.Эрдэнэ шиг шатаа. Бензин аюултай, унтраах дагуул багаа хажуудаа сайн бэлтгэхгүй бол үнс болно шүү. Зулын гол сонгуульд өрсөлдвөл ялалт бат. Аагим наранд халууцуулсан урт халимгаа С.Жавхлан шиг жанжны талбайд хусвал УИХ-ын гишүүний үнэмлэх халаасанд гэж мэд. Төмөр хас сахиусаар гангараад хөх толбот босоо “Монгол ялна” гэж хашгираад цамна. Дэвхэрч цовхор. Цээжээ балба. Амаараа улаан хөөс цахруулаад бөөл. Онгодоо дууд. Галзуур. Солиорох тусам хөгжөөн дэмжигч-сонгогчид хуйлраад орж ирнэ. Асар их эрчим хүч гаргасандаа муурч уна. Нэг мэдэхэд чинь масс уухай хашгиран чамайг өөд нь шидэж байх болно. Өөрөөр хэлбэл чи олонд таалагдаж буй нь тэр. Хүн амаа байлдан дагуулах галзуурлын оргил бол гишүүнээр сонгогдох. Оргилд заларсан чамд ямар ч хууль үйлчлэхгүй. Галзуурлын шүншиг энэ. Хууль мөрдөхдөө залхуурдаг монгол хуульгүй амьдрахыг жаргал гэдэг. Ийм залхагт тэвчээр алдагсад “Электорат” хөдөлгөөн үүсгэв.
Хууль хүрэхгүй оргилд хөл тавьж гэмээнэ газрын баялгийг яасан ч дур. Нэгэнт чамд хууль хүрч үйлчлэхгүй юм чинь. Хуульгүй гишүүн 4 жилд юу амжуулах вэ? Мега төсөл, солонгоруулах, ядуурал, үнэ ханш гэж өдөр өнгөрөөх нь мэдээж. Тансаглах мөнгө аминых бус татварынх. Гэхдээ хутаг тавилгүй мах идээд, хундага тавилгүй дарс зооглоод хэвтэх эрсдэлтэй. Оргилд залрах хугацаатай учраас хувиа борлуулах овсгоогоо нойргүй дайчил. Насаараа тансаглахад гарын ая даах бэл хураахгүй аваас ноёлох оргилд авирсны утга юу билээ. Иймхэн өгөгдөлд төр түмний төлөө тархиа ядраах тэнэглэл. Хөгжлийн загвар судалж барагдахгүй. Бөөн ядаргаа. Өөртөө хайргүй хүн үгүйтэй адил эх орон ард олондоо хайртай хүн яг үнэндээ байхгүй. Оргилд арай гэж гарсных баяжаад буух хувийн ашиг сонирхол улсын хөгжлөөс үнэтэй нь бодит үнэн. “Бодит үнэн энэ биш, бодит үнэн-эрх баригчдын эх оронч сэтгэл” гэж над руу давшлахыг мэдэж байна. Гэхдээ “сүүлийнх худал, түрүүчийнх үнэн” гэдэг үгнээсээ би үхсэн ч буцахгүй. Юу ч бүтээхгүй ч өөрөө баяжих улс төр бол хоосон хэрүүл. Хоосон хэрүүл ажил хийж буй мэт харагдах нь олзуурхам. Хоосон хэрүүлд үнэн байдаггүй. Байхгүйг тогтоох дүрээр ард түмэнд таалагдахын тулд бүлэглэлүүд уралцдаг. Хоосон хэрүүлийн хөшигний цаана хувиа борлуулах сиймхий тэлдэгт энэ улс төржилтийн үнэ цэнэ оршдог. Их усны түвшин мэт чимээгүй дээшилсээр хоолойд тулж ирсэн бузар булайг нийтийн гэгээрлээс өөр юу ч гэтлэхгүй нь танигдлаа. Гэгээрцгээе. Оргил нь ялзарсан Монголд сонгогч олноо сэнхрүүлэх хөдөлгөөн чухал болов.
Мөлхөө амьдралаа эрх баригчид заавраараа чөдөрлөдөг. Хувийн бизнес чөдөргүй, өөрөөр хэлбэл, төр засгийн оролцоогүй мөрөөрөө мөлхвөл урагш ахина. Гэхдээ нэг юмыг мэд. Улс төрч хүнд ахих чухал бус рейтинг чухал. Баялаг бүтээх ордлогуудыг гацаадаг попууд хууль хүрдэггүй оргилын оройд залрагчдын хулгай луйвартай хэтэвч нэгтэй хамууд байдаг. Хоосон хэрүүл оргилд залрагч нарт хулгай луйвраа дүйвээлэх өргөн боломж олгодог. Хоосныг нотолж болохгүй. Тиймээс алимгүй маргаан нийгмийг улам сульдуулж, хоосныг хөөсөн хуулийнхан цаг хүч хөрөнгөө дэмий үрдэг. Мега төслийн ТЭЗҮ боловсруулах гавалгүй Төр Засаг барилаа, хорилоо, даалтад гаргалаа, прокурорт буцаалаа, прокурор буцаалаа, шүүх хурал хойшиллоо гэх нь хялбар агаад их ажилд дарагдсан мэт харагдана.
Зугаацдаг хэрүүлийн нэгийг сонирхъё: Хүүхдийн “Найрамдал” зуслан 5220 га газартайгаас 1200 га-тай үлджээ. 5220-1200=4020 га-гаа хулгайд алдсан Ерөнхий сайд төрийн төмөр нударгаараа ухамсрын шанаа өгөхөөр сүржигнэв. Шударга бусын эсрэг амиа өгөх У.Хүрэлсүх сэлмээ эргүүлэн багачуудынхаа төлөө дайлаар мордож, хулгайчдын булаан эзэлсэн газарт гангарсан бүх хаусыг үнсэн товрого болгох нь буруу бус агаад харин ч хаадынхаа омгийг сэргээх бахархал билээ. 3-4 хуудас нэрс Л.Оюун-Эрдэнэ сайдаар хянагдаад Ерөнхий сайдад очих ёстой. 100 орчим нэрс хэвлэл мэдээллээр цацагдаж бөөн хэрүүл тарив. “Сэлэм гялс толгой бөндгөс” гэхийг махны үнэ өссөнд өширхсөн нийслэлчүүд харах гэж хорхойсоод “бушуу сэлэмдээч” гэж яарав. “Найрамдал”-ын газраас хуссан нэрсийн жагсаалтад орсон УИХ-ын (шударгаараа цууд гарч яваа) Ж.Батзандан гишүүн “Хэрэв бидний нэр дээр газар байгаа нь тогтоогвол сэтгүүлч, иргэдэд үнэ төлбөргүй өгье. Гэрчилгээг нь аваад ир” гэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ж.Батзандан гишүүн хоёрын хэнийх нь үнэн бол? Л.Оюун-Эрдэнэ сайдаар дамжсан нэрс будилаан хутгав уу? Хойд Солонгос, Ираны цөмийн байгууламж биш алгын чинээ газарт барьсан хэдэн амбарын эздийг мадаггүй тогтоосон байлтай. Л.Оюун-Эрдэнэ сайд чинь ард түмний захиалгат шударга хүү шүү дээ. Ерөнхий сайд нэрсийн жагсаалтад үнэмшсэн учраас журмын анд Ж.Батзандан гишүүнээсээ хүртэл газраа эргүүлж авах, хаусыг нь нураах эрс шийдэмгий мэдэгдэл хийсэн байж таарна. У.Хүрэлсүхэд нэн ойр, хамгийн итгэлтэй шадар туслагч нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Бид Увсаас шилжиж ирээд л амьдарч байгаа хүмүүс. Тэр газрыг Улаанбаатар хотод амьдарч байсан хүмүүс л авсан байлгүй дээ” гэх увс маягийн няцаалт өглөө. Б.Бат-Эрдэнэ гишүүн “Намайг 1,5 га газар эзэмшдэг гэжээ. Би “Найрамдал”-д газаргүй. Газрын албанаас лавлагаа авч баримтаар үзүүлсэн ч болно. Харин Хандгайтын аманд 0,7 га зуслангийн газар л байдаг” гэж. Энэ хэрүүл дуусахгүй. Үнэн тодрох ч үгүй. Ядуу хүн амаа мангарттал төөрөгдүүлэх Засалалын зугаа.
Хамар дорх ийм илэрхий юмны учрыг олохгүйдээ мулгуутаж будилаагүй. Хүүхдийн төлөө эрх баригчдын санна зовоогүй. Гагцхүү булхайгаар ч атугай өрсөлдөгчөө хорлох бохир тэмцлийн нэг. Сонгууль угтаж харлуулах жүжгүүд идэвхжилээ гэж ойлго. Уг нь нийслэлийн хаяан дахь “Найрамдал”-д засмал замаар давхиж очоод хулгайд алдсан 4020 га газрыг хэн хэн авсныг тогтооход түвэггүй. МАН засагласан 4 жилдээ иймэрхүү хэрүүл дагнав. Амласан мега төслүүд хөдлөх өнгөрсөн. Хуумгай шалдир тооцоотой нефть үйлдвэр бүтээсэй гэж залбаръя.
Эрдэнэтийн 49 хувийг хулгайн мөнгөөр авсан гэх зарга үүсгээд, нотолж чадахгүй, хууль өөрчлөх хэрүүлээр заваарч нийгмийг талцуулсан. Ц.Нямдорж 4 жил хамаг хүчээ зөвхөн үүнд дайчилж араар нь гэмт хэрэг гаарсан. Зохиомол сэрдлэгээ нотолж дөнгөлгүй Шүүх, Прокурор, АТГ-ын удирдлагыг хууль бусаар сольсныг буруутгасан НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн захидалд юу гэж хариулах бол?! НҮБ-ыг айлгах хоншоор Ц.Нямдоржид эрхбиш дутах байгаа. НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл “МАНАН”-гийн таглааг авч шидэхтэй ч адилгүй дээ. Таван эх оронч гээд байгаа биз. Өвөлжин үймүүлчихээд бүтээсэн баялаг илрүүлсэн хулгай чинь хаана байна? Хуучин “МАНАН”-гийн мөрөөр шинэ “МАНАН” гацав уу. “МАНАН”-гийн таглааг авбал харанхуй траншейны таглааг авсан мэт нар мандана гэж та тав маньд ойлгуулсан. Төрд шинэ залуус чухал боллоо. Гэхдээ та хэд биш. Яагаад?
Та тавын цуурхал дэгдээх дэндсэн. Худал цуугаа та нар ганц нэг хүний чихэнд шивэгнээгүй телевизийн дэлгэцээр гурван сая хүн амд зарласан. Гүтгэлэг чинь цэнхэр дэлгэцээр түмний нүдэн дээр баригдахад та хэд ичээгүй. Зоригтой галладаг эх орончид шүү. Улстөрч эрхэмд худал ярих гал ус шиг харш. УИХ-ын дарга М.Энхболд чуулганаа хаяад зугтчихлаа. Түүнийг олоход ард түмэн минь туслаач гэх түгшүүр цэнхэр дэлгэцээр сонордуулахад цочирдохгүй хэн байх билээ. Нөгөө М.Энхболд нь байнгын хороо, ёс зүйн дэд хорооны хурал хүлээгээд сууж байв. Л.Оюун-Эрдэнэ “Хуулийнхан М.Энхболдыг хамгаалахаар УИХ-ын гишүүдийн гэр бүлийнхнийг баривчилж, гишүүдийг дуудаж, хэрэгт холбогдуулна гэж заналхийлж эхлэв” гэж олон нийтийг хямруулаад үнэн худлыг тайлалгүй хаясан. Т.Аюурсайхан гар утсаараа чуулганы танхимыг “Парламент” сувгаар харуулаад “Мафын загалмайлсан эцэгболох нь үнэн байна. Батлагдлаа. Тэр оргочихлоо” гэж шөнөжин дамжуулсан. Завсар чөлөөгөөр нь “Парламент” суваг М.Энхболд байнгын хорооны хуралд сууж байна гэж үе үе тодотгоод үзэгчдийг зөрүүтэй мэдээллээр баахан даажигнасан. М.Энхболдыг өмөөрсөнгүй. Худалч удирдагчид шившиг гэдгийг нийгэм ухаарахгүй байгаад эмзэглэсэндээ бичив. Т.Аюурсайхан 4-5 машин ноцтой баримт хуулийнхан устгаж гэмт хэргээ балласан гэж залсан ч чимээ алдарсан. Мэдээж худал учраас сэм орхио. Ийм ойрхон “буудаж” нэрээ хорлох хэрэг юу билээ. Худалч улстөрчдийг үзэн ядах нийгэм айсуй. Удахгүй морилоно. Гүтгэлгээрээ зон олноо доромжилсон этгээдүүдийг Төр Засаг хоймроо залж ёс зүй бузарласанд зөнөг өвгөний нойр хулжив. Ард түмнээ басамжилсан гүжирдлэгээр улстөр хийвэл шигшдэг иргэд үржээсэй. Т.Аюурсайхан Монгол банкны 2012-2016 оны үйл ажиллагааг шалгахдаа жилийн дараа буюу 2017 онд Эрднэсийн сангийн захирал болсон П.Эрдэнэтуяаг үнэт эрдэнэ хулгайлж хадам ах Ц.Элбэгдорждоо зөөгөөд, түүнийгээ нууцын зэрэглэлд оруулжээ гэж олонтаа ярьж, фейсбүүктээ шэйрлэв. Экс Ерөнхийлөгчийн хулгайтай тэмцэхээр шийдсэн иргэддээ эрхэм гишүүн Т.Аюурсайхан одоо болтол мэдэгдлээ баталсангүй. Албан ёсоор мэдэгдсэн үгээ орхих гүжирдсэний нотолгоо бөгөөд ард түмнээ доромжилж буй гэмт хэрэг мөн. Доромжлуулаад мангартаж суух маньд гутамшигтай агаад хулгайч худалчдыг зусардаж тэнэгтэх, бүтэн ухаанд ярвигтай ажээ. Энэ бүх оргүй гүтгэлгийнхээ үр дүнд Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан нар дэвшсэн. Гүтгэлэг Төр Засагт ийнхүү үнэт зүйл болсныг ёс зүй ухуулдаг зохиолч тэвчилгүй бичлээ. Овилгогүй боловсролгүй та хэдийг масс уухайлан өргөмжлөх нь Баабарын бичсэнээр ёроол руугаа унаж буй аж. Цус харавмаар эмзэглүүлэх юм. Би бол юу ч биш. Харин ёс зүй бол цэнэг нь барагдашгүй мөнхийн хөтлөгч луужин шүү таван балиус аа.
Манангийн таглааг авч хаях хамгийн аюултай торгон мөч ирлээ. Ард түмээн, одоо нүдээ хором ч анилгүй сонор сэрэмжээ өндөрсөг гэж сүржигнэсэн ч нөгөө дайсан нь зөвхөн өөрт нь зориулж шинээр зохиосон хууль дэгээр захих үгээ хэлээд томоотой огцров. Анхааруулаад байсан дайн дажин зодоон нүдээн гарсангүй. Оюун-Эрдэнэ “Зэс” корпораци Эрдэнэтийн 49 хувийг Сингапурт худалдсан нь үнэн байна гэхэд Ж.Батзандан “Зэс”-ийн удирдлага шөнө дундуур М.Энхболдтой нууцаар уулзсан нь туйлын үнэн гэж үймүүллээ. Худал хэлэхэд байтугай хувьсгал хийхэд ч хуульгүй гэж Батзандан онолдов. Жагсагчдыг цус урсган дарах 200 алуурч Ж.Мөнхбат гишүүн бэлтчихээд байна гэж Л.Болд гишүүн зарласнаа төдөлгүй ташаа мэдээ цацсандаа уучлалт гуйв. Мөнхбат 30 тэрбумыг идсэн гэсэндээ Болдоос өршөөл хүслээ. Тэгснээ хоёул уучлалт гуйхгүй 200 алуурч, 30 тэрбум яг үнэн гээд дахин уралцав. Хүлцэнгүй дорой иргэдээ мөн ч гомдмоор даапаалсан даа. Өнгөрснийг яагаад бичив гэвэл та хэдийн хуулиа нулимах, гүжирдэх бузрыг Төрд ойртууламгүй байна. Ёс журам, суурь боловсролтой залуус Төр Засагт манлайлтал бичнэ. Тиймээс би Электорат хөдөлгөөнийг дэмжиж буй. Өөрийгөө тагнасан нь нотлогдоод, болхи гүжирдлэгүүд нь алхам тутамдаа илрээд, 950 саяас дээш авилгадсан жидүүчид баригдавч тэднийг өргөмжлөөд байдаг масст Электорат хөдөлгөөнийг дэмжигч өвгөн үгээ хэлнэ. Ятгаж тулгахгүй.
Үнэн мөнийг тогтоох барианы зураагүй МАН доторх хэрүүл 4 жил ингэж цаг, хүч, хөрөнгө сүйтгэлээ. Оюу толгойн хэрүүлийг хар. Энэ бол улс төрийн хожоо, мөн хувийнхаа үнэлгээг өсгөх хэрүүл. Газрын гүн дэх нүсэр бүтээн байгуулалтыг урьдчилан таамаглаж хийсэн гэрээнд явцын дунд засах заалт илрэх ердийн амьдрал. Бурхан бус болохоор дутуу төсөөлсөн юм гарна. Эдийн засгийн алуурч, юу юу гэнэ вэ,хөөж туухаар заналхийв. Оюу толгойг ой гутам зүхвэл хөгжөөн дэмжигчид давалгаална гэдгийг эрх баригчид тооцдог. Рио Тинтог хөөж чадахгүйгээ тэд мэднэ. Хөөвөл эдийн засаг сүйрнэ гэдгээ ч андахгүй. Гагцхүү дундаас нь хувийн рейтингийн хожоо хайдаг. Гэрээ хийсэн нөхдөө устгах хүсэл дүүрэн ч шоронд хориод яллах шалтгаан ололгүй арга буюу даалтаар гаргасандаа шээс нь дуслаад, багтарч үхэх гэж буй бүлэглэл олонд танигдсан. Хүлээцтэй хүлцэнгүй нийгэм одоохондоо тэдний нэрсийг цохоогүйд өөрийн залийг харанхуй иргэд мэдрэхгүй байна гэж онгирч тэнэгтэнэ. Америкийн тагнуул, ардын дайсан гэх улс төрийн ялаар цаазладаг сан бол өдийд хэдэн хүн буудуулсан шүү. Хэн хэн буудуулах нь тааж цөхөлтгүй. Хэн хэн буудах санаа зүтгүүлэх нь ч оноож ядалтгүй. Буудах хууль алга. Буудах хүмүүс бол бэлэн. Алхам тутамдаа ярилцаж, зөвшилцөж, мэтгэлцэж зөвийг олж хөгждөг болохоос монгол хүн Н.Алтанхуяг шиг андуудтайгаа дайсагналцдаггүй. Ертөнц эргэж буй цагт бэрхшээл үүсэх нь жирийн үзэгдэл. Үүссэн бэрхшээлийг оновчтой мэргэн аргаар хямд давахыг хичээдэг лобби дайсагналцал болж даймжрав. Ялбал Төр Засгийн сэнтийд мөнхөрч насан турш ноёлох нисваанис хөгшин залуу хэдэн бэртэгчинд шүгэлжээ. Ийм шуналыг урлаг утга зохиолд хүн төрөлхтөн мөн ч их жигшүүлсэн дээ уг нь.
“Найрамдал” зуслангийн маргааны тухайд гэвэл “Тоншуул”-ын сурвалжлагч асан тэтгэврийн өвгөн намайг явуулсан ч би газрын алба хариуцсан хүн дагаж очоод 4020 га-д хэдэн хаус хэн хэн барьсныг бүртгээд ирж дөнгөнө. Тэтгэвэр минь хоногийн хоолонд мөчиг тачиг хүрдэг тул би хөлс шан нэхэхгүй. Тэр ч байтугай “Найрамдал” явж бензин шатаалгүй хотын захиргаанд очоод хулгайлагдсан 4020 га хэн хэний өмч болоо вэ гэдгийг цагаан дээр хараар бичсэн баримтаас уншчихна. Хэрүүл манаргах хэрэг байх шиг. Тайлагдашгүй гүн хуйвалдаанд нэвтэрч чадаагүй зөнөг толгой бурав гэж надад томрох нэг нь томорч жүжиглэнэ. Өчүүхэн амьтад.
Он дамнаж толгой эргүүлсэн бас нэг зарга: УИХ-ын гишүүн Л.Энхболд “Тавантолгой” компаний удирдлагад өөрийн хүмүүсийг тавьж, улс төржих санхүүжилтээ босгохоор тус компанийг 288 мянган тонн нүүрсний хулгайд сэрдэж, олон яам, мэргэжлийн хяналт, хуулийнхны нүсэр ажлын хэсгээр шалгуулж, нүүрс олборлолтыг хэдэн сар зогсоосон авч нүүрсний хулгай нотлогдоогүй. Харин жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан 3-хан хувь хүүтэй сангаас Л.Энхболд бүтэн хагас тэрбумийг зээлж өрөө дараад, он дамнасан хэрүүлээрээ сонгогч-говьчуудаа 80 тэрбумын алдагдалд унагасан нь сонгуульт 4 жилдээ чамлахааргүй гай хөө тарьжээ. Нөгөө тав ч ижил байхыг үгүйсгэхгүй. Тэднийг сэм дагаад явсан Б.Энх-Амгалан сайдаар шагнуулсан. Л.Энхболд гишүүн сайд бүү хэл яллагдагчаар татагдах шив. Эцэст нь хэлэхэд хууль үйлчилдэггүй, дархан цаазтай ноёлох оргилд том луйвар хулгай дийлдэшгүй хүчирхэгжив. Хууль надад үйлчлэхгүй болчихвол би яах бол? Та яах бол? Энэ бүх бэрхшээлийг уран ухаалаг менежментээр давах ХХI зууны дэлхийн шилмэл боловсрол хүмүүжлийн стандарт хангахуйц залуус бол байх шиг. Тэднийг олж харах билэг оюунтай сонгогчид харин алга. Сонгогчид нилдээ гэгээрвэл энэ олон зовлонгоос сална гэдэгт итгэнэм.
2019-05-27
tuya
Зочин
Зочин
ҮХЭР МОНГОЛ
elbegdorj
ABCD-korea-gaas
Зочин
Зочин
Tuya
Очин
зочин
Зочин
Ганхуяг.Г
Зочин
Зочин
Дбим
Зочин
Иргэн
Зочин
Vanga
Бат
Идэвхтэн
Зочин
Энхээ
zochin
Зочин
Batbayar
Их бөө
зочин
Irgen