Муу ч гэсэн парламент маань, муухай гэсэн Монгол минь.
Монгол улс мундаг баатаар, дайчин, нэг хүнээр удирдуулах уу,
Монгол улс мундаг баатаар, дайчин, нэг хүнээр удирдуулах уу, муу ч гэсэн олуулаа хэлцэж байгаад шийддэг хэсэг хүнээр төрөө бариулах уу гэсэн хүнд асуулт тулгархад олны бодол оломгүй далай гэж парламентийн засаглалыг сонгож авсан. Бүүр 1990 оны ардчилсан хувьсгалын цорын ганц үнэт зүйл энэ байж магадгүй юм. Иргэн би өмчтэй байх , өмчгүй байх, эрхтэй байх эрхгүй байх байтугай хэнээр бороохойдуулж, хэнээр гавлуулж, аль намын хэнээр шүүлгэж дээлээ нөмрөхөө хүртэл өөрөө сонгох болсон. Гэтэл миний сонгосон нам, хүнийг чи сонгодоггүй ээ. Чиний сонгосон нам хүн надад таалагдадгүй ээ. Чи бид хоёр хэрэлдэж гарна. Дагаад сонинууд чөлөөтэй хэрэлдэж гарна , Нийгэм бөөн хэрүүл юм шиг санагддаг биз. Ингэж хэрэлдэж, хэлэлцэж, мунгинаж байгаад нэг шийд гарна.Миний төлөө , чиний төлөө, олон цөөнөөрөө, нам эвсэлээрээ, залуу хөгшинөөрөө, нутаг усаараа, талцан хэрэлдэж шийдвэр гаргахыг парламентийн засаг гэдэг байна. Сонгууль болгоны үр дүнгээр бидний л адил, за биднээс нэг их дээрдэхгүй аавын хүү эрхэм гишүүн болон тодрон гарч ирдэг.Парламентийн засаглал гэдэг нь сонгогдсон хэн гуай ч ганцаараа эрх эдэлдэггүй. Олуулаа ярилцаж, болохгүй бол ноцолдож уралцаж байж хуулиар шийдэхийг хэлдэг юм. Мунгинуу, муу, бүдүүлэг бидэнд уг нь тохирсон засаг юм даа. Ардчиллын жилүүдийн дөрвөн удаагийн сонгуульд дарга, цэрэг, лам бөх,уяач,малчин, сэтгүүлч, сансарын нисгэгч, гэрийн авгай, эрдэмтэн за ер нь бүх л төрлийн ажил хийж явсан хүнийг сонгож үзлээ. Бас зоригтой, хулчгар, аймхай, зөрүүд, ухаантай ,тэнэг, цэцэн, шуналтай шудрага, хулхи, мартамхай, сэргэлэн янз бүрийн л эрхэмүүд тодорсон. Парламентет төрийн түүх маань олонхи, цөөнх, эвсэл хагарал, тэнцэл,зөвшил,зөрөлдөөн, хуйвалдаан, хууралдаан ,огцорсон, бутарсан бас л бүх зовлонг үзсэн. Мөрдөх, мөрдөхгүй ,зөв, буруу, хагархай ,цоорхой, бүрэн,бүтэн,зассан хассан, нэмсэн мөн ч олон хууль гаргасан. Ардчиллын буянд азтай хичнээн ч аавын хүү сайдын суудалд сууж үзэв. Огцорч үзэв. Горьдож үзэв.Парламентийн түүхэнд 1990 ээд онд анх нэр дэвшээд дөрвөн их хурал дамжин зай бөглөөд сууж байгаа эрхэм ч бий. Дөрвөн удаа нэр дэвшээд нэгч гарч өгдөггүй мөнхийн горилогч ч зөндөөн байна. Парламентийн гишүүн гэдэг манайд бол хүн хүсээд шунаад байх алба биш дээ.Бас заавал зөндөөн олон хэлтэй , тоо моонд сайн хүн байх албагүй. Үйлийн үртэй л алба шиг харагддаг. Хамгийн наад зах нь гишүүний тангаргаа өргөсөн найрын анхны хундагнаас эхлээд сэтгүүлчдийн мөрдлөгөнд орно. Саарал ордоны өглөө эрхэм 76 ажилаа эхлэхэд, яг араас нь дагаад зуу гаран сэтгүүлч ордог юм. Яаж ийгээд л тэдний хаа юу хийсэн,идсэн уусан, унтсан ,хэвтсэн, хулхидсан, ажилласан ,залхуурсан бүгдийг олоод давстай давасгүйгээр мэдээлчихнэ. Эрхэм гишүүдийн анх дасах ёстой зүйл бол сэтгүүлчдийн бичсэн хар ,шар, бор, цагаан мэдээнд гөлийх ёстой. Ардчиллын жилүүдийн хоёрдахь ололт бол,ардчиллыг тууштай дэмждэг улс төрчид, хэвлэл мэдээллийнхэн олон жил тулалдаж байж хагас дутуу олж авсан сэтгүүлчдийн энэ хяналт юм . Парламентийн 76 маань үүндээ дасчихжээ. 76 тэнэг, 76 гахай, 76 хулгайчаар нь дуудаад сонины нүүр дүүрэн малийсан зурагтай нь гаргаад ирнэ. Өнөө “хусуулсан” гишүүн маань гарчигийг нь харчихаад бусдаасаа нууцхан шиг сониноо хуйлж аваад өрөө руугаа бээвийгээд алхана. Тэд дөрөвдөх засаглалын ерөнхий сайдад донгодуулж байгаа нь энэ. Парламентын нэр хүнд, 76 гишүүнтэйгээ цуг хэвлэлийн бай болж навс буудуулагддаг. Тэхдээ 76 дасаж байнаа.Н.Энхбаяр, Ч.Улаан хоёроос өөрөөр муулуулж сайлуулж явсан сонин хэвлэл, муудаж сайдаж явсан ангийнпарламентийн нөхөддөө өш хонзон өвөрлөж цагдаа, прокурор, шүүхэд өгдөг нь тоотой. Муу ч гэсэн парламентийн засаглал явж л байна.Муухай ч гэсэн Монгол ахиж байна. Парламентийг нам гэж нэг хий хоосон юу ч биш зүйл бүрдүүлдэг. Хэдийгээр барих биегүй “нам” гэдэг юм олон хүний хүсэл зориг үзэл бодолыг нэгтгэдгийн хувьд алахаа хүрвэл яргачин ч болж чаддаг аврахаа хүрвэл” бурханч болж хувирдагийг түүх мэднэ. Парламентийг нам гэж нэг ярьшигтай юм бүрдүүлэхээс өөр арга өдий хүртэл хүн төрөлхтөн олоогүй юм . Нам гэдэг юмыг за ярьшиг сайн ойлгохоор нь “дэлгүүр” гээд нэрлэчихье. Тэгвэл МАХН гэдэг Улсын их дэлгүүр гав ганцаараа байв. Аймаг сум багийн дэлгүүр агентууд бүгд тэдний харъяа. Ердөө ганцхан ЗХУ-ын зээлийн бараатай бараа тавигдсан байдаг байвдаа. Гэтэл социалист орнуудын бараа материалтай ганц их дэлгүүрээр үйлчлүүлэхгүй, дэлхий дахины бараатай дэлгүүрээр үйлчлүүлнэ гээд Монголын ард түмэн 1990 онд босож тулалдав. Монголын Ардчилсан холбооМоАХ, Ардчилсан нам гэдэг дэлгүүр 1990 онд байгуулагдав. Харамсалтай нь МАХН шиг өв хөрөнгө, ЗХУ-ын зээлийн бараа эргэлтийн болон үндсэн хөрөнгө үгүй болохоор тус тусдаа олон муусайн түцнүүд зэрэг зэрэг бий болов. Өнөө олон жижиг түцнүүд нэгдэж нийлж одоо ардчилсан нам бузгай нэг МАХН гэдэг том дэлгүүр шиг болжээ. Цаашид ч Манай парламентийг хоёр том дэлгүүр бусад жижиг түцнээс бүрдэнэ гэж судлаачид үздэг. Гэтэл нэг жилийн өмнөөс төрийг ганц хүчтэй хүн удирдах ёстой, Энэ олон муусайн намууд чөтгөр шулам руугаа тонил. Парламентийн засаглал сөнөтүгэй. Ерөнхийлөгчийн засаглал мандтугай гэсэн үг хэллэг хаанаас ч юм гарч хий үзэгдэл шиг тархаад байна. Улс орны урагшгүй бүхэн энэ муусайн намаас боллоо, энэ муусайн гишүүдээс боллоо гэнэ. Ухаантай гэмээр ямар олон элитүүд гэнэт тодорч парламент нам хоёрыг зүхэж занаж кайф авдаг болов оо. Монгол улсын Ерөнхийлөгчийн хэлснээр манай улс парламентийн болоод Ерөнхийлөгчийн засаглалын аль нь ч биш нэг эрлийздүү засаглалтай юм байхаа. Хэрвээ Сонгодог парламентийн засаглалтай байна гэвэл Ерөнхийлөгчийг парламентаасаа сонгож болохоор үндсэн хуулинд оруулахыг тэрээр зөвшөөрч байна. Улс төр судлаачид, өнөө улс төрийн намууд үүнийг үүнийг барьж авах цаг болсон. Улс орны урагшгүй байдал энэ олон намуудаас болоогүй л болов уу. Ухаан муутай дандаа идэж уухыг боддог энэ олон амуудаас л болоод байх шиг. Азидаа анхны коммунист улс орон гэдгээрээ Монгол бахархаж 80 жил болсон бол, Азидаа анхны ардчилсан улс орон гэдэгээ урдаа бариад 18 жил боллоо.Ямар нэгэн сиймхийгээр нэг хүний нэг гэр бүлийн, нэг хэсэг найз нөхөдийн завсаргүй төр барих санаархал”Ерөнхийлөгчийн засаглал гэсэн хаягаар 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнг бүхэлд нь булаагаад авчихвал баларваа. Муу ч гэсэн парламент маань, муухай ч гэсэн Монгол минь алдвал эргэж олдохгүй ээ.
irgen