Би төөрчээ. Шөнө дунд өнгөрлөө. Хөө шиг тас хар үүл оготоргуйг хаяа хатавчгүй бин битүүлж авмагц унаж яваа морины чих үзэгдэхээ болив. Яг л өрх нь бүтээлэгтэй гэр. Өдөрхөн хурц нарны цоргих илчинд улайсаж байсан хад цохионы хөлс хамар шархиртал сэнгэнэх агаад харанхуйн мухраас шар шувууны хүн шиг инээх ёозгүй авиа хад цохио дамжин бүдэгхэн цуурайтах нь дотор арзгануулам хүйтэн.

Би төөрчээ. Жолоогоо хумьж зогсоод чимээ анирдлаа. Өөд газар миний хүнд зовлогыг тээж зүтгэсэн хар морь минь басхүү анир чагнаархаж, дүхэлзсэн амьсгаагаа дарж ядахад, түүний хүчирхэг зүрхний цохилтоос өөр чимээ энэ их түнэр орчлонд сонсогдсонгүй. Хар морь минь харанхуйд үзэгдэхгүй байгаа нь юун сайн бэ гэж би олзуурхаад, хэрэв цагаан морио унаж явсан бол өдийд намайг буудчихсан даа гэж бодох агшинд янжуурын утаа ханхийв. Эзгүй хээрийн ариухан агаарт тамхины үнэр содон гэж хачин.

Чингэтэл толгой дээр нижигнэсэн аймшигт нүргээн тэсэрч уулсын оргил нурлаа. Хар морь балтасхийж, би өөрийн мэдэлгүй ташуураа чанга атгажээ. Тэртээ дээр их уулсын ноёлох оргилд мөнх заларч, ихэмсэг бардам дүрээ тал хөндийд гайхуулсан сүрлэг сүрлэг хөсрий оцон цохионууд годройтож, тэднийг хүрээлэн түшигч хяр хянгын ирмэг-урт урт дэл хаднууд насны доройтолд ярзайсан ан цаваараа ханзарч, тэр аяараа ханаран нурмагц доош пижигнэн өнхрөлдөв. Газрын уруу лужир том цохионууд ойж буун дэгдэхдээ бут үсэрч хадан бороо уулсын завсрын ангал руу тээр доош асгарч сураггүй талийх нь орчлон тэргүүнээ сольж байх шиг. Аварга титмүүд сууринаасаа ховхрон хавцлын уруу жолоодлоггүй бөмбөрч миний гарцыг бөглөв янзтай. Ойж буун уулсын бэл рүү дэгдэх аварга бул цохионууд мөр дээрээ таарсан байцуудыг бут мөргөж, харанхуйд хөх гал гялбалзуулахыг морь бид хоёр удтал дагуулан тантсаар аймшигт нүргээн сая замхармагц хурааж түгжсэн амьсгалаа сэмээрхэн гаргав. Тэгээд дахин хад цохио нурах бол уу. Ер юу эс болдог бол хэмээн эзэн морь хоёр оволзсон зүрхнийхээ цохилтыг дарж ядлаа. Саяын тэсрэлт нүргээний доргионд бутарч задарсан уул хаднаас шив шинэхэн хачин хурц даршмал үнэр ханхлах нь янзын соргог аж. Айдас арилаагүй ч би өөрийн эрхгүй “Ямар сайхан үнэр вэ. Сайн цаг морилон ирэх нь энэ үү” гэж дуу алдлаа.

Дахин ямар ч авиа гарсангүй. Би мориныхоо нурууг амраахаар буулаа. Энэ балар ертөнцийн ганц чимээ-шар шувууны хүүглэх дуу ч саяын нуралтад унтарчээ. Цааш явах уу яахав? Мориноосоо асуухгүй бол би өөр хэнтэйгээ зөвшилцөх билээ. Мориноосоо асуух ч юу байхав, түүнийхээ янз байрыг шинжихэд л андашгүй сэн. Гэвч морь минь хөө харанхуйд даанч үзэгдсэнгүй. Соотон хоёр чих нь одоо юуг эзэндээ сануулж, солбин хайчилж буй бол. Урагш ахих уу, болих уу гэдгийг төгрөг хар нүдэнд чинь заагаад өгөх өчүүхэн оч уг нь гялалзаж л байгаа сан. Нүхээ бөглөөд ичсэн тарвага л ийм сохор балар амьдардаг биз. Би гараа сунган ийш тийш тэмтэрлээ. Юу ч тааралдсангүй. Мориныхоо дэл чих толгойг илбэлээ. Хилэн хар минь усанд нивширсэн эсгий шиг нойтон байна. Ер нь л богшиж сульдсан янзтай. Айдас хүйдсийн сохор харанхуйд ганц бараа бологч унаа минь айж жийрхсэндээ над руу ханьсаж, үе үе сортолзож буй янзтай. Үзэгдэх юм даанч алга. Би зөвхөн таамаглаж сууна.

Тэгтэл гэнэт салхи сүрхийн нөөлөг цохилоо. Морь үргэн цоройсноо эзнээ нэг юмнаас өмөөрч давшлав. Морио тайвшруулахаар магнайгий нь илбэвэл тэр ямар нэгэн юмнаас айсандаа хамаг бие нь бөмбөгнөтөл чичирч, хамартаа өртсөн муу зүгийн үнэрээс жигшин хуухирлаа. Пад харанхуйд дэргэд юу байгааг баримжаалах нөхцөл алга. Дэмий л гараа сунгаж, болгоомжтой тэмтэрлээ. Чингэтэл юу болсон гэж санана: Эхлээд би цочирдсондоо балтуссан байх. Миний гарын үзүүрт нэг зөөлхөн юм тааралдсан. Сэхээ аваад тунгаавал хүний нүцгэн биенд хүрсэн санагдана. Хөлөрсөн мориныхоо биеийг тэмтрэв үү гээд дахин лавлаж бузгай үзсэн. Тэгтэл хүний нүцгэн бие мөн байсан. Бүр шав шалдан зөөлхөн бөгөөд цэл хүйтэн бас тэгээд эмэгтэй хүний бие шиг санагдсан. Дахин тэмтрэх зориг хүрээгүй. Морь минь намайг нэг юмнаас хамгаалж, хад тачигнуулан тойрч цамнаснаа тангарч самарч давшлав. Балартсан ухаанаа дайчлан сэргэвэл янжуурын утаа дахин сэнгэнэж байна. Чингэтэл чихэнд хэн нэгний бүлээн амьсгаа хэржигнээд ирлээ. Түүний хамт архины эхүүн үнэр ханхийв. Энэ агшинд морь чарлаж, нэг юм тас хийтэл хазаад алдлаа. Би яаснаа ч ухаарсангүй нэг мэдэхнээ мориндоо үсрэн морджээ. Намайг мордмогц морь маань нэгэн зүг шуухиран харайлгав.

Гэтэл араас маш их амьсгаатай нэг юм элдэж гарав. Бие нь тас харанхуйд үзэгдэхгүй ч уухилсан амьсгаа нь тодхон сонсогдож байлаа. Морь минь хар хурдаараа зугтлаа. Аль зүгийг барьж, энэ их хавцал хясааны нуранга дундуур зугтаж буйгаа баримжаалах сүйхээ надад байсангүй. "Хань минь ажнай минь зугтах замаа мэдтүгэй" гээд би жолоогоо сулруулав. Нөгөө их уухилсан амьсгаа морины сүүлэнд хүрэн алдаж, хүрэн алдаж байна уу гэлтэй нэхэн хөөх нь тов тодорхой сонсогдоно. Хар морины туурайгаар хөндөгдөж, уулын уруу өнхрөлдсөн том том хүдэр хадар бул чулуу аварга аварга ургаа цохио мөргөн бяц үсэрч, үйрмэгүүд нь ян элгэн хана руу оч маналзуулан сүртэй еэ асгарч байна. Би мориныхоо салхинд хийсчихгүйг чармайж, дэлэнд нь нүүрээ наагаад бурханд залбирлаа. Араас аахилан хөөх бөөн амьсгаа нэг бүдгэрч, нэг тодорч байх шиг. Хүлэг минь эзнээ авар. Гомбогүр минь ажнайд минь хурд хайрла гэж би наминчилж явлаа.

Хэдий болсныг бүү мэд. Хар морь улам дүүлж байна. Хойноос элдэх их амьсгаа бүдгэрч, түүний оронд нэгэн радио шивгэнэлээ. Нөгөө радио "Их долоогийн уулзалтаар зах зээлд эргэлт буцалтгүй орсон Орос улсад үзүүлэх тусламжийг нэмэх талаар ямар ч ахиц гарсангүй" гэж нэвтрүүлж байна.

Радионы шивэгнээ миний хилэн харын хурдыг гүйцэлгүй тэртээ хойно чимээ тасрахад нөгөө нэхэн хөөгч аймшигт амьсгаа ч унтарлаа. Би энгүй тэнгэр газран далайн завсраар шургаж амжив болтой. Хар морь минь цойлсоор. Нэг мэдэхнээ харын минь чих үзэгдэж эхлэв. Хүлэг минь хоёр чихээ хулмайлган дүүлэх ажээ. Төдөлгүй үүрийн гэгээ шаргалтлаа. Газрын баримжаа мэдэгдэж эхлэв. Хар морь цочирдсондоо амаа тугтран хурдалсаар нэгэн ухаа давтал манай гэр харагдлаа. Төөрч будилсан эзнээ түмэн эх минь ийнхүү төрсөн нутаг ус, орон гэрт нь авчирч буй юмсанж.

Эхнэр маань өрхөө татаж явна. Хүү минь урт уурга суналзуулан адуу цуглуулахаар давхиж байна. Охин минь хувин бариад үхрийн зэл рүү алхалж харагдана. Ногоон хөндийг алдлан хонин сүрэг бэлчлээ. Манай гэрээс сүлд дуулал эгшиглэв.

Ёох! Үхээрийн тэр балар ангал ер нь юу байв аа? Лав л зүүд байгаагүй юмдаг.

Хашаат. Архудагийн өвөлжөө.199З

Зохиолчийн “Алаг цахиур” номоос