Стратегийн орд хэмээх үлгэр оршвой
УИХ стратегийн орд газар гэгчийг баталжээ. Гэхдээ энэ нь юу болох тухай хэчнээн гишүүнээс асууна, төчнөөн хариулт сонсоно.
Стратегийн орд хэмээгдэх энэхүү эрхтэн дархтан хяналтаа тогтоох жагсаалтанд гишүүд өмчийнхөө тойрогт байгаа жалга болгоныг оруулах гэж амиа тавьцгаав. Эцэст нь аль томхоноос нь түүж байгаад стратегийн гэж нэрлэхээр боллоо. Энэ орд нь яагаад багтчихаад энэ нь орсонгүйв, ийм эрдэс яагаад тооцогдсонгүйв гэх мэтчилэн олон юм асууж болох авч нэгэн утгатай хариу хаана ч байхгүй. Шинэ үндсэн хуулинд нэгдлийн дарга нарын шаардлагаар “мал төрийн хамгаалалтанд байна” гэж оруулсан боловч энэ нь ямар утгатайг хэн ч тайлбарлаж чаддаггүй. Ерөнхийдөө л монголчууд мал хоёр биендээ хайртай гэсэн л санаа байх. Стратегийн орд ч гэсэн ийм л утгатай болох шиг.
Гэтэл Монголд үнэхээр стратегийн ач холбогдолтой, өөрөөр хэлбэл үндэсний аюулгүй байдалд шууд болон алсдаа мэдэгдэхүйц нөлөөлөх “юм” бий. Үүнд юун түрүүн урааныг нэрлэмээр байна. Ураан бол цөмийн эрчим хүч буй болгох гол түүхий эд. Нэг талаас цөмийн зэвсгээр хөөцөлдөх уралдаан нэгэнт өрнөжээ. Нөгөө талаас цөмийн эрчим хүчний үйлдвэр байгуулах явдал гэнэт эрс нэмэгдлээ.
Атомын цахилгаан станц дахин моодонд орлоо. Чернобыль мартагдаж байна, тэгээд ч технологи үсрэнгүй сайжирчээ. Нөгөөтэйгүүр сэргээгдэх эрчим хүчний тухай сайхан яриа улам бүр цөхрөлд орон бууж өгөх тал руугаа орлоо. Германд ногоонтууд төрөөс зайлж тэдний буй болгосон цөмийн эрчим хүчинд тавьсан хориг цуцлагдах нь. Ойрын хэдэн жилд Орос 100 атомын станц барихаар төлөвлөсөн бол Энэтэг, Хятад тус бүр 150-ийг шинээр барихаар шийджээ. Урааны үнэ жилийн дотор 12 дахин өслөө.
Хэдхэн гүрэн цөмийн зэвсгийг өмчилдөг үе өнгөрчээ. Одоо ил далд зэвсэгтэй орнууд арав хүрсэн ба цаашид ч өсөх хандлагатай. Технологи нь бололцоотой болохын хэрээр түүхий эд олдохгүйн зовлонд автана. Цөмийн зэвсэгтэй болох хамгийн их хүсэлтэй лалын ертөнцийн аль ч оронд ураан үгүй гэнэ. Пакистаны атомын ураан Чадаас хулгайлагдсан гэдэг. Улс гүрнээс гадна террорист бүлгүүд өөрийн бичил бөмбөгтэй болохоор хөөцөлдөнө. Технологийн хувьд бололцоотой аж. Ураан л олчихвол... Энэ бол том аюул.
Дэлхийд нээгдчихээд байгаа урааны нийт нөөцийн хагас нь Монгол, Казахстан хоёр оронд бий. Дэлхийн нийт нөөцөд эзлэх хувиар авч үзвэл манай ураан ноолуураас ч их. Ураан бол ноолууртай харьцуулахад хавьгүй илүү стратегийн түүхий эд. Үүний ашиглалт хамгаалалтыг төрөөс зохицуулан олон улсын байгууллагатай хамтрахгүй бол ашиг гэхээсээ аюул дагуулж ч болох талтай. Гэтэл өдгөө урааны орд газрын лицензүүд хэн хэний хармайнд явдаг юм, бүү мэд. Жинхэнэ эзэн нь Бэн Ладэн уу, Ким үү, Хамас бүлэг үү, Ираны Дотоод яам уу?
Асгатын мөнгөний ордын тухай сүүлийн үед их ярих боллоо. Мөнгө бол унци нь саяхан болтол 5 доллар байгаад одоо 13 доллар болсон металл. Нэг их ховор эд ч биш. Иймээс мөнгөний орд шинээр байгуулах нь ашиггүй хөрөнгө оруулалтад тооцогддог байлаа. Гэнэт саяхан болтол тоогддоггүй байсан мөнгөний ордууд гэнэт хаданд гарлаа. Бүр үхэлддэг боллоо. Юу болов?
Хүн төхлөхтөн хэдэн мянганы турш алтаар солилцоо хийдэг байжээ. Хамгийн найдвартай шалгарсан хэрэгсэл. Авч явахад хялбар, ховор, үрэгдэж хуучирч алга болдоггүй. Хятадын Сүн улсын үед цаасан мөнгө гарсан боловч ердөө 200-300 жилийн өмнөөс л дэлхийн нийтийн хэрэглээ болжээ. Гэхдээ цаасан мөнгийг алтаар барьцаалан баталгаажуулна. Төдөн төгрөг тийм грамм алттай тэнцэнэ гэвэл шууд л цавчаад жигнээд л сольчихоно гэсэн үг. Сүүлдээ алтан баталгаа гэдгийг болилоо. Жишээ нь америк доллар дэлхийн нийтийн мөнгө болохын хэрээр АНУ-ын төв банк тэр болгонд нь алт цавчиж өгөөд байвал утгаа алдаж эхлэнэ. Гэтэл нөгөө талаас алтаар баталгаажаагүй цаасан мөнгө хамгийн найдваргүй эд болж таарна. Инфляцид өртөхөөрөө юу болдгийг монголчууд ерээд оны дундуур биеэр мэдэрсэн. Эдийн засгийн хямралыг хамгийн түрүүн даалгүй дорхноо хог болдог зүйл бол цаасан мөнгө. Өдгөө манай дэлхийд 100 триллион доллартай тэнцэх цаасан мөнгө ба бонд байгаа гэнэ. Үүнийг нь хүн төрлөхтний өдий хүртэл олзворлосон алтанд хуваахаар нэг унци алт 42 мянган доллар болох ёстой юм байна. Гэтэл одоо өсөөд өсөөд 650 доллар байгаа шүү дээ. Цаасан мөнгийг эргэж алтан баталгаатай болгох, өөрөөр хэлбэл алт дахин солилцооны хэрэгслэл болох хандлага гарна гэж эдийн засагчид ярьж байна. Юутай ч алт ойрын үед 1000 доллар болох гэнэ.
Алтыг орлодог ганц зүйл нь мөнгө гэнэ. Цагаан алт зэрэг бусад метал танихад хэцүү, хуурамч нь ялгагддаггүй зэрэг дутагдалтай аж. Түүхийн турш 10 мөнгөн зоос нэг алтан зоостой тэнцдэг байжээ. Одоо байгаа харьцаа 50:1. Зохист харьцаанд очихын тулд мөнгө дор хаяж тав дахин үнэ орно. Алтны үнэ өсөхөөр араас нь дагана. Цаасан мөнгийг алтан баталгаанд оруулбал аягүй бол унци мөнгө 8 мянган доллар болж болох нь байна шүү дээ. Ийм их ирээдүй гэрэлтүүлсэн орд бол яах аргагүй стратегийн ач холбогдолтой. Тухайн үедээ Юань гүрний хамгийн гол стратегийн орд болох мөнгөний уурхайг манаж байсан монгол цэргүүд шинэ төрсөн Мин улсын хааны зарлигаар тэндээ хоригдон үлдсэн учир өдгөө хүртэл Юнань мужид монгол цустнууд амьдардаг гэнэ.
Монгол улсын төрийн бодлогыг тодорхойлогч нь УИХ, хэрэгжүүлэгч нь Засгийн газар. Хууль номоороо бол шүү дээ. Гэтэл лицензи булаацалдан хэмлэлдэж суудаг УИХ, “би л сэнтий дээрээ наалдаатай байвал хорвоо сүйрсэн ч надад падгүй” гэсэн бодолтой ажил үүргээ мэддэггүй Ерөнхий сайд хоёрын дундуур Энхбаяр шурган орж ганзгын наймаачин аятай өнөө бодлого, стратеги, тактикийг нь тэр чигээр нь өвөртөлж аваад газар газар очин наймаацах боллоо. Үнэндээ энэ оронд хэн хууль тогтоож хэн хэрэгжүүлээд байгаа нь ч ойлгогдохоо больсон. Франц, Японд очин урааны үзэгслэн худалдаа зохиох шив дээ. Энэ талын бодлогыг зохиох үүрэгтэй гишүүд нь харин ч яс горьдсон нохой шиг даган үлдэнгэр гарвал олоод зуучих санаатай далбалзана. Орост очоод мөнгөний ордыг нь зарчихлаа. Эзэн байх ч сайхан юмаа. Их өр төлөх үеэр далимдуулаад мафийнханд амалчихсан юм гэж гадуур шуугих юм билээ. Ийм асуудлыг стратегийн орд мөн ч бай биш ч бай УИХ ерөнхий бодлогыг нь тодорхойлж, Засгийн газар гэрээ хэлэлцээрийг нь хийх үүрэгтэй юм л даа. Уг нь орд газрыг нээлттэй тэндэрээр өгч авалцах хуультай л даа. Энхбаяр орд газар наймаалцах эрхгүй гэж Засгийн газар ёсыг бодож амандаа бувтнасан боловч Энхболдыг тоож үгийг нь сонсох хэн байх билээ. Ядахнаа “жов” гэж хэлэх хүн олдохгүй, цаадуул нь чихгүй толгойлоод мөрөөрөө ажлаа хийгээд л явааг харж байна уу? Монгол улсын Үндсэн хуулиар хэн юу хариуцах ба хариуцахгүйг тодорхой биш гэхэд тоймлоод заачихсан байгаа. Гэхдээ Үндсэн хууль гэж юу юм бэ? Зүгээр л муу цаас шүү дээ. Засаж болно, хэрэгсэхгүй байж болно, бөгсөө арчиж болно, дур нь хүрвэл шүтээн болгоод эшлэн зааж болно. Далайлгаж байгаад хэн нэгнээс лиценз булааж болно, мөн лицензи өгч болно. Ерөнхийдөө л цаг, орон зай, агаарын даралтаас хамаараад олон янзаар ашиглаж болдог универсаль хэрэгслэл юм уу даа.
2007 оны 5 дугаар сар 15